Багш аа, эмч ээ гээч!
Ардчиллыг зөвхөн ард хоцорсон олон ардаас санал авах гэж буруугаар ашигласан МАН-АН-ын гунигт 30 жилд төрийн бодлогоор хамгийн их орхигдож, бодлогоор хамгийн ихээр хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн нийгмийн хоёр бүлэг манайд байна. Нэг нь эмч, нөгөө нь багш.
Нэг. Эмч ядуурахад улсаараа их зовно
Эмч ядуурахад эмчийн ажил чанаргүйжиж эмнэлгийн үйлчилгээ муудна. Эрүүл мэндийн салбар мэдээж салбайна. Эрүүл мэндийн бодлого эрүүл бус харин эргүү болно. Үүнийг нотлох баримтыг хуудас хуудсаар жагсааж бол манай улсын хэн ч чадна.
Эмчийн цалин өнөөх 30 жилд энэ улсад 1990 оны өмнөхтэй харьцуулахад тоогоор бус чанараар лав л 10 дахин буурсан. Хавар оройн хурга болох намрын хэнз 65 төлөг сүргээр цалинждаг байсан эмч одоо 6 төлөгний цэнээр хөдөлмөрөө сард цэнүүлж байна. Эмч ядуурчээ. Эмч ингэж ядуурахад энэ нийгэм эцэстээ их эвгүйрнэ. Их өвдөнө. Их зовно.
Эрүүл мэнд салбар дурын дундажаар дүүрэхэд эрүүл мэндийн бодлого эрүүл бус болох. Дүнд нь тал нутагт тэмбүү тэнэж явах. Тэр нутагт архины тэнэглэл аялаж явах. Энэ нутаг таргалалт, сэтгэлгээний гажиг нийтийн соёл болсон байх.
Эрүүл мэндийн салбарын үйлчилгээ муруйхад энэ улс хавдраараа дэлхийд гайхуулж, улирлын ханиадаар гэхэд л хагас саяар нь одуулдаг нь зүгээр л хэлдэг тоо болсон байх.
Эрүүл мэндийн салбар ингэж салбайхад эрүүл мэндийн сайд МАНАН л бол шар халзан хонь ч болж болохоор болтлоо доройтсон байх.
Эмч ядуурахад нийтээрээ эцэстээ л их өвдөнө. Тун дордоно. Иймд эмчийн хөдөлмөрийг бодитой цэнэл, үнэл. Тэдний цалинг хавар оройн хурга болох намрын хэнз 65 төлөгний цэнэтэй болго. Яг одоогийн бодит цэнээр тэдний цалинг 5,2-6 сая төгрөг болго.
Эмч ядуурч эмнэлэгийн үйлчилгээ ихэд доройтсон улсад нийтээрээ эцэстээ их өвдөнө.Их зовно. Эмчээ өнгөлж, эмнэлгийн үйлчилгээ сайжруулсан улсад нийтээрээ их жаргана, бас баясана.
Эмчийн хөдөлмөрийг ингэж бодитой цэнэлэхийн учир иймд чухам ийм л чухал юм.
Хоёр. Багш ядуурахад нийгмээрээ их баларна
Сургууль нийгмийн тархи, боловсрол, харин, түүний оюун нь юм. Сургууль, боловсролоор дамжуулан нийгмийн тархи, оюуны бүтээгч нь гагцхүү багш . Ийм ч учраас дайн дажины хөлд нэрвэгдсэн улс орон ч хүртэл эхлээд багшийг ядууруулахгүй байх, харин ч бүр өнгөлөх бодлого баримталж байсан түүх олон. Түүхэн ийм сургамжийг таньж мэдснээр бүтэлгүйдсэн социализмийн үед багшийг өнгөлөх бодлогыг хэрэгжүүлж, үр дүнд нь нийгэм ихээхэн сэхээрч соёлжив. Эл сургамжийг, харин, үл тоож, шинэ либерализм хөтлөгдөн даяаршилд далбагнасан ардчилал гэгчийн өнгөрсөн 30 жилд багш ядуурч, үр дүнд нь нийгэм ихэд балрав.
Ардын саналыг ахиухан авна гэж ардчиллыг өрнүүлсэн өнгөрсөн 30 жилд сэхээтний төлөөлөл болдог багш ч их ядуурч, үр дүнд нь нийгэм ч их ядарч.
2011 оны байдлаар шинэ багш сард 190 мянгаас хэтрэхгүй төгрөгний цалин авч, багшийн сарын дундаж цалин 320 мянга орчим төгрөг байв. Тэр цагт зах зээл дээр хонины “цаасан” ханш 150-200 мянган төгрөг байгааг санаад, хялбархаан тооцоо хийвэл, ардчиллын үеийн багш сард сүрэг хониор бус харин зөвхөн нэг хониор л цалинжиж байгаа нь, мөн багш дундажаар сард 1 эр хонины үнэ хүрэхгүй цалинтай байна (2019 оны байдлаар багшийн цалин тооны хувьд өссөн ч чанар, чансааны хувьд өсөөгүй, харин буурсан).
“Хонь хониороо үлддэг” гэсэн малчны ухаанаар харвал ардчилал өрнөсөн 30 жилд багшийн цалин 10 дахин буурчээ. Нийгмийн тархи, оюун, ухамсарыг бүтээх их үйлсэд зүтгэгч багш ийнхүү ядуусын давхаргад аажмаар шилжиж.
Ядуу багш, ядуу дундажаар дүүрсэн боловсролын бодлоготон энэ нийгэмд иймд ядууг л их бүтээж байх. Доройг их төрүүлж байх.
Хүүхдийнхээ сурах хүслээр гадаад, дотоодын мөнгөхүүлэгчидтэй нийлж мөнгөхүүлэх нь энд хээв хэвийн бодлого байх.
Хүүхдээрээ 22 хичээлийг үзүүлсэн болж хичээл бүрээр тэднийг улсаар нь муу сургадаг нь бүүр хэвийн болсон байх.
Залуусын амьдрах хүслээр бизнес хийж, хувийн хийгээд хувьсгалын олон их дээд сургуулиар онц дүнтэй олон дипломтой ажилгүйчүүд бэлддэг нь эндэхийн дээд боловсролын бодлого болсон байх.
Боловсролын салбар ингэж салбайхад боловсролын сайд МАНАН л бол бор халзан хонь ч болж болохоор болтлоо энэ салбар доройтсон байх.
Иймд нийгмийн тархи, оюуны бүтээгч багшийг ядуурлаас ангид байлга. Тэдний цалинг өнөөгийн 65 хонины ханшид ядаж дүйцүүлж, яг одоогийн цэнээр 5,2-6 сая төгрөгт болго.
Багш ядуурч, боловсролын үйлчилгээ дордоход нийгэм л эцэстээ их ядарна. Аажимдаа бараантана, бүүр харанхуй болно. Багшийг өнгөлөхөд харин улс нийгэм өдрөөс өдөрт дэвжиж, цагаас цагт гэрэлтэнэ. Гэгээн орно.
Багшийн хөдөлмөрийг бодитой цэнэлэхийн учир нь иймд тийм л чухал юм.
Тоогоор нь тооцож, сонгогчдын нэг хувьд хүрэхгүй, санал нь сонгуулийн ялалтад статистик ач холбогдол байхгүй гэж үзэн багш, эмч хоёрыг орхиж үл болно. Багш аа, эмчээ гэхгүй байж үл болно.
Чанараар, харин, харж багш, эмч хоёрыг өнгөл.Тэднийг хөдөлмөрийн мөлжлөгөөс салга.
Үүний тулд аль ч нийгмийн төв хэсэг нь болж, дундаж давхаргын шилдэг төлөөлөл нь байж, нийгмийг цоглогчийг бүтээхэд чухал үүрэг хариуцлагыг нийгэмд үүрч явдаг багш, эмчийг онцгойлсон төрийн онцгой бодлогыг бүтээ.
Багш аа, эмч ээ гэж бай.
Багш аа, эмч ээ гэснийг л иймд энэ ядсан нийгэм энэ удаа багшаа, эмчээ гээд шууд дэмж, зур, сонго.
Эсрэгийг нь харин шууд балла,баллуурд.
Ц.Лувсандорж
2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр
No comments:
Post a Comment