Tuesday, February 19, 2013

Хүүхдээ гэдэггүй нийгэм


Хүүхдээ гэдэггүй нийгэм

“Хүүхдийг золиослоно оо”  гэдэг энэ улсад цай уух лугаа адил их түгээмэл.  Эгэл томчууд нь тэднийг дорд үзэж тохуурхан золиослоно. Ноёд томчууд нь тэднээр мөнгө хийж золиослож тохуурхана. Хүүхдийн тохуурхал, золиос энэ нийгэмд ийм их түгээмэл. Энэ нийгэм тэгэхээр “хүүхдээ л” гэдэггүй нийгэм.

Хөдөөд морь аргамжуулах хүүхэд гэж байхад хотод хөлөө хучуулах хүүхэд гэж бий. Хайртайгаа нотлох хүүхэд гэж байхад өшөө авах хүүхэд гэж ч бас байна. Мөнгө хийх хүүхэд, мөнгө хийлгэх хүүхэд ч гэж мөн байх болж. Хурдан морины хүүхэд, хүүхдийн мөнгөний хүүхэд, шатрын хүүхэд, олимпиадын хүүхэд, уран нугаралтын хүүхэд, за тэгээд аав, ээжийнхээ карриегийг өсгөх, өнгөлөх хүүхэд ч гэж  бас байна.  Хөрөнгөтөн болгох хүүхэд, ерөнхийлөгч болох хүүхэд  гэж ч бүр төрсөөр. Дур хүрвэл олж тоглодог, дургүй хүрвэл алж тоглодог авортын хүүхэд гэж мөн байна, бүр олоон байна,тэд. Гаргаад хаячихдаг хүүхэд ч гэж бас дуулддаг боллоо. Эгэл томчууд хүүхдээр энэ нийгэмд ингэж их тохуурах, мөн золиослох.  Гунигтайяа.

“Хүүхдээр мөнгө хийнэ” гэж  хөөрхийлэлтэй нэг бизнес байна. Хэл ам дагуулахгүй хамгийн хялбар бизнес ч гэх. Хийхэд хамгийн хялбар авилга ч гэх. Хүүхэд одоохондоо тэмцэж үл чадах учраас  тэр гэнэ. Ийм л учраас ноёд томчууд тэднээр мөнгө хийж их тохуурхах. Бас их золиослох. Харамсалтайяа.  

Үдийн цайны бизнес аймаар бизнес дээ.  Эхлээд хогон хоол шахаж, шар түгээж тоглоно. Эцэстээ шарын вакцин шахаж, амь нас, амьдралаар нь тохуурхаж тоглоно. Энэ бизнес ийм л аймаар бизнес, аймаар золиос, аймаар тохуурхал.  

Сурах бичгийн бизнес  бурангуй бизнес болж. Эхлээд, юуг сурах бичиг гэдгээ ч үл мэдэх нэгнээр түүнийг бичүүлж,  сургах бичгийг мурих бичиг, бурангуй бичиг болгон тохуурхана. Авилгалын гай, шуналын гай л юм.  Монгол хэлний хичээлээр энгийн өгүүлбэр ч үзэж амжаагүй нялхасын математикийн сурах бичгийг хавсарсан нийлмэл өгүүлбэрээр, мэдэх мэдэхгүй шинэ үг, хэллэгээр бичиж, муриж бурангуйлна, бурангуйлна мурина.  Өөрөө  зүгээр л сурахчих сурах бичиг ингэж л энэ улсад өрөөлтэй нийлээд ч сурч үл болох муруй бичиг, бурангуй бичиг болох.  Ийм бичгийг судалсан нялхас бүр  буруу, муруй, бурангуйн дор гуниж суух, бүлтгэж суух. Гэмгүй мөртлөө гэмтэй юм шиг л тэд “би л муу, би л  сурч чадахгүй юм байна” гэж нялхаараа гуниж өтөлнө, өтөлж гунина. Сурах бичгийн бизнес ийм л  бурангуй бизнес, бурангуй тохуурхал, бурангуй золиос.  

Нэгдсэн шалгалтын бизнес үнэнхүү улайрсан бизнес дээ. Их дээд сургуулийн хийх ёстой ажлыг төрийн том ноёд нь булаан авч хүүхдийн сурах хүсэл тэмүүлэл бүрийг мөнгө болгож авилгажина. Шалгалт бүрийг мөнгө болгоно. Мөнгөжихийг тулд шалгана. Шалгахдаа нэгдсэн шалгана. Зөвхөн нэг долоо хоногт гэхэд хэдэн арван тэрбум төгрөг улсын ч юм шиг, хувийн ч юм шиг  (Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх Боловсролын үнэлгээний төв)  байгууллагын дансанд цугларах. Энэ мөнгө хайчдаг бол оо.  Мөнгөнд улайрсан энэ бизнесийн улайрсан шуналд гэмгүй хүүхэд эцэстээ хүслээрээ, тэмүүллээрээ, мөнгөөрөө, хөлсөөрөө их хохирч золиослогдон тохуурхагдах нь, тохуурхагдаж золиослогдох нь мөн ч олон доо. 11 жил хөлсөө урсгаж сурсан хүүхэд нэгдсэн шалгалтын тэр нэгэн гайтай мөчид очиж амжиж чадаагүй л бол насаараа хохирч үлддэг. Хүүхдийн 11 жилийн нөр их хөдөлмөр, зүтгэлийн дүн авилгажсан нэгдсэн шалгалтын нэг цагийн ч цэнэгүй болж буй нэгэн бодит жишээ энэ. Нэгдсэн шалгалт ийм улайрсан бизнес, улайрсан тохуурхал, улайрсан золиос.

Сурагчийн дүрэмт хувцасны бизнес ардчилсан коммунист, коммунист ардчилсан бизнес дээ.  Коммунизмийн сургуульд сурагч гэдэг хүүхэд гэхээсээ илүү цэрэг. Тэдний үзэл нэг, үйл нэг, хувцас нэг, үг нэг. Ийм учраас  сурагч бүр ижил хувцастай, дүрэмт хувцастай байх нь тэнд жам. Харин “хүүхдийн эрх, эрх чөлөөг адил тэгш хүндэтгэх, хангана”  гэх ардчилсан сургуульд хүүхэд цэрэг гэхээсээ илүү хүн, хүмүн юм. Тийм учраас тэд идэх хоолоо төдийгүй өмсөх хувцсаа том ноёдоор бус харин өөрийн бүлээрээ шийдэж байх нь ардчилал, үнэт соёл, чин зам. Гэвч авилгалжсан ардчилалын үеийн сургуульд сурагчийн дүрэмт хувьцас гэдэг сайхан ашиг, амархаан авилга аж. Авилгажсан ардчилалын үед сурагчийн дүрэмт хувцсыг коммунд нийлүүлэх бизнес нь ингэж ардчилсан коммунист, коммунист ардчилсан бизнес болж хувирна. Дүнд нь гэмгүй хүүхэд дэмгүй хувцас нөмрөн тохуурхагдан золиослогдоно, золиослогдож тохуурхагдана.  

Вакцинжуулалтын бизнес үнэхээр балайр бизнес дээ.  Баталгаатай вакцин гэж үнэндээ байхгүй. “Яахав, 1000 хүнд туршихад 10 үхэж магадгүй” гэх итгэл, зүйрлэл байх. Туршаад үзэхэд иймэрхүү байсан л гэх.  Гэвч хорвоогийн аль нэг газрын ямар нэгэн хүнд туршсан тэр бодис монгол хүүхэд яг таарна гэдэг нь даанч баталгаагүй. Харин түүнийг хэдэн зуун мянган ширхэгээр нь бөөнөөр нийлүүлэх бизнес  ашигтай  болох  нь даанч баталгаатай. Хүүхдийн ванцинжуулалт энд ингэж л баталгаатай ашигтай балайр бизнес болдог. Дүнд нь гэмгүй хүүхэд амиараа, эрүүл мэндээрээ дэнчин тавьж золиослогдоно тохуурхагдана.
Паркийг нь нурааж газрыг зарж тохуурхана, тэд. Тоглоомыг нь эвдэж талбайг авч золиослоно, тэд. Дүнд нь цэнгэлдэх паркгүй, тоглох талбайгүй хүүхэд эх нутагтаа уйдаж торнино, элгэн түмнээсээ холдож томорно. Хүүхдээрээ тохуурхан тэднээр ингэж мөнгө хийж буй ноёд томчуудын энэ булайг цаашлуулан бичвэл цаг ч хүрэхгүй, бас цаас ч хайран. Хөөрхийлэлтэйеэ.


Хүүхдээрээ тохуурхдаг, тэднийг золиослодог нийгэм хүмүүнлэг нийгэм биш. Хүүхдээ гэсэн нийгэм бүр ч биш. Хүүхдээ гэдэггүй нийгэм хүний нийгэм огт биш. Хүүхдээ гэдэггүй нийгэм ер нь нийгэм биш, харин чонон сүрэг шиг хүн сүрэг, дарвинжсан  сүрэг.


Ц.Лувсандорж

2013 оны 2 дугаар сарын 19-ны өдөр

Thursday, February 7, 2013

СҮҮН САР


СҮҮН САР


Учир мэдэх ахыг  цагаан сараар заавал нэг зорих. Учирлан золгох бүрт  тэр “хүү, цагаан”-д нь эхлээд хүр гэх. Их л ухааруулж  мэдэх энэ эгэл эрхэм “цагаан”-ыг яагаад ингэж эрхэмлэв ээ.  

http://undesniibolovsrol.blogspot.com/2013/02/blog-post.html

Сар гэдэг он тооллолын хэмжүүр багц өдөр тул түүнд өнгө үгүй. Харин тухайн сарыг тухайн мөчид болдог байгаль, нийгмийн онцгой үзэгдлээр нэрлэж ирсэн уламжлал түүхэнд их байх. Ийм л жаягаар олон соёлд ногоон өнгөөр илэрхийлдэг хаврыг нүүдэлчид л харин цагаан өнгөөр билэгшээв үү дээ.


Хавар. Хахир өвлийг өлсөж, зутарч давдаг нүүдэлчдийн хувьд бол сүүн сар. Энэ сар цагаан идээтэй эргэн золгох баярт мөч. Хаврын эхний өдөр ирнэ ээ гэдэг тэдний хувьд сүү, цагаан идээтэй удахгүй золгоно оо гэсэн үг.  Ийм ч учраас тэд энэ өдөр сүүг хүсэн, энэ хүслээ түүний өнгөөр илэрхийлж баярлаж, сүүн өнгө-цагаан өнгийг өөрийн үйл, үг бүхэнд шингээж баясана.Ахуйгаа ч, үгээ ч, сэтгэлээ ч цагаан байлгахыг энэ өдөр ихэд хичээнэ ээ, тэд.


Идээ, зоог нь эгэл, жирийн, цагаан, сүүн. Үг нь сүүн өнгийг билэгдсэн ерөөл, магтаал. Үйл нь цайлган цагааныг дээдэлсэн хайрлал, хүндэтгэл, уучлал.


Энэ өдөр нүүдэлчид өтгөс, хөгшдөдөө хайр, халамжийг хүргэж, хүндэтгэлийг үзүүлж золгоно. Хүүхэд нялхасдаа хайр, энхрийллийг мэдрүүлж баярлуулна. Анд нөхдөө хайрлаж, уучилж, ухаарлуулж баясгана. Үнэнч туслагч мал сүргээ хайрлаж, гамнана. Энэ өдөр тэд эх болсон байгаль дэлхийдээ хүндэтгэлийг үзүүлж, залбирч баясана.


Цагаан сарын баяр эрт цагт ийм л сүүн. Сүүн учраас тэр хайрын, хүндэтгэлийн, сэтгэлийн, эгэл, жирийн, цагаан. Эрт цагийн сүүн сарыг энэ цагийн өнгөөр хэлбэл их ногоон.


 Цагаан сарын баяраар учир мэдэх ахыг заавал нэг зорих. Учирлаж очих бүрт тэр  “цагаан”-д нь эхлээд хүр гэх.  Ихээ учирлаж мэдэх эрхэм эгэлийн энэ үгэнд энгүй ухаан их шингээстэй.  

Ц.Лувсандорж



2013 оны 2 дугаар сарын 8-ны өдөр

Wednesday, January 9, 2013

ДЭЛБЭЭЛДЭГ ЦЭЦЭГ Л ГОЁ


ДЭЛБЭЭЛДЭГ ЦЭЦЭГ Л ГОЁ
Хорвоод янз янзын л цэцэг байх. Хайран цэцэг, халамжан цэцэг, хорон цэцэг, бас дэлбээлдэг, дэлбээлдэггүй цэцэг. Энэ олон цэцэг дунд дэлбээлдэг цэцэг нь л их хайрлам, их уярам, бас хамгийн гоё нь юм.   
Хайран цэцэг гэрэл, илч илгээн, хайрын үр түгээн дэлбээлнэ. Ийм цэцэг хөрс голдоггүй, агаар шилдэггүй, хайрын хүчээр өөрөө аяндаа дэлбээлж хайрын үрээ түгээн гэрэлтэнэ. Тэр цэцэгчинд ихийг өгч, харин  багыг авч цэцэглэнэ. Хайрын цэцэг ийм л уярам, хайрлам цэцэг. 
Халамжан цэцэг нь халамж нэхэж, хөрс голж, агаар шилж, наранд хүртэл гомдон халаглана. Тэр дэлбээлнэ гэсээр л гараас гарт, хөрснөөс хөрсөнд, цэцэгчнээс цэцэгчин дамжсаар эцэстээ хөрслөх үргүй, үндэслэх хөрсгүй болж ч мэднэ.  Аз эз таарвал л тэр дэлбээлэх. Гэхдээ цэцэгчнээс ихийг авч, хариуд нь их багыг өгч л дэлбээлнэ ээ. Аз эс таарвал  тэр хагдран хагдарсаар, гандан гандсаар л, хорчийн хорчийсоор нэгэн цагт  хогийн саванд ордог.  Халамжан цэцэг ийм  л хөөрхий цэцэг. 
Хорон цэцэг  дэлбээлж огт өгдөггүй, харин хор ихээр ялгаруулж өөрийгөө ч, өрөөлийг ч хордуулсаар эцэстээ зүгээр л тасдуулж хогийн сав луу шидэгдэнэ.  Хорон цэцгийн хоронд хөрс ч хордоно, агаар ч бохирдоно, нарны цацраг ч сарнина. Хорон цэцгэнд цэцэгчин бүр ч ховор олдоно.  Тэр цэцэгчнээс авсаар, авсаар, авсаар, эцэстээ хордуулж орхидог болохоор л тэр л дээ.  Хорон цэцэг ийм л хорлонтой цэцэг.
Хорон цэцэг их хорлонтой. Халамжан цэцэг их хөөрхийлэлтэй. Эд бараг л дэлбээлэхгүйдээ, цэцэгчний их халамж байлаа ч. Ер нь  тэд дэлбээлэх ч хэрэггүй биз.  Харин хайран цэцэг бол өөр, бүр уярамаар, хайрламаар цэцэг. Тэр хайрын үрээ түгээгээд л мөнхөд гэрэлтэн дэлбээлж байх. Хайрын  цэцэг л иймд хорвоогийн ганцхан үзэсгэлэнтэй цэцэг, гоё цэцэг. 
Ц.Лувсандорж
2013 оны 1 дүгээр сарын 11-ны өдөр
 
Жич: Фэйсбүүк андуудын дунд өрнөсөн цэцэг, цэцэгчний тухай хөөрхөн хүүрнэлээс сэдэвчлэн энэхүү бичвэрийг тэрлэв. 

Tuesday, December 25, 2012

ЭРСЭЭ ГАМНА


ЭРСЭЭ  ГАМНА

Эр хоёр арслан хүчин үзэн тэмцэх. Энэ тэмцлийг эмс нь, харин, их л хичээнгүйлэн ажиж зогсох. Эрсийн тулалдаан дуусмагц эмс нь ялагчийг нь даган гийнан одно. Ялагдагч харин эмс ч үгүй, эрч ч үгүй газарт сунан гунин хэвтэнэ.  Ийм нэгэн зураглал амьтны ертөнцөд их түгээмэл.

Оросын нэгэн телевизийн хөтлөгч “эхнэрээсээ салсан эр арчаагаа л их алдах юм” гэж яриа өдөхөд  оролцогч “Тийм эсэхийг  сайн мэдэхгүй. Харин  эзнээ  алдсан нохой, эхнэрээ алдсан эр их гунидагийг л сайн мэднэ. Бас эзнээ алдсан муур, нөхрөө алдсан эхнэр их өнгө ордгийг мэднэ” гэжээ. Ийм нэгэн яриа энэ дэлхийд бас өрнөж.

Тархи судлал хөгжиж эр, эмийн ялгааг тэдний эрхтнийх нь хэлбэрээс биш, харин, тархинаас л олж харахыг  их хичээх  болж.  Хүний тархи жендерчлэгдэх үү гэсэн асуудлыг тойрсон олоон эргэлзээ одоо  хүртэл л байна. Гэвч нэгэн ололт, харин, огт эргэлзээгүй болжээ. Энэ бол “эр нь илүү бодогч, эм нь илүү хөөрөгч” гэсэн утга юм.  “Эмэгтэй хүний үс нь урт, ухаан нь богино”  гэсэн эртний нэгэн үгэнд үнэний ор ийнхүү бас байгаа бололтой.

Эмсээ авах гэж тулалдаг, эхнэрээ үгүйлж их гунидаг, эргэцүүлж их бодомтгой эр заяаг гамна.  Ийм заяаг өнөө цагийн монголд бүр ч их гамна.

Ажих нээ,  тэнд энэ цагийн эрс нь  гурван а-тай л их нөхөрлөөд байх шиг.  Албан тушаалтай хэсэг нь авилгад бурантлагдан гундах.  Ажилгүй хэсэг нь архинд хөтлөгдөн мөлхөх. Үлдсэн хэсэг нь авгай хүүхнүүдийн зарц төдийхнээр шар өдөр бор хоногийг өнгөөрч суух. Эрс ингэж доройтоход эмс нь эцэстээ их ядардаг юм. Иймд эрсээ л их гамна, энэ цагийн монгол.

Ингэж хэлмэгц л,  “булбарай болчихсон энэ цагийн монгол эрсийг тэгээд хэн, яаж гамнах” гэж егөөдөн асуугч бас гарах. Тэднийг гамнахад үнэндээ маш  энгийн. Төр нь бодлогоороо л гамнана.

Идэрхэн монгол залуусаа харьд экспортолчихоод, хариуд нь харин гадны хөгшин эрсийг импортлодог энэ бодлогоо л больчих. Эс чадваас,  энэ нь эрсийн энэ цагийн монгол хорлоон.  Экспортлогдсон монгол эр гахай хариулж, нохой туух төдийхнийг хийн борви бөхөсхийлгүй, морь мэт зүтгэх зуур  эмс ялагчийг даган одож, нялхас эцэггүй торних нь гэм биш, харин, жам болж харагдана. Ингэх харагдаж эхлэхэд эцэстээ монгол л хөөрхий болж л үзэгдэнэ.  Иймд эрсээ экспортлохоо зогсоо. Чингэвэл, энэ тань эрсийн монгол гамнаан.

 Нэгтэй л гэрлэх ёстой, эцэстээ тэгээд салдаг жамтай; салахаар эр нь л  илүү хохирдог гэр бүлийн эмэгтэйжсэн хуулиа өөрчилчих. Эс чадваас,  энэ нь энэ цагийн монгол эрсийн хуулийн хорлоон.  Гэрлэнгээ л өрхийн тэргүүн гэж хөөрсөн монгол эрс эхлээд хээгүй, гүндүүгүй гэх зангаараа эхнэрээ, үр хүүхдээ  гэж  сөхөртөл зүтгэнэ, эцэстээ, тэд цөхөрнө. Унтахгүй, идэхгүй ажлаад байхад олдог нь өчүүхэн болохоор тэр л дээ. Ингэж л сөхөрч, цөхөрч байх зуур тэд шүүхэд дуудагдан үрээ ч, өмчөө ч эхнэр гэгчдээ  шилжүүлж гудамжинд гарч  гутлаа чирч эхэлдэг нь гэм биш, харин, жам болж.  Гэрлэсэн монгол эрийн тавилан ийм болж харагдахад  эхлээд эм нь хожиж байгаа мэт авч эцэстээ монгол л хөөрхий болж үзэгдэнэ.  Иймд эрсээ ингэж хуулийн золиос болгохоо зогсоо.  Чингэвэл, энэ тань эрсийн монгол гамнаан.


Монгол эрсийн ажлын нэг цагийн хөлсийг нь бодиттой үнэлчих, бодлогоор өндөр болгочих. Эс чадваас, харин энэ тань энэ цагийн монгол эрсийн мөнгөний  тамлаан.  Монголд одоо монгол хүн цэнэгүй,  түүний хөдөлмөр л үнэгүй байх шиг. Харь эрийн нэг цагийн ажлын хөлс монгол эрээс лав л 10, 20 дахин илүү  байх.  Гадаадын мэргэжилтэн, зөвлөх гэх, үнэндээ бол гавихгүй этгээд сард монголд 18-20 мянган долларын цалин хүртэж суухад энгийн монгол эрс, харин, хамгийн ихдээ л гэхэд 800 орчим долларын цалин авч зүтгэж буй баримт олоон олоон.  Монгол эрс ингэж мөнгөний тарчлаан дунд мунгинаж байх зуур эмс нь ялагчийг даган хамтрагч болж одох нь гэм биш, харин, жам болж.  Ажилтай монгол эрс ийм болж ажиглагдахад эхлээд эмс хожиж байгаа мэт авч эцэстээ монгол л хөөрхий харагдана.  Иймд эрсээ ингэж мөнгөний тамлаанд оруулахаа зогсоо. Тэдний нэг цагийн ажлын хөлсийг бодлогоор нэм. Чингэвэл, энэ тань эрсийн монгол гамнаан.


Монгол эрсээ гамна. Идэрхэн монгол залуусаа харьд экспортолдог гунигт үйлээ зогсооч гамна. Салахаар эр нь л  илүү хохирч үлддэг гэр бүлийн эмэгтэйжсэн хуулиа өөрчилж гамна. Ажилтай монгол эрсээ мөнгөний тамлаанаас гаргаж гамна. Эмсээ авах гэж тулалдаг,  үрсээ халамжлах гэж зүтгэдэг, эхнэрээ үгүйлж гунидаг, эргэцүүлж их бодомтгой эр заяаг гамна,  энэ монголд.


Ц.Лувсандорж


2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр

Wednesday, November 14, 2012

Хэрэггүй шар нунтаг

Хэрэггүй шар нунтаг

Дэлхий нийтээрээ л цөмийн эрчим хүч, шар нунтагаас татгалзах болж. Хэрэггүй шар нунтаг болохоор л тэр. Хэрэггүй төдийгүй бүр  аймшгийн, сүйрлийн, үхлийн, төгсгөлийн, чөтгөрийн шар болохоор тэр шүү дээ. Тэгэхээр монгол ч бас энэ чөтгөрийн шараас татгалзах нь их зөв. Юухэв. Бидэнд их баялаг байна.

Японы улсын ерөнхий сайд "Япон улс 2030 он гэхэд  цөмийн эрчим хүч хэрэглэдэггүй улс болно" гэж.  Канад ч, Австрали ч, Европ ч энэ чөтгөрийн шаргүйгээр амь зууж сурна гэж тунхаглаж байна. Дэлхийн нийт " Nuke fucking France'  гэсэн постертэй аль хэдийнээ танил болж. Муухай гэж, ийм постер,золиг. Дэлхий ийнхүү цөмийн эрч хүч, шар чөтгөрөөс татгалзжээ.  Цөмийн энерги, цөмийн технологи ингэж моодноос гарч байна.

Шар чөтгөрийн моод  төгссөн  энэ цаг дор  хачин зүйл сонсох юм, энд монголд. "Орчинд нь хоргүй байдлаар шар нунтаг гаргана". Ерөнхий сайд маань ингэж хөөрсөн гэнэ. Түүнийг нь нэгэн баримтат нийтлэлээс олж уншаад мөн их гайхлаа, мөн их айлаа.

"Моод монголоор л дуусна" гэдэг нэгэн тохуурхал байдаг. Нээрээ бодох нээ, монголд төгссөн моод олон байх.  Коммунисжин хөөрөх, социалисжин идэх, ардчилж хөрөнгөжих, алагчилж ардчилах, эмэгтэйжин сүйтгэх,  газар хувьчилж хөрөнгөжих, хип хопжин харчих, гэрлэж харьжих, ногоорч либерчилагдах, либеральчилж ногоорох, либералжин төгсөх гээд л дурдвал дуусашгүй олоон хошин моод монголд төгсжээ.Моод л юм чинь. Яахав. Ингэж төгслөө гээд ямар монгол төгсчихсэн биш. Гэвч моодлон монголд төгсгөж огтоос огт ёстой болохгүй ганцхан моод  байна. Тэр нь энэ чөтгөрийн шар, хэрэггүй шар. Түүгээр моодлон түүнийг монголд төгсгөх гэсэн энэ мунгинаа тань эх нутгийг чинь  төгсчихэж ер нь мэднэ. Шар чөтгөрөөр иймд моодлоод юухэв,монголд.

"Моодноос гарсан шар чөтгөр, цөм чөтгөрөөр моодлох" гэсэн юм шиг л хөөрсөн хөөрлийг сонсоод айсан, гайхсан шанал маань "Иймээс, монголд цөм хэрэггүй" гэж нэрлэсэн нэгэн слайд шоуг бүтээж түгээхэд хүргэв.  Моодноос гарсан шар чөтгөр монголд амиллахыг эрс эсэргүүцэж буй тэмцлийн эхлэл энэ. Дэлхий үзэг, бас сонсог. Яахав.

Энэ цагийн бидний мэдээгүйгээс, бас зогсоогоогүйгээс болж ирэх цагийн балчир, байгаль дэлхий, ан амьтан тэр шар чөтгөрийн дор зовж шаналж, чимээгүй уйлан гаслаж үл болох. Хүнлэг бус, шударга бус, ухаалаг бус, гэгээлэг бус, бурханлаг бус.

Шар нунтагаар тэгэхээр моодлоод ер нь юухэв, монголд.

Жич:
  "So, No Nukes in Mongolia"   Дараах  сайтыг дарж үзээрэй. Бодоорой. Эргэцүүлээрэй.
 
Сонирхон үзэж түгээн дэлгэрүүлбэл нэн баярлана.

http://tripwow.tripadvisor.com/tripwow/ta-06ec-d0cc-13e5


Ц.Лувсандорж

2012 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр

Monday, November 5, 2012

Эр жендерийн аранга


Эр жендерийн аранга

Боловсролын салбар эмэгтэйжиж, бүр эмжин жендерчлэгдсээр.  Эмжсэн энэ жендерчлэлд эхлээд эр хүйс шахагдана, эцэстээ, эр жендер уусна, устана. Эм жендерчиллийн ийм шахаан, тийм уусгалтын дүнд  энэ салбар эм жендерийн талбар, бас, эр жендерийн аранга болж хувирна.

Цэцэрлэгийн багш бүгдээрээ  эм хүйстэй, тэгээд, мэдээж бүгд эм жендертэй.  Сургуулийн 10 багшийн 9 нь эм хүйстэй, 1 нь л эр хүйстэй. Эцэстээ, бүгдээрээ л эм жендертэй.  Багш болох 40 оюутны 35 нь эм хүйстэй, 5 нь л эр хүйстэй. Эцэстээ, бүгд л эм жендертэй.  Яам, тамгынхны ихэнх нь эм хүйстэй, цөөнхөн нь эр хүйстэй. Эцэстээ,  мэдээж, бүгд л эм жендертэй.  Боловсролын салбар ингэж л эм жендерийн  талбар болдог.

Эмэгтэйжсэн энэ талбарт эр жендер л уусаж, устаж байна. Энэ талбарт бүх зүйл эмэгтэйжсэн, бас эмэгтэйлэг. Эмэгтэйлэг цэцэрлэг, эмэгтэйлэг сургууль, эмэгтэйлэг өнгө, эмэгтэйлэг үнэр, эмэгтэйжсэн орчин, эмэгтэйжсэн харьцаа, эмэгтэйжсэн дарамт, эмэгтэйжсэн шийдвэр, эмэгтэйлэг бодлого, эмэгтэйжсэн авир, эмэгтэйлэг яриа, эмэгтэйжсэн зан, эмэгтэйжсэн асуудал, эмэгтэйлэг нөлөөлөл, эмэгтэйлэг үнэлгээ, эмэгтэйлэг арга, эмэгтэйжсэн судалгаа, эмэгтэйжсэн архидалт, эмэгтэйлэг авилга, эмэгтэйлэг ардчилал, эмэгтэйлэг алагчлал. Эмэгтэйжилт, бас эмэгтэйлэгийн энэ дарангуйлал, энэ түрэмгийллийг эр хүйс, эр хүүхэд тэсэж суралцах, тэсвэрлэж төгсөхөд нэн хэцүү, энд.

Бурханы зохицуулалт ч гэмээр юм уу, байгалийн хууль ч гэмээр юм уу, нэгдүгээр ангийн эр, эм хүүхдийн тоо их ойролцоо. 100 хүүхдийн 50 орчим нь эм, 50 орчим нь эр  байх нь түгээмэл.  Эр хүйст дунд ангид дундарсаар ахлах анги гэхэд тэдний 75 хувь нь алга болно.  Аживал, тэдний ихэнхи нь эм хүйс, эмэгтэйлэг жендерийн хүчирхийлсэн нөлөөлөл,  дарангуйллыг үл тэвчиж, үл тэсэж сургуулиасаа сайн дураараа гарсан байх, эсвэл, хөөгдөж  зайлсан байх.  Эм хүйс, эмэгтэйлэг жендерийн тэр дарангуйллыг яаж хийгээд тэсэж үлдсэн 25 хувь нь харахад эр хүйстэй ч, ажихад  аль хэдийнээ эм жендертэй болчихсон байдаг нь жам.   Боловсрол ингэж л эр хүйс, эр жендерийн аранга болдог.

Боловсролын салбар ийнхүү эм жендерийн талбар, эр жендерийн аранга болгож хувирахад жендер яригчийн тоо л их өсгөдөг гэв үү.  Өрх толгойлсон гэх, бас гойн гэх эмэгтэйн тоо бүр ч нэмэгддэг гэв үү.  2 дахин гэв үү.  Жендерийн тэгш байдлыг бүр алдагдуулж, түүнийгээ хуульчилж авдаг гэв үү.  Жендерийн мэдрэмж ч хаана хаана аа  алга болж орхигддог гэв үү. “Энэ бүх гэв үү” гэдгээс болоод эрс нь огт гэрлэдэггүй гэв үү.  Эм жендертэй юм чинь, бас эд хөрөнгө нь ч хайран биз. Ийм их хорлонтой, тийм их хөөрхийлэлтэй юм, энэ эм жендерчилэл.

Боловсролыг эм жендерийн талбар болгон хувиргасан шигээ энэ нийгмийг монгол соёлын аранга, монгол гэрийн бүлийн аранга, монгол эцгийн аранга, монгол ээжийн аранга, монгол энэрэл, хайрын аранга, ер нь эх нутгийн аранга болгон өөрчлөн хувиргаж ч чадна шүү, ер нь, энэ эр жендерийн аранга эм жендерчилэл.

Ц.Лувсандорж

2012 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр



Thursday, November 1, 2012


АМАН ХӨӨРЛӨӨС АМИН ШИНЭЧЛЭЛД

(Удиртгал хэсэг)

Болохгүй л байна даа, боловсрол, энэ монголд.Цэцэрлэг, бага, дунд, их, дээд сургууль , коллеж нь байгууллагын ёсоо умартаж хуаранжсаар бүүр хуучирч хоцроод болохгүй байна.  Асрагч, арга зүйч, багш, профессор нь номын ёсоо тас орхин мартаж хуягжсаар, цолжсоор, шагналжсаар, эмэгтэйчлэн жендэрчлэгдсээр, ядмагжсаар, ядуужсаар бүүр больж, болхижоод болохгүй байна. Яам нь албаны ёсоо уландаа гишгэж  намжсаар, эмжсээр,  номт, эрдэмтээр бус харин намчин,  эмсээр   дүүрсээр оршиж чадахгүй болтлоо ялзраад болохгүй байна.  Суралцагч нь хуурмаг өртгийн худал сургалт,худал мэдлэг, хуурмаг чадвар, хуурмаг үнэлгээ, хоцорсон орчин, худал боловсролын золиос болоод болохгүй байна. Хуурмагжин төгссөн төгсөгч нь хөдөлмөрийн бодит талбарт бодит ажил олж чадахгүйгээс болоод бодит хөлсөөр бус харин хорон авилгаар; эрдэм, номоор бус харин нам, ламаар амь зуух гэж андуураад болохгүй байна. Боловсрол  монголд ингэж л бүтэлгүйдэнэ. Ядуурал, доройтлыг  ийнхүү  үйлдвэрлэнэ, тэр.  Боловсрол монголд ер нь  болохгүй л  байна.

Боловсролын энэ бүтэлгүйдэл, энэ ядуурал, доройтол, тэр ялзралт, тэр хоцролт, тэр цолжилт, тэр шагналжилт, тэр эмэгтэйжилт,  тэр хууранжилт, тэр худал үнэлэлт,  тэр хуягжилтийг  цаг цагийн төр засаг,  сайд “шинэчлэл” гэсэн аман хөөрлөөр эхлээд улам гүнзгийрүүлж өөгшүүлнэ, эцэстээ  түүнийгээ аман хорлол болгон үлдээгээд оддог нь өнгөрсөн он жилүүдийн  лидерийн зан, шинэчлэлийн жам. Ийм зантай лидер, тийм жамтай шинэчлэл  нь монголоо биш харин ходоод, намаа гэж л хөөрсөн, хуурсан, нуусан, нууцласан, андуурсан гэх үйлдлээрээ их тодрон ялгарч,  тэр нь бүр хэвжинэ, хэвшинэ.  Ингэж хэвжиж, хэвшсэн лидерийн ийм зан, шинэчлэлийн тийм жам эхлээд боловсролыг их  сүйтгэж,  эцэстээ, нийтийг ч, нийгмийг ч  их хорлоно.

“Шинэчлэл”  гэж хөөрснөө “шинэчилчихлээ” гээд андуураад яахав вэ.  Худлаа үнэлж, худлаа мэдээлж,  өөрийгөө ч, улсаа ч, эцэг эх, үр хүүхдээ ч хуураад  ер нь юухэв вэ.  Мууг  үнэн харуулсан судалгааны дүнг нуугаад ч, нууцлаад ч  ер нь яахав.  Ходоодоо бодон ингэж авирлаад ер нь  юухэв дээ, ингэлээ гээд  боловсрол өөдтэй, өнгөтэй болчихгүй. Тэр бүү хэл,  иймэрхүү үйлдэл тань  “хорлон сүйтгэл” гэж түүхэнд үлдэж ч мэднэ.  Иймд монголоо гэсэн сэтгэлээр учрыг нэг ухаарч аман бус, харин амин шинэчлэлийг  үнэн хий,  энэ боловсролд. Болж өгдөггүй, бүтэлгүйдсээр л байгаа энэ боловсролоо  бүтээгч соёл, амжилттай бизнес, тархи, оюун, сэтгэл, санааны сайн үйлдвэр болгон  дахин нэг бүтээ.   

Аман хөөрлөөс татгалзаж амин шинэчлэлд тэмүүл. Үнэн энэ тэмүүллээр хувьсгалтай дүйцэхүйц эрс шинэчлэлийн сайн үйлсийг энэ монголд, энэ боловсролд, энэ нийгэмд нэг өрнүүл. Үнэн өртөгжилтээр амин энэ шинэчлэлээ амилуулж гагна, гагнаж амилуул.  

 

Ц.Лувсандорж

2012 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр