Saturday, January 12, 2019

Их хурлын гишүүдэд өгөх хоёрхон зөвлөгөө

Их хурлын гишүүдэд өгөх хоёрхон зөвлөгөө

Ард бидний эрхэм элч, өнгө нүүр царай болсон их хурлын гишүүд Та бүхэнд хандан дор дурдсан хоёр зөвлөгөөг өгч байна.Үүнд:

1.Томилгооны асуудлаар асуулт асууж, санал хэлэхдээ горилогчийн нас, хүйс, гарал үүсэл, яс үндсийг танхимд бүү зарлаж байгаач. 65-66 настай гэх мэтээр хүний хувийн онцлогийг хээв зарлаж тунхагласан бодит тохиолдол олон бий. Энэ үйлдэл тань хүнийг нас, хүйс, гарал үүсэл, яс үндсээр нь ялгаварлан гадуурхахгүй гэж тунхагласан, тохирсон Үндсэн хуулийн үзэл санаатай яг нийцэж байгаа юм уу? Хамгийн гол нь, Үндсэн хуулийг үнэт зүйл болгон өсөж яваа хүүхдүүд Та нарын энэ авирыг хараад гайхан мэлийгээд байна. Бас багш биднийг тэд улалзуулаад байна. Хүний хувийн онцлогийг нийтэд зарлаж тунхаглах нь ер нь бол муухай, бас ичмээр үйл мөн. 

2. Та бүхэн маань тодорхой асуудал хэлэлцэж байхдаа бүр хадуураад, тас андуураад хөөрдөг энэ уламжлал мэт болчихсон болхи байдлаасаа салж, засаж Асуултанд Хариулж, АХ зарчмыг баримтлан, Тод, Товч, Тодорхой (3T) ярьж сураач. Багш бид нар хүүхдэд багаас нь асуултанд хариулдаг соёлыг бүтээх, "АХ" зарчмыг баримталж, "3Т" бодож цагтаа багтаан өөрийгөө илэрхийлж сургах гэж ядаж байхад эрхэм дээдийн үлгэр болсон Та нар маань асуултад ерөөсөө хариулахгүй, хадуураад л хөөрч байгааг хараад бага насныхан маань бүр гайхширч зогсдог болчихоод байна.Бас багш биднийг тэд бүр мэлэлзүүлээд байна. Асуултад хариулдаггүй, "АХ" зарчмыг барьдаггүй байх нь ер нь бол иргэншилгүй, бас эвгүй үйл юм.

Ард биднийхээ эрхэм дээд үлгэр болсон ардын элч Та бүхэнд ийнхүү бичсэнг минь эргэцүүлж, эргэлдүүлж үзбэл чинхүү баярлах юм. Сурах зогсоход үхэл эхэлдэг. Ийм учраас хэн ч гэсэн цаг ямагт сурч байвал зохино. Сурсан тань үйлээр чинь л харагдана.

Ц.Лувсандорж 

2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр

No comments:

Post a Comment