Friday, January 29, 2021

ХОЁР ТОМ ДАРГЫН ҮГИЙН ГУРВАН ТОМ АЛДАА

 

ХОЁР ТОМ ДАРГЫН ҮГИЙН ГУРВАН ТОМ АЛДАА
 
Ковидын үеийн өнгөрсөн хоёр өдөр манай хоёр том дарга үгийн гурван алдаа том хийв. Том даргын үгийн энэ том алдаанууд энэ улсыг үйлсийн том алдаанд хүргэчих вий дээ. Үйлсийн алдаа засагдахгүй. Үгийн алдаа засагдана. Тэгэхээрээ улсаа үйлсийн том алдаанд хөтлөхөөс урдач үгийнхээ гурван том алдааг зас.
 
Алдаа 1. Шинэ үеийн засгийн газар гэв үү! Тэгвэл шинэ үеийн засгийн газар гэж байхгүй. Монгол Улсын Засгийн газар гэж харин бий. Учир нь ийм юм.
 
Нэг намын арын эгнээнд 30-40 жил нам сууж, сурч явах хайран цагаа нам гэж дэмий шахуу өнгөрөөсөн арын эгнээний хэд нь урд эгнээнд гарч сууснаар улс орны хөгжил хийгээд цаг тоололд шинэ үе цэглэгдэггүй. Тэднийг шинэ үеийнхэн ч гэхгүй. Календарын тооллоор харвал өнөөдөр төрж байгаа шинэ цагийнханд тэд тань авга ах, нагац эгч, аав, ээж, өвөө, эмээ нь болж харагдана. Тэгэхээр тэд биологийн насаараа 40-50 жилийн тэртээх хүмүүс, хуучин хүмүүс. Биологийн насаараа нь хэлж байгаа бол шинэ үеийнх гээд цоллоод байгаа тань аль эртний хуучин хүмүүс л байна. Тэгэхээр шинээр байгуулагдсан засгийн газар тань шинэ биш харин хуучин хүмүүсийн засгийн газар байх нээ?
 
Хүмүүн төрөлхтний одоогийн соёл иргэншилд цаг тооллыг манай эриний өмнөх (МЭӨ, НТӨ, англиар, BC-before century), манай эриний (МЭ, НТ, AD) гэж лав л хоёр үе болгож ярих нь түгээмэл байна. Энэ хоёрын зааг дээр хүн төрөлхтний соён иргэншлэлд том хувь нэмрийг оруулсан том үйлсийн эзэн том гэгээтэн мэндэлжээ. Тийм учраас түүний төрсөн оноор нь энэ цаг тооллын үе зааглагддаг аж. Хаан нь усан тэнэг байсан ч хамаагүй уулаасаа тэднийг захирч удирдахаар заяагдсан гэж итгэж явдаг хаант засагтай Англи, Япон, Канад, Тайланд, за тэгээд, ихэнх дорой орнууд өөрийн улс орондоо хэрэглэх цаг тооллыг тухайн цагийн хааны нэрээр нь нэрлэж төрсөн оноор эхэлж, одсноор нь төгсгөх явдал бий. Гэвч манай улс аль хэдийн 100 жилийн тэртээд хаангүй засаглал ардчилсан засаглалын хэлбэрийг сонгосон тул энэ улсад хааны төрсөн оноор эхэлж, бууснаар нь төгсдөг он тооллыг үе болгож үзэх боломжгүй. Тодруулж хэлбэл, шинээр байгуулагдсан засгийн газрын тэргүүний төрсөн оноор, эсвэл, түүнд багтсан гишүүдийн ихэнхийнх нь төрсөн оноор эхэлж буух цагаар нь төгсөх цаг тооллыг ардчилсан Монгол улсын түүхэнд үе болгож үзэж огт болохгүй.
 
Тэгэхээр энэ улсад шинэ үеийн засгийн газар гэж байхгүй. Харин ковидын үеийн Монгол Улсын Засгийн газар бий. Ингэж ярьж бол болох л байх.
 
Алдаа 2. Жендерийн мэдрэмжтэй засгийн газар гэв үү! Тэгвэл жендерийн мэдрэмжтэй засаг гэж байхгүй. Жендерийн мэдрэмжтэй бодлого гэж харин бий. Учир нь ийм юм.
 
Засгийн газрын жендерийн мэдрэмж нь түүний эм хүйстэй гишүүдийнх нь тоогоор тодорхойлогдохгүй. Харин хэрэгжүүлж буй бодлогынх нь жендерчлэгдсэн байдлаар тодорхойлогдоно. Энэ нь угтаа эрт цагийн ядуу ард Дамдин гуайн бор хүү Сүх шиг өнөөгийн цагийн гэр хорооллын халтар хүүхдүүдэд, Монголын зах хязгаар нутаг, тухайлбал, Тува-Монголын хил дээр цасан шуурганд хонь хариулж, сургуульд явахыг чин хүслээ болгон залбирч яваа бор хүү Лувсанд хүрч очих төрийн ялгаварлалгүй, алагчлалгүй, гадуурхалгүй бодлогоор нь хэмжигдэнэ. Жендер гэдэг эр эмийн тооны харьцаа биш. Харин энэ нь тэгш байдлыг бататгах, боломжийг тэгш олгох төрийн бодлого юм.
 
Тэгэхээр жендерийн мэдрэмжтэй засгийн газар гэж байхгүй. Харин төр засгийн жендерчлэгдсэн бодлого гэж бий.
 
Алдаа 3. Мэргэжлийн засгийн газар гэв үү! Тэгвэл гишүүд нь мэргэжил эзэмшсэн засгийн газар гэж бий. Харин мэргэжлийн засгийн газар гэж байхгүй. Учир нь ийм.
 
Хүн мэргэжил эзэмдэг. Засгийн газар мэргэжил эзэмдэггүй. Засгийн газар бүл хүн болохоос нэг хүн биш. Тэгэхээр засгийн газарт эзэмших мэргэжил энэ дэлхийд байхгүй. Янз бүрийн мэргэжил эзэмшсэн, эзэмшээгүй гишүүдээс засгийн газар харин бүрдэж болно. Тэр нь гэвч мэргэжлийн засгийн газар гэсэн үг биш.
 
Хоёр том даргын ковидын үеийн өнгөрсөн хоёр өдөрт гаргасан үгийн гурван том алдаа нь энэ улсыг бүүр том алдаанд хүргэж мэдэхээр байна. Засгийн газрын тэргүүний төрсөн оноор 80 оныхны засгийн газар, шинэ үеийн засгийн газар гэж ойлгогдохоор зөвхөн 80 оныхон л манарсан 30 жилд их зовлоо гэсэн байдлаар ярьж, хэрэв эхэлбэл, энэ улсад удахгүй тэднээс дутахааргүй бэрхшээлийг туулж яваа 90-оныхны засгийн газар, 2020 оныхны засгийн газар, 2021 онд ЭЕШ-ыг хичээл, сургалтгүйгээр өгөх гэж байгаа ковидын хохирогч 18-настныхны засгийн газар, яг одоо төрж байгаа 2021 оныхны ковидын үеийн засгийн газар хийгээд цаашилбал, биологийн насаараа цал буурал ч, оюуны насаараа цэл залуу үеийнхий засгийн газар гээд тоомгүй олон засгийн газар нэг улсад бий болохоор болоод явчих лаа.
 
Нэг улсыг ийм олон засгийн газартай болгох хэрэг байгаа юм уу?
 
Тэгэхээр улс орныхоо иргэдийг биологийн хийгээд оюуны нас, хүйс, мэргэжлээр нь ялгаварлан гадуурхахын тод, том, тодорхой жишээ болж, цаашилбал, нэг улсад үй түмэн үеийнхнийг үй түмэн засгийн газрыг байгуулахад ч хөтөлж ч мэдэхээрээ түүхэнд түүхэн хорлол гэж үлдэж болох үгийн эдгээр гурван том алдаагаа эхлээд хоёр том маань хурдан засчихвал яасан юм бэ дээ! Эсвэл энэ бүхний цаана бүүр санаатай өөр утга байгаа юм уу!
 
Монголчууд бидний ганц үнэт зүйл болж үлдсэн байж мэдэх төр засгийг маань хүртэл өмчлөх гэж байгаа юм шиг элдвээр цоллох хэрэг ер нь байна уу! Зүгээр л Монгол Улсын Засгийн Газар гэхээр юу нь болохгүй болчихоод байна аа! Цол, зэрэг, өнгө, үе нэмчихвэл гоё санагдаад байгаа бол Ковидын үеийн Монгол Улсын Засгийн Газар гэж хэл л дээ, ядаж.
 
Үгийн алдааг уучлалт гуйгаад л засчихаж болно. Харин үйлсийн алдааг гарвал үглэж засаж үл чадна.
 
Жич: Шинэ үеийн, жендерийн мэдрэмжтэй, мэргэжлийн гэх засгийн газрын гишүүдийн үеийнхэн болох 80 оныхон л манангийн 30 жилд ганцаараа маш ихээр зовсон, зүдэрсэн, золиослогдсон гэвэл худлаа. Манангийн 30 жилд шинэ засгийн тэргүүний төрсөн он 80 оныхон төдийгүй МАН-АН-ын гишүүн биш манай улсын бүх бүл маш ихээр золиослогдсон. Золиос нийтлэлд энэ золиосыг бичээд үлдээсэн.
Ц.Лувсандорж
2021 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр

Monday, January 25, 2021

Ийм улсын ирээдүй, хойч үе энэ байдлаараа бол яана даа!

 

Ийм улсын ирээдүй, хойч үе энэ байдлаараа бол яана даа!
 
Багшийн нэг цагийн ажлын хөлс 2 долларт хүрэхгүй байна. Багшийн цалин нэмье гэхээр мөнгө байхгүй гэдэг.
 
Тэгсэн атлаа байгалийн баялагийг хэдхээн хүн алгын чинээ цаасаар өөрийн гээд өмчлөөд эдлээд явж байдаг. Нийгмийн баялагийг нөгөө л хэдхээн хүн гадаадынхантай нийлээд өмч хувьчлал нэрээр өмчлөөд эзэн суусан байдаг. 70 жил цугласан мөнгөний хуримтлалыг нь алдарт 20 дугаар тогтоолоор нөгөө хэд л хуваагаад өвөртөлчихсөн байх.
 
Зарим нь бүүр гадаадынханд найр тавьж эх орондоо ашиггүй гэрээ байгуулдаг. Түүнийхээ төлөө хоорондоо уралдаж уралцдаг. Уралдаж хөлгүй хөлждөг.
 
Эх орондоо ашиггүй гэрээ гэсэн утгаараа дэлхий даяар муугаараа алдартай Оюу-толгойн олиггүй гэрээ үүний тод жишээ болно.
 
Энэ гэрээг байгуулсан хүмүүс нь гэнэт баяжсан. Бүүр гэнэт. Дэлхий ч түүнд гайхсан байдаг.
Тэр дунд нь Америк хүн ч амьдралдаа ганцыг боловч авч чадахгүй хаусыг Америкт хэдэн арваар худалдаад авчихдаг монгол ерөнхий сайд, дэлхийн баян орны иргэд ч хөлсөөрөө цуглуулах боломжгүй хэдэн арван их наяд төгрөг, хэдхэн зуун тэрбум долларын хадгаламж, оффор данстай монгол төрийн сангийн сайд, ядуу монголчуудын баяны бахархал болсон өнөөх л олигархиуд магнайлж байх.
 
Гэвч ийм байхад дарга л болмоор байна гэж гуйж байж төрийн түшмэл, дарга болсон эрх мэдэлтнүүдийн дунд эх орондоо ашиггүйгээрээ дэлхийд алдартай Оюу-толгойн муу гэрээг сайн болгоё, сайжруулъя гээд тэмцдэг улс төрч хуруу дарам цөөнхөн байх. Энэ улсын улс төр ийм л их ядарсан, ялзарсан байх.
 
Оюу-толгойн олиггүй төслийг эх орондоо ашигтай болгоё гээд тэмцээд, тэмцээд эцэстээ яаж ч болохгүй болохоор тэмцлийн өлсгөлөнгийн хэлбэрийг сонгож тэсгэм өвлийн хүйтэнд амиараа дэнчин тавьж гадаа хонож суугаа ганц нэгийгээ 30 жилийн өнөөх олигархиуд уул уулыг ам амаар хашсан тосгондоо шар айраг шимэнгээ, архи уухыг залууст цахимаар уриалгангаа, цахилгаанаа төрөөс даалгангаа, хувийн их дээд сургуулиа төрөөс санхүүжүүлэнгээ түүний туулсан амьдралыг нь өмнөөс тоочиж доромжилж, басамжлахад тэдний дагагчид нь түүнийхээ яасан ухаантай, ямар цэцэнийг нь гайхан шагширч бахдан унаж байх.
 
Ийм цөвүүн цагт энэ улсын авилгад идэгдсэн улс төрчдөөс Монгол улсын ерөнхий сайдыг албыг зоригтойгоор гараад хийчих хүн олдохгүй болтлоо дорд болж мөнгөнд тэд дөрлүүлцгээсэн байх.
 
30 жилийн тэртээт балчир байсан хүүхэд энэ цагт амжилт ч үгүй, ажил ч үгүй, харин нүцгэн сууж хүний амьдралын цэл залуу насаа цал буурал болоод одох гэж байгаа хөгшид шиг л өнгөрөөн уйлж явах.
 
Ажлын байр бий болгооч гэж залуус нь шаардахад энэ улсын төр засаг нь мөнгө байхгүй гээд бахархалтайгаар хэлж, шударга ёс л ярьж, хий л хийрхэнэ.
 
Ийм улсын ирээдүй, хойч үе энэ байдлаараа бол яана даа!
 
Ц.Лувсандорж
2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр