Thursday, November 22, 2018

Үндсэн хууль бидний үнэт зүйл мөн

Үндсэн хууль бидний үнэт зүйл мөн

Манай Үндсэн хуулийн үг, утга, өгүүлбэр, санаа бүр монгол хүн бүрийн хөдөлшгүй үнэт зүйл мөн. Дагаж мөрдөх язгуур хууль юм. Зөрчиж үл болох үндсэн эрэмбэ мөн. Түүнийг зөрчвөл хэн болох билээ, юу болох билээ! Тэр нь харин их тодорхой.

Бид тань хаангүй улс болох тэр шийдлээ хийх үедээ "хуулиар засаглана" гэдэг шийдлээ хамт хийсэн юм.

Манай Монгол бол хаантай улс биш бүгд найрамдах улс юм. Энэ нь хэн нэгэн хүн хаан шиг авирлаж үл болно. Угаасаа ч тэр хуулиар тийм үйлийг хэн ч хийж чадах ч үгүй.

Үндсэн хуулиа хүн бүр энэ цагт эргэн нэг санаж эрхэмлэн дээдлэ. Бусад хуулиа түүнд нийцүүл. Олигархи сургууль, баян хоосноор ялгаж сургадаг боловсролын алагчилсан бодлого, сургууль гэх мэт үндсэн хуулийн санааг алдагдуулсан олон зүйл манарсан бидний манарсан амьдрал байна байна.Гэхдээ энэ мэт завхралыг бид ухааралд дундаа засах нь тодорхой.

Үндсэн хуулиа иргэн бүр эрхэмлэн дээдлэх ёстой. Энэ нь Монгол Улсыг бүрдүүлж буй гишүүн, иргэн бүрийн цаг ямагт эрхэмлэх үүрэг, язгуур үнэт зүйл мөн.

Түүнээс цэнэтэй үнэт цэнэ, түүнээс илүү ашиг сонирхол гэж манай улсын иргэнд байх ёсгүй.
Үндсэн хуулийг зөрчсөн бүхэн бидний үнэт цэнэ биш. Язгуур эрх ашиг ч биш. Харин гагцхүү үндсэн хууль л бидний үнэт зүйл мөн.

Ц.Лувсандорж

2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр

Monday, November 19, 2018

Манан арилгаж тэнгэр цэлмэдэг


Манан арилгаж тэнгэр цэлмэдэг

Манай улс манангаас салж байж л мандана. Гэвч өтгөн суусан манан тийм ч амархан сарнихгүй. Их юм болно доо.

Гэхдээ манан арилна. Яагаад? Үнэнг эцэстээ дагадаг юм. Энэ нь бүх юм өөрийн жамтай, замтай л гэсэн үг.

Жамаас гажиж замаа алдсан бүхэн эцэстээ жамаа дагаж замдаа ордог.

Тэгэхээр манайд буусан манан сарнихдаа л нэг сарина. Тэнгэр цэлмэхдээ л нэг цэлмэнэ.

Ц.Лувсандорж

2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр

Wednesday, November 14, 2018

Багш нар улс төрийн хамхууль биш юм шүү

Багш нар улс төрийн хамхууль биш юм шүү

Нэг хэсэг багш нарын нөгөөдүүлтэй авахуулсан нэг хөөрхөн, гоё зураг харав. Гэвч төрийн тэргүүнээс багш нарын талаар тэд юу сонссон юм дээ.

Эсвэл багш нар маань их хурлыг огцруулах гэсэн улс төрийн салхины аясад өмнө шигээ хамхууль шиг хийсэж, хөвөрч явна уу!

Багш нар өөрсдөө боловсролын хөгжлийн саад, чөтгөр, тушаа болчихсон байгаа тохиолдлууд олон бий.

Ажлаа мэргэжлийн хийдэгггүй. Хийх гэхээр цалин бага гэдэг. Цалинг тань нэмэхээр нэгдэн тэмцье гэхээр тэмцдэггүй, харин сургалтын төвөө ажиллуулаад хээв нэг явж байх нь бий.

Ихэнхи нь ман, ан, махн гэх зэрэг улс төрийн намынхан байдаг.

Багш нарын ҮЭ байгуулаад өгөхөөр ингээд улс төрийн хамхууль болоод явж байдаг улс даа.

Ажил хийдэггүй. Ийм хэдэн сүрэгтэй болов шив дээ, багш нарын тэмцлийн үр дүнд.

Ийм сүрэг багш нарт боловсролыг өөд татна гэж итгэх огт хэрэггүй. Тэд харин боловсролоос хол байх тусмаа их сайн юм.

Багш нарыг улс төрийн салхины хамхууль бүү болго.

Ц.Лувсандорж

2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр

Thursday, November 8, 2018

Ингээд асуучих сэтгүүлч энэ улсад бий юу?


Ингээд асуучих сэтгүүлч энэ улсад бий юу?

Манай сэтгүүлчид ядуу орны баян улс төрчдөөс дургүй нь хүргэхээрээ шууд асуучихдаг ийм нэгэн энгийн асуулттай болчихоод:

"Та яаж ийм баян болов оо".

Тэгээд дургүй хүргэх үедээ ч юм уу, эсвэл тэд хар нүдний шил унагаж, сугандаа туупуу хавчуулсан юм болов уу гэмээр пээдийх үед нь ч юм уу, манай баян улс төрчдөөс түүнийгээ асуучихдаг бай л даа. Тэгэхэд тэд тэр бүрт тань эвгүйрч, шууд л нүцгэрнэ ш дээ. Та бас од сэтгүүлч болно.

Зарим нь энэ асуултад яахав ардад тааруулж ингэж хариулах байх.

"Би төрийн албанд насаар зүтгэсэн ядарсан улс төрч л дөө. Хар л даа" гээд өрөвдүүлэх хэв орж үзээд, эцэст нь ингэж хэлнэ байх. "Эхнэр маань, нөхөр маань намайг төдий хүртэл тэжээж байдаг юм л даа" гэх биз.

Гэтэл тэгэж тэднийг тэжээгээд байх эмс, эрс тэр бүр энэ улсад бас хаа байхав дээ.

Огт эрдэм номгүй, ажилгүй нь бүү хэл, их эрдэм номтойнх нэг цагийн ажлын хөлс гэхэд л хамгийн ихдээ 10 хүрэхгүй доллар байгаа шүү, энэ улсад.

Монгол хүний нэг цагийн ажлын хөлсний дундаж өртөг хагас доллар биз.

Багшийн нэг цагийн ажлын хөлс 1 хүрэхгүй доллар байгаа байх аа.

Тэгэхээр өртэй монголын баян улс төрчдийг сайдаас өөр ажил огт хийдэггүй болтол нь 30 жил тэжээгээд байлгаж байх тийм эхнэр,бас нөхөр тэр бүр энэ улсад олдохгүй. Тийм ээ!

Тэгэхээр манай сэтгүүлчид амархан, гэхдээ тэднийг шууд л нүцгэлээд хаячих ийм нэг бэлэн асуулттай болчихооч!

Мөн асуух асуултгүй яана гэхгүй бас амар ш дээ. Бас од сэтгүүлч ч болж мэднэ.

Ц.Лувсандорж

2018 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр

Tuesday, November 6, 2018

Цаад ардыгаа үргэлж ард байлгаж үүрд ард үлдээ

Цаад ардыгаа үргэлж ард байлгаж үүрд ард үлдээ

ЖДҮ, ипотекийн зээл, АСЕМ, өмч хувьчлал, 20 дугаар тогтоол, газар эзэмшил, банкны дампуурал гэх мэт нь бүгд л төрийн бодлогоор, санаатайгаар, урьдаас төлөвлөж байгаад эрх мэдэлтэн бодлого, эрх мэдэл, албан тушаалаа буруугаар ашиглан мөнгө хийж байгаагийн нэгэн хэлбэр юм. МАН-АН төр барьсан 30 жилийг манараагүй хүний нүдээр харвал ийм л юм. Ийм бодлогоор энэ мэтээр мөнгө босгоход хэлбэрийн ялгаа бий, харин мөн чанарын ялгаа байхгүй.


ЖДҮ-г буцаагаад төлчихсөн гэснийг бахдан бахархалтай магтах нь байх юм. Зүгээр л бод. Малчны ухаанаар хар. ЖДҮ-ээр тэд аль хэдийн мөнгөө хийчихсэн байгаа биз. Буцааж төлөхөд л тэд хүүлсэн мөнгөтэй үлдэж байна. Тэр нь тэр бумаар хэмжигдэнэ. Гэтэл уяатай халтаруудыг тэд үүнийг ерөөсөө ойлгохгүй л гэж бодож байгаа ш дээ. Буцаагаад өгчихсөн гэхээр тэд нь бас баярлаж "үгүй, мөн шударга хүн юм аа" гэж бахдах, дэмжих, бүр их хуралд урьж залах.

Ипотекийн 8 хувийн зээлд хууртан өртөж, эцэстээ, өөрсдийгөө зээлэх мөнгөтэй, зарах хороололтой этгээдийн хөрөнгийг өсгөх хэрэгсэл төдийхөн болгож яваадаа бас л тун их баяртай яваа ард цөөнгүй явах.

300 гаруй жилийн турш гурав дөрвөн үеэрээ хөлс дуслуулан зүтгэж байж л босгосон бизнестэй, үйлдвэртэй, үйлдвэрлэлтэй Форд, Сони, Панасоник, Ж-мотор гэх мэт томоохон компаний эзэдтэй бараг дүйцэн зэрэгцэх дэлхийн баячууд гэнэт л өнөөх 30-хан жилд дотор 30 гаруй наяд долларын өртэй,жижиг зах зээлтэй, жижигхээн монголоос их олноороо тодорч байхыг хараад "үгүй мөн их аугаа монголоо, чингисийн удмаа" гэж шогжорч шагшан, биширч шүтэн, тэднийгээ их дэмжингээ өөрсдөө тун ядуурч байдаг ард бас байнга үржин олширч байх.


Ардын санхүүгийн боловсрол гэж нэг иймэрхүү, тиймэрхүү. Боловсролыг дорд болгодогийн нь учир нь бас нэг иймэрхүү, тиймэрхүү.

Тэдний цаад санаа нь "цаад ардыгаа үргэлж ард байлгаж үүрд ард үлдээ, энэ гоё ардчиллаар " гэсэн шиг бас нэг тиймэрхүү, иймэрхүү.

Яая даа, хээгүй гэх гэнэн ардын эгшин бүрт хөөрөн ядрахыг, яалтай.

Яав даа, баян гэх монголын мөч бүрт хийрхэн ядуурахыг, яая даа.

Ц.Лувсандорж

2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр

Tuesday, October 30, 2018

Ичих мэдрэмж гэж та нарт байна уу?

Ичих мэдрэмж гэж та нарт байна уу?

Хөөрхий дээ, манайхны байж байгаа нь царай нэг ийм. Сургалтын хөтөлбөр боловсруулах аргачлалаа ч бас л гадны хүнээр заалгаж байдаг, яачихсан тархинууд вэ, та нар!

Наад Япончууд тань АХБ нэрээр мөнгийг тань саахаас өөр юу хэлж өгөх вэ дээ, тэр тусмаа сургалтын хөтөлбөр боловсруулах аргачлалаар.

Дэлхийн багш бүр, тэр тусмаа дунд сургуулийн багш бүр сургалтын хөтөлбөр боловсруулах онолын үндэс, арга зүй, аргачлалын олон хувилбарыг мэддэг юм шүү дээ. Манай нөгөө ядуучууд ч бас ялгаагүй гадарлаж л байгаа. Их сургуулийн бакалаврын сургалтын бүхэл бүтэн курс хичээлийг нөгөө муу ядуучууд тань үздэг юм шүү дээ, намчид ном биш харин нам гэж шогжиж байх зуур тань.

Ном биш нам гэж шогжиж явах хооронд нөгөө муу ядуучууд тань сургалтын хөтөлбөр боловсруулах аргачлал бүү хэл их зүйлийг чаддаг, мэддэг болчихсон яваа шүү.

Бас ичих гэж нэг юм энэ салбарт байх ёстой. Бас улсынхаа багш нар, мэргэжилтэн, эрдэмтэн судлаачдыг ингэж муухай харагдуулах хэрэг юу байна аа! Монголоо гоё л доо, та нар!.

Яадаг муу тархинууд вэ, та нар! Сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох аргачлалаа мэддэггүй юм бол тэр албанд та нар юу хийж ирдэг байна аа!

Япончуудаас өр тавьж өндөр үнээр сургалтын хөтөлбөр боловсронгуй болгох аргачлал заалгаж байхын оронд ах дээр ирээд нэг хоёр зүйлийг хэлүүлж авбал яасийм дээ!

Дэлхийгээс эргүүтлээ эрснээ дэргэдээс л олддог юм.

Үүнийг өдөр бүр санаж бай.

Ц.Лувсандорж

2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр\
 
 

https://www.facebook.com/jicaprocessmongolia/photos/pcb.345354542891892/345353229558690/?type=3&theater

Monday, October 29, 2018

Орчлонд хүүхэд од болгох гэж ирдэггүй

Орчлонд хүүхэд од болгох гэж ирдэггүй

Энэ цагийн монголчууд бид нэг зүйлийг тун их анхаарах хэрэгтэй болсон байгаа юм. Энэ нь жам ёсоор амь зуух, орших, одох. Ингэх нь ийм л хэмнэлтэй явна гэсэн үг л дээ.

Хүүхэд эхлээд жаахан суралцана. Дараа нь хүнд тусдаа ямар нэгэн зүйл хийж сурна. Хөдөлмөрлөнө. Хөдөлмөрлөж хөлс урсгаж амьдрах нь хүний амьдралын жам ёс юм.
Хөлсгүйгээр, хөдөлмөрлөхгүйгээр амжилт гэнэт бууж ирэхгүй. Байвал их эрсдэлтэй. Тэгэхээр ингэж сурч хөдөлмөрлөж байх зуурт нь тэдэнд ухаарал ирнэ. Тэгэхэд тэд маань 30 дөхсөн байх.

Тэгээд л айл болох гэж, үр хүүхдээ өсгөх гэж бужигнаж түжигнэж байтал 40 гарна. Ухаарал дээр нь өнгө зүс гандаж гундана. Бас нэг өөр мэдрэмж эргэнэ.

Орших, одохыг эргэцүүлж эхэлнэ. Тэгэж байтал өөрсдийнх нь үр хүүхэд өсөж тэд нь өөрийнх нь туйлсанг л туулах гэж явааг хараад тэднийгээ өрөвдөж, тэднийгээ чадахаараа л түшихийг хичээнэ. Тэдэндээ санаа зовно.

Ингэж байтал 50 гарна. Тэр үед юм бүхэн зөөлөн, уяхан болно.

Үрсээ ийм л хэмнэлтэй замаар замнах жам ёсыг тэдэнд өнөөгийн монголчууд бид их зааж сургах, хөтөлж чиглүүлэх хэрэгтэй байна даа.

Нэг л их од болох, од болгох гэж яарсан, сандарсан улс байх юм. Аливаа зүйл жам ёсоороо байвал эцэстээ төв, зөв байх. Жамаас гажсан бүхэн их эрсдлийг дагуулж байдаг.

Дэлхийн тэр нялх попууд, одуудын амьдрал мөн ч харамсалтай, эрсдэлтэй өнгөрч байгааг сонсож л, ажиглаж л байгаа биз дээ.

Нас насандаа зарах биологи, хэмнэл, орчил, эрчим гэж бий. Түүнийгээ л дагах. Орчлонд хүүхэд од болох гэж ирдэггүй юм.

Манай улсын энэ олон ТВ-үүд хүүхэд мисс, хүүхэд дуучин, хүүхэд модел, хүүхэд од, хүүхэд загвар өмсөгч гэх зэргээр тэднийгээ жамаас гаргаж буруу зам луу хөтөлж мэдэх маш олон эвгүй хөтөлбөр, уралдаант тэмцээнийг зохион хэрэгжүүлж ирсэн. Монгол маань дан ганц уралдаан, тэмцээний улс биш шүү дээ. Иймд хүүхэд залуусынхаа гүйцэж амжаагүй ухаан, ургаж амжаагүй биеийг гамна, хайрла. Тэднийг од болгох гэж үү яар л даа. Мөнгө, ашгийг хүүхэд, залуус, бусдыг хохироохгүйгээр ол л доо. Хүүхэд, залуусаа жам ёсон зам дээр нь үлдээ л дээ.

Мөн манай улсын боловсрол нөгөө олон олимпиад, уралдаан тэмцээнээр хүүхдийг мөн ч их хохироож, зовоож байна даа. Тэднийгээ сурах баясал болох тэр зам дээр нь байлга л даа.
Хүүхэд залуусдаа бид яарч од болохыг биш харин яаж орших, хөлсөөр хэрхэн аятайхан хөдөлмөрлөж амьдрахыг л заая, сургая, үлгэрлэе, хүмүүс минь!

Хүн болж ирнэ гэдэг ховорхон тохиол. Энэ ховор заяагаа зөв үйлээр тэтгэж оршин, одож чадвал тэр энэ насны утга учир мөн. Ингэж чадваас тэр ёстой жинхэнэ ашиг, жинхэнэ ялалт, жинхэнэ од мөн.

Хүүхэд, залуусаа иймд нийгэм ч нь, бизнесийнхэн нь ч, ТВ-үүд нь ч, энэ олон хувийн хийгээд улсын сургуулиуд нь ч хайрла, гамна. Хамгаал. Бид бүгд хүүхэд байсан. Бас залуу явсан.Тэгэж эргэцүүлж тэднийг хайрла.

Орчлонд хүүхэд од болох гэж ирдэггүй.

Ц.Лувсандорж

2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр