ЯАМ, АГЕНТЛАГИЙГ ХӨДӨӨ РҮҮ НҮҮЛГЭЕ
Түнэр харанхуйн ганц гэрэл гэгээ, тархины түгжрэлийг арилгах ганц хүч, нийгмийн тархи оюуны гэгээн үйлдвэрлэл болох “төрийн өмчийн их сургуулиудыг хөдөө рүү нүүлгэе” гэж хөөрч болж байхад хүнд суртлын хүүдий, шуналтны ходоодон сонирхлыг төрийн бодлого болгох лобби төв, авилгын үүр болох “төрийн яам, агентлагийг мөн л хөдөө нүүлгэе, тэнд суулгая” гэж яагаад ер нь бид бодож болохгүй гэж. Тийм ээ!
Төрийн яам, агентлагийг ийнхүү нийслэлээс хөөн гаргаж хөдөөд нүүлгэн суурьшуулахдаа их сургуулийн дагуул байдлаар хандвал манай дарга ёсонд их нийцнэ. Тэр нь энэ. “ Их дээд сургуулийг дагуулж холбогдох яам агентлагийг хөдөө байлгана”. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр иймэрхий юм.
МУБИС-ийг Ховд аймаг рүү нүүлгэе гэвэл тэнд нь Боловсролын яамыг нүүлгэн шилжүүлнэ.
ШУТИС -ийг Орхон аймаг рүү нүүлгэж тэнд нь Уул уурхайн яамыг байлгана.
ХААИС-ийг Сэлэнгэ аймаг рүү нүүлгэж тэнд нь ХАА-н яамыг суулгана.
Эрүүл мэндийн их сургуулийг халуун бүлээн рашаан, сувиллын нэг өлгий болох Архангай аймаг рүү нүүлгэж тэнд нь Эрүүл мэндийн яамыг байлгана.
Батлан хамгааллын их сургуулийг бөх тэх ихтэй Увс аймаг рүү нүүлгэж тэнд нь Батлан хамгаалах яамыг байлгана.
Соёл урлагийн их сургуулийг дуур хуурийн өлгий гэх Дундговь аймаг рүү нүүлгэж тэнд Соёлын яамыг байлгана. Гэхдээ Дуурийн театрын барилгыг хамт зөөж тэнд дахин барих хэрэгтэй юм.
Энэ мэтээр байгаа их сургуулийг дагуулж байгаа яам, агентлагийг нүүлгэх юм.
Ингэхэд гэвч зарим аймагт их сургууль оногдохгүй тул яаж хийж байгаад шинэ их сургуулийг олж түүнд мөн шинээр шинэ яам, агентлагийг шинээр байгуулж байлгах юм.
Жишээ нь, Аялал жуулчлалын их сургуулийг шинээр байгуулж, түүнийг 500 мянган аялагч хүлээн авах ирээдүйн дэлхийн аялал жуулчлалын төв болох андын нөхөрлөлийн хөшөө орчим нүүлгэж тэнд нь аялал жуулчлалын яамыг байгуулж байлгах юм. Гэхдээ Чингисийн музейг буулгаж тэнд нүүлгэн дахин барих нь зөв.
Аан, тийм. Сүм хийдүүд нь өнгөрсөн үеийн их дээд сургууль мэт шинжтэй байсныг хүндэтгэж, гэгээрлийн мөр дагаж байгаа гэх дүртэй энэ олон шашин, сүм, хийдүүдийг гэгээрлийн өлгий болсон Завхан аймагт нүүлгэх ононо. Тэнд тэд ходоодон замаар орхиж, гэгээрлийн мөрөө олоход гэгээнтний хөшөө хэрэг болж мэднэ.
Ийнхүү УБ хотоос нийтээр нь ийнхүү нүүлгэхэд УБ хотын замын түгжрэл мэдээж арилна. Гэхдээ УБ хоттойгоо хамт арилах юм.
Ингэхэд дарга ёстой, даргаа өрөвддөг бидэнд нэг ийм асуулт гарч ирж байгаа даа. Төрийн яам агентлагийг ийнхүү хөдөө орон нутагт нүүлгэн суурьшуулснаар хөөрхий ЕС танхимаа яам удирдах юм болоо гэж үү! Тэр амархан. Цахим шийдэл, цахим шилжилт.
За, тэгвэл, байнгын ажиллагаатай их хурал маань яаж ажиллах юм бол оо, өрөвдөөд байна аа гэж үү бас. Тэр амархаан, нүүлгэж шилжүүлсэн яам, агентлагийн дарга, сайд нь тэр нутгаас сонгогдсон их хурлын гишүүд байх тул үүнд санаа зовох хэрэггүй. Хэрэг гаргавал бас цахим шийдэл, цахим шилжилт.
Тэгвэл УБ яах болж байна гэж үү! УБ түгжрэлгүй болсон байна гэхдээ сөнөсөн мэт хот болно. Аан, тийм, тэнд гурав бүлэг хүн байна. Тэтгэврийнхэн, малчид, цагаачид.
Тэгэхээр нээрээ ЕС-д маань цоо шинээр хариуцах нэг хоёр асуудал гараад ирэх юм байна. Тэр нь тэтгэврийнхэн болон малчдад халамж тараах. Бас тэгээд түгжрэлтэй байсан УБ хотыг өр зээлээ саналгалзан байж цагаачдын дүүрэг болгон дахин бүтэцлэх, мөн тэнд, магадгүй, Чингисийн талбайн төв цэг дээр Монголын эмэгтэйчүүдийн яам байгуулах. Энэ мэтээр цоо шинэ асуудал түгжрэлгүй, цагаачдын шинэ УБ-т үүсэх л юм аа даа!
Ц.Лувсандорж
2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр