Thursday, January 5, 2012

САНУУЛЖ БАЙ, БАЙНГА, САНУУЛЖ БАЙ

Монголд хөрөнгөжисөн нэг хувь хөлсөөрөө бус, харин бодлогын авилга (political corruption, policy corruption) -өөр төрсөн.  Сануулж бай, байнга, үүнийг.
 Хөлсөө дуслуулж хөрөнгөжисөн нэгнээ  чинхүү хүндэтгэнэ, бид.  Харин авилгалаар хөлжигчдийг бол огт үгүй. Тэднийг хүндэтгэх бүү хэл, харин ч бүр дорд  үзэж, дорд үгээр л үеийн үед дуудах.  Ингэж дорд үзэгдэх хөрөнгөтнүүд өөрийгөө хамгаалахын тулд клептократик (авилгалчилал), плутократик (мөнгөчилөл) засаглалд л дурлана.
Клептократик, плутократик засаглалын мөн чанар нь  хуулийг зөвхөн өөрсдөдөө зориулж хэдүүлхнээ зохиож батална. Тэр хуулиар тэд бусдыг дарангуйлах, орлогоо нэмэгдүүлэх, эрх ашгаа хамгаалахыг л оролдоно. Хүчилсэн хууль хэрэгжсний дүнд  гэмт хэрэгтний тоог л эцэсдээ  эрс олширно. Үр дүнд нь шорон томсоно.  Нийгэм уурсана, хатуурхал эхэлнэ.
Иргэдийнх нь ихэнхи нь гэмт хэрэгтэн болчихсон улс гэж байж болох уу, өнөө цагт. Үүнийг дэвшилт хүмүн төрөлхтөн  үл зөвшөөрнө.  Үүнийг ч  плутократик, клептократикүүд ч сайн ойлгоно, тэд тэнэг биш. Гэвч тэдний хувьд  өөрсдийн төгсгөл, сүйрлийн мөчөө  хэзээ угтах, бас үдэхээ хүлээж суухаас өөр сонголт, өөр зам аль хэдийнээ үгүй болчихсон байх эгшин бас байдаг. Үйл үйлээ дагадаг учраас тэр, хөөрхий. Түүх үүнийг л дахин дахин нотолсоор л байх юм. Түүхэн энэ үнэнг ч бас сануулж бай, байнга.
Ц.Лувсандорж

ТОХУУРХАВАЛ ХАТУУРХАНА

"Үндэсний мэдээ" сонины 2012 оны 1 дүгээр сарын 11-ний дугаар хэвлэгдэж олны хүртээл болсон.

Үндэсний эрх ашгаар тохуурхахад ард түмэн хатуурхдаг. Энэ бол улс үндэстний түүхээр нотлогдсоор ирсэн үнэт нэгэн сургамж юм. Гэвч эл сургамжийг огоорч, үндэсний эрх ашгийг улиндаа гишгэж, эрх мэдлээ буруугаар ашиглан зон олноор тохуургах албан тушаалтан энэ цагт байсаар, мөн тэд хатуухан шийтгэлийг авсаар.Зөвхөн өнгөрсөн он жилүүдэд гэхэд л цөөнгүй “томчууд” нэгэн цагт тохуурсныхаа хариуг хатуухан авав.
Эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийн улсдаа хохиролтой, өрөөлийн улсад ашигтай гэрээ, хэлцэл  байгуулж, улс төрийн авилга (political corruption), гар хүндрүүлэлт (bribery)-ийн элдэв хэлбэрийг үзүүлж тохуурхсан албан тушаалтны нэгэн тод жишээ нь Украйн улсын ерөнхий сайд, асан, хатагтаа Юли Володимиривна Тимишенко юм. Энэ хатагтаа тус улсын ерөнхий сайдын албанд 2005, улмаар 2007-2010 онуудад 2 ч удаа  залирсан. Тус улсын шүүх 2010 оны 5 дугаар сард  түүнд “Орос улстай 2009 онд хийн түлшний талаар худалдааны гэрээ  байгуулахдаа албан тушаал, эрх мэдлээ буруугаар ажиллаж, улсдаа их хэмжээний хохирол учруулсан” гэсэн үндэслэлээр  хэрэг үүсгэв. Эл хэргийг шүүн хэлэлцэх явцад тэрээр буруутай нь тогтоогдож, шүүх  түүнд 7 жил шоронд ял эдлэх шийтгэлийг оноожээ.  Нэгэн цагт Украйны улбар шар хувьсгалыг удирдан гунхаж явсан энэ эрхэм “үндэсний эрх ашгаар л тохуурхаж хэзээ ч үл болох” түүхэн үнэт сургамжийг умартсан тул одоо тэр, харин, гэмт хэрэгтэн болжээ. Тэрээр “энэ хэргээ улс төржүүлж түүнээс бултах” гэж бас оролдсон гээч.  
Үндэсний эрх ашгийг улиндаа гишгэж, аминч үзэл, хувийн шунал, сонирхолд хөтлөгдөн ах дүү, амраг садан, танил тал, өөрийн намынхныг бусдаас илүү халамжлах, хамгаалах, тэдэнд ашиг олох, мөнгө хийх илүү боломжийг онцгойлон олгосон бодлого, шийдвэрийг гаргаж,   патрониж (Patronage), неротизм (nepotism), кронизм (cronyism) зэрэг авилгалын хэлбэрийг үзүүлж тохуурхсан албан тушаалтны бас нэгэн тод жишээ нь Франц улсын ерөнхийлөгч, асан Жак Ширак юм.  Тус улсын ерөнхийлөгчийн албыг 1995-2007 онуудад хашиж байсан, эдүгээ 79 настай энэ эрхэмд шүүх “Парис хотын захирагчаар ажиллаж байхдаа Бүгд найрамдах намынханд зориулж хууль бус орон тоо бий болгож, төрийн сан болон тэтгэмж, халамжийн сан хөмөргийн хөрөнгө, мөнгийг буруугаар ашиглан, улсдаа их хэмжээний хохирол учруулсан, мөн дэмжигч, хамаатнаа төрийн албанд шургуулсан” гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэжээ. Шүүхээр тэр буруутай болох нь  тогтоогдож, улмаар 2 жил шоронд ял эдлэх шийтгэл авав. Франц улсын ерөнхийлөгч байж, цагтаа дэлхийд цалгиж явсан энэ эрхэм “үндэсний эрх ашгаар л тохуурхаж хэзээ ч үл болох” нөгөө л түүхэн үнэт сургамжийг нэгэн цагт умартсан тул өтөлсөн энэ цагтаа тэрээр хар гэрт ингэж илгээгдэв. Бас “өтөлсөн надад энэ шийтгэл хатуухан байна” гэж гомдолсон гээч.
Үндэсний эрх ашгийг улиндаа гишгэж, аминч үзэл, хувийн шунал, сонирхолд хөтлөгдөн зөвхөн ах дүү, амраг садандаа л хөрөнгө босгох, бизнес хийх хууль, эрх зүйн болон татварын онцгой, таатай нөхцөл, боломжийг бүрдүүлж, мөн тэднийг төрийн албанд шургуулж,  бодлогын авилга (policy corruption)-ийг чинхүү харуулж тохуурхсан албан тушаалтны бас нэгэн тод жишээ нь Тайланд улсын ерөнхий сайд Такшин Шинаватра билээ. Бизнес эрхлэгч байсан тэрээр улс төрд 1994 онд орж, улмаар 2001-2006 онд тус улсын ерөнхий сайдаар ажилласан. Такшины гэр бүлийн хөрөнгө (assets-ассет)-ийн хэмжээ 2001 оноос 2006 онд 15.1 тэрбум бахтаас 76 тэрбум бахт (ойролцоогоор 2.2 тэрбум америк доллар) хүрч, өмнөхөөсөө 5 дахин өссөн байдаг. Түүнийг ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаанд гэр бүлийнх нь нийт хөрөнгө чухамдаа яагаад ингэж  ер бусийн байдлаар хэт өсчихөв. Тайландын  Улсын Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлөөс томилогдсон Ассет Шалгах Хороо үүнийг тогтоож, хөрөнгийг нь царцаан, түүнийг “гэр бүлийнхээ компанид бизнес хийх эрх зүй болон татварын онцгой таатай орчинг бий болгож, улсад 400 тэрбум бахтын хохирол учруулсан; “сонирхлын зөрчилгүй байх” бодлогыг умартаж эхнэртээ улсын байгууллагаас өмч худалдах авахыг зөвшөөрсөн; бие даасан байгууллагын дотоод хэрэгт оролцсон, ах дүү, хамаатан саднаа төрийн өндөр албан тушаалд томилсон; Энэтхэг улсад хийсэн төрийн албан ёсны айлчлалын үед гэр бүлийнхэн нь хувьцаа эзэмшдэг компанид зориулж худалдааны гэрээ хийсэн, гэр бүлийнхээ хувьцаа зарах бизнесийг дэмжих гэсэн шиг “хувьцаа зарснаас олох орлогыг татвараас чөлөөлөх”  онцгой бодлогыг онцгой цагт авч хэрэгжүүлсэн” зэрэг бодлогын авилгалд буруутгав. Шүүх бодлогын дээрх авилгын 5 тохиолдолд нь хэрэг үүсгэж, шалгасны эцэст дөрөвт нь тэрээр буруутай болохыг тогтоож, түүнд 2 жил шоронд ял эдлэх шийтгэл оноожээ. Эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, бүтээн байгуулалтын талаар авч хэрэгжүүлсэн дорвитой бодлого, бүтээлч ажлаараа эгэл тайчуудын дунд нэгэн цагт нэр хүнд олж явсан энэ эрхэм “үндэсний эрх ашгаар л тохуурхаж хэзээ ч үл болох” нөгөө л түүхэн үнэт сургамжийг бас мартсан тул улс төрийн карьерийн идэрхэн насандаа харьд дүрвэж, өдөр хоногийг тэнд өнгөрөөж суух аж. Бас тэрээр бодлогын дээр авилгалыг үйлдснээ үл зөвшөөрч, “тэрхүү  бодлого зөвхөн түмний л төлөө байсан” гэж гүрийж байгаа.
Үндэсний эрх ашгаар тохуурхавал ард түмэн хатуурхана, эрт, орой, нэгэн цагт. Үүнийг л “томчууд”-ын  нэгэн цагийн тохуурхалын энэ цагийн шийтгэлийн түүх бидэнд сануулсаар.
Ц.Лувсандорж

Thursday, December 29, 2011

МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм андууд Та бүхэнд ирж буй дуулиант  2012 оны мэндийг хүргэе.
Энэ он алдарт Мауагийн он тооллын төгсөх мөч. Энэ он гариг ертөнцийн эзэн нар ховорхон нэгэн байрлалаа дахин эзлэх цаг. Энэ он сансар ертөнцөд болох томоохон өөрчлөлтөөс улбаалан эх болсон энэ дэлхийд маань ган гачиг, гал ус, газар хөдлөлтийн гамшигт үзэгдэл болох магадлал бүхий цаг үе. Энэ он бас алтан зууны эхлэлийн цэг. Ийм л онцгой мөчийг өөртөө багтааж буй 2012 оныг бид угтаж байна.
Ийм цагт хүн бүхэн уг мөн чанараа л илүү их таних биз ээ. Тэр чанар бол баянд ч, ядууд ч, авилгачинд ч, олигарихад ч байдаг, уйлахад нь мэдрэгдэх тэр мэдрэмж шүү дээ. Тэр л мэдрэмжээрээ ирэх онд хамт байцгаая, андууд минь.
Та бүхэндээ "Дэлхий 2012 онд сөнөхгүй, гэвч ..." нийтлэлээ шинэ оны бэлэг олгон барьж байна. http://undesniibolovsrol.blogspot.com/ дарж уншаарай.

Он жилүүд урсаж амьдрал үргэлжилж байг.

                                                                        Ц.Лувсандорж

Thursday, December 22, 2011

АНД МИНЬ, АРД МИНЬ

Үндэсний үзэл, Үндсэрхэг үзэл, Үндэсний эрх ашиг гэсэн ухагдахууныг онож ойлгох хэрэгтэй юм даа. Үндсэрхэг үзэл савнаасаа хэтэрвэл өрөөлд их хортой. Фашизм, дэлхийн дайнууд, радикал үзэлтнүүд, террористууд гээд л явна. Үндэсний үзэл савнаасаа хэтэрвэл өөрт их халтай. Чингис чингис, аль эсвэл, Хөх толбо, хөх толбо гэж хөөрсөөр, хөдөлмөрлөхгүй суусаар, хөгжил дэвшлийн ард үлдэх аюултай. Харин үндэсний эрх ашгаа хэт дээдэлснээс учрах хор, хорлол, аюул гэж үгүй.

Үндэсний эрх ашгаа хүн бүр чинхүү чухалчлан дээдлэх, санаа зовох  цаг  ч одоо, харин, үнэхээр, ирлээ дээ, анд минь. Түмэнд заяасан төрмөл баялагаа ашиглах гээд өрөнд орчихлоо, шүү дээ, бид чинь, "гэрээ" хэмээх цаасны хүчинд. Заяасан баялаг  маань цаасаар хүнийх болчихлоо.  Ирээдүйгээ гэх  хүн бүр, тэр тусмаа залуу хүн бүр Оюу-Толгойн гэрээнд заавал нэг анхаарлаа хандуулаач.  Үндэсний эрх ашиг маш ихээр хөндөгдөж байна, цаана чинь. Итгээд, итгээд л яваад байж болохгүй нь, итгэлийг чинь даахгүй хүмүүс цаана чинь цөөнгүй байж мэдэх нь, хүн ард минь. 

Дэлхий нийтээрээ нэг хил, нэг хэл, нэг хөлтэй болчихоогүй байгаа цагт үндэсний эрх ашиг гэж байсаар л байх учир танд ингэж  нэг санууллаа, анд минь, ард минь.

Ц.Лувсандорж

Wednesday, December 21, 2011

ШАГНАХ МУУХАЙ, ШАГНУУЛАХ ДОН БҮР Ч МУУХАЙ

"Үндэсний мэдээ" сонины 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дугаар хэвлэгдэж олны хүртээл болсон.

Хүүхэд байхдаа айл хавийнхандаа ус, түлээ, цас  дөхүүлж туслахад тэд маань надад ааруул, хуруудхан өгч “Хүүгээ дахиад шагнана” гэдэгсэн. Томчуудын энэ үг надад сайхан бус, харин ч, муухай санагддаг байж билээ. Шагнуулах донгүй байсан болохоор тэр шүү дээ.  Одоо төр нь ч, төрийн бус нь ч томорч, “шагнана, шагнана” гэж  амлаад л, хэн дуртайгаа  юугаар ч хамаагүй шагнаад, шагнаад л байдаг болж дээ. Тэд үнэндээ одон медалийг уут уутаар нь “урд” уралдан хийлгэж, түүнийгээ сав саваар тараана. Шагнах, бас шагнуулах донтноор энэ улс дүүрсэн болохоор л, тэр шүү дээ.
Монгол зон олны шагнуулах дон, шунал, хүсэл дээр төрийн алба ч сайн  тоглож байна. Ард иргэдээ адил тэгш үзэж, үилчилнэ, тэгш байдлыг хангана (equity; equality) гэсэн ардчиллын үнэт зүйл ч бүр утгаа алдаад, энд удаж байна. Дуулах урлагт суралцаж яваа 2 хүүхдийн нэгийнх нь стилийг өндөр үнэлээд, нөгөөгийнх нь мэргэжил, стилийг үл тоогоод л. Нэг жижигчинг нөгөөгөөс нь илүү үзээд л. Нэг нийтлэлчийг бусдаас нь илүү өргөөд л. Нэг багшийг нөгөөгөөс нь; нэг эмчийг бусдаас нь онцгойлоод л. Нэг хүүхдийг нөгөөгөөс нь шилдэг болгоод л, нэг аавыг бусдаас нь онцгойлж үзээд л, хамгийн хошин нь, нэг ээжийг нөгөө ээжээс хүртэл илүү үзэж, одон медаль олгоод л, түүнийгээ бүр хуульчиллаад л. Энэ бүхний эцэст, монгол эхчүүд одонтой, одонгүйгээр ялгарч, гадуурхагдаад л. Үлдсэн хэсэг нь шагналттай, шагналгүйгээр тэрсэлдээд л. Энэ бүх шагнах, шагнуулах дон, шунал, мунхаглалын дүнд энэ улс  шилдэгийн шилдэг иргэдтэй гэх шагналын шаг улс болох нээ. Энэ юу болж байна аа, ардчилсан монголд.
“Иргэдээ ялгаварлан гадуурхахгүй байх, тэдэнд адил тэгш байдлаар хандах, төрийн үйлчилгээг нийтийн албаар дамжуулан адил тэгш хүргэх” явдал нь ардчилсан засаглалын суурь зарчим, бас ардчиллын үнэт зүйл юм. Ийм ч учраас нөгөө л бидний дуурайх гэж оролдоод байгаа ардчилсан гэх улсын төрийн алба, үйлчилгээнд “төрийн шагнал, одон тэмдгээр иргэд, татвар төлөгчийг шагнах, бүр тэднийг  шагналд донтуулах” гэсэн ойлголт огт байхгүй. Нэгэн болсон явдлыг дор сийрүүлье.
Гадаадын нэгэн зөвлөхийн хамт ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн нээлтэнд оролцож, багш нартаа уулзав. Уулзалтын дараа нөгөө нөхөр маань “Энэ сургуульд цэрэг, дайнд оролцож явсан ийм олон хүмүүс яагаад ажилладаг юм бэ” гэж надаас асууж билээ. Би “Энэ чинь сургууль шүү дээ. Яагаад цэрэг дайн тухай яриад явчихав аа” гэхэд, тэрээр “Энгэртээ одон,медаль гялалзуулсан хүмүүс олон харагдлаа” гэв. Нөгөө л дуурайх гэж ядаж буй гадаад улсуудад зөвхөн дайнд оролцож, зохих амин гавьяа байгуулсан цэрэгт л медаль, шагнал өгдөг учраас тэр зөвлөх маань ингэж андуурсан хэрэг л дээ.  Ардчиллын  зарчим, үнэ цэнэ чинхүү утгаараа нийгмийнх нь үнэт зүйл болсон улсад төрийн албан хаагч “томорч” хэн нэгнийг нь хэт өргөж, нөгөөг нь хэт доошлуулах, цаашилбал, төрийн нэрээр хэн нэгнийг шагнах гэвэл  ардчиллын үнэт зүйлээс урвасан гээд л  түүнээс нийтийн албаа буцаан аваад, хариуд нь хатуухан шийтгэл оноох нь энүүхэнд аж. Иймд төр засаг маань ардчиллын энэ мэт үнэт зүйлийг чинхүү утгаараа нь хурданхан мэдэрч, хүндэтгэж ажиллаж гэмээнэ монгол зон олны дунд газар авч буй “шагнуулах” гэсэн муухай дон хурдан илаарших буй зээ.

Төрийн бус, олон нийтийн байгууллагууд ч монгол зон олны шагнуулах дон дээр тоглох тоглолтонд төрөөс тийм ч хол хоцорсонгүй.  “Саран”, “ Алтан” “Мөнгөн”, за тэгээд юу ч гэдэг юм хамаагүй элдэв ээжүүдийг тодруулаад л. Оны шилдэгийн шилдэг ээж, аав, ах, эгч, оюутан, сурагч, хүүхэд шалгаруулж онцлоод л. Ийм шалгаруулалтыг үзэж байгаа шагнуулж амжаагүй ээж, аав, ах, эгч, дүү нар нь  ингэж шилдэгээр шалгарч, шагнуулах юмсан гээд л гэртээ үглэн суух нь хэвийн үзэгдэл болж, энэ улсад. Саяхан надад нэг этгээд “Танай аавд зориулж суварга босгохоор шийдвэрлэсэн. Та 3 сая төгрөг манай хийдийн дансанд шилжүүлээч гэж байна лаа. Тэр арван хэдэн жилийн өмнө талийгаач болсон аавд маань яасан их санаа зовов доо. Мөн нэгэн танилд маань  "Хүүхдийг чинь дүүргийн математикийн олимпиадын аварга болгоно, шагналын мөнгийг нь гаргана биз ээ" гэжээ.  Бас нэг андад маань "Танай эхнэрийг бизнес эрхлэгч шилдэг эмэгтэйгээр шалгаруулах гэсэн юм, шагналын мөнгийг нь гаргачихна биз дээ" гэсэн гэдэг. Ажил хэрэгч  танил руу маань нэгэн төрийн бус байгууллагаас утасдаад “400 мянган төгрөг төлчих, манлай эмэгтэй болгоод өгье” гэжээ. Тэгээд бүр дахин дахин утсаад салахгүй байсан гээч. За энэ мэт  шагнуулах, шагнах донтой холбоотой явдлыг дурдвал дуусашгүй. Эдүгээ цагийн монгол зон олны шагналын дон, шунал, хүсэл тэмүүлэл нь заримд маань амархан мөнгө хийж орлого олох  нэгэн арга зам болж байх шиг.  Уг нь төрийн бус, олон нийтийн байгууллага бүхэн төрийн хүрч амжаагүй тэр хэсэгт хүрч, зон олонд дэм тус болох, тэдний сайн сайхны төлөө ашгийн бус зорилгоор ажиллана гэж амалсан, тэр хэрээрээ татвараас чөлөөгдөж хөнгөлт эдэлдэг шүү дээ. Монгол зон олны шагналд донтсон энэ муухай байдлыг засахын оронд, харин түүнийг ашиглан бизнес хийх нь сайн үйлс л лав биш юм шүү, төрийн бус, олон нийтийн байгууллагын андууд минь.
“Хүүгээ дахиад шагнана” гэсэн томчуудын энэ үг хүүхэд байхад надад сайхан бус, харин, үнэндээ, муухай санагддаг байв. Шагнуулах донгүй байсан учраас л тэр.  Шагналын донгүй нүдээр шинжихэд “Чамайг дахиад л шагнана”  шүү гэсэн шиг шил шилээ дагасан одоогийн олон олон  энэ шагналууд нэг л муухай. Ийм шагналыг авахын төлөө монгол зон олон маань улайран улайран донтох нь бүр  ч муухай. Зон олны шагнуулах гэсэн энэ муухай донг төр нь ардчиллын үнэт зүйлсээ мартан мартан дэвэргэсээр л; төрийн бус нь мэдэн будилан буруугаар ашигласаар л явбал  энэ улс нэгэн цагт зөвхөн шилдэгийн шилдэг иргэдтэй гэх шагналын шаг улс  болчихсон байх вий, хөөрхий.
http://undesniibolovsrol.blogspot.com/2011/12/blog-post_2930.html

Ц.Лувсандорж

Thursday, December 15, 2011

ҮНДЭСНИЙ БОЛОВСРОЛ-ТУСГААР ТОГТНОЛ: ЧОНОНЫ ХҮҮ ШААЛУУ

ҮНДЭСНИЙ БОЛОВСРОЛ-ТУСГААР ТОГТНОЛ: ЧОНОНЫ ХҮҮ ШААЛУУ: Чон оны хүү Шаалуу гэж. Чонон орчинд өссөн хүний хүү “ чоно ” бол ж, чоно шиг авирладаг тухай үлгэрийн баатар нь энэ Шаалуу. Шаалууг хүйтэн...

ЧОНОНЫ ХҮҮ ШААЛУУ

Чонын хүү Шаалуу гэж. Чонон орчинд өссөн хүний хүү “чоно” болж, чоно шиг авирладаг тухай үлгэрийн баатар нь энэ Шаалуу. Шаалууг хүйтэн сэтгэлт эх төрүүлж, голын хөвөөнд орхисонтой чоно таарна. Чоно түүнийг тасдаад идчихсэнгүй, харин ч халамжилж өсгөнө. Гэхдээ энэ халамж чононых, тэр өсөлт чонон орчных. Шаалуу энд хүний хайр халамжийг мэдэрч, хүнлэг харилцаанд орсонгүй. Шаалуу  чонон орчинд чононы хуулиар л тулалдан өснө. Эцэст тэр чоно болно. Шаалуу үнэндээ хүний хүйтэн сэтгэлийн золиос, чонон орчны бүтээл чоно хүн, бас хүн чоно юм.
Гэмт хэрэгтэн угтаа Шаалуу л юм. Тэр бидний бүтээж буй нийгмийн тасархай, харин түүний үйлдсэн хэрэг бол бидний нийгмийн нэгэн гаж шинжийн бодит илрэл. Тэр нэгэн цагт ээж, аавын хайртай хүү, охин; ах, эгчийн хайртай дүү нь байсан. Тэр бас "багшаа" гэж дуудах, “багш минь” гэж хүндэтгэх багштай; хайртай гэх ханьтай; “халамжилна, хамгаална” гэсэн засаг төр, нийгэм, эх оронтой байсан. Харин тэр одоо гэмт хэрэгтэн. Түүнийг бид нийгмийн хүү болгон авч чадсангүй. Эцэг эх, томчууд бид тэдэнд  хайр, халамж, хараагаа бүрэн өгч лав чадсангүй. Багш нар нь тэднийг багшийн гэсэн сэтгэл, зүтгэлээр гэрэлт замд лав хөтөлж чадсангүй. Цагдаа тэднийг гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадсангүй, төр засаг тэднийг халамжлан хамгаалж, сайхан амьдруулж лав чадсангүй. Иймд аав, ээж, ах эгч, багш, найз нөхөд, цагдаа, төр засгийн “хүйтэн” хандлага, тэдний “чадсангүй” бүхнийх  нь золиос болсон тэр Шалуу нь угтаа энэ гэмт хэрэгтэн. Гэмт хэрэгтэн ингэж Шаалуу болно.
Архичин бас л Шаалуу. Архи үгүй бол архичин үгүй юм. Архины үйлдвэр үгүй бол архи үгүй юм. Энэ бол энгийн логик, үндэслэл шүү дээ. Гэвч монголд эсрэгээрээ. Хоол, хүнсний үйлдвэрээсээ олон архины үйлдвэртэй. Хоол, хүнсний дэлгүүрээсээ цөөнгүй архи зардаг цэг, дэлгүүртэй. Архийг энэ нийгэмд хоол, хүнс, ундаа мэт үзэж буйг нотлох гэсэн шиг түүнийг хүнсний дэлгүүрт хоол, хүнстэйгээ хамт зарна. Бүр ингэж зарахаар төрөөс зохицуулж өгнө (Бидний дуурайж, хуулбарлаж ядаад байгаа европын стандартаар бол архи зардаг цэг нь хүнсний дэлгүүрээс ангид байдаг л даа. Архи гэдэг хоол, ундаа биш учраас тэр).  Ингэж архийг хоол, ундаа мэт зохицуулж өгсөн энэ улсад архи уух гэдэг нэг ёсны энэ цагийн шинэ соёл болжээ. Архи уухгүй байх нь харин орчин цагийн соёл эзэмшээгүй мэт тооцогдох. Энд архиар золгоно,  архиар ундаална, архиараа давалгаана, архиар хохирооно, архиар ядуу болгоно, архиар шоронжуулна, архиараа цааш нь илгээнэ. Энд нэг жилд нэг хүн дундажаар 40 литр архи ууна. Нийгмийн ийм архижуулах, архидуулах, архийг соёл болгох “хүйтэн” бодлогын золиос, мөн архидсан орчны бүтээл болсон  нэг Шаалуу нь нийгмийн шинэлэг давхарга архичид. Архичид ингэж Шаалуу болно.
Ядуус мөн л Шаалуу.  Ядуу үгүй бол баян үгүй л юм. Иймд баяны чин хүсэл нь ядууг бий болгох, бас түүнийг мөнхөд байлгах явдал. Гэвч бүгдээрээ л дундаж баян буюу дундаж ядуу байсан тэр цагт ядуу ч, бас баян үгүй байв. Бүгдээрээ баян, бас бүгдээрээ ядуу байж  үл болох тул баяныг  бий болгож ядууг төрүүлэх нь амин чухал аж. Өмч хувьчлал, цэнхэр, ягаан тасалбар, алдарт 20 дугаар тогтоол, газар хувьчлал, за тэгээд ”2 толгой”-ноос хувьцаа олгох, зээл тэглэх, ноолуурын хорин мянган, хүүхдийн 100 мянган зэрэг олон мэргэн ухааныг “мэдээлэл, эрх мэдэлтэй нь хожино, эс тохиолдолд хоцорно” гэсэн аргаар хэрэгжүүлж, дүнд нь хүн амынх нь 40 орчим хувь нэн ядуу, 99 хувь өмчгүй болтлоо ядуурчээ. Ядуус ингэж өмчгүй болгох “хүйтэн” бодлогын золиос, мөнгө эрх мэдэл, эрх мэдэл мөнгө гэдэг эрх мэдэлжсэн мөнгөний (плутократик-plutocratic) орчны бүтээл нь болсон ээлжит нэгэн Шаалуу аж.
 
Шаалуу гэмт хэрэгтэн, зэрлэг. Шаалуу архичин, арчаагүй. Шаалуу ядуу, гуйлангачин, залхуу. Ер нь, Шаалууг шударга шүүх хэрэгтэй юм байна. Харин яаж шүүх бэ? Гагцхүү шударга шүүх л хэрэгтэй, Энэ  хүн чоно, бас чоно хүн Шаалууг.
Шаалуу чоно тул түүнийг хүний нийгмийн хуулиар шүүж үл болно, шударга бус. Шаалууг бас чоны хуулиар шүүж үл болно, учир нь тэр хүний хүйтэн сэтгэл, чонон орчны золиос болсон хүн шүү дээ, угтаа. Иймд ер нь Шаалууг ч бус, чоныг ч бус, харин хүний хүүг чоно болгон хувиргаж буй тэр орчинг, бас “тэр хүйтэн” бүхнийг шүүх нь магад илүү шударга ч юм уу. 

Чоно хүн, хүн чоно энэ Шаалууг ер нь яаж шударга шүүе дээ, байз.

Ц.Лувсандорж

2012 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр