Ийм улсын ирээдүй, хойч үе энэ байдлаараа бол яана даа!
Багшийн нэг цагийн ажлын хөлс 2 долларт хүрэхгүй байна. Багшийн цалин нэмье гэхээр мөнгө байхгүй гэдэг.
Тэгсэн атлаа байгалийн баялагийг хэдхээн хүн алгын чинээ цаасаар өөрийн гээд өмчлөөд эдлээд явж байдаг. Нийгмийн баялагийг нөгөө л хэдхээн хүн гадаадынхантай нийлээд өмч хувьчлал нэрээр өмчлөөд эзэн суусан байдаг. 70 жил цугласан мөнгөний хуримтлалыг нь алдарт 20 дугаар тогтоолоор нөгөө хэд л хуваагаад өвөртөлчихсөн байх.
Зарим нь бүүр гадаадынханд найр тавьж эх орондоо ашиггүй гэрээ байгуулдаг. Түүнийхээ төлөө хоорондоо уралдаж уралцдаг. Уралдаж хөлгүй хөлждөг.
Эх орондоо ашиггүй гэрээ гэсэн утгаараа дэлхий даяар муугаараа алдартай Оюу-толгойн олиггүй гэрээ үүний тод жишээ болно.
Энэ гэрээг байгуулсан хүмүүс нь гэнэт баяжсан. Бүүр гэнэт. Дэлхий ч түүнд гайхсан байдаг.
Тэр дунд нь Америк хүн ч амьдралдаа ганцыг боловч авч чадахгүй хаусыг Америкт хэдэн арваар худалдаад авчихдаг монгол ерөнхий сайд, дэлхийн баян орны иргэд ч хөлсөөрөө цуглуулах боломжгүй хэдэн арван их наяд төгрөг, хэдхэн зуун тэрбум долларын хадгаламж, оффор данстай монгол төрийн сангийн сайд, ядуу монголчуудын баяны бахархал болсон өнөөх л олигархиуд магнайлж байх.
Гэвч ийм байхад дарга л болмоор байна гэж гуйж байж төрийн түшмэл, дарга болсон эрх мэдэлтнүүдийн дунд эх орондоо ашиггүйгээрээ дэлхийд алдартай Оюу-толгойн муу гэрээг сайн болгоё, сайжруулъя гээд тэмцдэг улс төрч хуруу дарам цөөнхөн байх. Энэ улсын улс төр ийм л их ядарсан, ялзарсан байх.
Оюу-толгойн олиггүй төслийг эх орондоо ашигтай болгоё гээд тэмцээд, тэмцээд эцэстээ яаж ч болохгүй болохоор тэмцлийн өлсгөлөнгийн хэлбэрийг сонгож тэсгэм өвлийн хүйтэнд амиараа дэнчин тавьж гадаа хонож суугаа ганц нэгийгээ 30 жилийн өнөөх олигархиуд уул уулыг ам амаар хашсан тосгондоо шар айраг шимэнгээ, архи уухыг залууст цахимаар уриалгангаа, цахилгаанаа төрөөс даалгангаа, хувийн их дээд сургуулиа төрөөс санхүүжүүлэнгээ түүний туулсан амьдралыг нь өмнөөс тоочиж доромжилж, басамжлахад тэдний дагагчид нь түүнийхээ яасан ухаантай, ямар цэцэнийг нь гайхан шагширч бахдан унаж байх.
Ийм цөвүүн цагт энэ улсын авилгад идэгдсэн улс төрчдөөс Монгол улсын ерөнхий сайдыг албыг зоригтойгоор гараад хийчих хүн олдохгүй болтлоо дорд болж мөнгөнд тэд дөрлүүлцгээсэн байх.
30 жилийн тэртээт балчир байсан хүүхэд энэ цагт амжилт ч үгүй, ажил ч үгүй, харин нүцгэн сууж хүний амьдралын цэл залуу насаа цал буурал болоод одох гэж байгаа хөгшид шиг л өнгөрөөн уйлж явах.
Ажлын байр бий болгооч гэж залуус нь шаардахад энэ улсын төр засаг нь мөнгө байхгүй гээд бахархалтайгаар хэлж, шударга ёс л ярьж, хий л хийрхэнэ.
Ийм улсын ирээдүй, хойч үе энэ байдлаараа бол яана даа!
Ц.Лувсандорж
2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр
No comments:
Post a Comment