Tuesday, March 29, 2016

Урлаг спорт хоёроор улс орон хөгжихгүй


Урлаг спорт хоёроор улс орон хөгжихгүй


Урлаг спорт хоёроор улс орон хөгжихгүй

Урвалт, ухралт хоёроор  тэр дэвжихгүй

Хийрхэл, хэрүүл хоёроор тэр бэхжихгүй

Хулгай, залхуу хоёроор  тэр  мандахгүй.


Ухаан, ур хоёроор л улс  орон хөгжинө.

Сэтгэл, зүтгэл хоёроор л тэр дэвшинэ

Эвсэл нэгсэл хоёроор л тэр бэхжинэ

Үнэн, үйлс хоёроор л  тэр  мандана.


Ц.Лувсандорж

2016 оны 3-р сарын 29-ний өдөр


Жич: Ур шингэсэн бүхэн угтаа урлаг. Гэвч урлаг гэдгийг дуулах,  хошигнох, бүжиглэх, хөгжимдөх, зурах, барих, аманцардах зэрэг аль эртний ойлголтынх хүрээнд эдүгээ хүртэл байлгаж, түүнийг урвуулан ургүй, үргүй хэрэглэсээр байгаа доройтлын үеийнхийн утга, өнгө аясаар нь энд зориуд хэрэглэв.

Sunday, March 6, 2016

Өнчирсөн Сири хүүхдүүдэд өгөөмөр сэтгэл гаргацгаая


Өнчирсөн Сири хүүхдүүдэд өгөөмөр сэтгэл гаргацгаая

 

Монголчууд бид "тэнхээтэй явахад нь тэмээгээр тусалснаас тэмцэж байхад нь тэвэнгээр тусла" гэсэн ухааныг эрхэмлэж ирсэн улс билээ.


Социализмын үед монголчууд бид дэлхийд гайхамшигтай нэгэн гэгээн үйлсийг бүтээсэн юм. Тэр нь ийм юм. Дайнд эцэг эх нь үрэгдсэн солонгос хүүхдүүдийг эх орондоо авчирч 18 нас хүртэл халамжилж солонгос хүн болгосон явдал юм. Энэ бол гайхамшигтай хүмүүнлэг үйлс байлаа.


 Хүмүүнлэг ардчиллын өнөөгийн бидэнд социализмын өнгөрсөн үеийнхний бүтээсэн шиг тийм нэгэн үйлсийг үйлдэх бодит хэрэгцээ, боломж одоо байна. Энэ нь угтаа элдэв дарга нарыг бөөгнүүлж эрхлүүлж элдэвлэхээс хамаагүй эрхэм юм.


Тэр үйлс нь "Дайнд эцэг эхээ алдаж, өнчин хоцрон шар өдөр бор хоногийг уйлж, чадахаар л тэмцэж өнгөрөөж яваа Сири хүүхдүүдэд тусламж, халамжийн гараа харамгүй туслах явдал юм".


Дэлхий нийтэд жишиг болсон өөрийн туршлагадаа тулгуурлан, Солонгос хүүхдийг өсгөж хүн болгосон шигээ Сири хүүхдийг эх орондоо авчирч 18 нас хүртэл нь халамжлан Сири хүн болгон хүмүүжүүлье, өсгөе".


Энэ нь тал нутгийн монгол туршлага юм. Ходоодоо л гэдэг капиталист ертөнц биднээс суралцаг. Монголчууд бид дорны сар шиг ээ, тал нутаг шиг ээ уужим сэтгэлтэй, өгөөмөр үйлстэй улс биш бил үү.


Бидэнд харамын сэтгэл, шунал зохихгүй. Учир нь бид талын хүмүүс,оюун билгийг эрхэмлэдэг улс. Харин бидэнд өгөөмөр сэтгэл, уужим ухаан, гэгээн үйлс зохино.


Өнчирсөн Сири хүүхдүүдэд өгөөмөр хандаж нэгэн гэгээн үйлс, монгол үйлс  бүтээцгээе. Тэгэх үү?



Ц.Лувсандорж, доктор, профессор



2016 оны 3 дугаар 7-ны өдөр

Saturday, February 27, 2016

Ээж минь


Наран, саран; хавар, намар; навчис, цэцэгс; хосгүй ховорхон хайраар надтай дандаа хамт байдаг одсон ч одоогүй  хосгүй ээж Мижидийн Хүрэл таныгаа санаж уйлдаг, дурсаж үгүйлдэг сэтгэлийнхээ зурвасхан хэсгийг энэ мөрүүдэд буулган үлдээв.


                                                        Ээж минь


Гангарч гунхан цалигаж явахад

Хаврын цэцэгсээр, нарны гэрлээр

Дэлхийд үгүй ч дэргэд минь байх нь

Энхрийхэн наран ээж минь билээ

Энхрийхэн ээж минь наран

Наран ээж минь энхрийхэн

Гандаж гундан гунихарч суухад

Намрын навчсаар, сарны туяагаар

Нулимстад үгүй ч хайраа эвхэх нь

Эгэлгүйхэн саран ээж минь билээ

Эгэлгүйхэн ээж минь саран

Саран ээж минь эгэлгүйхэн

Уйлж дуулан уяарч ухаарахад 

Тэртээх уулсаар, тэнгэрийн хаяагаар  

Тоостод үгүйд ч сэтгэлд  минь эргэх нь

Хонгорхон хосгүй ээж минь билээ

Хонгорхон ээж минь хосгүй

Хосгүй ээж минь хонгорхон


2016 оны 2-р сарын 28-ны өдөр

Ц.Лувсандорж


Saturday, February 20, 2016

БАГШАА, ХИЧЭЭЛЭЭ ЗАА


БАГШАА, ХИЧЭЭЛЭЭ ЗАА

Чонон орчинд өссөн хүний хүү Шаалуу чоно болдог үлгэр бий.  Энэ үлгэр үнэн мэт санагдах нь бас  хаяа хаяа бий. Үнэн мэт санагдах энэ л  үлгэр  ёсоор чонон цагийн багш чоножиж байна. Чоножилтоо зогсоо, багшаа. Хичээлээ заа.

Чонон цагийн багшийн хичээл гэгчийг нэг сайн ажигла. Самбарт хэдэн тэмдэгт сараачаастай. Багш суугаастай. Гар нь утастайгаа зууралдаастай. Тархи нь фэйсбүүкэд хадаастай.  Хаяа хаяа хүүхэд рүү хялаастай, хуяглаастай. Эцэг эх, энгийн нэгэнд тэр их л томроостой. Сайд, дарга, захиралд тэр тун долигноостой, сөхрөөстэй. Хүүхдэд гэрийн даалгаврыг тэр хэдэн арван хуудсаар нь хэмжээ хязгааргүй өгөөстэй. “Хүүхэд өөрөө мэдлэгээ бүтээдэг болсон” гэх хийрхлийг тэр тоть шиг мөн л давтаастай. Түүгээрээ бүр өөрийнхөө өөдгүйг бас  хамгаалаастай.  Хүн бүр авьяастай, түүнийг нь л хөгжүүлж байна гэж тэр байнга хэлээстэй.  Хүүхэд чинь шалгалтад муу авсан гэж их л додигор, бахархалтайгаар эцэг эхийг дээрэлхэн харьцаж, гарын үсгийг нь байнга авч архивлаастай. Хичээлийн ийм л нэг дүр зураг өдөр бүр харагдана, тэнд.  Багшийн ийм л нэгэн чоножилт эгшинд бүхэнд үзэгдэнэ, энд.  

Сурлагын хоцрогдлыг долоо хоногт арилгана.  Ийм зар сургуулийн эргэн тойронд их өлгөөстэй. Төлбөр төлчих айлын хаалганд байнга уяастай. Энэ зарын цаана харин багшийн хувийнх нь сургалтын төв ажиллаастай. Багш өөрөө тэнд хичээнгүй багшлаастай. Тэнд харин сурлагын хоцрогдол долоо хоногийн дотор арилгаастай. Тэнд  хийрхэлгүй, харин чинхүү тэр хийгээстэй.  Багшийн тийм нэгэн төв энд, тэндгүй ажиллаастай. Багшийн ийм л нэгэн чоножилт мөч бүрт ажиглаастай. Чонон цагийн багш гэгч ингэтлээ их чоножисон байх.

Багш, багш, багш. Энэ хэмд нартад ганцхан гайхам, сайхан үйлсийн эзэн тодорч харагдана, хайрлаж мэдрэгдэнэ. Гайхам, сайхан багш мэргэжлийн сайхан, гайхам нь угтаа “өөрийгөө бус харин өрөөлийн төлөө” гэсэн түүний сэтгэлд нь оршдог.  Бас “өөртөө бус харин өрөөлд өгсөөр өгсөөр амьдарч, өгсөөр өгсөөр оддог”  энд их энгийн, тэнд тун энгүй хувь зохиолд нь байдаг.  Чонон орчинд өссөн хүний хүү чонын хүү Шаалуу болдог тийм нэгэн үлгэр байдаг нь үнээн. Энэ үлгэр ихэнхи хүнд үнэн мэт санагддаг нь бас үнээн.  Гэвч, юугаар үнэлэшгүй эрхэм ухааныг түгээгч,  юутай зүйрлэшгүй үнэнд хөтлөгч, түнэр харанхуйн дунд асах ганц зул мэт соён гэгээрүүлэгч багш, багш, багш,  Та чонон орчинд байлаа ч чоножиж үл болно оо.  Багшаа, сэтгэлээ шинж. Багшаа, хувь зохиолоо дага. Багшаа, гэгээн үйлсээ үргэлжүүл. Хичээлээ заа, Багшаа.


Ц.Лувсандорж

2016 оны 2 дугаар сарын 21-ний өдөр

Monday, December 14, 2015

Хайр


Үнэн хайр мөнхийн хайрын үлгэр оюутан                    цагийн хэдхээн андынхаа гэгээн үехлийг дурсан дуурсган энэхүү мөрүүдийг тэрлэв.


                                                              Хайр

Холдох тусам тодорч бодогддог

Өтлөх тусам нялхарч мэдрэгддэг

Зөнд баригдаж зүүдэнд ирдэг

Бодолд өнжиж нойр хулжаадаг

Үг үгүй өнгө үгүй

Үлгэр үгүй нөхцөл үгүй

Үнэн хайр мөнхийн хайр

Мөнхийн хайр үнэн хайр

Сэтгэл алдарсан зүрхэнд амилдаг

Өр нимгэрсэн харцанд илэрдэг

Малгайлах цасны хэмэнд шивнэдэг

Сэвэлзэх салхины аясад эгшиглэдэг

Буруу үгүй зөв үгүй

Гэмшил үгүй нэхэл үгүй

Мөнхийн хайр үнэн хайр

Үнэн хайр мөнхийн хайр

Буурал намрын хонгор салхитай хамт

Будант өдрийн бороо манантай хамт

Үргэлж санагалзах төөрөг тавилантай хамт

Чимээгүй аяараа урсах нулимстай хамт

Зовлон үгүй жаргал үгүй

Эртдэхгүй оройтохгүй

Үнэн хайр мөнхийн хайр

Мөнхийн хайр үнэн хайр

Ц.Лувсандорж

2015 оны 12-р сарын 14-ний өдөр

Saturday, November 28, 2015

Хийрхэлизмээс ангид өс. залуус


                                                                    Ю. Цэдэнбалийн 100  жилийн ойг тэмдэглэл тухай
                                                                                                            их хурлын хэлэлцүүлгээс төрсөн эргэцүүлэл


Хийрхэлизмээс ангид өс. залуус


Бидний дуурайж ядаж байгаа улсууд социализм л байгуулсаар байна. Хөдөлмөрийн нам нэртэйгээр ихэнхи улсад нийгэм журам ярьж байгаа. Францад социалист нам төр барьж байна. Ихэнхи улсад хөдөлмөрийн нам гэх үнэндээ бол социалист нам нь төр барьж байна. Америкийн ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигчийн нэг "би социалист" гэж хэлж, ардчилалд үеэрээ ард болж ядуурсан ажилчид, бас залуус түүний уухайлан дэмжиж, намч капиталистуудыг сандаргаж эхэлж байна. Социализм аймшиг гэж тархиа угаалгаж байсан  АНУ-ын ажилчин иргэд одоо  капитализм харин аймшиг юм байна гэдгийг мэдэрч эхэлжээ. Энэ байдлыг харсан сэргэлэн нэг нь тэнд социализм ярьж улстөр хийж байна. Дэвшлээрээ биднээс их холгүй байсан Социалист Вьетнам улсаа ч, дэргэдэх Коммунист Хятад аа нэг  сайн харьцуулж хар. 

Социализм муу изм биш. Харин түүнийг муухайруулж хэрэглэсэнд л түүний муухай нь байгаа юм. Ардчилал муухай биш харин түүнийг алийг нь алдуулан хэрэглэж байгаад муу нь байгаа юм.


Их эзэнт гүрнээс хойш нэг л том дутагдал бидэнд байсаар ирсэн. Тэр нь хийрхдэг. Хийрхэлизм. Манай ардчилал хийрхэлизм болсон. Манай социализм ч хийрхэлизм ихтэй байсан.  Хийрхэлизмээс ангижрах их энгийн ганц арга бий. Анхны нөхцлөө тооцож хийх. Харин анхны нөхцлөө мартаж марзагнан хийрхэх биш юм.

Цэдэнбал алдаа оноотой удирдагч байсан. Хийрхэлизмд өртсөн нь түүний алдаа. Яг одоогийн хийрхэгчидтэй адилаар. Харин монголын төлөө, нэн ялангуяа боловсрол, эрүүл мэндэд их зүйл удирдаж хийсэн нь түүний оноо. Энэ оноогоороо тэр хэдэн жилийн ч ойгоо ч тэмдэглүүлэх гавьяатай нэгэн. Хийрхэхээс өөр зүйл үгүй улс төрд өтөлж байгаа хийрхэгчид харин олоон байна. Тэдэнд харин тэмдэглүүлэх түүхэн гавьяа байх юм болов уу.

Анхны нөхцлөө тооцон амьдрал ахуйгаа аяатайхан аваад явахад дэлхийд нэртэй гэж хийрхэгдэх их сургуульд сурч хийрхэгч болох огт хэрэггүй. Харин хийрхэхээс хол байж хийж өс.  Хийрхэж биш харин хийж үлгэрлэ. Залуус.


Ц.Лувсандорж

2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр
 

Sunday, September 27, 2015

Яана даа энэ улс, яана даа, энэ боловсрол.


Яана даа энэ улс, яана даа, энэ боловсрол

Сургууль халтар мөнгөний хачин машин болчихоод байна. Хамгийн ойрхон сонсогдох сурах бичгийг аваад нэг үз. Яамны заавал авах сурах бичиг, захирлын зуучлалын сурах бичиг (ихэвчлэн танилынх, журмын нөхдийнх ном, гарын авлага), хичээлийн эрхлэгчийн шахааны сурах бичиг (хэн нэгэн багширхүү юмны номорхүү юм байх), багшийн халтвар сурах бичиг (Гавьяатын гайт, ха-гийн хачин гажигт, да-гийн хулхи гэх зэрэг ийм алдарт хочтой алдарт халтварууд олон байх). Энэ бүх сурах бичгийг эцэг эх үр хүүхдийнхээ сэтгэлийг бодон сүүлийн сохор зоосоо төлж авч өгдөг юм.

Хамгийн харамсалтай нь, энэ сурах үнэндээ сургахгүй бичиг байх.Түмэн алдаа, буман хуурмаг. Энэ бүх худал хуурмагаас нэг хэсэг нь халтар хэдэн төгрөг олсон мэт харагдавч, эцэстээ, бид улсаараа нийлж улсаа хуурсан л байх.

Боловсролыг үнэн доройтуулж, багшийг үнэн дордуулж байна. Яана даа энэ улс, яана даа, энэ боловсрол.

Ц.Лувсандорж

2015 оны 9-р сарын 28-ны өдөр