Monday, May 1, 2017

Олимпиадаар мөнгөхүүлэгчид



Олимпиадаар мөнгөхүүлэгчид

Математикийн олимпиад, физикийн олимпиад, химийн олимпиад, биологийн олимпиад, газарзүйн олимпиад, монгол хэлний олимпиад, түүх, нийгмийн ухааны олимпиад, стандарт олимпиад, стандарт бус олимпиад, оюутны олимпиад, багшийн олимпиад, балчир олимпиад, мэтгэлзээн олимпиад, мэдээлэл зүйн олимпиад,... 
Энэ яасан их  олимпиад вэ?  Яасан ч их олимпиадлаг улс вэ?  Ингэж их олимпиадсан улсад шинжлэх ухаан ч хөгжөөд өгсөн, их өгссөн байдаг байх даа?  Ингэж их олимпиадсан улсын иргэд мөн их ухаанжсан, нийгэм нь их л хөгжсөн, дэвжсэн байдаг байх даа? Ингэж их олимпиаджих нь их л учир шалтгаантай, цэцэн  хэрэг байдаг байх даа? Ингэж их олимпиаджих нь улсдаа мөн их ашиг орлого өгдөг байх даа?  
Эсвэл, эсрэгээрээ, олимпиад нь зүгээр л хурдан морины уралдаан лугаа хэсэг бүлэг, хэдхээн этгээдийн хялбар ашиг олох, гэнэн цайлган хүүхдээрээ мөнгөхүүлэх, хуурмаг алдар хүнд хүртэх бохир бүдүүлэг нэгэн заль мэх үү?  Аль нь болохыг ажигла л даа. Шинжил л  дээ. 

Стандарт олимпиадын полог

Саяхан Хан-уул дүүргийн  хачин нэг байгууллагад нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд стандарт олимпиад гэгч зохион байгуулагдав. Хүүхдээ хүргэж өгсөн эцэг эхчүүд тэднийгээ гарч ирэхийг хүлээн стандарт олимпиадын 40 минутын турш элдвийг хөөрч, эргэцүүлж зогсох. Тэдний дунд ийм  л яриа өрнөж байв. 
Нэг аав “Яахав, хүүхэд орно гээд байх юм. Үнэндээ бол стандарт олимпиад гэж юу байхав дээ.  Медаль гэсэн жингэсэн дугуй төмрөөр л гэр дүүрч байна даа”  гэхэд  нөгөөдөх нь “Энэ хуваарийг хар даа. I-XII анги бүрд олимпиад байна. Анги бүрээр өрсөлдөх  “анги” хүүхдийг ойролцоогоор тоолоод, хүүхэд бүр дор хаяж таван мянгаас доошгүй төгрөгийн хураамжийг төлсний тооцвол, энд одоо 40-50 сая төгрөг элбэг эргэлдэж байна” гэх. Үүнийг сонсож зогссон нэгэн ээж “Хагас өдрийн дотор ийм их ашиг хийдэг бизнес нэг улсад бүү хэл энэ дэлхийд ховор юм. Мөнгөхүүлэлт, бохир наймаа. Төр засаг гэж байна уу. Хориглож, болиулдаггүй юм байх даа, Ядуурал. Хийрхэл гэж” ундууцан эвгүйрч зогсох. 
Энэ мэт стандарт гэх  олимпиад энд тэндгүй л  үргэлжлэх нь энгийн нэгэн үзэгдэл болж байна, энэ улсад. Хүүхдээрээ мөнгөхүүлэх “стандарт олимпиад” операцийн цаана ядуу багш нар, намчирхсан захирлын сүлжээ аль хэдийн бий болж ам нь ангалцан өрсөлдөх. Дүнд нь хүүхэд их дэмийрч, эцэг эх  тун гиюүрч,  харин стандарт олимпиадчид л их  шандуурч пологтож байх.    

Математикийн олимпиадын балаг

Мэргэжлийн магистрын зэрэг горилогчийн хөтөлбөр гэгчид хамрагдсан  математикийн багш нартай уулзаж, яриа өдөн “Эрүүл хүүхэд бүр математикийг их амжилттай сурна даа. Математикийг ингэж судлуулж, сургаж болох арга ухаан ч байна. Гэвч амьдралд дээр  бид тэднийг эргүү юм шиг  болгож, мөн ч их муу тавих юм даа ...” гэж хэлээд түр зогсоход, тэд чин сэтгэлээсээ ингэж хүүрнэв. 

