Thursday, June 29, 2017

Монгол Төрийн Тэргүүн




Монгол Төрийн Тэргүүн

Дурын дундажийн дотор монгол төрийн тэргүүний алба бүр бүхлээрээ, бүтнээрээ, хээв нэг багтаад байдаг болчихсон энэ цагт ийм нэгэн асуултыг  эргэцүүлэв. Хэн монгол төрийн тэргүүн, төрийн монгол тэргүүн байж болох вэ?

Монгол төрийн тэргүүний бие эрүүл байвал зохилтой. Эрүүл чийрэг, сүр жавхаат, зөв (алтан) харьцаат биетэй төрийн тэргүүн монгол төрийг чимнэ. Монгол түмнийг баясгана. Монголоо тэргүүлнэ. Монголоо гоёно. Эрүүл төрийн тэргүүн,  ингэж, монгол төрийн нэгэн сүр жавхлан болдог.  

Монгол төрийн тэргүүний оюун саруул байвал зохилтой. Саруул оюунтай, цэцэн ухаантай төрийн тэргүүн монгол төрийг хөглөнө.  Хөгтэй төрийн шийдэл нь цэцэн, шийдвэр нь ухаалаг тул Монгол хөгжинө. Монгол зон дэвжинэ. Саруул төрийн тэргүүн, ингэж л, монгол төрийн хөглөгч болдог. 

Монгол төрийн тэргүүний сэтгэл тунгалаг байвал зохистой. Тунгалаг сэтгэлтэй төрийн тэргүүн монгол төрийг хүмүүнжүүлнэ. Хүмүүнлэг төрийн үйл нь энэрэнгүй, үйлс нь гэгээн тул Монгол жаргана. Монгол нутаг цэнгэнэ. Монгол эцэстээ тодрон гэрэлтэнэ. Тунгалаг сэтгэлтэй төрийн тэргүүн, ингэж л, монгол төрийн гэрэлтүүлэгч болдог. 

Монгол төрийн тэргүүний үг үнэн байвал зохилтой. Үг бодлын илэрхийлэл. Бодол үйлийн үр. Бодол, үг хоёр ингэж л ижилсэнэ, нэгсэнэ. Үг үнэн байхад бодол цэцэн байна. Бодол бүтэлгүйтэж, үйл харлахад үг худал болно. Төрийн тэргүүн худалч байвал төрийн алба худалжина, хуурмагжина. Шударга ёс худал ёсоор солигдоно. Төрийн монгол тэргүүн, иймд, худалч байж үл болно. 

Монгол төрийн тэргүүний үйл уран байвал зохистой. Үйл эхэндээ үг. Үг эхэндээ бодол. Бодол ихэнхдээ зөн. Зөн, бодол, үг, үйл ингэж  ижилсэж нэгсэнэ.  Үйлс гэгээжиж, сэтгэл тунгалагжихад зөн эргэнэ. Оюун саруул болоход бодол төв болно. Зөн эргэж бодол төвжихөд үг зөвшиж үнэнжинэ. Үг үнэн, зөв болоход үйл уранжина. Эрүүл биетэй, саруул оюунтай, үнэн үгтэй төрийн тэргүүний үйл, аяараа л уранжина, биежинэ. Уран үйлтэй  төрийн тэргүүн, ингэж л  монгол төрийн урлаач болдог. 

Үг үнэн, үйл уран, ухаан саруул, сэтгэл тунгалаг байх нь монгол төрийн тэргүүний; төрийн монгол тэргүүний  язгуур шинж мөн.  Үг  үнэнжиж, үйл уранжиж, ухаан саруулжиж, сэтгэл тунгалагжихад хүн бүтэн, бүхэл, цул, нэг болж нэгсэнэ, тэгсэнэ, хөгсөнө. Монгол төрийн тэргүүн, төрийн монгол тэргүүн, иймд, хөгтэй л хүн байвал зохино.  Хөг орсон хүнийг монголчууд нүднийх нь гал, нүүрнийх нь цог, харцных нь энэрэл, үйлийнх нь ур, үйлсийнх гэгээ, дууных нь өнгө, биеийнх нь жавхаагаар шинждэг. 

Харцандаа энэрэлтэй, нүдэнтэй галтай, нүүрэндээ гэрэлтэй, сэтгэлдээ хөгтэй, дуу өнгөтэй, гэгээн үйлстэй, сүр жавхаат эрүүл саруул тэр хүн Монгол төрийн тэргүүн, төрийн монгол тэргүүн мөн.

Ц.Лувсандорж

2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр

No comments:

Post a Comment