Wednesday, July 19, 2017

Хоёр сагсгар

                               Мурих бичгийг сурах бичиг гэх
                               Хоёрын тоог  оюутан гэх
                               Буруу бодлогыг  цэцэн  гэх
                               Бүтэлгүй нэгэнг удирдагч гэх
                               Намчинг номчин гэх болтлоо дордсон боловсролын салбарт 
                               ийм сагсгар хоёр биш харин олоон бий.  
                               Сагсгар сагсалцахын хор нөлөөг найман мөрөөр "Хоёр сагсгар"-т
                               хэлэх гэж оролдов.

  
  
            Хоёр сагсгар 
Арга зүй үгүй агуулга үнэгүй
Агуулга үгүй аргазүй цэнэгүй
Цэнэгүй аргазүй нэг сагсгар
Үнэгүй  агуулга  бас сагсгар 
Хоёр сагсгар сагсалцахад
Хоосон хийрхэл цутгагдана.
Хоёрын тоо элбэгшинэ.
Худал, хуурмаг цэнэлэгдэнэ.

Ц.Лувсандорж 
2017 оны 7 дугаар сар 20-ны өдөр

Saturday, July 8, 2017

Ардчилал ийм байж болох уу?



Ардчилал ийм байж болох уу?

Монгол төрийн тав дахь тэргүүнийг сонгох сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтад эрүүл сэтгэлгээний хуулиар сонголтын лав л дөрвөн хувилбар байв.

     A. Саналаа өгөхгүй сонголт

     B. Цагаан хуудас сонголт

     C. АН-ын нэр дэвшигчийг сонгох сонголт

     D. МАН-ын нэр дэвшигчийг сонгох сонголт 

СЕХ-ийн хорооноос 2017 оны 7 дугаар сарын 9-ний өдөр  гаргасан санал хураалтын дүнгийн өгөгдлийг ашиглан нийт 1990797 сонгогчдын тоонд дээрх дөрвөн хувилбарын эзлэх хувийг  тооцвол: 

       A.  Саналаа өгөхгүй сонголт (783010 хүн буюу 39%)
 B. Цагаан хуудас сонголт  (99494 хүн буюу  5%)
       C. АН-ын нэр дэвшигчийг сонгох сонголт (611226 хүн буюу 31%)

        D. МАН-ын нэр дэвшигчийг сонгох сонголт (497067 хүн буюу 25%)

 Энэ сонгуулийн, сонгуулийн хуулин ялагчийг шууд болон шууд бусаар дэмжээгүй саналын тоо, өөрөөр хэлбэл, үлдсэн гурван хувилбарыг сонгосон хүний тоо (1379571)түүнийг дэмжсэн  хүний тоо (611226)-д  харьцуулбал 2,26  л байна.  Дэмжээгүй нь хамаагүй их байна.  Бас сонгуульд оролцоогүй, саналаа өгөөгүй хүний тооны бүхэлд эзлэх хувь нь үлдсэн хувилбарынхаас  харьцангуй их байна. 

Ардчиллыг төлөөллийн засаглал гэх нь бий. Бас олонхийн засаг гэх ч нь бий. Тэгвэл дээр хялбар тооцооноос харахад манайд ардчилал цөөнхийг олонхи, олонхийг цөөн болгочихоод, цөөнхөөр засаглалаад байгаа юм биш биз дээ. Хууль нь гууль болчихсон юм биш  биз. Эсвэл ардчилал математик үндэстэй биш, харин марзан язгууртай юм уу?

Ийм ардчилал байж болох уу?  Ардчилал ийм байж болох уу?


Ц.Лувсандорж
2017 оны 7 дугаар сар 9-ны өдөр


http://undesniibolovsrol.blogspot.com/2017/07/normal-0-false-false-false-en-us-x-none.html

Tuesday, July 4, 2017

Сонгуулийн дүнгийн нэгэн таамаглал


                             Сонгуулийн дүнгийн нэгэн таамаглал

Монгол төрийн тав дахь тэргүүнийг сонгох сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтад сонголтын лав л дөрвөн хувилбар байна.

A. Саналаа өгөхгүй сонголт

B. Цагаан хуудас сонголт

C. АН-ын нэр дэвшигчийг сонгох сонголт

D. МАН-ын нэр дэвшигчийг сонгох сонголт 


 (Дээр тохиолдолд А, В, С, Д үсэг хийгээд АН, МАН гэсэн товчлолд эрэмбийн ач холбогдолгүй байхгүй)

А хувилбарын сонголтыг хийсэн хүний тоо нийт  сонгогчдын гуравны нэг буюу 33.(3) хувь байгаа нь сүүлийн сонгуулийн үр дүнгээс ажиглагдсан.

B хувилбарын сонголтыг хийсэн хүний тоо энэ сонгуулийн нэг дэх шатны санал хураалтаар  18000 хүн буюу нийт сонгогчдын 1.1 орчим хувь байсан (Цагаан хуудас цагаан хувьсгал хөдөлгөөнөөр энэ хувь бага зэрэг өснө. Гэхдээ энэ нь A хувилбарын хувь хэмжээнд энэ удаа хүрч өсөхгүй).

С, D хувилбарын сонголтыг хийсэн хүний тооны бүхэлд эзлэх хувь өмнөх санал хураалтаас харахад тус бүрдээ 33 хувиас багагүй, 38 хувиас ихгүй байсан.


Сонголтын дүнд, харин, эдгээр дөрвөн үсэг эрэмбэлэгдэн бичигдэнэ. Ингэж бичигдэх дөрвөлийн нийт боломж 24. Нэр дэвшигчид чансаагаараа бие биеэсээ эрс ялгаагүй, ижилдүү байгаад сонголт аяараа, гадны оролцоогүй, нөлөөлөлгүй, санамсаргүй явагдсан гэвэл дөрвөлийн аль нэг хувилбар тохиох магадлал 0.1(6). А, В, С, D үсгийн аль нэг нь дөрвөлийн эхэнд нь бичигдэх боломж 6, түүний тохиох магадлал нь 0.25.  Эндээс, сонголтын аль нэг хувилбар нийт сонгогчдын саналын 50  хувиас их байх, өөрөөр хэлбэл, сонгууль ялагчтай  байхын тулд энэ тохиолдлыг шинжлэхэд ашигласан математик (цэвэр тунгалаг ) нөхцлийг өөрчлөх, ахуйн утгаар хэлбэл, "бохир" болгох хэрэгтэй болно. 

Элдэв санаатай, зорилготой сурталчилгаа, гадны оролцоо, нөлөөлөл бий болох тусам энэ  магадлал өөрчлөгдөж савна. Эндээс чанарын шинжилгээ эхэлнэ. A, B хувилбарын сонголтыг хийгчдийн язгуур эрх ашиг, сонирхлын ижил байдлаас ийм савалт бий болж мэднэ.  Мөн нэр дэвшигчдийн чансаа, сурталчилгааны оновчгүй байдлаас үүсэж С,D хувилбарын аль нэгийг  өмнө сонгосон сонгогчид энэ удаа үлдсэн хувилбарийг илүүд үзэн сонголтоо өөрчилснөөр энэ савлалт бас үүсэж болно.  Иймэрхүү сонголтын өөрчлөлт нийгмийн сэтгэл зүйд хурах хүрэлцээтэй шалтаг, үндэс энэ сонгуульд бий (Түмэн олноо цагаан цаастай зүйрлэж буй баримт, бас утга авалцаагүй, тооцоо үндэслэлгүй даалгавар, амлалт,  нэр дэвшигчид чиглэсэн  үнэн худал нь мэдэгдэхгүй, эвлүүлэг, эвлүүлэг бус нь баригдахгүй  ёс зүй, ёс суртахуунгүй үйл, үйлдлийн хэрээс хэтэрсэн байдал, гэх зэрэг).

Иймд өмнө саналаа B, С, Д хувилбараар өгч байсан дөрөв хүн бүрийн дор хаяж нэг нь үлдсэн хувилбарыг илүүд үзэн сонголтоо хийхэд л ирц хүрэхгүй  эвгүй тохиолдол энэ сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтаар бий болох нь мэдрэгдэнэ, хэмжигдэнэ.

Эвгүй энэ хувилбар тохиох магадлал, гэвч,бусдаасаа лав л дутуу л биш. 

Жич: Энэ блогийн "Энэ сонгуулийн хамгийн эвгүй тохиолдол" бичвэрийг харж болно.

Ц.Лувсандорж

2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр 

Sunday, July 2, 2017

Энэ сонгуулийн хамгийн эвгүй тохиолдол



Энэ сонгуулийн хамгийн эвгүй тохиолдол

Энэ сонгуулийн хоёр дахь санал хураалтад  цагаан хуудас биш, харин ирц хүрэхгүй байх нь хамгийн өндөр магадлалтай, хамгийн эвгүй тохиолдол болж  мэдэх нь. Эвгүй үзэгдэл энэ мөчлөгт тохиож мэдэхийн учир нь ийм юм. 

Сонгууль өгвөл зохих хүмүүсийн гуравны нэг орчим нь сонгуульд ерөөсөө саналаа өгөхгүй байгаа нь сүүлийн нилээд олон сонгуулиар ажиглагдав. Ингэх нь байдаг л зүйл мэт яригдаж хэлэлцэгдсээр байгаад энэ нь одоо  байдаг л нэг уламжлал болж байх шиг. Төрийн тав дахь тэргүүнээ илрүүлэх энэ сонгуулиар ч байдаг л энэ уламжлал бас ёс мэт  тохиов. Үүнд дээр  нэмэгдээд энэ сонгуулиар цагаан хуудас хувилбар шинэ үзэгдэл болж илрэв. Нэг нь “бүтэлгүй тогтолцоо”, нөгөө нь “сонголтгүй сонгууль”  гэсэн утга санаагаар сонгуулийн уламжлалт хийгээд шинэ үзэгдэл нь ихэр юм. Ижил юм. Сонгуулиараа, сонголтоороо  эсэргүүцлээ илэрхийлж байгаагаараа, эцэстээ, нэг  юм.  
  
Сонгуулийн энэ хоёр үзэгдлийн ижилсэлт, ихэрлэлт, нэгсэлтээр хоёр дахь санал хураалтаар өмнө санал өгсөн  дөрөв хүний дор хаяж нэг нь “саналаа өгдөггүй” болон урваж хөрвөж мэдэх юм. Ийм урвалт хөрвөлт болох эх шалтаг бий. Энд нэг дэх  шатны сонгуулийн саналын хуваагдал, нийслэлийнхний “хэрсүүжилт”, орон нутгийн сонгогчдын “уярал”, ахмадын “нөхөрлөлдөө үнэнч байдал”,  залуусын “гоморхол”, сэхээтний “томрохол”, бас цагаан хуудас, цагаан хувьсгал хөдөлгөөний үүсэл, өрнөл, мөн энэ талаарх намчирхал, хийрхэл, цахим зодоон, цахим нөхцөлжилт, зөвшилцөл зэрэг хувьсагчийн нөлөөллийн жинг цаг хийгээд хөлс байвал тооцоод гаргачихад хүнд биш.  Дээр хоёр үзэгдлийн тэр нэгэн нэгсэлт явагдсан тохиолдолд гарах үр дүн, утга агуулгыг  тод товч хэлбэл,  энэ сонгуулийн хоёр дахь санал хураалтад санал өгөхгүй хүний тоо (x) нийт сонгогчдын тооны хагасаас багагүй байна



Өөрөөр хэлбэл, энэ сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт дүн “50-аас их” гэсэн босгыг давсангүй” гэсэн үг юм. Энгийн хэлбэл, энэ нь “сонгуульд сонгогчдийн ирц хүрээгүй” гэсэн утга болно.

 “Бүтэлгүй тогтолцоо” гээд саналаа сонгуульд  ерөөсөө өгдөггүй тэр тогтмол хэсэг,   “сонголтгүй сонгууль”  гээд санал өгдөг байснаа өгдөггүй болж хувирах тэр жижиг хэсэг ижилсэх, ихэрлэх, нэгсэх энэ тохиолдол энэ сонгуулийн хамгийн эвгүй тохиолдол юм. Энэ нь гэхдээ хамгийн ховор тохиолдол нь гэсэн үг бас биш.  

Ц.Лувсандорж
2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр