Tuesday, March 26, 2019

ИХ ХУРЛААРАА БАГШ НАР ИХ АСУУДЛАА ИХ ШИЙДЭЭСЭЙ


ИХ ХУРЛААРАА БАГШ НАР ИХ АСУУДЛАА ИХ ШИЙДЭЭСЭЙ
Ардчилсан гэх тодотголтой  шинэ үндсэн хуулиараа монголчууд бид боловсролын хөгжлийг цаашид хөтлөх хоёр чухал үзэл санааг үнэт зүйлжүүлж авсан байдаг. Тэгш байдал, Зах зээл.  Гэвч ардчиллын гэх өнгөрсөн жилүүдэд энэ хоёр нь боловсролын хөгжлийн хөтөч болж чадсангүй. Дүнд нь боловсрол тэгш биш харин түүхэнд үзэгдээгүйгээр сондгой болж дордов. Тэр тэгш байдлыг  биш харин тэгш бус байдал, ялгаварлал, ялгааг дэвэргэх салбар  болж салбайв.  
Хөрөнгө мөнгөний гэх зах зээлийн нийгэмд боловсролын үйлчилгээ зах зээлд шилжиж чадаагүй учраас урьд  байгаагүйгээр энэ салбарын багш ажиллагсад  ядуурав. Доройтов, дордов. Тэд ядуурч ажилладаг, ажиллаж ядуурч ирэв.   Зээлтэн, өртөн үржин энэ салбараар сүрэглэв.
Багш нар тэмцэж үзэв. Хариуд нь тэд хайран цагаан цаасыг яйран болгон харлуулж эрээчин хэрэггүй болгоход л их цагийг дэмий үрдэг болж хувирав. Эцэстээ, баяны ч, ядуугийн ч хүүхэд  ялгаагүй л боловсролын  доройтлын тэр бодлогоор бүхэлдээ хохирч үлдэв.  Хөөрхий.
Боловсрол нийгмийг тэнцвэржүүлэгч ганц институт байдаг гэдгийг ухаарсан, пялдаг зангүй, бас намгүй цөөхөн хэдхээн багш нар боловсролын салбар бүх түвшиндээ салбайж, сарийж, муруйж ирснийг тасралтгүй үглэж, тасралтгүй бичиж, тасралтгүй өөрсдийгөө золиослож явсны дүнд сая нэг Монголын багш нарын 7 дугаар их хурлаа 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хийхээр болж, их асуудлаа их төлөөлөлтэйгээр хэлэлцээр шийдэв.   Их хурлаараа их асуудлаа хэлэлцээд дүнг нь их хурлын тогтоол болгож аваад түүнийгээ дараагийн их хурал хүртэл хэрэгжүүлэхийн төлөө долоон түмэн багш үзэлцэхэд боловсрол өндийхгүй гээд яах юм. Багш нийгмийн төвд ирэхгүй гээд яах юм.  Багшийн цалингийн доод хэмжээ нийгмийн дундаж цалинд хүрэхгүй гээд яах юм.
Амьдралын талбарт тань, боловсролын салбарт тань бугшсан түмэн “буг”-ийг хөөж,  хөгжлийг чөдөрлөсөн буман “чөтгөр”-ийг  зайлуулахын эх үндсийг тавих шийдвэрт хүргэх их чухал их хуралдай болох энэ хуралдаа багш бүр иймд цаг гаргаж, сэтгэл шингээж, зүтгэл үзүүлж, эргэцүүлэлтэй, идэвхтэй оролцвол их ононо. Тэгэж оролцохдоо ингэж эргэцүүлбэл тун зохино:
1.     Яагаад багш энэ улсад ядуурч ажиллаж, ажиллаж ядуурч байдаг юм бэ?  Бодит өртгөөр л ажил  бодитой хийгддэг биш үү!
2.      Боловсролын салбарын ажил үйлчилгээны үнэ, өртгийг хөдөлмөрийн бодит зах зээлийн жишигтэй, төгрөгийн худалдан авах чадварын уналттай уялдуулж яагаад шинэчилж тогтоодоггүй юм бэ?
Төгрөгийн худалдан авах чадварын утгаар багшийн нэг сарын өнөөгийн бодит цалин одоогийн 60 төлгөн бэсрэг сүргийн цэнэтэй биш үү!
3.     Манай улсын боловсролын салбарт хүний хөдөлмөрийн мөлжлөг байгаа юу?   Цэцэрлэг, сургуулийн нарийн мэргэжлийн багшийн нэг цагийн ажил, үйлчилгээний цэнэ яагаад 2 доллароос; дээд зиндааны багш профессорынх нь 4 доллароос хэтрэхгүй байдаг юм бэ?  Тэдний хөлс хэтэрхий цэнэгүй биш үү! Мөлжлөг бус үү!
4.     Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг үндсэн ажлаа мэргэжлийн хийх нөхцөл бололцоогоо яагаад хангадаггүй юм бэ?   Нэг багшид оногдох сурагчийн тоо хэрээсээ хэтэрчихсэн нь байх нь хээв хэвийн үзэгдэл болсон байх. Нэг багш, нэг сурагчдад оногдох орчин, ажлын орон зайн хэмжээ нь хэтэрхий бага  байгаа нь бас л хэвийн үзэгдэл болсон байх.  Сургалтанд шинжлэх ухааны үндэс гэж байдаг биш үү! Эсвэл энэ улсад энэ хамаагүй юм уу?

5.          Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, нь ер нь боловсролыг  сүлжээний бизнес, боловсролын лоббижсон бодлого, намчирхал, хийрхэл, хаа хамаагүй зүйлийг хариас хамаагүй хуулж хувьдаа ашиг олох зорилгоор хамаагүй төслийг хамаагүй хэрэгжүүлдэг, хуулбарладаг сэтгэлгээ, хандлагаас яагаад ангид байлгаж болдоггүй юм бэ?  Түмэн  олимпиад, буман уралдаан, мянган ТB шоуг хүүхэд л их хүсээд байгаа гэж үү!  Хаврын ядарсан борлонгийн нуруунд шигдэж орсон хачаг, хувалз лугаа шавааралдсан энэ олон хувийн сургууль, болсон болоогүй сургалтын төвийн хүүхдийн сурах хүслээр мөнгө хийх улаан шуналыг яагаад цайлгаж болдоггүй юм бэ? Ийм завхрал тэгш байдал, үл ялгаварлахыг тунхаглан үнэт зүйлжүүлсэн хүмүүнлэг, ардчилсан гэх нийгэмд байж болдог юм уу!  Хүүхдийн сурах хүслээр мөнгө олж, ашиг олох нь муруй үйлс биш үү! Муухай үйл бус үү! Суурь боловсролыг төрөөс төлбөрийг нь дааж үнэгүй олгоно гэсэн биш үү! Боловсрол л  нийгэмд тэгш боломж, тэгш байдлын баталгаа болдог  биш үү! Үүнийг тань дэлхийн боловсролын яам чихэнд тань байнга шивнээд нэрлээд байгаа бус уу!

6.       Бодлогын лоббижилт, сүлжээний бизнесийг дэмжсэн 22 хичээллэрхүү зүйлийг хүүхэд үзсэншүү болж хайран цагаа яйран өнгөрөөж байгаа яагаад хардаггүй юм бэ, засдаггүй юм бэ?  Ихийг гүехэн бус харин багыг гүн судла гэдэг биш бил үү!  Ийм зарчмыг бид ч эрт цагт барьж байсаан байсан. Одоо ч бас нөгөө дэлхийд гайхуулаад байгаа Финланд тань үүнийг л баримталж л байгаа шүү. Тэд ерөнхий боловсролыг мөнгө хүүлэх хэрэгсэл болгодоггүй үнэт зүйлтэй юм билээ.

7.     Боловсролын салбар шаагилдсан олон дарга, дарганцар, наманцараар л дүүрсэн байгааг больж яагаад ч шаагилддаггүй, харин чимээгүй л бодлогоо бодож бодлого хийдэг мэргэшсэн бодлоготноор яагаад дүүргэж болдоггүй юм бэ? Хийх зүйлээ мэддэггүй дарга  л хий дэмий их шалгадаг, хийрхдэг. Боловсрол доройтлоор дүүрсээн дүүрсэн. Тэр бас энэ доройтлыг бий болгосон  шалгалт, хяналт, хэт хуралдагсдаар    дүүрсэн дүүрсэн. Ар араасаа хөврөн шалгаад л, шалгаад л, шалгаад л; хянаад л, хянаад л, хянаад л, сүүлдээ  бүр багшийг үндсэн ажлаа хийх боломжгүй болтол, хүүхдийг зүгээр сурах боломжгүй болтол нь шалгаад л , сургалт хийгээд л ... Яасан их илүүтэй гарсан цаг, яасан их илүүтэй гарсан мөнгө вэ?   Итгэлцэл гэдэг зүйл энэ салбараас бүр холджээ. Уг нь боловсрол мэргэжлийн салбар тул итгэлцэл хамгийн ихээр байх ёстой л талбар юмсан. Ийм талбарын тэр онцлог энэ улсын салбайсан боловсролд хамаагүй юм уу!

8.     Боловсролын салбарт хариуцлага үгүй болсонг зогсоож, харин  хариуцлагыг яагаад бий болгож болдоггүй юм бэ?  Боловсролын бодлогыг лобби болгосон үе үеийн сайдуудаас энэ салбар яагаад хариуцлага нэхэж болдоггүй юм. Сургамжтай биш үү!   Хүүхдийн сурах хүслээр мөнгө хийдэг, хүүхдийн цаашид сурах хүслээр мөнгө босгодог үнэлгээний энэ олон үнэтэй шалгалтыг бий болгож үе үеийн олон мянган хүүхдийг мөнгөөр нь төдийгүй хүсэл зоргоор нь мохоож, хохироож ирсэн хорон бодлогыг хийсэн, хэрэгжүүлсэн этгээдүүдээс яагаад хариуцлага нэхэж болдоггүй юм бэ?    Үндсэн ажлаа мөнгө босгох сүлжээний хэсэг болгон ичих ч үгүй хээв нэг явдаг багш олимпиадчдаас, багш кенгүрчдээс, захирал үдийн цайчдаас, багш ном шахагчдаас, багш сонин нийлүүлэгчдээс, боловсролын бодлогыг бор ходооныхоо төлөө лобби болгогчдоос яагаад хариуцлага нэхэж болдоггүй юм. Боловсролын салбар бол хогийн сав биш гэдгийг тэдэнд яагаад сануулж болдоггүй, хариуцлага нэхэж болдоггүй юм.  Эрх үүргийг нь эрхэлж эдлэвэл хариуцлагыг нь хамт хүлээх нь ёс  бус уу!

9.       “Боловсролын чанар, үр дүн, үр ашиг” гэж болох болохгүй хүн болох, болохгүйгээр их хөөрч, хийрхэж болох, болохгүй бодлого гэгчийг хийж боловсролыг самардагийг  болиулж боловсролд бүхлийн зарчим, тогтолцооны хандлага, төв, зөв ухаанаар ханддаг соёлыг бүх түвшинд бий болгож яагаад болдоггүй юм бэ?   Сайд гэгч нэг хүн ирэх бүрт энэ салбар “саалийн нэг үнээгээ цааш нь харуулах шиг” болж хохирч үлддэг юм. Хэцүү байх. Боловсролын салбарт “шинэчлэл” гэж мөн олон удаа хашгирав. Гэвч шинэчлэгдэв үү? Үгүй. “Боловсролын чанар” гэж мөн олон удаа орилолдов. Гэвч чанаржав уу? Үгүй.  Энэ бүхний алдаа юунд байсан бэ?  Товчхондоо, бидний сэтгэлгээний хоцрогдолд бий.  Бодлого хийнэ гэдэг хуулбарлана, хувилбарлана, хулгайлна гэсэн үг биш.  Бодлого хийнэ гэдэг анхны нөхцлөө тооцон олон хувьсагчийн олон давхар хамаарлыг шинжилж, түүнээс сонгоно, шийднэ гэсэн үг. Ингэж хийсэн боловсролын бодлого монголд бий юу, ер нь? Үгүй л болов уу!  Иймд бид боловсролын бодлогын ухааныг нь хөгжүүлж, боловсролын бодлогыг шинжилгээг нь хийж чаддаг болбол ер нь  яасийм. Ингэхэд, бидэнд ном л чухал, харин нам биш. Энэ гоё. Зөв.

Багш нар  ингэж эргэцүүлж эргэлдүүлж байх зууртаа их хуралдай болох их хуралдаа ёстой зөв, төв хүнээ шилж сонговол ёстой гоё, ёстой сайн.  Учир нь:
-Их хурлын их төлөөлөгч энгэртээ олон одон гялалзуулж байх нь чухал биш харин тархиндаа багш, хүүхэд, боловсрол хийгээд нийгмийн сайн сайхны төлөө их бодол эргэлдүүлдэг байх нь нэн чухал. Энэ бас л гоё, сайхан.
-Их хурлын төлөөлөгч  пялдаг байх нь чухал биш харин олны төлөө, өрөөлийн төлөө индэр дээр гарч эгц харж байгаад чангаар дуу хоолойгоо илэрхийлж чаддаг байх чухал. Энэ нь энэ цагт эрсдэл ч, бас л гоё нь л.
-Их хурлын төлөөлөгч хамт олны манлайлагч, тэднийг хошуулагч байвал нэн сайн. Тэгэж байж бид энэ 7 дугаар  их хурлын  шийдвэрээ  ирэх 8 дугаар их хурал хүртэл хэрэгжүүлж чадна.  Ингэж чадвал боловсрол сайхан болно. Хүүхэд баясана. Хүн хөгжинө. Нийгэм дэвжинэ. Монгол гоёжино.

               Монголын багш нарын нартад ганцхан, нандин багш мэргэжлээ гэсэн, боловсролоо гэсэн, хүүхдээ гэсэн, тэгээд, ер нь хүний хөгжилд суурилсан улсын зөв, төв хөгжлөө гэсэн олон жилийн зүтгэл, хоёр жилийн тэмцлийн бодит дүн нь болж ирсэн энэ 7 дугаар их хурал нь үр ашиггүй ажлаас багш, хүүхдийг чөлөөлөх, багш цалингаараа дундаж амьдрах эрх зүйн орчныг бүрдүүлэх, хүнээр хөгжих улсын хөгжлийн хөгжлийн эх үндсийг зөв тавих,  боловсролын салбарт бодит өртөгжилтийг бий болгох, боловсролын салбарыг зах зээлийн харилцаанд шилжүүлэх арга замыг заах, боловсролд үндсэн хуулийн үзэл санааг хэрэгжүүлэх шийдлийг хийх, ялгааг үгүйсгэн арилгах бус харин түүнийг хөхүүлэн дэмжиж замаар л тэгш байдал, тэгш боломжийг бий болгож хангахын эх үндэс, утга агуулгыг багтаасан олон утга төгөлдөр заалт бүхий тогтоолтой, түүнийгээ монгол нутагт тунхагласан уриалгатай их үйлс болж өндөрлөөсэй.  Багшийн их хуралдай энэ хурлаараа монголын багш нар  их асуудлаа их шийдээсэй.


Ц.Лувсандорж

2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр

Thursday, March 14, 2019

Мөнгөтэй нь мөнгөгүйг гуйхгүй гээд яах юм

Мөнгөтэй нь мөнгөгүйг гуйхгүй гээд яах юм

Хөдөлмөрийн мөлжлөг энэ зуунд аль ч улсад байх ёсгүй. Гэвч ардчилсан хүмүүнлэг гэх манай улсад хөдөлмөрийн мөлжлөг бий болсон байгаа шүү. Ажиллана гэдэг нь хөлс олох тухай болохоос биш боол болох тухай биш.

Өнгөрсөн 30 жилд одоогийн хөдөлмөрийн хуулийн хэлэлцүүлэгт хөдөлмөрийн мөлжлөгийг дэвэргэж байгаа шинэ цагийн эзэд шиг хөөрсөөр л, даварсаар л байгаад энэ улсад хөдөлмөрийн мөлжлөгийг бид, тэд бодит болгож авсан юм. Дүнд нь хэдхээн капиталист хөлсгүй шахуу ажилчдыг хөлсийг урсгаж баяжсан юм.

Манайд хүний хөдөлмөр ийм үнэ цэнэгүй байгаа учраас авилга, хулгайгаар биш харин хөдөлмөрөөрөө амь зуугч зөв, төв хүмүүс хөдөлмөрөө үнэлүүлэх гээд эх орноосоо үндсэндээ дөрвөж гадаадад гарч ажиллах гэж зүтгэж байна. Энэ бол өнөөгийн бидний монгол гуниг, бас гутамшиг юм. Хөдөлмөрийн хуулийн гайтай, бас гаатай цоорхой нь юм.

Хөдөлмөрийн хуулинд иймд хүний мэргэжлийн хөдөлмөрийн үнэ цэнийг ёстой бодитой болгох ёстой. Хөдөлмөрөөрөө хүн энэ улсад аятай амьдарч болдог байхаар хатуу хуульчилах ёстой. Авилга, хулгайгаар бол харин хүн энд яагаад ч амьдарч болохгүй байхаар дэглэх ёстой.

Манай улсад хүний хөдөлмөр цэнэгүй болсон нь ёстой бодит оо, бодит. Тийм учраас авилгачин биш харин ажилчид энэ улсаас зугтаад байна, давтаад хэлье, энэ бодит үнэн. Ажилласан ажлаагүй ялгаагүй байна, энд. Ажил хийж амьдрах зөв, төв төлөвшилтэй залуусын урмыг хугалж байна,тэд, эндэхийн хөдөлмөрийн мөлжлөг, бас, хөдөлмөрийн хууль гууль.

Мөнгөтэй нь мөнгөгүйг мөлжинө гэдэг нь маш буруу ойлголт. Боломжгүй зүйл. Даварсан бодол. Форд яг ингэж даварч байгаад нусаа хацартаа наан үйлдвэрчний эвлэлтэй гуйж эвлэрч хөдөлмөрийн мөлжлөгөөс татгалзаж байсан нь түүх юм.

Манайд МҮЭ гэж нэг дампуурсан байгууллага байгаа. Түүнийг өөрчлөхөд хүний хамтын хөдөлмөр энэ улсад цэнэтэй болно. Хөдөлмөрийн мөлжлөг зогсоно. Тэгэхэд эзэд нь тэнэг л биш бол "Мөнгөтэйг мөнгөгүйг нь гуйхгүй гээд хаачдаг юм" гэж даналзаж чадахгүй болно.

Хүний төлөө ҮЭ үнэн бий болоход мөнгөтэй нь мөнгөгүйг гуйхгүй гээд яах юм. Мөнгөгүй нь бас ажил хийхгүй гээд хаачих юм. Энэ хоёрын уулзварт улс хөгждөг. Хөдөлмөрийн мөлжлөг үгүй болдог. Тэгээд авилга алга болдог. Ийм л юм.

Хөдөлмөрийн мөлжлөг энэ зуунд аль ч улсад байх ёсгүй. Тэр тусмаа хүмүүнлэг, ардчилсан, Азийн анхны ардчиллын алтан хараацай ардчилсан, хүний эрх дээдэлсэн гэх улсад бол бүр ч байж болохгүй юм. Тийм ээ!

Хүний хамтын хөдөлмөр цэнэтэй болоход мөнгөтэй нь мөнгөгүйг гуйхгүй гээд хаачих юм.

Ц.Лувсандорж

2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр

Thursday, March 7, 2019

Төрийн албыг, түмний хэргийг мананцар, наманцар, шаагилдсан эмэгтэйчүүдээс эхлээд цэвэрлэ


Төрийн албыг, түмний хэргийг мананцар, наманцар, шаагилдсан эмэгтэйчүүдээс эхлээд цэвэрлэ

Одоогийн яамдын мэргэжилтэн нарыг яаж төрийн түшээ, түшмэл гэж үзэх вэ дээ. АН, МАН-аар орж ирсэн тэгээд яамд шингээд үлдчихсэн мананцарууд, наманцар, шалдан гуяар гоёсон шаагилдсан эмс л байх. Тэд мөн их аюултай. Тэд манарсан, наманцардсан, шалдан шаагилдсан бодлого л хийнэ шүү дээ. Тэд мөн аюултай.Учир нь:

Нэгд. Эрдэм номд шамдаагүй учир тэдэнд ухаарал байдаггүй.

Хоёрт. Төрийн албаны ёс жудаг гэдгийг мэдрээгүй учраас тэдэнд төрийн хүний төлөвшил, хүмүүжил гэж байдаггүй.

Ийм л учраас манай улс тэдний хийсэн гэх ядмаг бодлого гэгчээр явсаар одоогийн энэ дорой байдалд хүрсэн юм.Тэд ийм аюултай эд.

Сангийн яаманд ясны ганц санхүүчтэй байсан бол манай улс ингэтлээ өрөнд унаж дэлхийн доог тохуу болохгүй байв.

Боловсрол, шинжлэх ухааны яаманд ясны ганц ч боловч бодлоготон байсан бол боловсрол, шинжлэх ухаан ингэж дампуурахгүй байв.

Дотоод хэргийн яаманд дотоод хэргийг гадарладаг ясны ганц дотоод хэргийн түшмэл байсан бол хууль ингэж гууль болохгүй, хуулийн засаглал тэгэж мөнгөн засаглал болохгүй байв. Шударга ёс хийрхэл болохгүй байсан.

Төрийн алба мананцарын алба болсны горийг л манай улс одоо эдэлж байна. Удаан эдэлнэ дээ.

Төрийн албыг мананцар, наманцар, шалдан гуяар гоёж шаагилдсан эмэгтэйчүүдээс хурдан чөлөөлж харин ясны гэмээр мэргэжилтэн, түшмэлүүдийг бий болгож чадваас нам гэгч манан ер нь хаа холдох вэ дээ.

Төрийн албыг мананцар, наманцар, шаагилдсан эмэгтэйчүүдээс эхлээд цэвэрлэ. Тэгэж байж бодлого цэцэн, төр түвшин болно.

Ц.Лувсандорж

2019 оны 3 дугаар сарын 8-ны өдөр

Sunday, March 3, 2019

Өлсөөгүй цагт ухаарахгүй дээ, манайхан

Өлсөөгүй цагт ухаарахгүй дээ, манайхан

Гурван сая хүнтэй, зөвхөн байгалийн баялгаараа гэхэд дэлхийд наймд бичигддэг атлаа ядуурсан гэдгээ бөмбөрцөгт зарлачихаад, өрөнд унасан гэдгээрээ дэлхийг алмайруулчихаад хээв нэг хийрхэж, найрлаж, баярлаж, найдаж, цэнгэж, уралдаж, бүжиглэж, спортлож, дуулж хуурдан хээв нэг байх юм, хөөрхий энэ цагийн энэ улс минь. Эх орон маань ийм болсны эх шалтгаан, гол алдаа нь юунд байдаг гээч!

Монголчууд бидний гэнэн цайлган гэгч зан авирт бий. Бас малынхаа буянаар өлсдөггүй амьдралын хэв маягт бий. Бас зээлэх хандлага, ёс суртахуунд бий. Бүр цаашилбал, "юун сүртэй юм" гэдэг энгийн хэлцэд бий. 

Өлсөөгүй цагт эрх ашгийн мэдрэмж ерөөсөө ордоггүй. Ажлын хөлсний их багын ялгааг мэдэрдэггүй. Ажлын нэг цагийн хөлсөө бодож үзсэн нь бараг байдаггүй. Хэрэггүй, шаардлагагүй байх шиг. Ажилласан ажиллаагүй бараг ялгаагүй байх.
Ийм л сэтгэлгээ хандлага, авир энэ цагийн биднийг, эх орон монголыг минь ийм ядуу болгодог, муухай харагдуулдаг.

Өлсөх гэдэг хүсэх зүйл биш. Гэхдээ энэ цагийн монголчууд бид ажлын чухал, хөдөлмөрийн мөлжлөггүй байхын чухлыг мэдрэхийн тулд жаахан өлсөж үзэх хэрэгтэй юм шиг.
Өлсөөд ирэхэд ухаараад ирнэ. Тийм ээ!

Нэг цагийнхаа ажлын хөлсөө ядаж нэг эргэцүүлдэг болно. Цагийн мэдрэмжтэй болно. Өмчгүйчүүдийн зардаг ганц нь болох хөдөлмөрөө цэнэгүй байгааг мэдэрч мэднэ. Тэгээд түүнийгээ цэнэтэй болгохын тулд үйлдвэрчний эвлэлээ үнэн байгуулж, үйл хэргээ үнэн өрнүүлж мэднэ. Мэргэшиж мэднэ. Ядаж бичиг үсэгт тайлагдсан нэгнээ удирдагчаа болгодог болно. ЖДҮ биш харин гадагшаа харсан ганц том үндэсний үйлдвэрийг бүтээхийг шаардаж мэднэ. Ажлын байрыг асууж мэднэ. Хийрхэгчийг таньж мэднэ. Шударга ёс гэж орилогчдын шударга бусыг бас мэдэрч мэднэ. Түмэн гавьяат яруу найрагч, буман олимпийн аваргаас илүүтэйгээр ганц шинэ мэдлэг, ганц шинэ чадвар,ганц шинэ технологи л улсад хэрэгтэй гэдгийг хаа хаанаа мэдэрч ухаарч мэднэ. Энэ мэтийг зөв, төв эхлэхэд энэ улс сэвхийтэл урагшилна. Тийм ээ! Угтаа бол энэ орон минь ядуу монгол биш харин баян монгол юм чинь. Бид л арчаагаа алдаж түүнийгээ ядуу, муухай харагдуулаад, бөмбөрцгийн доог болгоод байгаа болохоос биш.

Бидний ядуурал, доройтол иймд бидний ядмагхан зан авир, дорой сэтгэлгээ, хандлагад л оршиж байна. Үүнээс бас ч амархан салахгүй. Гэвч эрсдэлтэй авч, хамгийн дөт нэг зам бий. Өлсөх. Өлсөхөд ухаарал хурдан ирдэг.


Ц.Лувсандорж

2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр