Tuesday, February 21, 2017

ОУВС-аас татгалз


ОУВС-аас татгалз

ОУВС очсон газар олигтой зүйл нэг ч үгүй.  Шуналаас шунал бий болно. Улсыг дампууралд өөрсдийнх "саарал гайхлууд"-ыг ашиглан оруулж, дараа нь гуйлгана. Тэгээд л дуусгана. Иймд,  ОУВС-аас татгалз. Боломжийг өөрөөсөө хай.

Манай олигархиуд шуналаа дар. Шунал тань таныг шулам болгоно.

Ардчилсан гэх алийгаа алдсан жилүүдэд хиймлээр энд, тэндгүй, ил, задгай бий болсон хуурмаг чамирхалаа зогсоо.  Хуурмаг чамархал хүнд хэрэггүй, таныг муухай, тэнэг харагдуулна.

 Монгол монголоосоо хулгайлддаг муухай үйлдлээ боль. Монголгүй монгол жаргадаггүйг сана.

Хулгайчидтайгаа хариуцлага тооц. Хулгайлах нь үнэт зүйл, соёл болчихвол хулгайч ч, улс ч эцэстээ их тарчлах тул тэднийг гамнаж, тэдэнтэй эрт хариуцлага тооцох нь хулгайчдад ч, нийгэмд ч их тустай байдгийг эргэцүүл.

Гаднаас хүчээр бий болгосон хуулдаг, хулгайлдаг, хуулбарладаг, хулхиддаг, архиддаг, завхайрдаг "өрнийн дордуудын гэгддэг" шинэ зан, авираа боль.  Одоо өнгөрсний үр, ирээдүй одоогийн дүр гэдгийг эргэцүүлж нэг үз.

Сайд нь саад, бодлого нь чөдөр болоод байна, энэ улсад.  Эрдэм, мэдлэгийн хүч гэж байдаг юм. Эрдэм, ухаангүй мунхаг, тэнэг нь биш, харин эрдэм номтой цэцэн цэлмэг нь улсыг  хөтөлнө. Энэ соёл, жамыг улс төрт бий болго.

Манай улс дэвжихэд тийм их мөнгө хэрэггүй. Бас тийм их ухаан ч хэрэггүй. Хэтэрхий уудам нутаг,  хэтэрхий их баялаг, хэтэрхий их нөөц, хэтэрхий уужим ухаан бидэнд байгаа нь бараг л алдаа болоод байх шиг, энэ цагт.  Баялаг үгүй улс аятайхан оршоод байгаа түүх энд тэнд их байна.

Эгэл эрхэм, эрхэм эгэл байхыг эрхэмлэдэг төв ухааны  уламжлалт монгол соёлоо сана, дээдлэ. Ингэж явахад энэ улс өөрөө аяараа хөгжинө. Хөгжиж ч ирсэн юм.

Больчихмоор энэ бүхнийг больж, хийчихмээр тэр бүхнийг хийх нь уг нь амархан, гэвч бас амаргүй.  Энэ  амаргүйг, гэвч, "ОУВС-ийн эрхшээлд орж улсаа алдахтай"  зүйрлэж,  харин, үл болох. 

Ц.Лувсандорж
2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 

Sunday, February 19, 2017

Эх орноо удирдах, зон олны сайн сайхны төлөө зүтгэх эрхэм дээд зорилго

Эх орноо удирдах, зон олны сайн сайхны төлөө зүтгэх эрхэм дээд зорилгыг улсаа дампууртал ходоодтойгоо хутгагчид ардчилсан гэх алийгаа алдсан он жилүүдэд их төрч тун олширсон.

Ц.Лувсандорж

2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 

Saturday, January 28, 2017

Их сургууль ажилгүйчүүд бэлтгэх үйлдвэр биш


 Их сургууль ажилгүйчүүд бэлтгэх үйлдвэр биш

Их сургууль их сурахын эх; сургуулийн их нь юм. Их сургууль, иймд, эрдмийн л эрэмбэтэй байдаг. Их сургууль, иймд, шилдэгийн шилдэг нь тэсэж чадах талбар болдог. Их сургууль, иймд, мэдлэг, эрдэм ухаан, арга замыг нэмдэг, залуусыг бүтээгч болгодог оюуны үйлдэрлэлийн онцгой салбар юм. Их сургууль, иймд, улс орон мандан бадрахын оч, гэрэл, хүч, тулгуур нь байдаг. 


Гэвч ардчиллын гэх алийгаа алдсан он жилүүдэд манай улсын их сургуулиуд их сургуулийнх гэх энэ мөн чанараа аль хэдийн алджээ. Тэр, одоо, намчирхалын талбар, мөнгө хүүлдэг газар болсон байна. Тэр, одоо, дурын дундажийн дураар дургидаг авилгалын салбар болсон байна. Тэр, одоо, хамгийн гайтай нь, цэл залуусыг ажилгүйчүүд болгон хувиргаж гэр бүл, нийгэмд ядуурлыг нэмдэг хулхи үйлдвэр болсон байна. 


Их сургуулийг ингэж алийг нь алдуулахад энэ улсад эргүүтэл, мунхаглал л өдрөөс өдөрт өргөжин хөрсжиж байх. Их сургууль нь ингэж их эргүүтэл болж хувирсан улсыг их дэвшил биш, харин, гагцхүү их доройтлын зам тосож байдаг. 


Их дэвших үү, бүр улам доройтох уу?


 2017 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 


Ц.Лувсандорж

Monday, January 9, 2017

Их сургуулийн хөгжлийн төлөө хөдөлгөөнийг санаачлагч

Хөгжил чөдөрлөсөн сайд гэсэн нэг бичвэр бичиж төлбөр өгч сонинд хэвлүүлэн олны хүртээл болгохгүй бол ерөөсөө болохгүй нь дээ. Энэ чөдөр сайд бол их сургуулийн хөгжлийн заалтыг өөрчилж их сургуулийн хөгжлийг чөдөрлөх хүслээ хууль болгож батлуулсан этгээд байгаа юм. Хөгжлийн энэ чөдөр заалтын дүнд одоо нэг намчин их сургуулийн захирлаар томилогдож номчинд зааж , их сургуулийн хөгжлийг чөдөрлөдөг суух юм. Хуулийн дагуу гэээд л. Ингэж тэнэглэхэд эцэстээ хэн ч хожихгүй дээ. Заримынх ходоод түр дүүрэвч тэр нь эцэстээ их өр юм. Тэрнээс тэр бүр иймд хожихгүй, хэзээ ч. Иймд ийм тэнэглэлээс салцгаая. Тэр мунхаглалыг зайлуулцгаая. Их сургуулиа хөгжүүлцгээе. Их сургуулийн хөгжлийн төлөө хөдөлгөөн байгуулцгаая. Нэгдцгээе. 2017 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр профессор Ц.Лувсандорж

Sunday, January 1, 2017

Фэйсбүүк андууддаа шинэ оны мэнд хүргэе.




Фэйсбүүк андууддаа шинэ оны мэнд хүргэе.

Монголоо дэндүү гамгүй хэрэглэсэн, үнэт зүйлээ үнэгүй болгосон, баялагаа дэндүү хямд үрсэн, монгол нь монголоо төвөгшөөсөн, монгол нь монголоосоо хулгайлсан, монгол хүн монголдоо дорд үзэгддэг  хуулбарласан, хувилбарласан, хулгайлсан, хийрхсэн сэтгэлгээний дон туссан өнгөрсөн он жилийг  үзэж үдэж буй ЭНЭ МӨЧ  монгол хүн бүрийн хувьд дор дороо, чадах чадахаараа, үйлээрээ, бодлоороо, үйлсээрээ  газар дээрх ганцхан Монголоо их гамнах, их гоёх он жилүүдийн эхлэл, их үйлсийн эх байг.

Ирж буй онд Та бүхний  бие эрүүл, оюун саруул, сэтгэл тунгалаг байг. Биеэ эрүүл байлгахын тул эрүүл ид. Оюунаа саруул байлгахын тулд өдөр бүр унш. Сэтгэлээ тунгалаг байлгахын тулд байгальд ойрт, амьтнаас суралц.

Цахимд  нэгдэж цахилж яв.


Та бүхнийг хүндэтгэсэн,  профессор Ц.Лувсандорж 

2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр



Wednesday, December 14, 2016

Нүүдлийнх үү, нутгийнх уу?



Нүүдлийнх үү, нутгийнх уу?      

Салбарын сайн л сайд байх уг нь жам ёс юм. Гэвч энэ жамыг үл дагаж сайн бус атлаа сайдаар хээв нэг томилогдон нисэж ирэх нь жам бус цагийн зам болоод удаж байна. 20 хол гаруй жил лав л болсон байна. Ингэж тодорсон сайд залархах бүрт “сайд юм чинь сайн нь байгаа” гэж гэнэн итгэл, цайлган сэтгэл, гүндүүгүй гэх хэнэггүй зангаар салбар бүрийнхэн түүнд цэнхэр хадаг сунгаж цэнгэлдэн угтах нь жам бус жам болов, бас.

Гэвч ингэж угтуулсан тэр сайд хээв нэг цэнгэж, наргиж, дураар дургиж, цэцэрхэн хийрхэж байгаад салбарыг улстай нь хамт салбайлгаж орхиод буцах нь гэмт атлаа гэмт бус зам болов, мөн. Ингээд буцдаг тэднийг харин нүүдлийн шувууд гэх.  

Нүүдлийн шувууд урин цагт ирж цэнгэн жаргаж, идэж ууж, тэнхэрч  аваад зэврүүн мөч ирэхэд буцдаг. Нутгийн шувууд нь харин нутагтаа тэмцэж оршиж, оршиж оддог. Шувуу бүрийг нүүдлийнх үү, нутгийнх уу гэдгийг үйлийг нь шинжиж амархан таньж болно. Харахад, буцахаар цэнгэж байвал тэр нүүдлийнх. Ажиглахад, амьдрахаар үүрээ  янзлан хичээнгүйлэн ажиллаж байвал тэр нутгийнх. 

Энгийн энэ ухаан эргээд нисэж ирсэн  сайдын саар, шаарыг эртнээс  мэдэх, шинжих, шилэх, голох  шилдэг нэгэн шалгуур болжээ, энэ цагт. Энэ шалгуураар тэр сайдыг шинж. 

Тэр нүүдлийнх үү, нутгийнх уу?

Ц.Лувсандорж

2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр

Sunday, December 4, 2016

Золиос үеийнхэн



Золиос үеийнхэн

Хөдөлмөрлөөгүй, улс төрийн шийдлээр баяжсан нэг хувиас бусад нийгмийн бүх бүлэг ардчилсан нэрээр хийгдсэн гамшгийн золиос, хохирогч юм.  Эд золиосон цагийн золиос үеийнхэн юм.

Энэ золиос үеийнхнийг 4 ангилж болно. Үүнд: 1. 1990 гэхэд ажил, амьдрал нь ид жагссан үеийнхэн буюу тэр үед 40-50 настай хүмүүс. 2. 1990 гэхэд 22-35 настай цэл залуу байсан үеийнхэн буюу одоогийн 50-60 насныхан. 3. 1990 гэхэд төрж байсан; нялх балчир байсан, тэр үеийн 1-5 настай хүүхдүүд буюу өнөө залуу цагийнхан. 4. Ирээдүй үеийнхэн.

Үе бүхэн энэ гамшигт гундсан, гандсан, дордсон, доройтсон, эцэстээ, ихэнх нь амьдралд хөл алдсан байх. Хөл алдахаар болсон байх.

Нэгдэхь золиос болох 1950 оныхон цэл залуу насаа зориулсан нийгэм, улсаа нуран унаж байхыг харж гундсан; бас үнэт зүйл гэж бодож явсан нь үнэ цэнэгүй болж буйг үзэж гандсан; өмч цуглуулаагүй, харин эх орон, нийгмийн төлөө үнэнчээр зүтгэж явсныхаа төлөө мөнгөний нийгмийн үр хүүхдэдээ адаглагдан дорд үзэгдэн доройтож, ихэнх нь нийгмийн доод давхаргад очиж одсон байх.
Хоёрдахь бүлгийн золиосууд итгэл үнэмшил, үнэ цэнэ, өмчгүйн үзэл, эх орон нийгмийн төлөө үнэнчээр ажиллана, зүтгэнэ гэсэн чанараараа өмнөхтэйгээ яг адилхан. Өмнөх бүлгийн золиосоос эрс ялгаатай нэгэн шинж тэдэнд бий. Тэдэнд эрдэм мэдлэгээс өөр юу үгүй байв. Тэдэнд оромж байсангүй. Тэдэнд ажил байсангүй. Хулгай хийхгүй, худал хэлэхгүй гэсэн хүмүүжил харин байв. Бас цэл залуу нас л байсан. Тэд цэл насныхаа хүчээр дор дороо өөр өөрийнхөөр л зүтгэж үзэж дарсан. Гэвч их цөөхөн нь өөрийгөө өрөнд оруулалгүй л тэсэж үлдсэн байх. Ихэнх нь өмч, хөрөнгө, мөнгө, буруу үзэл номлолын золиос болсон байх. Тэд одоо харин 50, 60 гарчээ. Тэтгэвэрт суужээ. Гэвч ихэнх нь тэтгэвэрт гарах энэ цагаас их эрт  одсон байгааг үлдсэн хэд нь уулзахдаа олж мэдээд уйлж суудаг юм. Үлдсэн хэдийн нь ихэнх нь гэр бүлээсээ салсан, сарнисан, холдож, харжсан, цөлөгдсөн, хар гэрт очсон байх. Эд бүгд хайран  цэл залуу насаа золиос болгосондоо гундаж суух. Ихэнхи нь цөхөрсөн, сөхөрсөн байх. Тэд харин одоо тэр гамшгийн гайг л гүн ухаарсан явах. 

Золиосын гуравдахь үе бол одоогийн цэл залуухан залуус, залуухан хөгшид болох өнөө цагийхан юм. Тэдэнд өмнөх үеийнхэн үлгэр мэт байх. Тэдэнд өмнө үеийнхэн тэнэг мэт байх. Тэд "үсний үзүүрт сэрэл хөдөлж байна" гэж хээв нэг дуулна. Тэр нь үнэ цэнэ болж хит болдог. Тэдэнд мэргэжил, мэдлэг, эрдэм ном гэхээс илүү халтар бор мөнгө л чухал. "Мөнгө, мөнгө, мөнгө" гэж дуулдаг. Түүний төлөө өглөөнөөс өглөө хүртэл шогждог. Тэдний үнэт зүйл нь мөнгө. Тэдний замнал ном биш харин нам байх. Тэднийг харахад эр, эм илт ялгагддаггүй. Солонгос шийгээр өлгийтэйгээсээ эхлэн тархи угаалсны гай нь тэр. Тэдний ший нь алаан хядаан, буудалцаан. Америк ахыгаа дуурайж байгаа нь тэр. Тэд мөнгөжсөн сурталчилгааны боол мэт байх. Хорыг хоол гэж сурталчилсан сурталгаагаанд хөтлөгдөн хоол биш хорыг хээв нэг идэж ууж суух. ... Тэдэнд эх орон гэж яривал эргүү хүн болох нь хэвийн. Тэдэнд ном яривал дүлий мэт суух. Тэдний эх хэлний үг, өгүүлбэр бүр "ш..;ш..; " -тай эхлэж, "p...; р....' -тай өрнөж, "f...; f..."-тай төгсдөг ... Ном уншдаггүй, тэгэхээр бичиг мэддэггүй. Өргөдөл бичиж чаддаггүй. Ажил хийж үзээгүй... Мөнгө, мөнгө, мөнгө ...Яахав, гэрийн бүлийн хатуу хүмүүжилтэй цөөхөн хэд нь арга барахдаа гадаадад сурсан нэрээр ажил хийдэг, эсвэл, зарим нь шууд гадаадад гарч боолын ажил хийж өөрийнхөө хөлсөөрөө амьдрах гэж зүтгэж байх. Ийм нэгэн золиос монголын ойрын ирээдүй болж харагдах. Гамшгийн жилүүд ийм залуусыг ингэж бүтээж дээ. Тийм л золиосуудыг бий бүтээж дээ. 

Золиосын дөрөв дэх үеийнхэн бол монголын алс ирээдүйн эзэд болох тээгдэж яваа, төрж яваа, торниж яваа хүүхэд юм.  Тэд өмчтэй, өмчгүйгээр нь нялхаасаа ялгаварлан гадуурхалын золиос болж энэ нийгэмд торниж өсдөг.  Тэднийг ингэж ялгаж, ялгаварлан гадуурхах нь 1992 оны гэх үндсэн хуулийн өмчлөлийн үндэслэлтэй байх.  Ерөнхий боловсролын хувийн сургуулийг олноор байгуулж баячууд, даргын хүүхэд сурдаг сургууль, борчууд, ядуусын хүүхэд сурдаг сургууль гэж боловсролын яам нь сургуулиар ялгасан, олигархжсан, лоббижсон бодлогыг үндсэн хууль ёсоор явуулдаг тул хүүхэд нийгмийн тэгш бус байдал, тэнцүү биш боломж, ялгаварласан боловсролын бодлогын золиос болж байдаг. Өнөөгийн хүүхэд ажилгүй эцэг эхийн халамж дутуу нөхцөлд өлсөж хохирно. Өнөөгийн хүүхдийг нийгмийн тэгш бус байдал, тэнцүү биш боломж, шударга бус байдал угтаж авна. Ажилгүйдэл, архидалт, авилгажилт, найрлалт тэднийг шууд тосож угтана. Энэ нийгмийн ийм буруу авирлалт өнөөгийн хүүхдийн ирээдүй нэг л барзгар, баргар  болж харагдах.  Харжиж, харьжих үзэгдэх. Тэд тэгэхээр тээр өнгөрсөн цагийн тээр гамшгийн ирээдүйн золиос аль хэдийн болсон байх.
Золиос үгүй зүйл үгүй. Гэхдээ нийгмээрээ золиослогдсон, он оноороо хохирогсод болсон, үе үеэрээ золиослогдсон байж үл болох.  Гэвч тийм нийгэм бодиттой байна аа. 

 Тэгэхээр ийм нийгэмд хөтөлсөн тээр үйл буруу, тэр хүмүүс  урвуу юм.

Ц.Лувсандорж
2016 оны 12 дугаар сар 4-ний өдөр