Wednesday, May 29, 2013

Зөнгөө л дага


ЗӨНГӨӨ Л ДАГА

Хүн  угтаа хөг л юм. Хөгөө иймд эгшиглүүл. Эгшиглүүлж хөглө, хөглөж эгшиглүүл. Зөнгөө дагаж зөв эгшиглэ. Зөгнөж эгшиглэ, эгшиглэж зөгнө. 

Хүн  биологийн оршихуй төдий биш.  Тэр  бүтээгч оюунтай, мөнхийн амин сүнстэй. Биологи ч хэлбэлзэл, оюун бодол ч хэлбэлзэл, амин сүнс ч хэлбэлзэл. Тэр  хэлбэлзэж эрчимжсэн хөг, хөгжиж хэлбэлзсэн эрчим. Хүн  хөгөөрөө  ижилсэж,  хөгжсөөр л  оноошино.  Хөг, хэлбэлзэл, эрчим ингэж л хүний ижилсэх  ч чанар, бас ялгагдах ч чансаа болно. Иймд хөгөө  арвилж  зөнгөө л хөгжүүл.

 Авсан мэдээлэл  тань  хуурмаг.  Эзэмшсэн мэдлэг тань  явцуу. Олсон итгэл тань  хазгай. Эргэцүүлэл бодол тань ядмаг. Иймээс мэдээлэлд бүү хуурт,  мэдлэгт бүү бард, итгэлд бүү хөтлөгд, бодолд бүү  бурантлагд. Гагцхүү харин хөгөө арчилж зөнгөө л мэдэр.  

Хуурмагжсан мэдээлэл, гажисан  итгэл, болхижсон бодол, явцуурсан мэдлэгээр шийдэл бүү хий. Сонголтыг бүр ч бүү хий.  Их л алдаж мэднэ.  Дүнд нь өөрөө ч их гундаж, өрөөлийг  ч бас гандааж мэднэ. Алдахыг эс хүсвэл иймд зөнгөө л дага. Тэр л  ононо.

Хөгөө гамна. Хөгөө арчил. Хөгөө хөгжүүл. Хөгөө арвижуул. Хөгжүүлж  түүнийг эгшиглүүл. Чингэвээс, үйлс тань ариун, үг тань үнэн,  үйл тань зөв болно. Бас  өөрөө ч алдахгүй хөгжинө.  Улс тань  ч алзахгүй дэвжинэ. Иймд хөгөө л эгшиглүүл. Бүр зөгнөж эгшиглүүл.

 

 

Ц.Лувсандорж

Ц. Мөнхжаргал

2013 оны 5 дугаар сарын 8-ны өдөр

 

 

 

 

Thursday, May 16, 2013

Анчилал, манчилал

 
АНЧИЛАЛ, МАНЧИЛАЛ
Түмний алба энэ улсад анчилал, манчилалд нэрвэгдэж бүр муудсаар, муухайрсаар. Эхлээд тэр ардчилалын  муухай дүр, муу үр болж харагдав. Эцэстээ тэр ардчилалыг бүр алагчлал болгож хувиргав. Анчилал, манчилал ингэж л угтаа ардчилалын дайсан болж байна, энэ улсад. Иймд анчилал, манчилалаас түмний албаа нэг таслан салгая. Монгол төрөө тэгэж нэг гоёж чимье, чимж гоёьё.
Түмний албыг анчилах, манчилах үзэгдэл энэ нутагт газар авч түгсээр, бүр жалганд хүрч амилсан байна лаа.  Агуулга нь ч их баяжиж, аргачлал нь ч тун олширч.
"Анын даргын, манын  даргын ах зах, авгай хүүхэн, амраг садан, үр төл" гэх шалгуураар "шахах" аргачлал гэж байхад  "алтайдах",  "түр орлон гүйцэтгэх" гэх олноороо мэдэх олоон аргачлал бий болж. Нэн чухлаас нэгийг жишээ болгон хэлье байз.
Хүүхдээ гэдэггүй энэ нийгэмд хүүхдийн төлөө газрын даргыг ёстой жинхэнэ ардчилсан, ёстой жинхэнэ нээлттэй, ёстой жинхэнэ шударга зарлаж "ёстой л жинхэнэ хүүхдийн төлөө" гэсэн хүнийг ёстой жинхэнэ шилж тавих ёстой юмсан.  Гэтэл харин энд нөгөө ардчилалын “дайсан” манчилал, анчилал аль хэдийнээ хүрч бүүр амилсан байх юм.
 “Өмнөх”   гэх дарга нь "алтайдах" гэсэн аргачлалыг монголд шинээр бий болгох замаар  шалгарсан дүр эсгэн тэнд очсонг зон олноороо хэвлэлээс сайн мэдэх болсон.  Учир нь манжилан манчилж байгаа юм чинь.
“Одоогийн” гэх дарга нь  "үүрэг түр орлон гүйцэтгэгч" гэсэн аргачлалаар бүр шалгарсан дүр ч  эсгэлгүй зүгээр л шууд томилогдон очсон нь  мэдээж. Учир нь алагчлан анчилж байгаа юм чинь.
Монгол түмний албыг анчилчилж, манчилж байгаа муруй үзэгдлийн энэ мэт муу үр, муухай дүрийг дурдаад байвал хайран цаас маань хайран, хайран цаг маань   яйран болох нь дамжиггүй. Ихээ л урт жагсаалт гарах учраас тэр л дээ.
Шалгаруулсан дүр эсгэдэг манжилсан манчилал,  тийм дүр огт эсгэдэггүй зүгээр томилдог алагчилсан анчилалын энэ дорд үзэгдэлд дор олоон залуус нэрээрээ ч, үйлээрээ ч, үйлсээрээ ч их нэрвэгдэж, бас тохуурагдаж байна, хөөрхий. Муу үрийг нь ч эдэлж, муухай дүрд нь  ч тоглон золиослогдож байна, зайлуул. Энэ тохуурхал, тэр золиосыг зогсоомоор байна, одоо. Тэднийгээ ч бас гамнамаар байна. Хайрламаар байна.
 
 
Анчилал, манчилалын үед намыг бус харин номыг эрхэмлэн дээдлэсэн нэг нь түмний гэх энэ чухал албаас зугатаж эхэлдэг нь их харамсам. Учир нь тэр ховор хүн үндэсний их баялаг юм. Анчилал, манчилал үед монгол түмэн төрүүлж бүтээсэн  ховор хүүгээрээ хөтлүүлэх боломж  үгүй болдог, бий болгосон хүний их баялагаасаа хүртэх боломж ч байхгүй болдог. Үүнд л анчилал, манчилалын хамгийн гай, хамгийн их хорлол нь  оршиж байна.
Түмний албыг ингэж анчилах, манчилал нь алагчлаагүй ардчилалын уг мөн чанар огт биш үү.  Харин энэ бол алагчилсан ардчилалын муухай л дүр, муу л үр нь  юм.
Түмний албаар зон олноо хөглөх, хөтлөх ариун үйлсийг алагчилсан ардчилалын энэ муухай дүр, муу үр болох анчилал, манчилалаас нэг таслан салгая. Тэгэж нэг монгол төрөө чимж гоёьё, гоёж чимье.
 
Ц.Лувсандорж
2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр
 

Tuesday, March 5, 2013

ХҮҮГЭЭ Л ГЭСЭН ЭЭЖ МИНЬ


ХҮҮГЭЭ Л ГЭСЭН ЭЭЖ МИНЬ

Хүүгээ л гэж зүүрмэглэж, хүүгээ л гэж зүүдэлж, хүүгээ л гэж амьдарч, хүүгээ л гэж өтөлж, хүүгээ л гэсээр одох хөөрхий ээж минь.  Хүүгээ л гэсэн энэ  хайраар  хорвоог  зөөллөж, хотлыг  ундаалсан өр нимгэнхэн ховорхон ээж минь, хосгүй ээж минь.

 Үдэш хүүгээ  санаж мэгшинэ. Шөнө хүүгээ зүүдэлж баясана. Өглөө  хүүгээ бодож сэрнэ.  Өдөөржин хүүгээ санаж өнжинө.  “Хүү минь өлөн гараад өлсчих вий дээ” гэж үглэнэ,  уймарна.  Тэсэхгүй утасдана. “Миний хүү хоолоо идэж, цайгаа уугаад гараарай” гэж өглөө бүр л сануулна.  “Хүүгийнхээ дуу сонсохоор сайхан байна” гэнэ.  Хүүгээ л гэсэн  ээж минь.

Тэнгэр муухайрахад сэтгэл нь дагаж өвддөг, хайлган ээж минь. Хүүгээ л гэсээр л тэр.  “Хаврын хүйтэн хавсарганд цохиулах вий дээ” гэж хайрлана. “Зуны аагим халуунд халууцчих вий дээ” гэж саналгалзана. “Намрын хонгор салхинд гандах вий дээ” гэж бодлогоширно. “Өвлийн хахир жаварт  хайруулчих вий дээ” гэж  хайлна.  “Хүүгээ санаад байх юм даа”  гэж чимээгүйхэн өөртөө шивнэж тэнгэрт залбирч өтөлнө. Хүүгээ л гэсэн уяхан ээж минь.

Гандаж, гундаж  явахад  ч; гангарч гунхаж байхад ч хайраа л эвдэг, хайраар л тосдог хайран ээж минь.  Сайн сайхан бүхнийг нь сануулж нэг хайрлана. Саар муу хоёрыг эргэцүүлж бас хайрлана. Бүр төрсөн өдрийг нь хүртэл хорвоогийн хосгүй өдөр болгон хайрлана. Балчир насыг нь дурсан уйлж хайрлана. Алдаа оноо хоёр  угтаа ав адилхан гэдгийг ухууруулж мөн хайрлана.  Хүүгээ л гэсэн хайрыг цалигааж өтөлсөн сайхан  ээж минь.   

Зуу хүрсэн хэрнээ 50 гарсан хүүгээ “хүү минь”  л гэсээр “хүү нь уйлж хүүгийн минь зовоочих вий дээ” гэж өр нимгэрч өтлөх хорвоод  ховорхон, хосгүй ээж минь.

 

Ц.Лувсандорж

2013 оны 3 дугаар сарын 6-ны өдөр

 

Friday, February 22, 2013

СЭХЭЭТЭН БААС БИШ


СЭХЭЭТЭН БААС БИШ

Өнгөрсөн 20 жилд энэ нийгмийн нэг бүл амиа их бодсоон. Улс төрчид тэднээр их тохуурхаж, бүүр "сэхээтэн бол баас" гэж ил хэлж, далд авирлах. Үүнийгээ “Ленин хэлсэн юм” гэж  үндэслэж үзсэн нь ч бий. Сэхээтэн  баас биш.

Тэд нийгмийн тархи оюун. Магадгүй тэд гудманд трактор ч юм уу, ядууг ч юм уу жагсааж сүйтгэл хийхгүй байх. Гэвч тэд нийгмийг чиглүүлэн хөтөлж чадна. Ухаарлаараа, сэхээрлээр тэд л тасархай. Ийм ч учраас тэд нийгмийн тархи оюун, хөдөлгөгч хүч.  

Энэ тархийг өнгөрсөн 20 жилд ходоодонд нь захируулах гэж их оролдсон. Эцэст нь бүр баас гэж тохуурхсан. Сэхээтнийг ингэж баас, ходоод болгон дордуулах гэсэн оролдлого бүхэн  бүтэлгүйдэх жамтай. Учир нь сэхээтэн гэдэг сэхээрлийг хүчийг өөртөө шингээсэн нэгэн. Сэхээтэн гэдэг зараад зараад, тараагаад тараагаад дуусашгүй баялагыг өөртөө бүтээсэн нэгэн. Тийм учраас тэр  хэзээ ч баас болж дордохгүй, ходоод болж муудахгүй. Харин нийгмийн тархи оюун болж дэвшинэ, хөгжинө.  

Иймд гагцхүү сэхээрэл, ухаарал, сэхээтэн л эцэстээ нийгмийг хойшлуулах бус урагшуулж чадна, ард, ядуу болгох бус харин баян тансаг болгоно. Ингэж чадах арга нь тэдний хувьд их энгийн, тэдний бусдад харин их хэцүү.

Бичээд бай бичээд бай. Сэхээтэн минь. Мэтгэлзээнд дуудаад бай, дуудаад бай. Сэхээтэн минь. Ирэхгүй  зугтаж нэг ялагдана. Ирж бас амархаан ялагдана.  Дүнд нь сэхээтэн л нийгмийн тархи гэдгээ л нотолж энэ нийгэм бохир, мунхаглалаас сална. Мунхаглалаас салсан нийгэм сэхээрсэн нийгэм, ухаарсан нийгэм, дэвшсэн нийгэм, хөгжсөн нийгэм.

Сэхээрсэн нь л иймд нийгмийг хувьсгаж  ч,  хувьсалгаж ч  чадна. Энэ хувьсал, тэр хувьсгал тэнэглэл, мунхаглал, ядуу, гуйланчлал огт биш харин хөгжил, дэвшил, баяр баясгалан, хайр энэрэл л  байна.


Ц.Лувсандорж

2013 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 

 https://undesniibolovsrol.blogspot.com/2013/02/blog-post_22.html


Tuesday, February 19, 2013

Хүүхдээ гэдэггүй нийгэм


Хүүхдээ гэдэггүй нийгэм

“Хүүхдийг золиослоно оо”  гэдэг энэ улсад цай уух лугаа адил их түгээмэл.  Эгэл томчууд нь тэднийг дорд үзэж тохуурхан золиослоно. Ноёд томчууд нь тэднээр мөнгө хийж золиослож тохуурхана. Хүүхдийн тохуурхал, золиос энэ нийгэмд ийм их түгээмэл. Энэ нийгэм тэгэхээр “хүүхдээ л” гэдэггүй нийгэм.

Хөдөөд морь аргамжуулах хүүхэд гэж байхад хотод хөлөө хучуулах хүүхэд гэж бий. Хайртайгаа нотлох хүүхэд гэж байхад өшөө авах хүүхэд гэж ч бас байна. Мөнгө хийх хүүхэд, мөнгө хийлгэх хүүхэд ч гэж мөн байх болж. Хурдан морины хүүхэд, хүүхдийн мөнгөний хүүхэд, шатрын хүүхэд, олимпиадын хүүхэд, уран нугаралтын хүүхэд, за тэгээд аав, ээжийнхээ карриегийг өсгөх, өнгөлөх хүүхэд ч гэж  бас байна.  Хөрөнгөтөн болгох хүүхэд, ерөнхийлөгч болох хүүхэд  гэж ч бүр төрсөөр. Дур хүрвэл олж тоглодог, дургүй хүрвэл алж тоглодог авортын хүүхэд гэж мөн байна, бүр олоон байна,тэд. Гаргаад хаячихдаг хүүхэд ч гэж бас дуулддаг боллоо. Эгэл томчууд хүүхдээр энэ нийгэмд ингэж их тохуурах, мөн золиослох.  Гунигтайяа.

“Хүүхдээр мөнгө хийнэ” гэж  хөөрхийлэлтэй нэг бизнес байна. Хэл ам дагуулахгүй хамгийн хялбар бизнес ч гэх. Хийхэд хамгийн хялбар авилга ч гэх. Хүүхэд одоохондоо тэмцэж үл чадах учраас  тэр гэнэ. Ийм л учраас ноёд томчууд тэднээр мөнгө хийж их тохуурхах. Бас их золиослох. Харамсалтайяа.  

Үдийн цайны бизнес аймаар бизнес дээ.  Эхлээд хогон хоол шахаж, шар түгээж тоглоно. Эцэстээ шарын вакцин шахаж, амь нас, амьдралаар нь тохуурхаж тоглоно. Энэ бизнес ийм л аймаар бизнес, аймаар золиос, аймаар тохуурхал.  

Сурах бичгийн бизнес  бурангуй бизнес болж. Эхлээд, юуг сурах бичиг гэдгээ ч үл мэдэх нэгнээр түүнийг бичүүлж,  сургах бичгийг мурих бичиг, бурангуй бичиг болгон тохуурхана. Авилгалын гай, шуналын гай л юм.  Монгол хэлний хичээлээр энгийн өгүүлбэр ч үзэж амжаагүй нялхасын математикийн сурах бичгийг хавсарсан нийлмэл өгүүлбэрээр, мэдэх мэдэхгүй шинэ үг, хэллэгээр бичиж, муриж бурангуйлна, бурангуйлна мурина.  Өөрөө  зүгээр л сурахчих сурах бичиг ингэж л энэ улсад өрөөлтэй нийлээд ч сурч үл болох муруй бичиг, бурангуй бичиг болох.  Ийм бичгийг судалсан нялхас бүр  буруу, муруй, бурангуйн дор гуниж суух, бүлтгэж суух. Гэмгүй мөртлөө гэмтэй юм шиг л тэд “би л муу, би л  сурч чадахгүй юм байна” гэж нялхаараа гуниж өтөлнө, өтөлж гунина. Сурах бичгийн бизнес ийм л  бурангуй бизнес, бурангуй тохуурхал, бурангуй золиос.  

Нэгдсэн шалгалтын бизнес үнэнхүү улайрсан бизнес дээ. Их дээд сургуулийн хийх ёстой ажлыг төрийн том ноёд нь булаан авч хүүхдийн сурах хүсэл тэмүүлэл бүрийг мөнгө болгож авилгажина. Шалгалт бүрийг мөнгө болгоно. Мөнгөжихийг тулд шалгана. Шалгахдаа нэгдсэн шалгана. Зөвхөн нэг долоо хоногт гэхэд хэдэн арван тэрбум төгрөг улсын ч юм шиг, хувийн ч юм шиг  (Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх Боловсролын үнэлгээний төв)  байгууллагын дансанд цугларах. Энэ мөнгө хайчдаг бол оо.  Мөнгөнд улайрсан энэ бизнесийн улайрсан шуналд гэмгүй хүүхэд эцэстээ хүслээрээ, тэмүүллээрээ, мөнгөөрөө, хөлсөөрөө их хохирч золиослогдон тохуурхагдах нь, тохуурхагдаж золиослогдох нь мөн ч олон доо. 11 жил хөлсөө урсгаж сурсан хүүхэд нэгдсэн шалгалтын тэр нэгэн гайтай мөчид очиж амжиж чадаагүй л бол насаараа хохирч үлддэг. Хүүхдийн 11 жилийн нөр их хөдөлмөр, зүтгэлийн дүн авилгажсан нэгдсэн шалгалтын нэг цагийн ч цэнэгүй болж буй нэгэн бодит жишээ энэ. Нэгдсэн шалгалт ийм улайрсан бизнес, улайрсан тохуурхал, улайрсан золиос.

Сурагчийн дүрэмт хувцасны бизнес ардчилсан коммунист, коммунист ардчилсан бизнес дээ.  Коммунизмийн сургуульд сурагч гэдэг хүүхэд гэхээсээ илүү цэрэг. Тэдний үзэл нэг, үйл нэг, хувцас нэг, үг нэг. Ийм учраас  сурагч бүр ижил хувцастай, дүрэмт хувцастай байх нь тэнд жам. Харин “хүүхдийн эрх, эрх чөлөөг адил тэгш хүндэтгэх, хангана”  гэх ардчилсан сургуульд хүүхэд цэрэг гэхээсээ илүү хүн, хүмүн юм. Тийм учраас тэд идэх хоолоо төдийгүй өмсөх хувцсаа том ноёдоор бус харин өөрийн бүлээрээ шийдэж байх нь ардчилал, үнэт соёл, чин зам. Гэвч авилгалжсан ардчилалын үеийн сургуульд сурагчийн дүрэмт хувьцас гэдэг сайхан ашиг, амархаан авилга аж. Авилгажсан ардчилалын үед сурагчийн дүрэмт хувцсыг коммунд нийлүүлэх бизнес нь ингэж ардчилсан коммунист, коммунист ардчилсан бизнес болж хувирна. Дүнд нь гэмгүй хүүхэд дэмгүй хувцас нөмрөн тохуурхагдан золиослогдоно, золиослогдож тохуурхагдана.  

Вакцинжуулалтын бизнес үнэхээр балайр бизнес дээ.  Баталгаатай вакцин гэж үнэндээ байхгүй. “Яахав, 1000 хүнд туршихад 10 үхэж магадгүй” гэх итгэл, зүйрлэл байх. Туршаад үзэхэд иймэрхүү байсан л гэх.  Гэвч хорвоогийн аль нэг газрын ямар нэгэн хүнд туршсан тэр бодис монгол хүүхэд яг таарна гэдэг нь даанч баталгаагүй. Харин түүнийг хэдэн зуун мянган ширхэгээр нь бөөнөөр нийлүүлэх бизнес  ашигтай  болох  нь даанч баталгаатай. Хүүхдийн ванцинжуулалт энд ингэж л баталгаатай ашигтай балайр бизнес болдог. Дүнд нь гэмгүй хүүхэд амиараа, эрүүл мэндээрээ дэнчин тавьж золиослогдоно тохуурхагдана.
Паркийг нь нурааж газрыг зарж тохуурхана, тэд. Тоглоомыг нь эвдэж талбайг авч золиослоно, тэд. Дүнд нь цэнгэлдэх паркгүй, тоглох талбайгүй хүүхэд эх нутагтаа уйдаж торнино, элгэн түмнээсээ холдож томорно. Хүүхдээрээ тохуурхан тэднээр ингэж мөнгө хийж буй ноёд томчуудын энэ булайг цаашлуулан бичвэл цаг ч хүрэхгүй, бас цаас ч хайран. Хөөрхийлэлтэйеэ.


Хүүхдээрээ тохуурхдаг, тэднийг золиослодог нийгэм хүмүүнлэг нийгэм биш. Хүүхдээ гэсэн нийгэм бүр ч биш. Хүүхдээ гэдэггүй нийгэм хүний нийгэм огт биш. Хүүхдээ гэдэггүй нийгэм ер нь нийгэм биш, харин чонон сүрэг шиг хүн сүрэг, дарвинжсан  сүрэг.


Ц.Лувсандорж

2013 оны 2 дугаар сарын 19-ны өдөр

Thursday, February 7, 2013

СҮҮН САР


СҮҮН САР


Учир мэдэх ахыг  цагаан сараар заавал нэг зорих. Учирлан золгох бүрт  тэр “хүү, цагаан”-д нь эхлээд хүр гэх. Их л ухааруулж  мэдэх энэ эгэл эрхэм “цагаан”-ыг яагаад ингэж эрхэмлэв ээ.  

http://undesniibolovsrol.blogspot.com/2013/02/blog-post.html

Сар гэдэг он тооллолын хэмжүүр багц өдөр тул түүнд өнгө үгүй. Харин тухайн сарыг тухайн мөчид болдог байгаль, нийгмийн онцгой үзэгдлээр нэрлэж ирсэн уламжлал түүхэнд их байх. Ийм л жаягаар олон соёлд ногоон өнгөөр илэрхийлдэг хаврыг нүүдэлчид л харин цагаан өнгөөр билэгшээв үү дээ.


Хавар. Хахир өвлийг өлсөж, зутарч давдаг нүүдэлчдийн хувьд бол сүүн сар. Энэ сар цагаан идээтэй эргэн золгох баярт мөч. Хаврын эхний өдөр ирнэ ээ гэдэг тэдний хувьд сүү, цагаан идээтэй удахгүй золгоно оо гэсэн үг.  Ийм ч учраас тэд энэ өдөр сүүг хүсэн, энэ хүслээ түүний өнгөөр илэрхийлж баярлаж, сүүн өнгө-цагаан өнгийг өөрийн үйл, үг бүхэнд шингээж баясана.Ахуйгаа ч, үгээ ч, сэтгэлээ ч цагаан байлгахыг энэ өдөр ихэд хичээнэ ээ, тэд.


Идээ, зоог нь эгэл, жирийн, цагаан, сүүн. Үг нь сүүн өнгийг билэгдсэн ерөөл, магтаал. Үйл нь цайлган цагааныг дээдэлсэн хайрлал, хүндэтгэл, уучлал.


Энэ өдөр нүүдэлчид өтгөс, хөгшдөдөө хайр, халамжийг хүргэж, хүндэтгэлийг үзүүлж золгоно. Хүүхэд нялхасдаа хайр, энхрийллийг мэдрүүлж баярлуулна. Анд нөхдөө хайрлаж, уучилж, ухаарлуулж баясгана. Үнэнч туслагч мал сүргээ хайрлаж, гамнана. Энэ өдөр тэд эх болсон байгаль дэлхийдээ хүндэтгэлийг үзүүлж, залбирч баясана.


Цагаан сарын баяр эрт цагт ийм л сүүн. Сүүн учраас тэр хайрын, хүндэтгэлийн, сэтгэлийн, эгэл, жирийн, цагаан. Эрт цагийн сүүн сарыг энэ цагийн өнгөөр хэлбэл их ногоон.


 Цагаан сарын баяраар учир мэдэх ахыг заавал нэг зорих. Учирлаж очих бүрт тэр  “цагаан”-д нь эхлээд хүр гэх.  Ихээ учирлаж мэдэх эрхэм эгэлийн энэ үгэнд энгүй ухаан их шингээстэй.  

Ц.Лувсандорж



2013 оны 2 дугаар сарын 8-ны өдөр

Wednesday, January 9, 2013

ДЭЛБЭЭЛДЭГ ЦЭЦЭГ Л ГОЁ


ДЭЛБЭЭЛДЭГ ЦЭЦЭГ Л ГОЁ
Хорвоод янз янзын л цэцэг байх. Хайран цэцэг, халамжан цэцэг, хорон цэцэг, бас дэлбээлдэг, дэлбээлдэггүй цэцэг. Энэ олон цэцэг дунд дэлбээлдэг цэцэг нь л их хайрлам, их уярам, бас хамгийн гоё нь юм.   
Хайран цэцэг гэрэл, илч илгээн, хайрын үр түгээн дэлбээлнэ. Ийм цэцэг хөрс голдоггүй, агаар шилдэггүй, хайрын хүчээр өөрөө аяндаа дэлбээлж хайрын үрээ түгээн гэрэлтэнэ. Тэр цэцэгчинд ихийг өгч, харин  багыг авч цэцэглэнэ. Хайрын цэцэг ийм л уярам, хайрлам цэцэг. 
Халамжан цэцэг нь халамж нэхэж, хөрс голж, агаар шилж, наранд хүртэл гомдон халаглана. Тэр дэлбээлнэ гэсээр л гараас гарт, хөрснөөс хөрсөнд, цэцэгчнээс цэцэгчин дамжсаар эцэстээ хөрслөх үргүй, үндэслэх хөрсгүй болж ч мэднэ.  Аз эз таарвал л тэр дэлбээлэх. Гэхдээ цэцэгчнээс ихийг авч, хариуд нь их багыг өгч л дэлбээлнэ ээ. Аз эс таарвал  тэр хагдран хагдарсаар, гандан гандсаар л, хорчийн хорчийсоор нэгэн цагт  хогийн саванд ордог.  Халамжан цэцэг ийм  л хөөрхий цэцэг. 
Хорон цэцэг  дэлбээлж огт өгдөггүй, харин хор ихээр ялгаруулж өөрийгөө ч, өрөөлийг ч хордуулсаар эцэстээ зүгээр л тасдуулж хогийн сав луу шидэгдэнэ.  Хорон цэцгийн хоронд хөрс ч хордоно, агаар ч бохирдоно, нарны цацраг ч сарнина. Хорон цэцгэнд цэцэгчин бүр ч ховор олдоно.  Тэр цэцэгчнээс авсаар, авсаар, авсаар, эцэстээ хордуулж орхидог болохоор л тэр л дээ.  Хорон цэцэг ийм л хорлонтой цэцэг.
Хорон цэцэг их хорлонтой. Халамжан цэцэг их хөөрхийлэлтэй. Эд бараг л дэлбээлэхгүйдээ, цэцэгчний их халамж байлаа ч. Ер нь  тэд дэлбээлэх ч хэрэггүй биз.  Харин хайран цэцэг бол өөр, бүр уярамаар, хайрламаар цэцэг. Тэр хайрын үрээ түгээгээд л мөнхөд гэрэлтэн дэлбээлж байх. Хайрын  цэцэг л иймд хорвоогийн ганцхан үзэсгэлэнтэй цэцэг, гоё цэцэг. 
Ц.Лувсандорж
2013 оны 1 дүгээр сарын 11-ны өдөр
 
Жич: Фэйсбүүк андуудын дунд өрнөсөн цэцэг, цэцэгчний тухай хөөрхөн хүүрнэлээс сэдэвчлэн энэхүү бичвэрийг тэрлэв.