“Багш аа, амьдрал дээр математикийн олимпиад гэж нэг айхтар юм бий болсон. Хүүхдээ олимпиадад байр эзлүүлэхгүй бол бид шууд муу багш болно. Үүнээс болоод ангиа нийтээр нь сайн сургах гэж хичээн ажилладаг багш нарын урам нь хугарч, тэд зүгээр л 1-2 хүүхдийг олимпиадад бэлтгэгч болон хувирч байна. Бас бид чинь багш нарын олимпиадад байр эзэлж байж л үнэлэгдэнэ. Ингэхээр бүх багш нар математикийн олимпиадад өөрийгөө бэлтгэх хэрэгтэй болсон. Таны энэ яриад байгаа багшлах урлаг, шийдэл, сэдвийн арга зүйн боловсруулалтыг тоож үзэх, түүгээр хичээл,  сургалтаа бэлтгэн явуулж эрүүл хүүхэд бүрийг баясган сургах багш одоо олдохгүй байх аа, монголд. Бид олимпиадад бэлтгэж байна” гэх.  

Математикийн олимпиадыг ингэж мандуулснаар сайн болдог бол математикийн хичээл, сургалтын чанар их л сайжирчихмаар юм. Гэвч тэгэж сайжирсангүй. Математикийн олимпиад ингэж хийрхэл, марзагнал болсноос хойш харин математикийн хичээлээр хүүхдүүдийнх нь үзүүлэх сурлагын амжилт улам дордсоор доройтсоор, доройтсоор дордсоор туйлдаа хүрсэнг олон талын судалгааны бодит баримтаар амархан нотолж болно (Математикийн хичээлээр монгол хүүхдийн 2016 онд үзүүлсэн сурлагын амжилтынх нь улсын дундаж хувь 30 хүрэхгүй байна. Энэ нь өмнөх жилүүдийнхээс 5 хувиар өссөн гэж байгаа шүү дээ. Энэ мэт олон баримтыг дурдаж болно доо). 

Үүссэн цагаас 1990 он хүртэл маш энгийн, маш зарчимч, утга төгөлдөр, үр дүнтэйгээр зохион явуулж ирсэн математикийн олимпиад одоо маш нүсэр, маш түвэгтэй, аймгаас аймагт нүүж, туг далбаа хийсгэж,  төсөв мөнгө үрж, багшийг ажлаас хөндийрүүлж, сургуулийг хичээл, сургалтаас хадууруулсан нийгмийн нэгэн гаж үзэгдэл болов. Энэ яаж одоо байгаа юм бэ?  Энэ асуултын хариулт мөн л энгийн ийм юм. 
Хурдан морины уралдаанд морь, хүүхэд хоёр мэдээж жаргаагүй. Морь, хүүхэд хоёрын зовлон бэрхшээлийг харж мэдэрч байгаа  морь сойгч  бас л жаргаагүй. Энэ зовлонд тэгэхээр, харин, хэн жаргалтай вэ?  Морины уралдаанаар мөнгөхүүлэгч  хэсэг хүн, хэдхээн эзэд жаргалтай. Морины уралдаан, математикийн олимпиад хоёрт хийрхэх, мөнгөхүүлэх утгаар мөн чанарын ялгаа огт байхгүй.  

Хурдан морины уралдаанаар хийрхэгч, мөнгөхүүлэгчдийн ил хэлбэр, гар хөл нь Монголын Уяачдын Холбоо бол математикийн олимпиадаар хийрхэгч,  мөнгөхүүлэгчдийнх нь Монголын Математикийн Олимпиадын Хороо юм. Хоёулаа төрийн бус байгууллага. Хоёулаа эзэдтэй. Ашиг  сонирхолын бүлтэй. Ижилсэх шинжтэй.Эздийн хүүхэд морь уралддаггүйн нэгэн адил математикийн олимпиадын боссуудын хүүхэд түүнийг сонирхдоггүй.

Хийсвэр, хэрэглээ, тунгалаг чанараараа хүн төрөлхтний үнэт зүйлийн дээд, эрдэм ухааны дээж болсон математикийг ингэж марзан олимпиад, хийрхэл хийгээд мөнгөхүүлэх хэрэгсэл болгон хувиргахад багш үндсэн ажил, үүргээсээ  хөндийрч сургууль зорилгоосоо муруйж, хүүхэд нь медалиар эвдэрч, эвгүйрч байна. Энэ нь математикийн олимпиадын үнэнхүү балаг мөн. 

Математикийн олимпиадын балаг ингээд бас дуусаагүй. Хуулбарлах, хулгайлах, хувилбарлах сэтгэлгээний дон шүгэлсэн энэ цагт математикийн олимпиадаар баллан мөнгөхүүлж байгаа харсан бусад нь “яг л түүн шиг байя” гэсэн  мундаг ухаан гарган шуурч, физикийн олимпиад, химийн олимпиад, биологийн олимпиад, газарзүйн олимпиад, монгол хэлний олимпиад, түүх, нийгмийн ухааны олимпиад, стандарт олимпиад, стандарт бус олимпиад, оюутны олимпиад, багшийн олимпиад, балчир олимпиад, мэтгэлзээн олимпиад, мэдээлэл зүйн олимпиад гэгчийг “муугаар л сайн байя” гэсэн шиг сүрхий мандуулж  бүр баллаж байна. Муу ер нь их сайн үржих юм. Тэр муугийн энэ сайн үржилт эргээд боловсролын салбарыг бүхэлд нь нөмөрч, дүнд нь тэр  мунхаглал, доройтол, дордолтын туйлд хүрч балрав.

Ийм олон олимпиадтай болсноор; ийнхүү  их олимпиадлаг улс байснаар  шинжлэх ухаан, математик  бусдаасаа тасарч илүү их хөгжөөд дэвжээд байгаа баримт, шинж одоогоор лав л алга, энд. Дэлхийн нийтийн математикийн хөгжил монголын математикийн олимпиадаар лав л дутахгүй байх. Тэр бас олимпиаджисан монголынхоор мэдээж дутаагүй. XVIII зууны Шаарайн Мянгатаас илүү дэлхийд танигдсан, зөвшөөрөгдсөн, математикийн түүхэн хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан математикч XXI зууны эхэн үеийн олимпиаджисан монголд хэр олон байна даа?  Тийм ч олонгүй л болов уу. За, ер нь, бараг л байхгүй л болов уу.

Ингэж их олимпиадсан улсын иргэд бусдаас илүү ихээр ухаанжсан, нийгэм тун хөгжсөн, дэвжсэн нь одоогоор лав л баригдахгүй, харагдахгүй байна. Харин математикийн хичээлээр улсаараа муу сурч байна. Монгол хэлээр улсаараа дүрэмжин хийрхэж байна. Монгол бичгээрээ улсаараа мөн л муу сурч байна. Нөгөө, “яг л түүн шиг байя” гэж муугаар сайн уралдаад байгаа физик, хими, биологи, газар зүй гэх зэрэг туршилтын шинжлэх ухааны хичээл, сургалт жам ёсоороо үнэндээ явагдахгүй болоод удаж байна. Бодит туршилт хийгддэггүй. Харин үглэх, хуулан бичүүлэх, муу тавих нь тэнд багшлах, сурахын ид шид болж харагдах. Шинжлэх ухааны хичээлээр улсаараа ийнхүү худал, хуурмаг дүнгийн золиос  болж хохирч байна. Энэ бүх муугийн дүнд  хүнээр дэвжих нийгмийн хөгжлийн жам ёсны боломж, чадамж энэ улсад өдрөөс өдөр үгүйрч, харин мухар сүсэг, тэнэглэл, дэмийрэл, хийрхэл, мунхаглал, баардалт, архидалт, ажилгүйдэл л цэцэглэж байх.

Ингэж их олимпиаджихад ер нь учир шалтгаан ч үгүй, цэцэн зүйл ч үгүй. Ашиг тус ч үгүй. Орлого, өглөг ч үгүй. Харин хурдан морины уралдаан лугаа  хэдхээн этгээдийн хялбар ашиг орлого олох, хүүхдээрээ мөнгөхүүлэх, худал хуурмагаар алдар хүнд олж хийрхэх бохир бүдүүлэг нэгэн заль мэх; ардчилсан гэх алийгаа алдсан  он жилийн гажуу нийгмийн гандуу салхинд гундан мэргэжлийн ёс зүйгээ улиндаа гишгэн яваа хэсэг бүлэг хүний увайгүй нэгэн ааш авирын хөөрхий нэг илрэл юм. 

"Муу муудаа жанжин" гэдэг байх аа. "Чоно борооноор" гэдэг байх аа. Бас "тос дотроосоо өтдөг" гэдэг байх аа....

Ц.Лувсандорж

2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр


 http://undesniibolovsrol.blogspot.com/2017/05/blog-post.html

Thursday, April 13, 2017

Зүүдэн Учралт Шагдар Багш минь



Зүүдэн Учралт Шагдар Багш минь

Ордон лугаа их том байшингийн том хаалгаар ороход тээр тэнд дээрээс доошоос унжсан их өргөн шат харагдана. Гэвч тэр  шатны хажуу дахь сандал дээр  зэрэгцэн сууж байгаа хоёр хүн, харин, тод томруун харагдах нь хачин содон, сонин. Тэдний байдлаас харахад  хүн хүлээж байгаа  юм болов уу гэж баригдана. Тэднийг зүглэн алхав. Тийшээ дөхөж  явахдаа “Яасан ч том, өргөн шат вэ”  гэж  гайхав. Мөн энэ  зуурт  “Энэ байшин эсвэл их том номын сан, эсвэл,  их том сургууль юм байна” гэсэн шүү мэдрэмж  төрөх. Тэр хоёр хүнтэй мэндэлж  ч амжаагүй байтал бараандуу саарал өнгийн костюм пиджакийг ганган хээнцэр биш ч, цэвэр нямбай, донжтой өмссөн, шалавхан хөдөлгөөнтэй цэмцгэр алхаатай, яг босгож самнасан биш, гэхдээ “босоо халимаг л “ гэж тодорхойлмоор; хар ч  биш, цагаан ч биш,  ер нь бараан л гэж хэлмээр  үстэй,  дунд зэргийн нуруутай нэгэн хүн тэдэн лүү нөгөө өргөн шатаар бууж дөхөн очоод,  жаахан бөхийн, тус бүрд нь зөвлөгөө өгч байгаа болов уу гэмээр өөртөө их л итгэлтэйгээр, төвөггүй  ярина. Уг байдал, үйл хөдлөл нь их танил мэдрэгдэх  тэр хүнийг ажиглан, чимээгүй дуугүй зогсож  байсан би гэнэт “Шагдар багш” гэж  дуу алдав. Сэрэв.    
“Шагдар багш.  Багш зүүдэнд иржээ. Гэхдээ буурал үсгүйгээр  ирлээ. Багш маань залуу, цоглог харагдаж байна. Сайн яваа юм байна, бас өндөрт яваа юм байна даа” гэж өөртэйгээ ярьж хэвтэх зууртаа миний энэ амьдралыг зүүд мэт өөрчилсөн ачит багшийн ачлалыг нэг эргэцүүлэв.    

1989 оны хавар юм даа. Бид МУИС-д 5 жил суралцаж,  математикч, математикийн багш болж  тал тал руу, нутаг нутагтаа буцаж байсан үе. 5 жил нэг анги, нэг хэмнэл дор явсан бидний хувьд түрүүлж явсан нэгнийгээ үлдсэн нь гаргаж өгч үдэх нь бичигдээгүй, хүчлэгдээгүй, батлагдаагүй нэг дүрэм болчихсон байв. Тэр мөч мэдээж нулимстай, гунигтай, уяралтай, ухааралтай байдагсан. Намайг гаргаж өгөх ээлж ч дөхөв. Завхан аймгийн Баянтэс сум руу явахаас  өмнө анги даасан Чимэдцэрэн багштайгаа нэг уулзаж, яримаар, бас “баяртай” гэж хэлмээр санагдаад байв. Нутаг явахаар төлөвлөснөөс нэг өдрийн өмнөх өдрийн өглөө эрт МУИС-ийн А байрны 2 давхрын баруун жигүүрт байрладаг багшийн өрөөг шагайв. Чимэдцэрэн багш маань “Ор оо  ор” гэх. Ангийн дарга байсан тул багшийнхаа ааш араншин авирыг бага зэрэг гадарладаг болсон би  “Ангийнхнаа гаргаж өгөөд л байна, бид. Миний ээлж маргааш” гэв.  Үүнийг сонссон багш маань “ Юу гэнэ хө...”; “...гаргана гэнэ, хө” гэж ёжтой янзтай  хэлж өөр зүйл бодож байгаа мэт хэсэг дуугүй байснаа  “Би чамайг Шагдартай ярьсан. Улсын Багшийн Дээд Сургууль (УБДС)-ийн Б байрны 2 давхар, 210 байх аа (өрөөний дугаар). Юун хөдөө явах. Маргааш өглөө Шагдартай очиж уулз. Би хэлчихнэ”  гэв.  Би тэгэхэд нь “Багшаа, би онгоцны билет (тийз) бичүүлчихсэн” гэхэд,  ангийн багш маань “Наадахаа буцаа” гэв. Тэгэхэд  би “Багшдаа, баярлалаа ч гэлгүй, За” гэж хэлэн тэндээс гарч, онгоцны тийзээ буцаав.  

Маргааш өглөө эрт УБДС-ийн Б байрыг олж, жижүүрээс нь “Шагдар багш” гэж асуухад, урдаас, “Багш ирчихсэн. Өрөөндөө байгаа. Математикийн тэнхмийн багш нарын өрөөгөөр дамжин ордог, давхар өрөө шүү” гэв. Би тэр өрөөг олж “Та сайн байна уу, намайг Чимэдцэрэн багш явууллаа” гэхэд,  буурал үстэй, дунд зэргийн нуруутай, цэмцгэр хувцасласан 40 гарч яваа болов уу гэмээр нүдэнд дулаанхан, шардуу царайтай багш суудлаас өдийн “Хүүхээ,  чи чинь Лувсандорж уу” гээд, намайг шууд дагуулан явах зууртаа “Захиралд танилцуулна аа” гэж хэлэв.  Шагдар багш “ректор О.Отгонсүрэн” гэсэн хаягтай хаалгаар орж хэсэг байсныг дараа намайг дуудав. Би захирлын өрөөнд ингэж анх орж,  Шагдар багш, ректор Отгонсүрэн багшийн дэргэд зогсов. (Тэр үед би юу хэлж байснаа одоо нэг л сайн санахгүй байх чинь.  Тийм “том” хүмүүстэй анх уулзаж байсан болохоор мэдээж их сандарч байсан байж таараа). Тэд шинэ багш тул “300 төгрөгийг олгох, мөн хичээл эхлэх хүртэл засварын ажилд туслуулах” гэсэн утгатай зүйл ярьж байв. Захирлын өрөөнөөс гарч тэнхимдээ ирсний дараа Шагдар багш “За, маргааш ажилдаа ор. Зуны амралт эхэлж байгаа тул зундаа засварын ажилд туслана. Шинэ багшийн тэтгэмж 300 төгрөгийг удахгүй олгоно” гэж хэлэв. Шагдар багшийн өрөөнөөс гараад оюутны байр луу явах замдаа болсон явдлыг эргэцүүлэхэд энэ нь миний хувьд яг л зүүд мэт байсансан. Монголын алс нэгэн бөглүү суманд төрж өссөн, сумын сургуулийнхаа математикийн багшаар л өөрийнхөө бүхэл ирээдүйг төсөөлж байсан хотод танил талгүй, хөдөөний эгэл нэгэн оюутан ингэж л шударга, зарчимч, ажил хэрэгч, хариуцлагатай, хүнлэг энэрэнгүй, хүний төлөө багш нарынхаа  ачлалаар  их сургуулийн багш болов оо (Багш нар маань намайг ингэж үлгэр, зүүд мэт өөд татаж, дэм тус болохдоо МУИС-ийн математикийн ангид 10 улирал онц дүнтэй суралцаж, сургуулиа улаан дипломтой төгсөхөд миний гаргасан зүтгэл, хичээсэн хичээлт, урсгасан хөлсний хэмжээг бодсон;  мөн хөдөө өсөж хар бор ажилд нухлагдан төлөвшсөн үнэнч, шударга,  хичээнгүй, зүтгэлтэй  чанарыг  минь таньсан; 8 наснаас  их сургууль төгсөх хүртэл дотуур байранд амьдрах явцад эзэмшсэн бие дааж орших, сурах, унших, амьдрах чадварыг минь үнэлсэн; бас  анги хамт олонтойгоо аятай байхыг эрхэмлэдэг зан харьцааг  минь  шинжиж харсан ч нь байж мэдэх юм). 

Хичээлийн тэр жилээс  Шагдар багштай хамт олны хэсэг болж ажиллахдаа багшийг ихэд хүндэтгэж, итгэлийг нь алдахгүй байх гэж ихэд хичээдэг байвч багшаас жаахан эмээж, их зайдуу л байдаг байв (...Зарим нэг цагаан сарын баяраар Батхүү багшийг бараадан багшид золгож хүндэтгэл үзүүлдэг байж). Япон Улсад мэргэжил дээшлүүлж байхдаа мэдсэн, эргэцүүлсэн зүйлдээ тулгуурлан  үндэсний хөтөлбөр, боловсролын стандартыг хөгжүүлэх ажлыг боловсронгуй болгох чиглэлээр докторын зэрэг горилсон нэг сэдэвт ажлыг бичиж дуусаад судалгааны ажлын удирдагчаа олох (Буриадын их сургуулиас манай тэнхимд томилолтоор ажилласан Баклаев гэдэг эрдэмтэн миний ажлыг удирдаж байсан юм. Хол, тэгээд ч чиглэл өөр болсон тул удирдагчаа солих шаардлага гарсан) хэрэг гарав. Тэр үед манай факультетад одоогийнх шиг ийм олон эрдэмтэд байсангүй. Дэд эрдэмтэн, доцент Насанбуянгийн Намсрай, дэд эрдэмтэн, профессор Дамбын Шагдар гэсэн хоёр багш л эрдмийн зэрэгтэй, докторын ажил удирдах боломжтой байж. Шагдар багшид энэ талаар хэлэхэд судалгааны ажлын удирдагч болохыг зөвшөөрч би ч тун их баярлав. Гэхдээ бас “бичсэн зүйл маань багшид таалагдахгүй байх вий дээ” гэж их л санаа зовдог байв. Монгол хэлээр олигтой бичиж чаддаггүй байсан надад багш маань мөн их тус дэм болсон доо. ... Хамгаалах зөвлөлөөр ажлаа хэлэлцүүлэв (2 цаг гаруй өрнөсөн санагдаж байна). Хэлэлцүүлгийн төгсгөлд  Шагдар багш маань удирдагчийн хувьд ажлыг товч дүгнэсэн яриагаа “Хүнд биологийн наснаас гаднаас оюуны нас гэж байна аа... ”[1] гээд л эхэлж байсан нь одоо тод сонсогдох шиг.... Хамгаалах зөвлөлийн гишүүдийн 78 хувийн саналаар (75 хувиас доош бол хамгаалалт хийгдээгүй гэж үзэх юм. Энэ нь унасан, бүтэлгүйтсэн гэсэн үг л дээ) хамгаалалт амжилттай болов. Маргааш өглөө нь ажилдаа ирээд сууж байтал Шагдар багш өрөөнд орж ирээд (ер нь, багш бусад багшийн өрөөгөөр бараг орж харагдахгүй дээ) “...цаад золигнууд тань хатуурхаж байна. Хатуухан хамгаалалт боллоо” гэж хэлээд гарч явсансан. Шагдар багшийн энэ үгний хөг өнгөнд “Намайг урамшуулсан. Магадгүй, жаахан тоосон шинж, өнгө аяс байх шиг; мэдрэгдэх шиг” болж, яагаад ч юм, нүдэнд нулимс хурж, ихэр татан ихээр уйлмаар болж билээ. 

 БСШУЯ-ны захиалгат “Бага, дунд боловсролын стандарт”  төслийн хүрээнд боловсруулсан математикийн боловсролын стандартыг манай тэнхмээр хэлэлцүүлсэн нэгэн уулзалт семинар нилээд ширүүхэн болсон санагдаж байна. Төслийн удирдагч, математикийн боловсролын стандартыг боловсруулах багийн гишүүний хувьд би уулзалт ярилцлагын явцад нилээд амь түргэн байсан биз ээ.  Хэлэлцүүлгийн төгсгөлд Шагдар багш үндэсний боловсролын стандарт, хөтөлбөрийг цаашид хэрхэн сайжруулж болох талаар тодорхой санал, чиглэл, зөвлөмжийг багийн ахлагч Ж.Баатар багшид ихэвчлэн хандсан өнгө янзтай хэлсэн үгнийхээ дунд “Мэдлэг нимгэнтний ам нь түрүүнд” гэсэн үгийг хавчуулж байж билээ. Энэ үг алс бөглүү, аглуу нутагт өсөж торнисон, өөрийнхөө ирээдүйг сумын сургуулийн математикийн багшаар бүрэн төсөөлж явсан хөдөөний тэр нэгэн хүүд бус, харин үндэсний шинжээчийн түвшинд хүрч өндийсөн  их сургуулийн багш, залуу эрдэмтэнд хаягласан багшийн маань сүүлчийнх, гэхдээ мөнхийн захиас байсан юм шиг одоо санагдаж байх. Зүүдэн учралт Шагдар багш минь миний амьдралыг ингэж л зүүд мэт өөрчилсөн нэгэн ачтан юм даа.

Зүүдэнд ирсэн Шагдар багшаа эргэцүүлж дурсан ингэж дуусахад нүд нулимстай, сэтгэл нэг л гунигтай. Гэвч  зүүдний тэр дүрээр багшаа тунгаан дэнслэхэд бас л бахархалтай, бахдалтай.

Ц. Лувсандорж
2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр



[1] Энэ санааг тээж явсаар “Залуухан хөгшид” гэсэн нийтлэл болгосон. 

Saturday, April 1, 2017

Монгол Анир


                Монгол Анир

Чад чад үсрэх оч

Час час хагарах мөс

Чар чар дуугарах цас

Чахар чахар найгах мод

Гялс гялс анивчих од

Гялт гялт анирлах хяруу

Мэлтэс мэлтэс гэх нуур

Мэлс мэлс мандах сар

Тэс тэс хөлдөх гол

Түс түс түрэх түрлэг

Түс тас хийх аянга

Түр тар дугарах тэнгэр


Сэр сэр сэвэлзэх салхи

Сэм сэм ширтэх харц

Шив шив гэх шивнээ

Шивэр шивэр орох бороо


Бур бур бувтнах үрс

Фүр фүр буцлах цай

Пүр пүр исэх тараг

Хүр хүр илдэх сур


Ход ход инээх нялхас

Хор хор хоржигнох горхи

Хос хос орших амьдрал

Хол хол зусах айл


     Ц.Лувсандорж

2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр


       








Ичиг, Ичиг, Ичиг, Тэр Хүмүүс



Ичиг, Ичиг, Ичиг, Тэр Хүмүүс
Саяхан 29 дүгээр тусгай сургуулийн хүүхдүүд  дохионы хэлээр хичээл, сургалт явагдахгүй байгааг эсэргүүцэж, “Бүх хичээлийг дохионы хэлээр явуул” гэж шаардан сургуулийнхаа өмнө жагсав. “Салбарын сайд нь дохионы хэлээр олон багш бэлтгэх нь эрсдэлтэй” гэж хийрхснийг үл тооцвол тэдний эсэргүүцэл, тэмцлийг илүү харж тоосон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, албан тушаалтан ардчилсан гэх монголд одоогоор алга. Гэвч  би “тэдний энэ шаардлагыг зөв зүйтэй” гэж үзэн тэднийг их ихээр дэмжиж байна.
Энэ тэмцлээр тэднийг бүү буруутга. Тэд сурах эрхтэй. "Тэднийг сургахад хэрэглээрэй" гэж ажил хийж байгаа хүн бүр 10 төгрөгнийхээ нэгийг улсын төсөвт өгч байдаг. Мөн "ийм хүүхдэд хичээл зааж байгаа юм даа" гэж багшид 30 хувиар цалинг нь нэмж бас өгдөг. Үүнийг л тусгай сургуулийн багш нар тусгайлан их сайн бодох хэрэгтэй. Тэгээд өөрсдөөсөө ич.  

 Адил тэгш байдлыг бий болгох, боловсрох, сурах боломжийг адил тэгш олгох, шударга байх, хүмүүнлэг, ардчилсан байх гэх зэрэг нөгөө алдарт зарчим, үзэл санаагаа сайдаасаа эхлэн албан тушаалтан бүр дор дороо тунгааж нэг бод. Өөрсдөөсөө ич. Иргэдээсээ ич, Тэр хүмүүс.
 
Саяавтар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд математикийн хичээлийг хэрхэн явуулж байгааг ажиглахаар хэд хэдэн тусгай сургуулиар орж, багш, хичээлийн эрхлэгчтэй уулзаж хоёр гурван үг солив.

Хараа муутай хүүхэд математикийг маш сайн сурч болдогийг хэлээд сурах язгуур ухааныг Брайль хэл дээр хэрхэн буулгаж болох тухай ярьж байхдаа тэдний байгаа байдлыг мэдэрч сэтгэл маань ихээр өвдөв. Багш нар нь 30 хувийн нэмэгдэл авдаг мөртлөө тэдэнд хичээл заах аргаа одоо ч олоогүй байгааг бодоход бэрх. Тэд "одоо л нэг программ авч байгаа" гэж бувтнан зогсох. Хүүхдээсээ ич, Тэр багш нар.
Дохионы хэл дээр математикийг маш сайн зааж бас болно. Гэвч тэнд сургалт гэж явуулаад байгаа юм алга. Хөөрхий тэр хүүхдүүдийн нөлөөгөөр тэд энэ талаар гадна, дотны мөн ч олон төсөл, хөтөлбөрт  хамрагдаж үр шимийг нь хүртсэн дээ.  Гэвч бодит үр дүн нь нэг ийм л байх.  Хүүхдээсээ ич. Тэр багш нар.
Эрүүл саруул хүүхдийн математикийн хичээлээр 2015-2016 оны хичээлийн жилд үзүүлсэн улсын дундаж хувь 30  хүрэхгүй байна (Өмнөх оныхтой харьцуулахад 5 хувиар өссөн гэж байгаа шүү дээ...). Энэ нь хүүхдүүд тань улсаараа муу сурч байна гэсэн үг. Ажил, ерөөсөө хийгдэхгүй байна аа гэсэн үг. Энэ нь төсөв үр дүнгүй, үр өгөөжгүй байна аа гэсэн үг. Энэ бүхнээсээ ич, Математикийн бүх багш нараа!. Тэр олимпиад, сургалтын төв, энэ, тэр халтвараа боль. Хүүхдээсээ ич, Иргэдээсээ ич.  Өөрөөсөө ич.
Багш нарын мэргэжлийг дээшлүүлж байна гэж хэнд ч хэрэггүй "на, на, ... no, no" гэж хийрхэж багшийн хайран цаг, мөнгийг бүү үр. Тэдний мэргэжлийг доошлуулах бус харин үнэн дээшлүүл. Үүний тулд мэддэг, чаддагаас нь гуй, асуу. Тэнэг л мэддэггүйгээ мэддэггүй юм шүү дээ. Үүнээсээ ич, Мэргэжил дээшлүүлэгч ээ!
Намын бус, харин номын хүчээр л асуудлыг шийдэж, хүнд үнэн тус болдог юм. Үүнийг дор дороо өөртөө нэг сайн эргэцүүл. Хүүхдээсээ ич. Багш нараа! Багшаасаа ич, Мэргэжил дээшлүүлэгчид ээ!. Иргэдээсээ ич, Албан хаагчид аа!
Сурах эрхийнхээ төлөө тэмцэж байгаа өөрийн тань хүүхэд шиг тэр хүүхдүүдээсээ ич, Улс төржсөн, намчирхсан, мэдлэг боловсрол хомс эрх мэдэлтнүүд ээ!
Тэр хүмүүс, ичиг, ичиг, ичиг, Тэр хүмүүс. 
профессор Ц.Лувсандорж
2017 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр