Saturday, August 12, 2017

Боловсролыг Хөтлөх Финланд Ухаан



Боловсролыг Хөтлөх Финланд Ухаан

Ц.Лувсандорж, МУБИС
Финланд нь 5,5 сая хүн амтай; урт өвөл, сэрүүн хавар, намар, богино зун бүхий эрс тэс уур амьсгалтай; 337,030 km2  талбай бүхий газар нутагтай; тусгаар төр улсын 100 орчим жилийн түүхтэй; цаа бугатай; харьяалахын тийн ялгал бүхий Фин хэлтэй; Христосын чиглэлийн Литеран[1] шашинтай; Парламентийн засаглалтай, нөхөрсөг, зарчимч, ажилсаг зантай, байгалийг хайрладаг, чимээгүйд дурладаг, уншдаг энгийн хийгээд эрхэмсэг, бас биеэрхүү зон олонтой; тэнгэрийн цэнхэр өнгөөр гоёдог, модоор элбэг, усаар баян тийм том ч биш, бас жижиг ч биш нэгэн улс юм.
Дэлхийн 2 дайн болон иргэний дайны хөлд өртсөн, колончлол, дарлалын зовлонг их амссан, тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдэрсэн, 1970 он гэхэд хөгжиж буй орны ангилалд багтаж байсан энэ улс одоо боловсролын салбарт олсон ололт, хүрсэн амжилтаараа дэлхийг тэргүүлэх болжээ. Нэн богино хугацаанд тун их амжилтыг боловсролд олсон Финландчуудын нууц юу вэ?, Ийм амжилтад хүрэхдээ тэд ямар гээч цэцэн ухааныг сүвэгчилсэн бэ?  Энэ асуултыг энд ч, тэнд ч, ер нь, хаа сайгүй л дэвшүүлж, тундарын энэ улсыг зорих хүний тоо олширч, орон орны судлаачид түүнийг судалж, өөр өөрийн  хариулт,тайлбарыг өгч байна.

Финландын боловсролын тогтолцоонд дор дурдсан үзэл санаа алтан дүрэм мэт үндсэн зарчим болж мөрдөгдөнө (Laukkanen, 2008, p. 319).
-Хаана хэрэгцээ байна, тэнд нөөцийг хуваарилах,
- Стандартыг нарийн тогтоох, тусгай хэрэгцээг дэмжих,
-Чанартай багшийг бүтээх,
-Боловсролыг үнэлэх,
-Төвлөрөл, эс төвлөрлийг тэнцвэржүүлэх.
“Хаана хэрэгцээ байна, тэнд нөөцийг хуваарилах” гэж энгийн хэлэгдэх энэ хэллэгт “Боловсрол боломж. Хүн бүрт энэ боломжийг олгосноор тэдэнд ижил тэгш байдлыг бий болгох үүрэг, хариуцлагыг төр улс  хүлээнэ[2]” гэсэн утга санаа бий. Товчлон хэлбэл, хүн бүр адилгүйг тооцож боловсролын үйлчилгээг бий болгоно гэсэн үг. Энэ зарчмыг  алтан дүрэм болгож баримтлахад багш яг л нэг арга зүйгээр хүүхэд бүртээ харьцах биш, харин монголчуудын хэлдэгээр  “Хүлэг бүр жороогүй. Хүүхэд бүр адилгүй” гэсэн зарчмаар багшлах ажлаа хийхэд хүрнэ. 
Үүнийг ажигласан нэгэн профессор “Финландын сургуулиас самбарын өмнө хичээлийн турш зогсож номлодог (лекцлэдэг) багшийг олж харах нь нэн ховор” гэжээ (Linda Darling-Hammond, 2010). Мөн  Оулугийн их сургуулийн боловсролын нийгэм зүйн профессор бидэнтэй хийсэн ярилцлагадаа ийнхүү дурдсныг энд мөн онцлон тэмдэглэж байна 
“Финландчууд бид боловсролд   “equity” –ийг бий болгож чадсан юм.  Сургуулийн орчин, нөхцөл Финландын аль ч сургууль ижил байдаг.  Хүүхэд Финландын хаана амьдарч байгаагаас хамаарч ялгаатай орчин, нөхцөлд сурах ёсгүй. Багшийн бэлтгэл, чанар, хангалт ч мөн ийм л байдаг. Энэ нь бидний боловсролдоо мөрддөг нэгэн зарчим юм” (Ярилцлагын тэмдэглэлээс, 2016)
“Стандартыг нарийн тогтоох, тусгай хэрэгцээг дэмжих”  гэсэн үг хэллэгт  мөн дээрх зарчмын утга санаа  л байдаг. Хүүхэд бүр сурах хэв шинжийн хэлбэрээрээ ялгаатай юм.  Энэ нь үнэндээ “хүүхэд бүрт сурах тусгай хэрэгцээ бий” гэсэн үг. Тусгай хэрэгцээ гэдэг нь тэнд “эрүүл бус, согогтой” гэдгээр биш, харин түүнээс нилээд өргөн утгаар ойлгогдоно, хэрэглэгдэнэ. Багш тогтоосон стандартад хүүхдийн гүйцэтгэлийг хүргэхийн тулд тэдний хэв шинжийн онцлогийг тооцож, харьцах ёстой. Үүний тулд багш мэргэжлийн, мэргэшлийн өндөр түвшинд бэлтгэгдэх шаардлагатай. Үүний тулд бас хичээл, сургалтад үндсэн, туслах багш хэрэгтэй. Хүүхэд бүрийн ялгааг тооцож багшлах ажлыг хийж, сурах үйлийг мэргэжлийн өндөр ур чадвараар хөтлөх замаар л хүүхэд бүрийн гүйцэтгэлийг стандартад хүргэж болох юм.Финландчуудад иймд хуурмаг дүн авч хүүхдээ анги дэвшүүлэх нь  чухалчлах бус, харин “багыг их” гэсэн зарчмыг баримтлан үнэнчээр ажиллах нь илүү үнэ цэнэтэй байдаг.  Үүнийг ажигласан Америкийн нэгэн багш түүнийг ингэж буулган үлдээжээ (Kelly Day, 2015)
1.   Албадалт бага, сонголт их
2.  Сургуулийн цаг бага, амралт их
3.  Багшийн заах цаг цөөн, төлөвлөлт их
4.  Багш солигдолт бага, нийцэл, халамж их
5.  Оюутны элсэлт цөөн, багшийн зохицол их
6.  Хичээлийн тоо цөөн, завсарлагааны цаг их
7. Шалгах бага, сурах их
8. Сэдэв цөөн, гүнзгийрүүлэн судлах их
9.  Гэрийн даалгавар бага, оролцоо их
10.  Хүүхэд цөөн, анхаарал их
11.  Бүтэц бага, итгэлцэл их
Үүнийг ажигласан бидний дунд мөн ийм эргэцүүлэл, хэлэлцүүлэг өрнөж билээ.
 “Манай улсын ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн үзэх хичээлийн тоо олон байна. Одоогийн сургалтын төлөвлөгөө ёсоор дунд ангийн хүүхэд 19 хичээл судлах ёстой. Хүүхэд мэдлэгээ өөрөө бүтээнэ гэдгийг хэлбэрдэн ойлгосноос улбаалж багш нар гэрийн даалгаврыг хэт их өгдөг. Иймд хүүхдэд зөвхөн гэрийн даалгавар гэхэд л их ачаалал, хэт дарамт болдог. Хүүхдэд амралт бага, дарамт их байх.... Хичээл бүрээр шалгалттай тул шалгуулах нь их, гүнзгийрүүлж  сурах, судлах нь бага.... Хөдөө, хотын сургуулиуд орчин, нөхцөл, багшийн чанар, хүрэлцээ хангамжийн хувьд эрс ялгаатай..... Бид Финланчуудын боловсролдоо алтан дүрэм мэт болгон мөрдөж буй бүх зарчмыг хэлдэг, ярьдаг, бичдэг хирнээ түүнийг үйл  болгохдоо учир дутагдалтай ... Стандарт байдаг ч түүнийг гүйцэтгэлийг хянахдаа учир дутагдалтай. Тусгай хэрэгцээ гэдгийг эрүүл бус, согогтой гэсэн байдлаар явцуу ойлгох нь түгээмэл... Товчхондоо, боловсролын дээрх зарчмууд бидэнд үг, тэнд үйлс болжээ.... “Утгагүй ихийг учиргүй бага” гэдэг  нь манайд зарчим мэт болсон байх шиг.....Хүүхдэд мэргэжлийн халамж, амралт, тусламж хэрэгтэй ш дээ.....” (Финландын хичээл судлах багийн хэлэлцүүлгийг тэмдэглэл, 2016)”
“Чанартай багшийг бүтээх” гэсэн хэллэгт “нийгмийн хөгжил хүнээс, хүний хөгжил багшаас, багшийн хөгжил багш бэлтгэдэг сургуулийн дэвшлээс” гэсэн утга санаа л байдаг юм.  Финланд хэлэнд багш гэдэг үг “хүний амьдралын замыг гэрэлтүүлэгч” гэсэн утгатай. Финландын соёлд багш  ийм л эрхэм хүн, тийм л энгүй мэргэжил юм.  Ийм учраас багшийн цалин бусад мэргэжлийнхээс дутахгүй, гэхдээ бас тийм ч их биш. Багш болох хүсэлтэй хүүхэд тэнд нэн олон. Тэднээс харин багшид тэнцэж элсэх нь тун цөөн. Тэднийг шинжиж, ихэд ярилцсны дүнд багшийн мэргэжлийг тээгч болж чадахуйцыг нь сонгон авч бүх зардлыг төр, түмэн дааж, гурван жилд багтаан судлах нарийн төлөвлөсөн сургалтын төлөвлөгөөгөөр дээд зэргийн чанартай бэлтгэнэ. Бэлтгэгдсэн багш бүр л багшийн ажлаа дурлаж хийнэ. Хийхдээ мэргэжлийн өндөр түвшинд хийнэ.  Тэд багш төдийгүй бас хүүхэд судлаач болж бэлтгэгдэнэ. Ингэж бэлтгэсэн багшдаа төр, сургууль, захирал, ер нь, нийгмийн институтиуд бүрэн итгэнэ, найдна. Энэ нь төвлөрөл, эс төвлөрлийг тэнцвэржүүлэхийн язгуур үндэс болдог ч байж мэднэ.  Энэ нь эргээд стандарт суурилсан сургалтын нээлттэй хөтөлбөрийн бодлого хэрэгжих хөрс суурь болно. 
Үүнийг ажигласан бидний дунд мөн ийм нэгэн эргэцүүлэл, хэлэлцүүлэг, зэрэгцүүлэл өрнөж байв.
“Манай улсын их дээд сургууль багш бэлтгэх оюутанг ярилцан шинжиж сонгодоггүй, харин шалгалтын оноогоор элсүүлдэг нь учир дутагдалтай байгаа юм. Мөн багшийн цалингаас хамаарч багш болох дур сонирхолтой оюутан  тэр бүр элбэг биш, байлаа гэхэд дундаж үнэлгээтэй нь олон байх.....Багшийн мэргэжлээр суралцаж байгаа оюутны төлбөрийг төр бүрэн хариуцдаг байсан тэр замдаа бид эргэж орвол зохино. 1990 оноос өмнө 60 төлөг бүхий бэсрэг хонин сүргийн цэнэтэй дүйцэх цалинтай байсан багш нар одоо 6 хүрэхгүй төлөгнийхтэй дүйцэх цалин авч байх. Багшийн цалин ийнхүү 10 дахин багассан явдал үнэндээ багшийн нийгмийн үнэ цэнийг төчнөөн дахин бууруулсан байх магадлалтай. Цалин ийм учраас эрэгтэй хүүхэд багш болох гэж тэр бүр дурлахгүй байна. Ийм учраас манайд улсын сургуулийн 10 багшийн 9 нь эмэгтэй байх. Багшийн мэргэжлийн ингэж жендерчилэгдсэн байдал нь эргээд  хүүхдийг, тэр тусмаа эрэгтэй хүүхдийн төлөвшил, сурлага, цаашилбал, сургуулиа хаяхад нөлөөлдөг байж мэдэх.  Иймд бид 1990 оноос өмнө багшийн талаар төр засгаас авч хэрэгжүүлж байсан өөрийн орны туршлага, уламжлалыг эргэн харж, түүнээс суралцвал зохилтой мэт. Багшийн цалинг эрс нэмэх, багш бэлтгэх хөтөлбөр, төлөвлөгөөг эрс шинэчлэн хэрэгжүүлэх хэрэгтэй. Багш бэлтгэдэг сургуулийн захирал, удирдлагын томилгоог намчирахалаас ангид болгож, мэргэжлийнх болгох, байгууллагын хамт олны саналыг авах, ардчилсан зарчмаар сонгодог болох .... “(Финландын хичээл судлах багийн хэлэлцүүлгийг тэмдэглэл, 2016)”
“Боловсролыг үнэлэх” гэсэн хэллэгт боловсролын тогтолцоог оношлох гэсэн утга л бий. Боловсрол олон хүчин зүйлийн олон давхар хамаарал тул түүний чанар тэр бүр амархан хэмжигдэхгүй, хялбар илрэхгүй байх. Алдаж байж мэдэх тул боловсролыг тогтолцооны хувьд оношилж, түүний талаар зөв баримжааг авч, оновчтой бодлого, арга хэмжээг авч  хэрэгжүүлэх нь боловсролын үйлчилгээний үр ашиг, өгөөжийг тасралтгүй нэмэгдүүлэх нэгэн арга зам, ухаан байдаг.
Үүнийг эргэцүүлэх явцад ийм нэгэн зэрэгцүүлэл төрж байв.
“Манай улсад боловсролын үнэлгээ бодит хэмжилтэд тулгуурлаж хийгдэггүй.  Боловсролын хэмжил зүйг манай улс бодлоготойгоор хөгжүүлэх хэрэгтэй.  Хэмжилт хуурмаг болохоор эцэстээ ойлголцохоо байчихдаг. Боловсролын үнэлгээний төвийн 2015-2016 оны хичээлийн жилийн чанарын үнэлгээгээр математик хичээлээр хүүхдийн үзүүлсэн сурлагын амжилтын улсын дундаж хувь 30 байхад багшийн үнэлгээ болох төгсөлтийн шалгалтынх нь түүнээс 50-60 хувиар илүү байх. Ийм л зөрүүтэй хэмждэг багаж хэмжүүр (cорил)-ийг улс даяараа хэрэглээд байгаа юм. Дүнд нь аль  нь үнэ бодитойг ялгахад хэцүү болох.  Хуурмагаар хөөрөх үү, бодитойгоор бодлого хийх үү гэдэг нь бидэнд тулгарч буй боловсролын үнэлгээ, хэмжил зүйн тулгамдсан асуудал болчихоод байна даа... Энэ чиглэлээр үндэсний хүний нөөцийг бэлтгэх. Бодит хэмжилт л бодит үнэлгээнд хөтөлнө. Бодит үнэлгээ бодит дүгнэлт, дүнд хүргэнэ. Бодит дүгнэлт бодит ухаарал, бодит бодлогод хөтөлнө. Үүнийг л бүх түвшинд ухаарч, мэдэрч ажилламаар....”(Финландын Оулугийн их сургуульд томилолтоор ажилласан үеийн тэмдэглэл, бодол эргэцүүллээс, 2016)
“Төвлөрөл, эс төвлөрлийг тэнцвэржүүлэх” гэсэн хэллэгт боловсролын үйлчилгээг хүргэх бүтэц, үйл явцад эрх үүрэг, хариуцлагын тогтолцоог онож тогтоох гэсэн утга бий. Хэт төвлөрүүлэх, бас хэт задлахгүй байхын тул хэнд юуг төвлөрүүлэх, юуг эс төвлөрүүлэхийг ялгаж тогтоох нь боловсролыг хамтын оролцоо, хүчин зүтгэл, итгэлцлэлийн дүнд хөгжүүлэх гэсэн нэгэн арга ухаан юм. Финландын багш бүр мэргэжлийн шийдэл хийхдээ биеэ даасан шинжтэй байна. Багшийн мэргэжлийн ажил, үүрэгт, захирал, ер нь албан тушаалтан үл оролцоно. Финланд улс багшийг мэргэжлийн өндөр түвшинд чанартай бэлдсэн тул тэдэнд итгэнэ. Багш бас мэргэшсэн тул түүнд өөрийгөө болон өрөөлийг хуурах ёс зүй, ёс суртахуун үгүй. Сургалтын үндэсний хөтөлбөр нь зөвлөмж, удирдамж шинжтэй, чиглэл, зорилго бүхий цөөхөн хуудастай баримт бичиг байх. Финландын боловсролын тогтолцооны бүрдэл бүр нь эрх үүрэг, хариуцлага, ёс зүйн хэм хэмжээний төвлөрөл, эс төвлөрлийн зохицлоор нэгссэн бүхэл, бүхэлжсэн хэсэг юм. Тэгэхээр бүхлийн хууль, тогтолцооны онол ёсоор энэ тогтолцоо өөрөө өөрийгөө төгөлдөржүүлж байх. Ингэж төгөлдөржснийх нь үр  Финландын боловсролын одоогийн амжилт мөн.
Үүнийг эргэцүүлэх явцад ийм нэгэн зэрэгцүүлэл төрж дурсамж сэдэрч байв. 
“Боловсролын салбарын 200 гаруй шилдэг эрдэмтэн, судлаачаас бүрдсэн баг ерөнхий боловсролын 20 гаруй стандартыг боловсруулж төрийн захиргааны төв байгууллагадаа хүлээлгэн өгч, улмаар Стандартчилал, Хэмжил зүйн төвөөр баталгаажуулж,  тэдгээрийг улс орон даяар 2003 оноос хэрэглэх, хэрэгжүүлэх гэж оролдсон тэр он жилүүд одоо тэртээд түүх болж үлджээ. Стандарт суурилсан нээлттэй хөтөлбөрийн бодлогыг хэрэгжүүлэх гэсэн бидний энэ оролдлого уг нь стандартаар төвлөрлийг, сургалтын нээлттэй хөтөлбөрөөр эс төвлөрлийг бий болгох замаар боловсролыг нэг өрөөнөөс хэдхэн хүн удирддаг байдлыг өөрчилж, харин хамтын хүчээр хөтлөх гэсэн хөгжлийн санаа, хэрэгжүүлчихэж болохоор үйлс байсан юм даа. ...Их ч цаас үрж, багагүй ч зардал гаргаж, их ч зүтгэлийг үүнд зориулсан даа, бид. Гэвч энэ нь томилогдож ирсэн, кембрижчилэх хөдөлгөөнөөр хөөрсөн, хийрхсэн, хийссэн, хуулбарлах сэтгэлгээтэй  улс төрч сайд, удирдлага, түүний багт гологдсон юм.  Монголчууд бидний  голж орхисон хөгжлийн энэ санааг харин Финланчууд хэрэгжүүлж амжилт олсон байх юм даа...”(Бага, дунд боловсролын стандартыг боловсруулах төслийн удирдагч болон стандарт суурилсан нээлтэй хөтөлбөрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг хариуцан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэргэжилтнээр ажилласан байсан үеийн өөрийн дурсамжаас, 2003-2008)
      Финланд улсын Оулугийн их сургуульд  2 долоо хоногийн турш томилтоор ажилласан МУБИС-ийн баг их сургуулийн профессор, бага, дунд сургуулийн захирал, багш, эцэг эх, иргэдийн төлөөлөл болох, нийт 20 гаруй хүнээс “Боловсролынх нь амжилтын Финландын нууц юу вэ” гэсэн агуулгатай нэг асуултыг олон хэлбэрээр тавьж хариулт авч байв. Хариулт бүр эхлээд сонсоход их өөр өөр мэт  байв. Хариултын утга санааг илэрхийлсэн түлхүүр үг хэллэгийг ялган дор мөн оруулав (Зураг 1)
                           Зураг 1. Нэг асуултын олон хариултын түлхүүр үг хэллэг
Асуултын олон хариултын түлхүүр үг хэллэг утга санааг олон дахин эргэцүүлж, хэлэлцсний дүнд бид энэ асуултын нэг хариултад хүрэв. Тэр нь энэ. “Финланд улсын боловсролд олсон амжилтынх нууц нь үнэндээ нууц биш, харин соёлдоо л байна”
                                   Зураг 2. Финдландын боловсролын соёлын хүчин зүйл
Финланд улс боловсролын салбартаа их амжилт олоход нөлөөлсөн соёлын гурван хүчин зүйлийг энд  онцлон тэмдэглэж байна.  1. Улс төрийн соёл, 2. Уншдаг соёл, 3. Литеран шашин.
Боловсролын салбарт нийгэм төвт ардчилсан үзэлд үндэслэсэн бодлогыг урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлсэн улс бол Финланд юм.  Тусгаар төр улсыг бүтээн урлах 100 орчим жилийн ихэнхид нь улс орныг социал-демократ, төв үзэл давамгайлсан  улс төрийн хүчний эвсэл удирдаж, боловсролд төвлөрөл, эс төвлөрлийн шүтэлцээг хангасан, ялгаатайд ялгаатай нөөц, үйлчилгээ, боломжийг олгох замаар л адил тэгш байдлыг бий болгох бодлогыг тогтвортой, урт хугацаанд хэрэгжүүлсэн байна. Энэ нь Финландын боловсролын амжилтын шалтгаан, нэгэн нууц, өрөөлтэй хуваалцах тэдний нэгэн сайн үлгэр мөн.  
Финландын зон олон уншдаг түмэн. Номын сан пиг дүүрэн уншигчидтай байх. Тэгэж уншиж суух таатай боломжийг иргэддээ бас төр бүрдүүлсэн байх. Нэг финланд хүн жилд дундажаар 9 номыг гэртээ уншихаар номын сангаас зээлдэг. Финланд хүүхэд сургууль орохдоо эх хэл болон англи хэлээр бичигт үсэгт аль хэдийн тайлагдсан байх нь түгээмэл. Унших бодоход; бодох эргэцүүлэхэд, эргэцүүлэх  харилцахад; харилцах ярих, бичихэд; бичих уншихад; унших бодоход хөтөлнө. Унших, бодох, эргэцүүлэх, харилцах, ярих, бичих угтаа нэг. Финланд түмний уншдаг энэ зан үйл нь эргээд боловсролынх энэ цагийн амжилтын үндэс, бас нэгэн нууц мөн. 
Герман улсын иргэн, санваартан Мартин Литер  “Эх баримт бичигт л итгэл үнэмшлийн эх язгуур нь бий” гэсэн зарчмыг баримтлан 95 тезисыг тунхагласан нь Литеран шашин үүсэхэд хүргэсэн юм. Итгэл үнэмшлийн язгуурыг хэн нэг этгээдээс бус харин эх зохиолоос л олж үзэхийг чухалчилсан шашины энэ урсгал мөн чанараараа мунхаглан, мухарлан сүсэглэх бус харин уншихыг л угтаа чухалчилж байна. Уншиж чимээгүй эргэцүүлэх нь хэлбэрдэхээс илүү цэнэтэй байх нь л дээ.  Бас энэ шашинд садар самуун, худал хуурмаг, хулгайг бус, харин үнэнч байдал, итгэлцэл, гэр бүл их чухал байдаг аж.  Гэртээ эх зохиолоо уншиж эргэцүүлэхийг эрхэмлэсэн итгэл үнэмшлийн энэ эх үүсвэр нь эргээд ном унших, чимээгүй бүтээхийг гэр бүлийн амин чухал зан үйл болгоход хөтөлж байна. Гэр бүлийн түвшний энэ зан үйл нь эргээд боловсролынх энэ цагийн амжилтын түлхүүр, нэгэн нууц мөн. 
            Финландын боловсролын хөгжил, дэвшил, амжилт хууль, зарчмыг нийтээр дагах; бодлогыг урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэх; хөгжилд нийгэм төвт ардчилсан үзэл, бүхэллэг хандлагаар эргэлт буцалтгүй замнах; улс төрийн  болоод литеран шашины үнэт зүйлийг эрхэмлэх; багшийг чанартай бэлтгэх, багшийн биеэ даасан байдал болон академик эрх чөлөөг хангах соёл  хийгээд газар зүйн байршил, цаг агаар, уур амьсгал, хүн амын тоо, гэр бүлийн үнэ цэнэ зэрэг олон хүчин зүйлээс хамаарч байгаа нь олон орны олон судлаачийн олон янзын хариулт, тайлбараас харагдана. Боловсрол бүхэлдээ соёл тул Финланд улсын боловсролын амжилтынх түлхүүр, үндсэн хүчин зүйл нь иймд мөн л Финланд соёл болно. Энэ нь олон хариулттай тэр нэг асуултын оносон хариулт мөн.
            Боловсрол олон хүчин зүйлийг нийлмэл хамаарал; тэр нийгмийн гишүүн бүхэн адил тэгш хүртэж болох ганцхан боломж; тэр урт хугацаанд өгөөжөө өгдөг хүн хийгээд нийгмийн хөгжилд хандсан хамгийн цэцэн хөрөнгө оруулалт; тэр урт хугацаанд тогтвортой  өрнөх үйл явц; тэр хүний хөгжил, нийгмийн дэвшлийн эх; тэр эцэстээ хамтран онож аж төрөх, орших, одох соёл; тэр төвлөрөл, эс төвлөрлийн нэгсэл, төв ухаан, тэр чанартай багшийн зүтгэлийн үр, тэр цаас, үг төдий бус харин  үйл гэдгийг үйлс болгож чадсанд л боловсролыг хөтлөх Финланд урлаг; Финланд ухааны мөн чанар оршиж байна. 
Ном зүй
R. Laukkanen (2008). Finnish strategy for high-level education for all. In N. C. Soguel and P. Jaccard (eds.).Governance and Performance of Education Systems. 305–324. Springer, at p. 319.

Linda Darling-Hammond, (2010), What we can learn from Finland’s successful school reform, Retrieved from http://www.nea.org/home/40991.htm/
Kelly Day, (2015), 11 ways Finland’s education system shows that less is more, Retrieved from https://fillingmymap.com




[1]  Lutheranism.  Герман улсын иргэн, санваартан Мартин Литер  “Эх баримт бичигт итгэл үнэмшлийн уг үндэс нь бий” гэсэн зарчмыг баримтлан 95 тезисыг тунхаглажээ. Литеранизм нь энэ тунхаглалыг баримтладаг Хритосын шашины нэгэн урсгал юм.
[2] Equity-  ялгаатайд ялгаатай хандаж ижил тэнцүү байдлыг бий болгох.  Equalitу- яг тэнцүү, ижил хандах.

Туранхай Багшийн Бүдүүн Анги



Туранхай Багшийн Бүдүүн Анги

Туранхай багшийн бүдүүн анги нэг бүрэн цугларав. Бүдүүн ангийн бүдүүн даргыг огцруулах бүдүүн асуудал тэдэнд гарсан аж. Бүдүүн бүр бүдүүн үг хэлэв. 
Нэг бүдүүн босож, хойд туйлд эрэгчин пингвин тэсгэм өвөлд дэгдээхийгээ хэрхэн өсгөдөг талаар ихэд мэдэмгийрхэн ярьж эхэлснээ, яриандаа уярч, эцэстээ пингвинийг ихэд өрөвдөж байгаагаа илэрхийлэн ихэр татан чангаар “ийн, ийн,  ийн” хашхирч уйлахад нь түүний яриа нэг өндөрлөв. Энэ бүдүүний “ийн, ийн, ийн” гэж элдэвлэхийг  ажиглаж зогссон туранхай багш “Асуудлаа ярь, асуултад хариул, бүдүүн ээ” гэж ихэд чимээгүйхэн дотроо бувтнан суух. 
Тун удалгүй бас нэг бүдүүн босож ярьж эхлэв. Тэр бүдүүн “Урд туйлд нар баруун зүгээс манддаг” гэж хийрхэж эхэлснээ,  хийрхэл нь хэрээсээ хэтэрч, сүүлдээ, нүд нь бүлтгэнэж, гар нь салбаганаж, бие нь дагжиж, хөл нь сарвалзаж, хоолой нь чичрэн, толгой нь эргэн ухаан алдан газарт “пид” хийж унахад нь түүний яриа нэг өндөрлөв. Энэ бүдүүний ингэж хийрхэхийг  харж харамсаж   байсан туранхай багш “Асуултад хариул, асуудлаа ярь, бүдүүн ээ” гэж өөртөө чимээгүйхэн тун гунигтай шивнэн суух.
Өөр нэг бүдүүн өрвөлзөн сөрвөлзөж эхлэв. Тэр бүдүүн “Улаан нүдэн гаригийн увайгүй нийгэмд ардчилал заана, ардчилсан улс болгоно, өөрөө анхны ерөнхийлөгч болно”  гэж ихэд сүржигнэн ярьснаа, сүржигнэл нь хяналтаас гарч, сүүлдээ,  “түүнээс өөр бүдүүн  Улаан нүдэн гаригийн анхны ерөнхийлөгч байх ёсгүй” гэж хөөрөн дэргэдэх бүдүүнтэйгээ тэмцэлдэн, эцэстээ, нэг бүдүүнд “нам” цохиулснаар түүний яриа нэг өндөрлөв. Энэ бүдүүний “нам” цохиултлаа сүржигнэхийг харамсалтайгаар харуулдаж байсан туранхай багш “Асуудлаа ярь, асуултад хариул, бүдүүн ээ” гэж тун чимээгүй өөртөө хэлж суух.   
Бас удалгүй бүдүүн ангийн бүдүүн эмэгтэй босож бүдүүн ярьж эхлэв. Тэр бүдүүн “Голливудын нэгэн алдарт одод дурласан, түүнтэйгээ гэрлэнэ”  гэж бүдүүн ярьж эхэлснээ, сүүлдээ, “Түүний дурласан тэр одод бүдүүн ангийн бас нэг бүдүүн бас дурласан байна” гэж гомдлон, тэд хоорондоо “хэн нь илүү хөөрхөн, хэн нь тэр одод дурлах ёстой, хэн нь түүнтэй хэзээ гэрлэх ёстой  гэх зэргээр хэлэх хэлэхгүйгээр бие биеэ хэлсээр, дайрсаар, хоёулаа хэрүүлдээ багтран унаснаар тэдний яриа нэг өндөрлөв. Бүдүүн эмэгтэйн багтартлаа балаартаж байхыг ажиглаж зогссон туранхай багш “Асуултад хариул, асуудлаа ярь, бүдүүн ээ” гэж тун болгоомжтой хэлж, халаглан суух. 
Ээлж дараалан босож, ээлж дараалан балаартаж, эцэстээ, ээлж дараалан ийнхүү бүтэлгүйтэж буй бүдүүн ангийнхны ааш араншин, зан авир, үг хэл, мэдлэг боловсрол, ёс зүй, ёс суртахуун, асуудлаа мартагддаг, асуултад хариулдаггүй байдлыг нэг бүрчлэн чимээгүйхэн харж, дүгнэн харамсан суусан туранхай багш  “Асуудлаа ярьж сур, асуултад хариулж сур” гэж өөрөө өөртөө чимээгүй шивнэсээр өрөөнөөс гарч, бүдүүн-үүдийг бүрмөсөн орхин  “Асуудлыг ярьж, асуултад хариулдаг” нарийн ангийг сонгож оров. 
Туранхай багш нарийн ангийг ийнхүү тоож ороход  нарийн ангийнхан, харин, яг нарийн шиг асуудлыг нарийн ярьж, асуултад нарийн хариулж байв. Үүнийг ажигласан туранхай багш “Ашгүй дээ, асуудал ярьж байна. Асуултад хариулж байна” гэж бахдан баярлан тэнд, удаан, зогсох.
Ц.Лувсандорж
2016 оны 6 дугаар сарын 3-ны өдөр


Friday, August 11, 2017

Багш үйлчлэгч биш

Багш үйлчлэгч биш

Багш үйлчлэгч биш. Учир нь, эрдэм ухааныг багшаа үйлчлэгч гэж үзэж байж олж үл чадна. Эрдэм ухааныг багшаа дээдэлж хүндэтгэж байж олддог. Шавь бэлэн болоход багш бэлэн байдаг. Бэлэн биш шавьд багш хичээж үйлчлээд нэмэргүй. Тэгэхээр, багш үйлчлэгч гэдэг энэ үзэл хорлон сүйтгэх бодлого юм. Багшийн ядуурлын эх шалтгаан үүнд л байдаг.

Яам энэ хугацаанд багшийг үйлчлэгч болгож хуульчилсан  нь мунхаглал байсан. Багш үйлчлэгч биш. Манай соёлоор бол бүр ч биш. Иймд яаманд байгаа багшийн төлөө биш дарга нар энэ гуулин хууль, хортой шийдвэрээ нэн даруй өөрчилж засах хэрэгтэй.

Багш эх мэргэжил. Багш их мэргэжил. Ийм өөр мэргэжил байдаггүй. Иймд багш төрийн тусгай албан хаагч байна. Багш үйлчлэгч гэдгийг багш төрийн жинхэнэ албан хаагч, цаашилбал,тусгай албан хаагч гэж хуульчлах хэрэгтэй.

Эсвэл багшийг мэдрэх мэдлэг, боловсролтой мэргэжилтэн, дарга, сайдаар яамаа бид бүрдүүлэх шаардлагатай болж эхэлнэ.

Ц.Лувсандорж

2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 

Багш нарын YЭ одох уу, орших уу?

 Багш нарын YЭ одох уу, орших уу?

Багш нарын ҮЭ эсвэл одох ёстой. Оршихыг хүсвэл багш нарын төлөө өнөөдрөөс эхлээд ажиллах ёстой.

Үйлдвэрчний эвлэл яг коммунизмын үеийнхээ сэтгэлгээ, хандлагатай байсаар өнгөрсөн 27 жилийг өнгөрөөсөн. Эрх ашгийг нь хамгаалах багш ядуу тарчгийн туйлд хүрсэн байхад ҮЭ эвлэл багш нараас хүчээр татвар яваад хээв нэг сууж байх.

Багшийн нарын төлөө ажилладаггүй ҮЭ-д татвар төлж тэднийг бас нэг тэжээвэр болгож байлгах хэрэг байхгүй.

ҮЭ өнөөдрөөс эхлээд нэг зүйл сайн тунгаах хэрэгтэй. Багшийнхаа эрх ашгийг хамгаалах уу, эсвэл тарах уу?

Тарах эсэх нь ҮЭ-ийн гэх ажил хийдэггүй тэжээврүүдээс бага хамааралтай. Харин тэдэнд татвар төлдөг багш нараас шууд хамааралтай. Багш нар ҮЭ -д татвар төлөхөө л болчих. Тэгэхэд тэр байхгүй болчихно.

Багш нараа ийм ядуу, тарчиг байдал ортол, тэдний ингэж тэмцэхэд хүртэл хүнд байдал оруулсан Багш нарын ҮЭ одох ёстой. Эсвэл тэд багш нараас уучлал гуйж нүглээ наминчлалаад өнөөдрөөс эхлэн багш нарынхаа төлөө ажиллаж эхлэ.

Багш нарын ҮЭ-д ийм зам үлдсэн.

Ц.Лувсандорж

2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 

Эвт шаазгай лугаа шаагилд. Монгол нутгаар шаагилд.


                   Эвт шаазгай лугаа шаагилд, Монгол нутгаар шаагилд

Багш нар мэргэжлийн нэг бүл тул нэг бүхэл, бүтэн цул болох хэрэгтэй. Бүхэл хэсгийнхээ нийлбэрээс их. Тэгэхээр бүхэл, цул болох хэрэгтэй. Тэгэхэд гайхамшигт хүчийг мэдрэх болно. Энэ хүчээр монгол зөв хөгжлийн замд хүрэх болно. 

Эсрэг нь өнөөгийн байдал. Багшийн ядуу, тарчиг байдал. Долидоо байдал. Багшаар овоглосон овжин түмэн байгууллага. Довоо шарлуулсан олон тусгай холбоо. Шагналд донтсон хүн сүрэг. Боловсролын дампуурал. Залуусын ажилгүйдэл, ядуурал, мунхаглал. Нийгмийн энэ шалдар булдар байдал. 

Иймд  нийгмийн манлай, сэхээтэн хэсэг багш нар сэр, цул бүхэл,бүхэл цул болж нэгс. Монголчууд ингэж бүхэлжихийн хүчийг  "эвт шаазгай буга барина" гэдэг.

Шаазгайг энд тэнд шаагилдуулж ганц ганцаар нь балбах сонирхол их бий. Багш  ард шаазгай уг нь биш, харин сэхээтэн шаазгай тул тэдний тэр сонирхлыг мэдэрч,сөрж, эвлэрч, цул  болж шаагилд. Эвлэрч нэгдэхийн үлгэр болж шаагилд.

Эвт шаазгай буга барина. Эвгүй шаазгай бугад, харин, бариулна. Иймд багш нар шаагилд. Эвт шаазгай лугаа шаагилд. Монгол нутгаар шаагилд.

Ц.Лувсандорж

2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр

Thursday, August 10, 2017

Тарган "би" дарга, туранхай "та" багш

Тарган "би" дарга, туранхай "та" багш


Өнгөрсөн 27 жилд багшийн цалинг 10 дахин бууруулсан мөртлөө одоогийн тэр мэт хийрхэгч даргынх нь одоогийн багш нарынхаас 5 дахинаас хол давсан их, тэр үеийн даргынхаас энэ хийрхэгчийнх 50 дахин илүү болсон байх. Тэр үед боловсрол тун дэвжсэн бол энэ үед тэр нэн доройтсон. Тэр үед багш сэхээтэн, соён гэгээрүүлэгч байсан бол одоо тэр  ард болжээ.

Хоолондоо цадаагүй, олигтой хувцас өмсөж үзээгүй, гэр орон авч яваагүй, олигтой сураагүй, товчхон хэлбэл, нийгмийн төвд биш захад орхигдсон хүмүүст төрийн эрх мэдлийг гэнэт өгөхийн гамшгийг өнгөрсөн жилүүдэд энэ улс амслаа, ядуурсан түмэн олон үүний гэрч боллоо.
 
"Би, би, би". "Би л авна, би авна". "Би баяжина", "Би мундаг". "Би, би, би" гэж хийрхсээр, "Би"-гээр өвчилсөөр, ядуусын тархийг угаасаар, хошгоруулсаар эцэстээ ямар ч ажилд очлоо ч "би"-гээс өөр зүйл хийдэггүй байсаар энэ насаа "би" өвчинтэйгээ хамт илээдэг намчин гэх тарган даргын "би" сүрэгтэй болчихсон байна, энэ улс. Өрөөлийг золиослож өөрийгөө таргуулдаг тарган "би" даргатай,  өөрийгөө золиослож  өрөөлийг өргөдөг  туранхай  "ард" багш болсон байна, энэ улс.

Тарган "би" дарга, туранхай "та" багш. Энэ хорон, ховдог, шунахай энэ үйлийн дүнд  улс дампуурсан, ард ядуурсан, залуус мунхаглалд автсан байна.

Тээр цагт эх мэргэжил, их мэргэжлийг тээгч байсан энэ цагийн  ард багшийн амьдрал нэн ядуу тарчиг. Эх мэргэжилгүй, их мэргэжилгүй энэ нийгмийн байдал  нэг л шалдар булдар....

Ц.Лувсандорж

2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр