Monday, January 28, 2019

Хууль зөрчихөд том, жижиг үгүй

Хууль зөрчихөд том, жижиг үгүй


Математикт том, жижиг зөрчил гэж байдаггүй. Том, жижиг шударга ёс гэж ч байхгүй. Харин зөрчил гэж бий.

Хууль бол математикийн болхидүү дүр, дүрслэл юм. Тэгэхээр тэр болхид зөрчил гэж бий. Түүнд харин том, жижиг гэж бас үгүй.

Энэ нь хууль зөрчихөд том, жижиг байхгүй гэсэн үг юм.

Ц.Лувсандорж

2018 оны 1 дүгээр сарын 29-ны өдөр

Saturday, January 19, 2019

Сэхээтэн сэр

Сэхээтэн сэр

Монголын сэхээтнүүд ходоодхондоо захирагдаж, захирагдуулснаас болж тэд өнгөрсөн 30 жилд сэхээтний үүргээ нийгэмд гүйцэтгэж чадаагүй учраас хэн ч хамаагүй биднийг удирддаг болсон. Удирдана гэж боддог болсон. Бүр өөрт нь бүүр багтаад байдаг болчихсон юм. Хэн ч хамаагүй төрийн өндөрлөг хар массын тархийг элдвээр угаан гарч биднийг удирдах гэж хөгжлийг хүртэл чөдөр болгож ирсэн юм.

Сэхээтнүүд ходоодон сонирхлоо түр ч болов хойш тавиад мэргэшсэн чиглэл бүрээрээ эх орондоо эрдмийн хувь нэмрээ оруулах цаг аль хэдийн болсон байна. Цаг хугацаа тэднийг хүлээж байна.

Монголд одоо бас нэг ардын хувьсгал хэрэггүй. Энэ хувьсгал одоо хангалттай, энд улсад. Ардынхийг хийхээр ард болдогийг өнгөрсөн 30 жил, ер нь 100 жил харуулсан.

Монголд одоо харин сэхээтний хувьсгал л чухал юм. Энэ нь мэдлэгийн хүчийг хөгжлийн хүч болгоно гэсэн үг. Харин талбайг ардаар дүүргэнэ гэсэн үг биш. Дүүргээд тэгээд яах юм. Нэг ардыг нөгөө ардаар солиход мөн чанарын өөрчлөлт байхгүй. Талбайд орилсноор үнэн худал, худал үнэн болчихгүй учраас тэр юм.

Мэдлэгийн хүчийг хөгжлийн хүч болгож хөгждөг нь жам.

Сэхээтэн, түүний гэр бүлд төрсөн хүүхдүүд илүү сэхээрэлтэй байх нь тодорхой. Иймд сэхээтэн хүүхдээ сэхээрэлтэй нийгэм рүү илгээх биш харин энэ нийгмээ сэхээрэлтэй болгоход оролцуулах, бас өөрөө оролцох хэрэгтэй.

Манан, утаа, тэнэглэл гурваас энэ улсыг мэдлэгийн хүчээр л салгана. Тэр нь сэхээтний хувьсгал гэсэн үг л дээ. Сэхээтний оролцоотой хийх хувьсгалт ч, хувьсалт ч өөрчлөлт, өөрчлөн байгуулалт гэсэн утга.

Үүний төлөө сэхээтэн сэр.

Ц.Лувсандорж

2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр

 https://undesniibolovsrol.blogspot.com/2019/01/blog-post_38.html

Малчны баярыг малчдад үлдээе

Малчны баярыг малчдад үлдээе

Цагаан сар бол сүү ирснийг билэгддэг хаврын эхэн сар юм. Мал төллөж сүү харагддаг цаг юм. Тэгэхээр малчны баяр байх ёстой. Хотынхонд үнэндээ хамаагүй ч үгүй.

Одоо юуг ч хамаагүй тэмдэглэдэг болсон болохоор малчныхыг хүртэл нийтээр тэмдэглэдэг болчихоод байгаа юм.

Цагаан сараар хавар болж сүү ирснийг билэгдэж малчид нь түүнийгээ тэмдэглэдэг болвол илүү утгатай, уламжлалтай.

Хотод харин одоо энэ нь баярхах баяр болж бүр утгаа алдсан байгаа шүү.

Хотод түүнийг цаашдаа болих, малчид харин өргөн тэмдэглэх. Энэ нь зөв, төв юм.

Үүний тулд хуулиа өөрчлөх хэрэгтэй. Сэхээрэлтэй болох хэрэгтэй. Мангартах бус харин сэрэх хэрэгтэй.


Ц.Лувсандорж

2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 

Saturday, January 12, 2019

Их хурлын гишүүдэд өгөх хоёрхон зөвлөгөө

Их хурлын гишүүдэд өгөх хоёрхон зөвлөгөө

Ард бидний эрхэм элч, өнгө нүүр царай болсон их хурлын гишүүд Та бүхэнд хандан дор дурдсан хоёр зөвлөгөөг өгч байна.Үүнд:

1.Томилгооны асуудлаар асуулт асууж, санал хэлэхдээ горилогчийн нас, хүйс, гарал үүсэл, яс үндсийг танхимд бүү зарлаж байгаач. 65-66 настай гэх мэтээр хүний хувийн онцлогийг хээв зарлаж тунхагласан бодит тохиолдол олон бий. Энэ үйлдэл тань хүнийг нас, хүйс, гарал үүсэл, яс үндсээр нь ялгаварлан гадуурхахгүй гэж тунхагласан, тохирсон Үндсэн хуулийн үзэл санаатай яг нийцэж байгаа юм уу? Хамгийн гол нь, Үндсэн хуулийг үнэт зүйл болгон өсөж яваа хүүхдүүд Та нарын энэ авирыг хараад гайхан мэлийгээд байна. Бас багш биднийг тэд улалзуулаад байна. Хүний хувийн онцлогийг нийтэд зарлаж тунхаглах нь ер нь бол муухай, бас ичмээр үйл мөн. 

2. Та бүхэн маань тодорхой асуудал хэлэлцэж байхдаа бүр хадуураад, тас андуураад хөөрдөг энэ уламжлал мэт болчихсон болхи байдлаасаа салж, засаж Асуултанд Хариулж, АХ зарчмыг баримтлан, Тод, Товч, Тодорхой (3T) ярьж сураач. Багш бид нар хүүхдэд багаас нь асуултанд хариулдаг соёлыг бүтээх, "АХ" зарчмыг баримталж, "3Т" бодож цагтаа багтаан өөрийгөө илэрхийлж сургах гэж ядаж байхад эрхэм дээдийн үлгэр болсон Та нар маань асуултад ерөөсөө хариулахгүй, хадуураад л хөөрч байгааг хараад бага насныхан маань бүр гайхширч зогсдог болчихоод байна.Бас багш биднийг тэд бүр мэлэлзүүлээд байна. Асуултад хариулдаггүй, "АХ" зарчмыг барьдаггүй байх нь ер нь бол иргэншилгүй, бас эвгүй үйл юм.

Ард биднийхээ эрхэм дээд үлгэр болсон ардын элч Та бүхэнд ийнхүү бичсэнг минь эргэцүүлж, эргэлдүүлж үзбэл чинхүү баярлах юм. Сурах зогсоход үхэл эхэлдэг. Ийм учраас хэн ч гэсэн цаг ямагт сурч байвал зохино. Сурсан тань үйлээр чинь л харагдана.

Ц.Лувсандорж 

2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр