Тэтгэврийнхэн хийгээд малчид боловсролд анхаараад өгөөч, гуйж байна!
Бизнес болсон 22 хичээлээ одоо больчих.
Алагчлал, ялгаварлалыг одоо зогсоочих.
Сонгуулийн дүнд санал нь нөлөөлллийн ач холбогдол байдаггүй сэхээтэн хэд, багш бид ингэж 30 жил хэлэв.
Үүнийхээ төлөө багш бид нар хүрч болох бүх газар нь бүх хэлбэрээр хэлж үзэв. Амжилт олдоггүй юм. Нэмэргүй.
Зөвхөн бага ангийнх төдийгүй бүх ангийн хүүхэд томчуудын лобби бизнес болсон 22 хичээлээр 12 жил бөмбөгдүүлж олон жил явлаа даа. Тэд бүгд л эцэстээ тун их залхачихсан байдаг юм даа.
22 хичээлээр нүдүүлнэ. Тэгээд 22 багштай учраа олох гэж үзнэ. Эцэстээ, сурсан зүйл байхгүй. Баахан шалгуулна, муу авна. "Чи" гэж бүх хүнээр чичлүүлнэ...Баахан төлбөртэй давтлагад явна....Ядарна. Залхана.
Энэ бүхний дүнд нь улсаараа бүх хичээлээр олон жил муу сурцгааж байна. Дэлхий доог ч их болцгоож байна даа.
Боловсролын салбар, хичээл, сургалтад алагчлал, ялгаварлал энэ улсад дэлхийг бүүр алмайруулмаар ихээр илээр газар авсан байдаг юм. Бөлтөгнүүлээд л....Ялгаад л.... Түүгээр бүүр чимээд л...
Эзэд нь их хуралд байдаг ерөнхий боловсролын хувийн сургууль монгол төрийн хамгаалалтанд байдаг онцгой бизнес болохоор тэд хүүхдийн сурах хүслээр мөнгө хүүлдэг мөнгөхүүлэгч болж ид цэцэглэж байна, энэ улсад. Янзтай. Цамхагжаад л...
Энэ мэтээр боловсролын дампуурлыг хэлбэл цаас ч, цаг ч хайран байдаг юм.
Бид боловсролоо одоо өөрчил л дөө гэж 30 жил хэлсээн. Боловсролын сайд ЕС-ыг олон ч удаа мэтгэлзээнд дуудсаан. Өөрчлөгдсөн юм огт байдаггүй юм. Яагаад!
Үнэн өөрчлөгдөх гэж оролдсон сайд, ЕС-ыг эзэд нь "тэднийг огцор" гээд огцруулчихдаг юм. Тэгэхээр тэд хөөрхий хий л гараар хөдлөн хөөрөхөөс өөр яах вэ дээ. Хол явж чаддаггүй юм чинь.
Харин үүнийг одоо бодитой өөрчлөх ганц л онцгой арга байгаа нь ил болсон. Энэ нь ийм юм.
Эцэг эх, нэн ялангуяа, манай сонгууль бүрийг саналаараа шийдээд байгаа тэтгэврийн хөгшид, малчид "Томчуудын бизнес болсон 22 хичээлээр хүүхэд 12 жил нүдүүлж эцэст нь сурсан зүйл ч үгүй, бас сурах хийгээд ажиллахаас бүүр залхачихсан бүхэл бүтэн үе төрөөд байна аа! Монгол ард Дамдины бор хүү Сүх алагчлал, ялгаварлалд дор байна аа! Үүнийгээ одоо боль" гээд хэлээд эхэлбэл боловсролын дампуурал тун удахгүй цэглэгдэнэ. Ирэх сонгуулиар тэр тэглэгдэнэ. Харин өөрөөр тэр амархан өөрчлөгдөхгүй. Энэ нь манай улсын онцлог юм.
Тэгэхээр тэтгэврийн хөгшид, малчид Та бүхэн ганц удаа боловсролд нэг анхаараад өгөөч! Тэгээд хэлээд өгөөч!
Гуйж байна.
Ц.Лувсандорж
2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр
No comments:
Post a Comment