Tuesday, July 4, 2017

Сонгуулийн дүнгийн нэгэн таамаглал


                             Сонгуулийн дүнгийн нэгэн таамаглал

Монгол төрийн тав дахь тэргүүнийг сонгох сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтад сонголтын лав л дөрвөн хувилбар байна.

A. Саналаа өгөхгүй сонголт

B. Цагаан хуудас сонголт

C. АН-ын нэр дэвшигчийг сонгох сонголт

D. МАН-ын нэр дэвшигчийг сонгох сонголт 


 (Дээр тохиолдолд А, В, С, Д үсэг хийгээд АН, МАН гэсэн товчлолд эрэмбийн ач холбогдолгүй байхгүй)

А хувилбарын сонголтыг хийсэн хүний тоо нийт  сонгогчдын гуравны нэг буюу 33.(3) хувь байгаа нь сүүлийн сонгуулийн үр дүнгээс ажиглагдсан.

B хувилбарын сонголтыг хийсэн хүний тоо энэ сонгуулийн нэг дэх шатны санал хураалтаар  18000 хүн буюу нийт сонгогчдын 1.1 орчим хувь байсан (Цагаан хуудас цагаан хувьсгал хөдөлгөөнөөр энэ хувь бага зэрэг өснө. Гэхдээ энэ нь A хувилбарын хувь хэмжээнд энэ удаа хүрч өсөхгүй).

С, D хувилбарын сонголтыг хийсэн хүний тооны бүхэлд эзлэх хувь өмнөх санал хураалтаас харахад тус бүрдээ 33 хувиас багагүй, 38 хувиас ихгүй байсан.


Сонголтын дүнд, харин, эдгээр дөрвөн үсэг эрэмбэлэгдэн бичигдэнэ. Ингэж бичигдэх дөрвөлийн нийт боломж 24. Нэр дэвшигчид чансаагаараа бие биеэсээ эрс ялгаагүй, ижилдүү байгаад сонголт аяараа, гадны оролцоогүй, нөлөөлөлгүй, санамсаргүй явагдсан гэвэл дөрвөлийн аль нэг хувилбар тохиох магадлал 0.1(6). А, В, С, D үсгийн аль нэг нь дөрвөлийн эхэнд нь бичигдэх боломж 6, түүний тохиох магадлал нь 0.25.  Эндээс, сонголтын аль нэг хувилбар нийт сонгогчдын саналын 50  хувиас их байх, өөрөөр хэлбэл, сонгууль ялагчтай  байхын тулд энэ тохиолдлыг шинжлэхэд ашигласан математик (цэвэр тунгалаг ) нөхцлийг өөрчлөх, ахуйн утгаар хэлбэл, "бохир" болгох хэрэгтэй болно. 

Элдэв санаатай, зорилготой сурталчилгаа, гадны оролцоо, нөлөөлөл бий болох тусам энэ  магадлал өөрчлөгдөж савна. Эндээс чанарын шинжилгээ эхэлнэ. A, B хувилбарын сонголтыг хийгчдийн язгуур эрх ашиг, сонирхлын ижил байдлаас ийм савалт бий болж мэднэ.  Мөн нэр дэвшигчдийн чансаа, сурталчилгааны оновчгүй байдлаас үүсэж С,D хувилбарын аль нэгийг  өмнө сонгосон сонгогчид энэ удаа үлдсэн хувилбарийг илүүд үзэн сонголтоо өөрчилснөөр энэ савлалт бас үүсэж болно.  Иймэрхүү сонголтын өөрчлөлт нийгмийн сэтгэл зүйд хурах хүрэлцээтэй шалтаг, үндэс энэ сонгуульд бий (Түмэн олноо цагаан цаастай зүйрлэж буй баримт, бас утга авалцаагүй, тооцоо үндэслэлгүй даалгавар, амлалт,  нэр дэвшигчид чиглэсэн  үнэн худал нь мэдэгдэхгүй, эвлүүлэг, эвлүүлэг бус нь баригдахгүй  ёс зүй, ёс суртахуунгүй үйл, үйлдлийн хэрээс хэтэрсэн байдал, гэх зэрэг).

Иймд өмнө саналаа B, С, Д хувилбараар өгч байсан дөрөв хүн бүрийн дор хаяж нэг нь үлдсэн хувилбарыг илүүд үзэн сонголтоо хийхэд л ирц хүрэхгүй  эвгүй тохиолдол энэ сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтаар бий болох нь мэдрэгдэнэ, хэмжигдэнэ.

Эвгүй энэ хувилбар тохиох магадлал, гэвч,бусдаасаа лав л дутуу л биш. 

Жич: Энэ блогийн "Энэ сонгуулийн хамгийн эвгүй тохиолдол" бичвэрийг харж болно.

Ц.Лувсандорж

2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр 

No comments:

Post a Comment