Зүүдэн Учралт Шагдар Багш минь
Ордон лугаа их том байшингийн том хаалгаар ороход тээр тэнд
дээрээс доошоос унжсан их өргөн шат харагдана. Гэвч тэр шатны хажуу дахь сандал дээр зэрэгцэн сууж байгаа хоёр хүн, харин, тод томруун
харагдах нь хачин содон, сонин. Тэдний байдлаас харахад хүн хүлээж байгаа юм болов уу гэж баригдана. Тэднийг зүглэн алхав.
Тийшээ дөхөж явахдаа “Яасан ч том, өргөн
шат вэ” гэж гайхав. Мөн энэ зуурт
“Энэ байшин эсвэл их том номын сан, эсвэл, их том сургууль юм байна” гэсэн шүү
мэдрэмж төрөх. Тэр хоёр хүнтэй
мэндэлж ч амжаагүй байтал бараандуу
саарал өнгийн костюм пиджакийг ганган хээнцэр биш ч, цэвэр нямбай, донжтой
өмссөн, шалавхан хөдөлгөөнтэй цэмцгэр алхаатай, яг босгож самнасан биш, гэхдээ “босоо
халимаг л “ гэж тодорхойлмоор; хар ч биш, цагаан ч биш, ер нь бараан л гэж хэлмээр
үстэй, дунд зэргийн нуруутай нэгэн хүн тэдэн лүү нөгөө
өргөн шатаар бууж дөхөн очоод, жаахан
бөхийн, тус бүрд нь зөвлөгөө өгч байгаа болов уу гэмээр өөртөө их л
итгэлтэйгээр, төвөггүй ярина. Уг байдал,
үйл хөдлөл нь их танил мэдрэгдэх тэр
хүнийг ажиглан, чимээгүй дуугүй зогсож байсан
би гэнэт “Шагдар багш” гэж дуу алдав.
Сэрэв.
“Шагдар багш. Багш
зүүдэнд иржээ. Гэхдээ буурал үсгүйгээр ирлээ. Багш маань залуу, цоглог харагдаж
байна. Сайн яваа юм байна, бас өндөрт яваа юм байна даа” гэж өөртэйгээ ярьж хэвтэх
зууртаа миний энэ амьдралыг зүүд мэт өөрчилсөн ачит багшийн ачлалыг нэг эргэцүүлэв.
1989 оны хавар юм даа. Бид МУИС-д 5 жил суралцаж, математикч, математикийн багш болж тал тал руу, нутаг нутагтаа буцаж байсан үе. 5
жил нэг анги, нэг хэмнэл дор явсан бидний хувьд түрүүлж явсан нэгнийгээ үлдсэн
нь гаргаж өгч үдэх нь бичигдээгүй, хүчлэгдээгүй, батлагдаагүй нэг дүрэм болчихсон
байв. Тэр мөч мэдээж нулимстай, гунигтай, уяралтай, ухааралтай байдагсан. Намайг
гаргаж өгөх ээлж ч дөхөв. Завхан аймгийн Баянтэс сум руу явахаас өмнө анги
даасан Чимэдцэрэн багштайгаа нэг уулзаж, яримаар, бас “баяртай” гэж хэлмээр
санагдаад байв. Нутаг явахаар төлөвлөснөөс нэг өдрийн өмнөх өдрийн өглөө эрт
МУИС-ийн А байрны 2 давхрын баруун жигүүрт байрладаг багшийн өрөөг шагайв. Чимэдцэрэн
багш маань “Ор оо ор” гэх. Ангийн дарга
байсан тул багшийнхаа ааш араншин авирыг бага зэрэг гадарладаг болсон би “Ангийнхнаа гаргаж өгөөд л байна, бид. Миний
ээлж маргааш” гэв. Үүнийг сонссон багш
маань “ Юу гэнэ хө...”; “...гаргана
гэнэ, хө” гэж ёжтой янзтай хэлж өөр зүйл
бодож байгаа мэт хэсэг дуугүй байснаа
“Би чамайг Шагдартай ярьсан. Улсын Багшийн Дээд Сургууль (УБДС)-ийн Б байрны 2 давхар, 210 байх аа (өрөөний дугаар). Юун хөдөө явах. Маргааш өглөө Шагдартай очиж уулз. Би
хэлчихнэ” гэв. Би тэгэхэд нь “Багшаа, би онгоцны билет (тийз) бичүүлчихсэн” гэхэд, ангийн багш
маань “Наадахаа буцаа” гэв. Тэгэхэд би “Багшдаа,
баярлалаа ч гэлгүй, За” гэж хэлэн тэндээс гарч, онгоцны тийзээ буцаав.
Маргааш өглөө эрт УБДС-ийн Б байрыг олж, жижүүрээс нь
“Шагдар багш” гэж асуухад, урдаас, “Багш ирчихсэн. Өрөөндөө байгаа.
Математикийн тэнхмийн багш нарын өрөөгөөр дамжин ордог, давхар өрөө шүү” гэв.
Би тэр өрөөг олж “Та сайн байна уу, намайг Чимэдцэрэн багш явууллаа”
гэхэд, буурал үстэй, дунд зэргийн
нуруутай, цэмцгэр хувцасласан 40 гарч яваа болов уу гэмээр нүдэнд дулаанхан,
шардуу царайтай багш суудлаас өдийн “Хүүхээ,
чи чинь Лувсандорж уу” гээд, намайг шууд дагуулан явах зууртаа “Захиралд
танилцуулна аа” гэж хэлэв. Шагдар багш “ректор
О.Отгонсүрэн” гэсэн хаягтай хаалгаар орж хэсэг байсныг дараа намайг дуудав. Би
захирлын өрөөнд ингэж анх орж, Шагдар
багш, ректор Отгонсүрэн багшийн дэргэд зогсов. (Тэр үед
би юу хэлж байснаа одоо нэг л сайн санахгүй байх чинь. Тийм “том” хүмүүстэй анх уулзаж байсан
болохоор мэдээж их сандарч байсан байж таараа). Тэд шинэ багш тул “300 төгрөгийг олгох, мөн хичээл эхлэх
хүртэл засварын ажилд туслуулах” гэсэн утгатай зүйл ярьж байв. Захирлын
өрөөнөөс гарч тэнхимдээ ирсний дараа Шагдар багш “За, маргааш ажилдаа ор. Зуны
амралт эхэлж байгаа тул зундаа засварын ажилд туслана. Шинэ багшийн тэтгэмж 300
төгрөгийг удахгүй олгоно” гэж хэлэв. Шагдар багшийн өрөөнөөс гараад оюутны байр
луу явах замдаа болсон явдлыг эргэцүүлэхэд энэ нь миний хувьд яг л зүүд мэт
байсансан. Монголын алс нэгэн бөглүү суманд төрж өссөн, сумын сургуулийнхаа
математикийн багшаар л өөрийнхөө бүхэл ирээдүйг төсөөлж байсан хотод танил талгүй,
хөдөөний эгэл нэгэн оюутан ингэж л шударга, зарчимч, ажил хэрэгч, хариуцлагатай,
хүнлэг энэрэнгүй, хүний төлөө багш нарынхаа
ачлалаар их сургуулийн багш болов
оо (Багш
нар маань намайг ингэж үлгэр, зүүд мэт өөд татаж, дэм тус болохдоо МУИС-ийн
математикийн ангид 10 улирал онц дүнтэй суралцаж, сургуулиа улаан дипломтой
төгсөхөд миний гаргасан зүтгэл, хичээсэн хичээлт, урсгасан хөлсний хэмжээг
бодсон; мөн хөдөө өсөж хар бор ажилд нухлагдан
төлөвшсөн үнэнч, шударга, хичээнгүй,
зүтгэлтэй чанарыг минь таньсан; 8
наснаас их сургууль төгсөх хүртэл дотуур
байранд амьдрах явцад эзэмшсэн бие дааж орших, сурах, унших, амьдрах чадварыг
минь үнэлсэн; бас анги хамт олонтойгоо аятай байхыг эрхэмлэдэг
зан харьцааг минь шинжиж харсан ч нь байж мэдэх юм).
Хичээлийн тэр жилээс
Шагдар багштай хамт олны хэсэг болж ажиллахдаа багшийг ихэд хүндэтгэж,
итгэлийг нь алдахгүй байх гэж ихэд хичээдэг байвч багшаас жаахан эмээж, их
зайдуу л байдаг байв (...Зарим нэг цагаан сарын баяраар Батхүү багшийг бараадан багшид золгож
хүндэтгэл үзүүлдэг байж). Япон Улсад мэргэжил дээшлүүлж байхдаа мэдсэн, эргэцүүлсэн зүйлдээ тулгуурлан үндэсний хөтөлбөр, боловсролын стандартыг
хөгжүүлэх ажлыг боловсронгуй болгох чиглэлээр докторын зэрэг горилсон нэг
сэдэвт ажлыг бичиж дуусаад судалгааны ажлын удирдагчаа олох (Буриадын их сургуулиас манай тэнхимд
томилолтоор ажилласан Баклаев гэдэг эрдэмтэн миний ажлыг удирдаж байсан юм.
Хол, тэгээд ч чиглэл өөр болсон тул удирдагчаа солих шаардлага гарсан) хэрэг гарав. Тэр үед манай факультетад одоогийнх шиг ийм олон эрдэмтэд
байсангүй. Дэд эрдэмтэн, доцент Насанбуянгийн Намсрай, дэд эрдэмтэн, профессор Дамбын
Шагдар гэсэн хоёр багш л эрдмийн зэрэгтэй, докторын ажил удирдах боломжтой байж.
Шагдар багшид энэ талаар хэлэхэд судалгааны ажлын удирдагч болохыг зөвшөөрч би
ч тун их баярлав. Гэхдээ бас “бичсэн зүйл маань багшид таалагдахгүй байх вий
дээ” гэж их л санаа зовдог байв. Монгол хэлээр олигтой бичиж чаддаггүй байсан
надад багш маань мөн их тус дэм болсон доо. ... Хамгаалах зөвлөлөөр ажлаа
хэлэлцүүлэв (2 цаг гаруй өрнөсөн санагдаж байна). Хэлэлцүүлгийн төгсгөлд Шагдар багш маань удирдагчийн хувьд ажлыг товч
дүгнэсэн яриагаа “Хүнд биологийн наснаас гаднаас оюуны нас гэж байна аа... ”[1]
гээд л эхэлж байсан нь одоо тод сонсогдох шиг.... Хамгаалах зөвлөлийн гишүүдийн
78 хувийн саналаар (75 хувиас
доош бол хамгаалалт хийгдээгүй гэж үзэх юм. Энэ нь унасан, бүтэлгүйтсэн гэсэн
үг л дээ)
хамгаалалт амжилттай болов. Маргааш өглөө нь ажилдаа ирээд сууж байтал Шагдар
багш өрөөнд орж ирээд (ер нь,
багш бусад багшийн өрөөгөөр бараг орж харагдахгүй дээ) “...цаад золигнууд тань хатуурхаж байна. Хатуухан
хамгаалалт боллоо” гэж хэлээд гарч явсансан. Шагдар багшийн энэ үгний хөг
өнгөнд “Намайг урамшуулсан. Магадгүй, жаахан тоосон шинж, өнгө аяс байх шиг; мэдрэгдэх шиг” болж, яагаад ч юм, нүдэнд нулимс хурж, ихэр
татан ихээр уйлмаар болж билээ.
БСШУЯ-ны захиалгат
“Бага, дунд боловсролын стандарт” төслийн хүрээнд боловсруулсан математикийн
боловсролын стандартыг манай тэнхмээр хэлэлцүүлсэн нэгэн уулзалт семинар нилээд
ширүүхэн болсон санагдаж байна. Төслийн удирдагч, математикийн боловсролын
стандартыг боловсруулах багийн гишүүний хувьд би уулзалт ярилцлагын явцад
нилээд амь түргэн байсан биз ээ.
Хэлэлцүүлгийн төгсгөлд Шагдар багш үндэсний боловсролын стандарт,
хөтөлбөрийг цаашид хэрхэн сайжруулж болох талаар тодорхой санал, чиглэл,
зөвлөмжийг багийн ахлагч Ж.Баатар багшид ихэвчлэн хандсан өнгө янзтай хэлсэн
үгнийхээ дунд “Мэдлэг нимгэнтний ам нь түрүүнд” гэсэн үгийг хавчуулж байж
билээ. Энэ үг алс бөглүү, аглуу нутагт өсөж торнисон, өөрийнхөө ирээдүйг сумын
сургуулийн математикийн багшаар бүрэн төсөөлж явсан хөдөөний тэр нэгэн хүүд
бус, харин үндэсний шинжээчийн түвшинд хүрч өндийсөн их сургуулийн багш, залуу эрдэмтэнд хаягласан
багшийн маань сүүлчийнх, гэхдээ мөнхийн захиас байсан юм шиг одоо санагдаж байх.
Зүүдэн учралт Шагдар багш минь миний амьдралыг ингэж л зүүд мэт өөрчилсөн нэгэн
ачтан юм даа.
Зүүдэнд ирсэн Шагдар багшаа эргэцүүлж дурсан ингэж
дуусахад нүд нулимстай, сэтгэл нэг л гунигтай. Гэвч зүүдний тэр дүрээр багшаа тунгаан дэнслэхэд бас
л бахархалтай, бахдалтай.
Ц. Лувсандорж
2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр