Thursday, April 13, 2017

Зүүдэн Учралт Шагдар Багш минь



Зүүдэн Учралт Шагдар Багш минь

Ордон лугаа их том байшингийн том хаалгаар ороход тээр тэнд дээрээс доошоос унжсан их өргөн шат харагдана. Гэвч тэр  шатны хажуу дахь сандал дээр  зэрэгцэн сууж байгаа хоёр хүн, харин, тод томруун харагдах нь хачин содон, сонин. Тэдний байдлаас харахад  хүн хүлээж байгаа  юм болов уу гэж баригдана. Тэднийг зүглэн алхав. Тийшээ дөхөж  явахдаа “Яасан ч том, өргөн шат вэ”  гэж  гайхав. Мөн энэ  зуурт  “Энэ байшин эсвэл их том номын сан, эсвэл,  их том сургууль юм байна” гэсэн шүү мэдрэмж  төрөх. Тэр хоёр хүнтэй мэндэлж  ч амжаагүй байтал бараандуу саарал өнгийн костюм пиджакийг ганган хээнцэр биш ч, цэвэр нямбай, донжтой өмссөн, шалавхан хөдөлгөөнтэй цэмцгэр алхаатай, яг босгож самнасан биш, гэхдээ “босоо халимаг л “ гэж тодорхойлмоор; хар ч  биш, цагаан ч биш,  ер нь бараан л гэж хэлмээр  үстэй,  дунд зэргийн нуруутай нэгэн хүн тэдэн лүү нөгөө өргөн шатаар бууж дөхөн очоод,  жаахан бөхийн, тус бүрд нь зөвлөгөө өгч байгаа болов уу гэмээр өөртөө их л итгэлтэйгээр, төвөггүй  ярина. Уг байдал, үйл хөдлөл нь их танил мэдрэгдэх  тэр хүнийг ажиглан, чимээгүй дуугүй зогсож  байсан би гэнэт “Шагдар багш” гэж  дуу алдав. Сэрэв.    
“Шагдар багш.  Багш зүүдэнд иржээ. Гэхдээ буурал үсгүйгээр  ирлээ. Багш маань залуу, цоглог харагдаж байна. Сайн яваа юм байна, бас өндөрт яваа юм байна даа” гэж өөртэйгээ ярьж хэвтэх зууртаа миний энэ амьдралыг зүүд мэт өөрчилсөн ачит багшийн ачлалыг нэг эргэцүүлэв.    

1989 оны хавар юм даа. Бид МУИС-д 5 жил суралцаж,  математикч, математикийн багш болж  тал тал руу, нутаг нутагтаа буцаж байсан үе. 5 жил нэг анги, нэг хэмнэл дор явсан бидний хувьд түрүүлж явсан нэгнийгээ үлдсэн нь гаргаж өгч үдэх нь бичигдээгүй, хүчлэгдээгүй, батлагдаагүй нэг дүрэм болчихсон байв. Тэр мөч мэдээж нулимстай, гунигтай, уяралтай, ухааралтай байдагсан. Намайг гаргаж өгөх ээлж ч дөхөв. Завхан аймгийн Баянтэс сум руу явахаас  өмнө анги даасан Чимэдцэрэн багштайгаа нэг уулзаж, яримаар, бас “баяртай” гэж хэлмээр санагдаад байв. Нутаг явахаар төлөвлөснөөс нэг өдрийн өмнөх өдрийн өглөө эрт МУИС-ийн А байрны 2 давхрын баруун жигүүрт байрладаг багшийн өрөөг шагайв. Чимэдцэрэн багш маань “Ор оо  ор” гэх. Ангийн дарга байсан тул багшийнхаа ааш араншин авирыг бага зэрэг гадарладаг болсон би  “Ангийнхнаа гаргаж өгөөд л байна, бид. Миний ээлж маргааш” гэв.  Үүнийг сонссон багш маань “ Юу гэнэ хө...”; “...гаргана гэнэ, хө” гэж ёжтой янзтай  хэлж өөр зүйл бодож байгаа мэт хэсэг дуугүй байснаа  “Би чамайг Шагдартай ярьсан. Улсын Багшийн Дээд Сургууль (УБДС)-ийн Б байрны 2 давхар, 210 байх аа (өрөөний дугаар). Юун хөдөө явах. Маргааш өглөө Шагдартай очиж уулз. Би хэлчихнэ”  гэв.  Би тэгэхэд нь “Багшаа, би онгоцны билет (тийз) бичүүлчихсэн” гэхэд,  ангийн багш маань “Наадахаа буцаа” гэв. Тэгэхэд  би “Багшдаа, баярлалаа ч гэлгүй, За” гэж хэлэн тэндээс гарч, онгоцны тийзээ буцаав.  

Маргааш өглөө эрт УБДС-ийн Б байрыг олж, жижүүрээс нь “Шагдар багш” гэж асуухад, урдаас, “Багш ирчихсэн. Өрөөндөө байгаа. Математикийн тэнхмийн багш нарын өрөөгөөр дамжин ордог, давхар өрөө шүү” гэв. Би тэр өрөөг олж “Та сайн байна уу, намайг Чимэдцэрэн багш явууллаа” гэхэд,  буурал үстэй, дунд зэргийн нуруутай, цэмцгэр хувцасласан 40 гарч яваа болов уу гэмээр нүдэнд дулаанхан, шардуу царайтай багш суудлаас өдийн “Хүүхээ,  чи чинь Лувсандорж уу” гээд, намайг шууд дагуулан явах зууртаа “Захиралд танилцуулна аа” гэж хэлэв.  Шагдар багш “ректор О.Отгонсүрэн” гэсэн хаягтай хаалгаар орж хэсэг байсныг дараа намайг дуудав. Би захирлын өрөөнд ингэж анх орж,  Шагдар багш, ректор Отгонсүрэн багшийн дэргэд зогсов. (Тэр үед би юу хэлж байснаа одоо нэг л сайн санахгүй байх чинь.  Тийм “том” хүмүүстэй анх уулзаж байсан болохоор мэдээж их сандарч байсан байж таараа). Тэд шинэ багш тул “300 төгрөгийг олгох, мөн хичээл эхлэх хүртэл засварын ажилд туслуулах” гэсэн утгатай зүйл ярьж байв. Захирлын өрөөнөөс гарч тэнхимдээ ирсний дараа Шагдар багш “За, маргааш ажилдаа ор. Зуны амралт эхэлж байгаа тул зундаа засварын ажилд туслана. Шинэ багшийн тэтгэмж 300 төгрөгийг удахгүй олгоно” гэж хэлэв. Шагдар багшийн өрөөнөөс гараад оюутны байр луу явах замдаа болсон явдлыг эргэцүүлэхэд энэ нь миний хувьд яг л зүүд мэт байсансан. Монголын алс нэгэн бөглүү суманд төрж өссөн, сумын сургуулийнхаа математикийн багшаар л өөрийнхөө бүхэл ирээдүйг төсөөлж байсан хотод танил талгүй, хөдөөний эгэл нэгэн оюутан ингэж л шударга, зарчимч, ажил хэрэгч, хариуцлагатай, хүнлэг энэрэнгүй, хүний төлөө багш нарынхаа  ачлалаар  их сургуулийн багш болов оо (Багш нар маань намайг ингэж үлгэр, зүүд мэт өөд татаж, дэм тус болохдоо МУИС-ийн математикийн ангид 10 улирал онц дүнтэй суралцаж, сургуулиа улаан дипломтой төгсөхөд миний гаргасан зүтгэл, хичээсэн хичээлт, урсгасан хөлсний хэмжээг бодсон;  мөн хөдөө өсөж хар бор ажилд нухлагдан төлөвшсөн үнэнч, шударга,  хичээнгүй, зүтгэлтэй  чанарыг  минь таньсан; 8 наснаас  их сургууль төгсөх хүртэл дотуур байранд амьдрах явцад эзэмшсэн бие дааж орших, сурах, унших, амьдрах чадварыг минь үнэлсэн; бас  анги хамт олонтойгоо аятай байхыг эрхэмлэдэг зан харьцааг  минь  шинжиж харсан ч нь байж мэдэх юм). 

Хичээлийн тэр жилээс  Шагдар багштай хамт олны хэсэг болж ажиллахдаа багшийг ихэд хүндэтгэж, итгэлийг нь алдахгүй байх гэж ихэд хичээдэг байвч багшаас жаахан эмээж, их зайдуу л байдаг байв (...Зарим нэг цагаан сарын баяраар Батхүү багшийг бараадан багшид золгож хүндэтгэл үзүүлдэг байж). Япон Улсад мэргэжил дээшлүүлж байхдаа мэдсэн, эргэцүүлсэн зүйлдээ тулгуурлан  үндэсний хөтөлбөр, боловсролын стандартыг хөгжүүлэх ажлыг боловсронгуй болгох чиглэлээр докторын зэрэг горилсон нэг сэдэвт ажлыг бичиж дуусаад судалгааны ажлын удирдагчаа олох (Буриадын их сургуулиас манай тэнхимд томилолтоор ажилласан Баклаев гэдэг эрдэмтэн миний ажлыг удирдаж байсан юм. Хол, тэгээд ч чиглэл өөр болсон тул удирдагчаа солих шаардлага гарсан) хэрэг гарав. Тэр үед манай факультетад одоогийнх шиг ийм олон эрдэмтэд байсангүй. Дэд эрдэмтэн, доцент Насанбуянгийн Намсрай, дэд эрдэмтэн, профессор Дамбын Шагдар гэсэн хоёр багш л эрдмийн зэрэгтэй, докторын ажил удирдах боломжтой байж. Шагдар багшид энэ талаар хэлэхэд судалгааны ажлын удирдагч болохыг зөвшөөрч би ч тун их баярлав. Гэхдээ бас “бичсэн зүйл маань багшид таалагдахгүй байх вий дээ” гэж их л санаа зовдог байв. Монгол хэлээр олигтой бичиж чаддаггүй байсан надад багш маань мөн их тус дэм болсон доо. ... Хамгаалах зөвлөлөөр ажлаа хэлэлцүүлэв (2 цаг гаруй өрнөсөн санагдаж байна). Хэлэлцүүлгийн төгсгөлд  Шагдар багш маань удирдагчийн хувьд ажлыг товч дүгнэсэн яриагаа “Хүнд биологийн наснаас гаднаас оюуны нас гэж байна аа... ”[1] гээд л эхэлж байсан нь одоо тод сонсогдох шиг.... Хамгаалах зөвлөлийн гишүүдийн 78 хувийн саналаар (75 хувиас доош бол хамгаалалт хийгдээгүй гэж үзэх юм. Энэ нь унасан, бүтэлгүйтсэн гэсэн үг л дээ) хамгаалалт амжилттай болов. Маргааш өглөө нь ажилдаа ирээд сууж байтал Шагдар багш өрөөнд орж ирээд (ер нь, багш бусад багшийн өрөөгөөр бараг орж харагдахгүй дээ) “...цаад золигнууд тань хатуурхаж байна. Хатуухан хамгаалалт боллоо” гэж хэлээд гарч явсансан. Шагдар багшийн энэ үгний хөг өнгөнд “Намайг урамшуулсан. Магадгүй, жаахан тоосон шинж, өнгө аяс байх шиг; мэдрэгдэх шиг” болж, яагаад ч юм, нүдэнд нулимс хурж, ихэр татан ихээр уйлмаар болж билээ. 

 БСШУЯ-ны захиалгат “Бага, дунд боловсролын стандарт”  төслийн хүрээнд боловсруулсан математикийн боловсролын стандартыг манай тэнхмээр хэлэлцүүлсэн нэгэн уулзалт семинар нилээд ширүүхэн болсон санагдаж байна. Төслийн удирдагч, математикийн боловсролын стандартыг боловсруулах багийн гишүүний хувьд би уулзалт ярилцлагын явцад нилээд амь түргэн байсан биз ээ.  Хэлэлцүүлгийн төгсгөлд Шагдар багш үндэсний боловсролын стандарт, хөтөлбөрийг цаашид хэрхэн сайжруулж болох талаар тодорхой санал, чиглэл, зөвлөмжийг багийн ахлагч Ж.Баатар багшид ихэвчлэн хандсан өнгө янзтай хэлсэн үгнийхээ дунд “Мэдлэг нимгэнтний ам нь түрүүнд” гэсэн үгийг хавчуулж байж билээ. Энэ үг алс бөглүү, аглуу нутагт өсөж торнисон, өөрийнхөө ирээдүйг сумын сургуулийн математикийн багшаар бүрэн төсөөлж явсан хөдөөний тэр нэгэн хүүд бус, харин үндэсний шинжээчийн түвшинд хүрч өндийсөн  их сургуулийн багш, залуу эрдэмтэнд хаягласан багшийн маань сүүлчийнх, гэхдээ мөнхийн захиас байсан юм шиг одоо санагдаж байх. Зүүдэн учралт Шагдар багш минь миний амьдралыг ингэж л зүүд мэт өөрчилсөн нэгэн ачтан юм даа.

Зүүдэнд ирсэн Шагдар багшаа эргэцүүлж дурсан ингэж дуусахад нүд нулимстай, сэтгэл нэг л гунигтай. Гэвч  зүүдний тэр дүрээр багшаа тунгаан дэнслэхэд бас л бахархалтай, бахдалтай.

Ц. Лувсандорж
2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр



[1] Энэ санааг тээж явсаар “Залуухан хөгшид” гэсэн нийтлэл болгосон. 

Saturday, April 1, 2017

Монгол Анир


                Монгол Анир

Чад чад үсрэх оч

Час час хагарах мөс

Чар чар дуугарах цас

Чахар чахар найгах мод

Гялс гялс анивчих од

Гялт гялт анирлах хяруу

Мэлтэс мэлтэс гэх нуур

Мэлс мэлс мандах сар

Тэс тэс хөлдөх гол

Түс түс түрэх түрлэг

Түс тас хийх аянга

Түр тар дугарах тэнгэр


Сэр сэр сэвэлзэх салхи

Сэм сэм ширтэх харц

Шив шив гэх шивнээ

Шивэр шивэр орох бороо


Бур бур бувтнах үрс

Фүр фүр буцлах цай

Пүр пүр исэх тараг

Хүр хүр илдэх сур


Ход ход инээх нялхас

Хор хор хоржигнох горхи

Хос хос орших амьдрал

Хол хол зусах айл


     Ц.Лувсандорж

2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр


       








Ичиг, Ичиг, Ичиг, Тэр Хүмүүс



Ичиг, Ичиг, Ичиг, Тэр Хүмүүс
Саяхан 29 дүгээр тусгай сургуулийн хүүхдүүд  дохионы хэлээр хичээл, сургалт явагдахгүй байгааг эсэргүүцэж, “Бүх хичээлийг дохионы хэлээр явуул” гэж шаардан сургуулийнхаа өмнө жагсав. “Салбарын сайд нь дохионы хэлээр олон багш бэлтгэх нь эрсдэлтэй” гэж хийрхснийг үл тооцвол тэдний эсэргүүцэл, тэмцлийг илүү харж тоосон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, албан тушаалтан ардчилсан гэх монголд одоогоор алга. Гэвч  би “тэдний энэ шаардлагыг зөв зүйтэй” гэж үзэн тэднийг их ихээр дэмжиж байна.
Энэ тэмцлээр тэднийг бүү буруутга. Тэд сурах эрхтэй. "Тэднийг сургахад хэрэглээрэй" гэж ажил хийж байгаа хүн бүр 10 төгрөгнийхээ нэгийг улсын төсөвт өгч байдаг. Мөн "ийм хүүхдэд хичээл зааж байгаа юм даа" гэж багшид 30 хувиар цалинг нь нэмж бас өгдөг. Үүнийг л тусгай сургуулийн багш нар тусгайлан их сайн бодох хэрэгтэй. Тэгээд өөрсдөөсөө ич.  

 Адил тэгш байдлыг бий болгох, боловсрох, сурах боломжийг адил тэгш олгох, шударга байх, хүмүүнлэг, ардчилсан байх гэх зэрэг нөгөө алдарт зарчим, үзэл санаагаа сайдаасаа эхлэн албан тушаалтан бүр дор дороо тунгааж нэг бод. Өөрсдөөсөө ич. Иргэдээсээ ич, Тэр хүмүүс.
 
Саяавтар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд математикийн хичээлийг хэрхэн явуулж байгааг ажиглахаар хэд хэдэн тусгай сургуулиар орж, багш, хичээлийн эрхлэгчтэй уулзаж хоёр гурван үг солив.

Хараа муутай хүүхэд математикийг маш сайн сурч болдогийг хэлээд сурах язгуур ухааныг Брайль хэл дээр хэрхэн буулгаж болох тухай ярьж байхдаа тэдний байгаа байдлыг мэдэрч сэтгэл маань ихээр өвдөв. Багш нар нь 30 хувийн нэмэгдэл авдаг мөртлөө тэдэнд хичээл заах аргаа одоо ч олоогүй байгааг бодоход бэрх. Тэд "одоо л нэг программ авч байгаа" гэж бувтнан зогсох. Хүүхдээсээ ич, Тэр багш нар.
Дохионы хэл дээр математикийг маш сайн зааж бас болно. Гэвч тэнд сургалт гэж явуулаад байгаа юм алга. Хөөрхий тэр хүүхдүүдийн нөлөөгөөр тэд энэ талаар гадна, дотны мөн ч олон төсөл, хөтөлбөрт  хамрагдаж үр шимийг нь хүртсэн дээ.  Гэвч бодит үр дүн нь нэг ийм л байх.  Хүүхдээсээ ич. Тэр багш нар.
Эрүүл саруул хүүхдийн математикийн хичээлээр 2015-2016 оны хичээлийн жилд үзүүлсэн улсын дундаж хувь 30  хүрэхгүй байна (Өмнөх оныхтой харьцуулахад 5 хувиар өссөн гэж байгаа шүү дээ...). Энэ нь хүүхдүүд тань улсаараа муу сурч байна гэсэн үг. Ажил, ерөөсөө хийгдэхгүй байна аа гэсэн үг. Энэ нь төсөв үр дүнгүй, үр өгөөжгүй байна аа гэсэн үг. Энэ бүхнээсээ ич, Математикийн бүх багш нараа!. Тэр олимпиад, сургалтын төв, энэ, тэр халтвараа боль. Хүүхдээсээ ич, Иргэдээсээ ич.  Өөрөөсөө ич.
Багш нарын мэргэжлийг дээшлүүлж байна гэж хэнд ч хэрэггүй "на, на, ... no, no" гэж хийрхэж багшийн хайран цаг, мөнгийг бүү үр. Тэдний мэргэжлийг доошлуулах бус харин үнэн дээшлүүл. Үүний тулд мэддэг, чаддагаас нь гуй, асуу. Тэнэг л мэддэггүйгээ мэддэггүй юм шүү дээ. Үүнээсээ ич, Мэргэжил дээшлүүлэгч ээ!
Намын бус, харин номын хүчээр л асуудлыг шийдэж, хүнд үнэн тус болдог юм. Үүнийг дор дороо өөртөө нэг сайн эргэцүүл. Хүүхдээсээ ич. Багш нараа! Багшаасаа ич, Мэргэжил дээшлүүлэгчид ээ!. Иргэдээсээ ич, Албан хаагчид аа!
Сурах эрхийнхээ төлөө тэмцэж байгаа өөрийн тань хүүхэд шиг тэр хүүхдүүдээсээ ич, Улс төржсөн, намчирхсан, мэдлэг боловсрол хомс эрх мэдэлтнүүд ээ!
Тэр хүмүүс, ичиг, ичиг, ичиг, Тэр хүмүүс. 
профессор Ц.Лувсандорж
2017 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр

Sunday, March 19, 2017

ГЭНЭН ХАЛТАР




ГЭНЭН ХАЛТАР

Хашаагүй юм шиг оромжийн галгүй юм шиг буланд Халтар даарснаасаа болж хөрвөөсөөр унтаж огт чадсангүй.Тас харанхуй хүйтэн тэр оромжиндоо тэрээр өндийн сууж, бага ч гэсэн дулаалцах санаатай гарын хоёр алгаа хооронд нь чангаар үрж  “вүү, вүү” гэж  үзэх. Ингэж суух зууртаа Халтар хүүхэд насаа эргэцүүлж нэг бодон, хамгаас хайртаа аавыгаа ихэд үгүйлж  ихээр ихэр татан нилээд уйлав. Нүднээсээ нулимс гаргахгүй болтлоо уйлсан Халтар “Ингэж уйллаа гээд яах ч билээ дээ” гэж өөр өөртэйгээ шивнэн ярьж бостол гадаа жаахан гэгээ орсон байв. Тэрээр өчигдөр хэрэглэсэн, энд тэндээ өмөрч цоорсон халтар хэдэн шуудайгаа тэмтрэн олж аваад,  бусдаас  уртаж, хэдэн цэгээр хурдан амжиж орохоор осгочих шахам  хоноглосон оромжоо орхин хөдлөх энэ.  
Олон жил өвөл зунгүй, хавар, намаргүй алхсаар овон цовон, хонхор, цүнхэрийг нь андахгүй  болтлоо ижилсэн тэр цэгүүдээр  Халтар хурдан хурдан самнан орж, хуванцар сав, лааз, шил зэргээр хоёр шуудайгаа их  хурдан дүүргэв. Дүүрсэн хоёр шуудайгаа холбож, мөрөндөө  их л сурмаг байдлаар тохох зууртаа тэрээр “өнөөдөр ч ёндоох нээ”  гэж өөртэйгээ ярина. Холбосон хоёр том шуудайны нэг нь урагшаа, нөгөө нь арагшаа унжсан тул өмнө шигээ тэрээр яаран хурдан алхаж үл чадавч амжиж хэдэн цэгээр орж,  нэмж хоёр шуудайгаа бас дүүргэв.  Сүүлд дүүргэсэн хоёр шуудайгаа өмнө шигээ мөн холбон нөгөө мөрөндөө тохно. Дөрвөн том шуудайг мөрөндөө ийнхүү тохож үүрсэн Халтар цаашилсаар бас нэг шуудайг дүүргэв. Сүүлд дүүргэсэн шуудайгаа  нэг гартаа чирж, нөгөө гартаа бас нэг шуудайг барьж аван түүнийг хэрхэн дүүргэхээ бодон хэсэг амарч суухдаа тэрээр энэ хотын нэг өдөр аль хэдийн эхэлснийг сая л нэг ажив.
Машин замын нөгөө урсгалаар том гэгч хар машин хурдлан давхина. Жолооч нь харин, түүнийг  хараад, нэг юм хэлэх шиг болоход Халтар “Аан, гоочилж байгаа биз ээ, тануусь” гэж амандаа бувтнан босож, цааш зүтгэв. Хэд гурав алхсны дараа машин чигнаалдахад  Халтар ядарсандаа зогсолгүй “чихгүй юм шиг” сонсоогүй мэт цааш алхана. Чигнаалдан чигнаалдсаар машин түүний дэргэд ирж зогсоход  ачаатай тэмээ лугаа харагдах Халтар сая нэг зогсов.  “Өмнө түүгээр өнгөрсөн хар машин уу даа” гэж  Халтарыг бодох зуур тэр машинаас  хар хөх өнгийн пиджакийг цэвэр цэмцгэр өмсөж, үсээ “үхэр долоосон мэт” самнасан ганган залуу эр гарч ирэв. Хоёр мөрөндөө хоёр хоёроор холбон үүрсэн дөрвөн шуудай хогондоо түүртэн зогссон Халтар “би ямар буруутай юм бол оо; намайг яах гэж байгаа юм бол; “Аан, гоочилж байгаа биз ээ, тануусь”   гэж өмнө хэлснийг минь арай сонсчихсон юм биш байгаа” гэж элдвийг хольж  хутган сандчиж  айх, гайхах зэрэгцэнэ. Ганган залуу дөхөж ирснээ “Эрхцагаан. Чамайг энэ хавиар байдаг гэж сонссон. Намайг санаж байна уу. Таньж байна уу” гэх. Хүнд ачаандаа ядарсан Халтар юу ч хэлэлгүй хэсэг зогссоноо, цааш алхах гэтэл, нөгөө ганган эр “Цагаанаа, хүлээ” гэв. Тэгээд “Хэсэг чимээгүй байснаа, Эрхцагаан, Миний ээж танайд үйлчлэгчээр ажилладаг байсан юм. Чамайг хардаг байсан даа. Чамтай тоглож өнгөрөөсөн нэг өдрөө би хэзээ ч мартддаггүй юм аа. Яагаав, Чи санаж байна уу” гэх.  Мөрөн дээрх ачаандаа түүртсэн Халтар “Тэр хүнээс салахын түүс болж, Чи хүн андуурч байна“ гээд цааш алхав.  Нөгөө залуу, “Найз нь одоо  яарч байна” гээд “Хорин мянгын нэг дэвсгэртийг Халтарын гарт хүчээр шахуу бариулж, “Чи үүгээр явж байх байлгүй дээ.Эргээд уулзана” гээд машиндаа сууж, Халтарынхтай харьцуулшгүй  хурданаар нүд ирмэх зуурт их урсгалд уусан алга болов. Ганган залуугийн гарт нь бариулсан мөнгийг харан Халтар хэлж заншснаараа “өнөөдөр ч ёндоож байна” гэж хэлээд  хэсэг бодлогошрон зогсов. Хүйтэн оромжинд даарч хонож, эрт босон, тачигнасан өвлийн хүйтэн гудамжинд ийнхүү зүтгэсэн Халтарт  халуун юм ууж, халуун хоол идэх л тухай л хамгаас их бодогдох.
Хоёр мөрөндөө хос хосоор холбож тохсон дөрвөн том шуудай хуванцар сав, лааз, шил үүрч, бас хоёр гартаа нэг нэг тийм шуудайг чирсэн  Халтар “Үргэлж хөөгдөн туугдаж байдаг цайны газарт ойртон очин, тэдэнд аль болох мэдэгдэхгүй, бас өөрөө хараа хандуулж байж болох нэгэн буланг сонгон ачаагаа буулгаж янзлаад  тэнд ороход  цайны газрынхан ихээр уурлаж “муухай үнэртээд байна, гар, зайл, хоолны үлдэгдэл гараагүй байна, биднийг үйлчлүүлэгчгүй болгох нь уу, тэнэг ээ, халтар аа, чи” гэх зэргээр элдэвлэнэ. Тэгэхэд  нь Халтар “Би мөнгө төлнө өө” гэв. Түүний энэ үгийг сонссон цайны газрын үйлчлэгч “эвэртэй туулай” үзсэн мэт болж, чихэндээ ч итгэхгүй янзтай зогсох.  Тэрээр дахин, чадахаар л чангаар “Төлнө, мөнгө төлнө, мөнгө төлнө” гэв.  Үйлчлэгчийн авир зөөлөрч “Тэгээд юу авах гээд байгаа юм вэ” гэх.   Халтар “Нэг аяга халуун цай, халуун л  бол ямар ч хоол яахав” гэв.  Үйлчлэгч түүний хэлсэнг авчран “Зургаан мянга болсон” гээд  “Мөнгө төлөхөөсөө өмнө хоолыг нь идчих вий дээ” гэсэн янзтай хэцүүхэн царайлж зогсох. Халтар түүнд ганган залуугийн өгсөн хорин мянгыг барихад үйлчлэгч  түүнд нэг л итгэж өгөхгүй байгаа юм шиг  царайлж  байснаа гараа чичрүүлэн чичрүүлэн сарвайн өгснийг бөхөлзөн дуугүй авах нь цаана л өрөвдөлтэй харагдах. 
Халуун хоолонд дулаацсан Халтар хариултаа авч, цайны газраас гарахдаа “Өнөөдөр ингээд больё. Эрт бууя. Нэг эрт амарч үзье” гэж өөрөө өөртэйгээ ярин  ачаагаа үүрэхийг үүрч, чирэхийг чирчсээр хуванцар, лааз, шил авах цэг дээр ирэхэд бараа авагч  “Ийм эрт ийм бага бараатай ирээд, чи чинь, өнөөдөр юу болов” гэж үглэнэ. Бараа авагчаас   шуудай бүрээр баримжаалан тооцож олгосон хэдээ (төгрөг) аваад сурсан зангаараа тэрээр “өнөөдөр ч ёндойж байна аа” гэж хэлээд гарав. Тэндээс буцах замдаа Халтар гал болох хэдэн мод, гол халаах ганц юм аваад оромжиндоо их эрт ирэв. 
Өглөө уйлж гарсан оромжиндоо орж галаа түлж  голоо халаан элдвийг эргэцүүлэн суусан Халтарт өнөөдрийн уулзсан тэр ганган залуугийн дүр эргэн орж ирэх.  “Тэр хэн вэ,  тэр бага залууд  минь намайг өхөөрдөн дууддаг байсан миний нэрийг яаж мэддэг  байна аа” гэх зэргээр эргэцүүлж байтал “Гэрийнх нь үйлчлэгчээр ажиллаж, өөрийгөө нь хардаг байсан Цэцгээ эгч нь гэнэт бодогдов. Сайхан цаг  байжээ” гэж Халтар санаа алдан ийнхүү бодлогошрох.  
“Аав минь намайг их хайрлаж, бүхнээ л зориулдаг байж дээ. Бага байхад надад ээжээс минь бусад бүх зүйл байлаа. Мэдээ орохоос Цэцгээ эгч  аавыг минь өглөө ажилдаа гарахаас өмнө ирж, аавыг минь орой гэртээ ирсний дараа  явдаг байж. Нэг өрөөгөөр  дүүрэх шахсан тоглоом надад байдагсан. Хамт тоглох хүүхдийг олох гэж аав минь их хичээдэг байв. Нэг өглөө хамт тоглохоор тохирсон хүүхэд өглөө гэнэт ирээгүй тул Цэцгээ эгч өөрийнхөө хүүхдийг авчирч бид өдөржин тоглосон юм даг. Өнөөдөр уулзсан тэр ганган залуу маань Цэцгээ эгчийн тэр хүүхэд байх наа. Мөн сонин учрал, содон амьдрал аа”  гэж Халтар бодох зуураа өөрөө ч мэдэлгүй жуумалзав. 
 “Аав минь хамгийн сайн хувийн сургуульд намайг оруулж, би бусдаас илүүтэйгээр онц дүнгээ авдаг байв.  Бас аав минь намайг хамгаас ихээр халамжилж эрхлүүлдэг байсан тул үеийнхэн маань намайг “эрх” гэж шоолдогсон. Би аавынхаа цайвар цагаан царай, хар үсгийг авсан тул тэдний зарим нь намайг “цагаан аа” гэж өхөөрдөн, дотночилон дууддагсан.  Энэ хоёр дуудлага яван явсаар би чинь “Эрхцагаан” гэсэн нэртэй  ч болж байжээ. Эрхцагаан. Аятай сонсогдох сайхан нэр” гэж өөртэйгээ ярих зууртаа  Халтарын царай  ихэд барааж амандаа “Эргүү халтар”  гэж байхдаа яахав дээ гэж өөртөө дурамжхан хэлээд, “Гэнэн халтар” нь арай  дөнгүүр сонсогдох юм даа гэж бодон, болсон явдлыг ийнхүү дурсана. 
Тээр жил өнөөдөр шиг нэг өдрийг өнгөрөөж бараагаа өгч ёндойцгооссон хэдэн халтар  нэгэн оромжид цугларч голоо халаан нилээд хөөрцгөөв.  Хүн бүр л өөр өөрийн амьдрал, ийнхүү амь зуух болсон түүх үүхээ ярив.  Одоо “Тэр халтарын ээлж” гэж нэг нь намайг заав. Бусад нь надад руу зэрэг харахад би ийнхүү ярьж эхлэв. 
“Аав маань намайг ихэд хайрлаж өсгөсөн. Өнгөрөхдөө надад бүх өмчөө үлдээсэн юм.  Хоёр хаус. Том, жижиг хоёр машин. Их хэмжээний газар. Тэр үед би та нарын өмнө ингэж суугаа халтартсан нэгэн хог түүгч халтар биш харин “Эрхцагаан” гэж дуудагдсан, охидыг араасаа гүйлгэсэн, мөнгөөр дутаагүй, ажил хийж үзээгүй энх танхи нэгэн байлаа шүү дээ.  Их, бага, дунд сургуульд сурах гэж ядарсангүй. Аав маань миний төлөө их хөөцөлдөж, би ч багш нараас авах ёстой онц дүнгээ хариуд нь  дураараа авч явлаа.  Архи дарс хэрэглэгддэггүй, өмч хөрөнгөтэй, зүс царайтай явсан надтай гэрлэх санал тавьсан охид ч олон, сонголт ч их байв. Тэднээс нэгэн сайхан бүсгүйг сонгон гэрлэж эцэг болж ч явлаа шүү дээ, би”  гэж ярьж байтал тэндээс нэгэн халтар “За, чи битгий худлаа залаад бай. Хоёр хаус чинь тэгвэл хайччихсан юм” гэх. Тэгэхэд нь Эрхцагаан  “Хойно гарна аа. Жаахан хүлээ” гээд  ийнхүү үргэлжүүлэв. 
“Амьдралын минь түшиг болсон ааваасаа хойш би гэдэг хүн чинь зээлээр амьдрагч л болов оо. Эхлээд “Түрээслэж мөнгө олоорой” гэж  захиж үлдээсэн хаусыг нь зээлийн барьцаанд тавив. Зээлийн хүүгээ төлж чадахгүй байсаар эргээд хаусаа банканд алдав. Дараа нь “Аж ахуй эрхлэж ахуй амьдралдаа дэм болоорой” гэж үлдээсэн их хэмжээний газрыг нь бас  л барьцаанд тавьж банкнаас мөнгө зээлж хэсэг амьдрав. Мөн зээлийн хүүг цагт нь төлөөгүйгээс болж газраа бас л банканд өгөв. Дараа нь, “Хөл дүүжилж  явах, бас эр хүн байна даа, гангархах цагтаа унаж гангарч яваарай” гэж захиж үлдээсэн том машинаа мөн л барьцаанд тавьж эцэст нь өмнөх  шиг л мөн банкных болгосон доо. Дараа нь хаусаа хямд зарж нэг өрөө болгон зөрүү мөнгөөр нь хэсэг амь зуув.  Мөнгө  багасаж ирэх цагт “сайхан” гэж сорчилж суусан бүсгүй маань “муухай” болж, надаас салах өргөдлөө шүүхэд өгчихдөг юм байна.  Хүү маань арван зургаа хүрээгүй, бага байсан тул шүүх ааваас минь үлдсэн нэг өрөө байрыг маань эхнэрт шилжүүлэв. Дараа нь машинаа зарж хүүдээ тус дэм болж хэсэг амь зуув. Нэг удаа хүүгээ санаад нэгэн цагт минийх байсан байраа эргэж ирэхэд эхнэр явсан эмэгтэй маань “амьдрах чадваргүй, үхээнц” гэх мэтээр элдвээр хэлж дахин үүгээр үзэгдвэл “тонилгоно” гээд  “нэг л булчин шөрмөс нь зангирсан айхтар залууг гаргаж надад харуулсан даа” гэж яриагаа дуусгатал, нэг халтар “Чиний ярьсан үнэн бол чи ч ёстой эргүү халтар юм даа” гэж харамссан янзтай хэлэхэд, нөгөө халтар “Чи, ёстой, гэнэн халтар байна даа” гэх. 
“Тэр цагаас хойш, намайг халтарууд “гэнэн халтар” гэж хочлон дуудах болсон юм даа. Одоо ч энэ нэрэндээ дасаж ш дээ” гэж Халтар өөрөө өөртэйгээ ярих, бодохын хооронд байхдаа  галаа түлэж, голоо халаасны илчинд дулаацаж сүүрмэглэн дуг хийв.  
“Миний хүү муу хүн биш ээ. Миний хүү хүнд муу зүйл хийгээгүй. Миний хүү аавыгаа уучлаарай. Аав нь хүүдээ, ирээд буцах богинохон амьдралд хэрэгтэй бүх зүйлийг үлдээхсэн гэж зүтгэж явсан; өвлүүлсэн гэж бодож одсон. Гэвч, аав нь хүүдээ, үдлээд  буцах лугаа зурвасхан амьдралыг хүн ажил хийж, хөдөлмөрлөж туулдаг жам ёсыг л ухааруулаагүй байсан байна лаа... Гэхдээ миний хүү, одоо, түүнийг өөрөө ухаарсан байна аа. Сайн байна, миний хүү...Ирээд буцдаг энэ амьдралд, миний хүү амь зуух гэж  хүн, амьтанд муу зүйл хийсэнгүй. Харин эргээд, инээгээд,  ингээд буцаад ирэх их хувьтайгаар оршиж чадлаа, тэнд, ...Сайн байна. Миний хүү”  гээд аав нь хүүгээ тэврэн үнсэх шиг болоход Эрхцагаан “Аав аа” гэж дуу алдав.
Эрхцагаан хэдхэн хоромын өмнө сүүрмэглэн эхэлж дуг хийж үргэлжилсэн гүн нойрноосоо ингэж нэг сэрэх шиг болоход түлсэн гал нь эрхсийн одод лугаа цогшиж, оромж нь ордон лугаа гэрэлтэх.

Жич: Ирээд буцах зурвасхан эгшинд "муухай царайт", "хог түүгч" гэх зэргээр адаглагдан захчилагдаж эгэл борхоноор амь зууж яваа энэ цагийн тэр нэгэн бүл хүмүүст энэхүү бичвэрээ зориулав. Хүнийг харагдаж байгаагаар нь цэгнэж үл болно. Эгэл борхон амьдрагч тэр  эгэлгүй нэгэн байсан ч байж болно. 
 
2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр
Шарга морьтын замд