Friday, June 30, 2017

“50+1” гэх нь утгагүй хэллэг



“50+1” гэх нь утгагүй хэллэг

Сонгуулийн ерөнхий хорооныхон мэдээлэл хийхдээ “50+1 гэсэн томьёоллоор...” гээд  л их ярих юм. Үүнийг сонсож байсан балчир хүүхэд “Аав аа, тэгээд,  51 хүний санал авсан нь ялж байгаа  юм уу” гэх.  

Энэ хорооныхон “хувь, тоо”  гэсэн математикийн хоёр ухагдахууныг хольж хутган, тэдгээрийн ялгаа, зөрөөг, ерөөсөө,  барьж чадахгүй байна уу, аль эсвэл,  санаатайгаар ингэж ярьж, монгол зон олонг тэнэг мунхаг гэж басамжлаад байна уу?  Үүнийг  эргэлдэж мунгинах бус, харин эргэцүүлж сайтар нэг бодооч, та нар.  

Хувь, тоо хоёрыг ялгаж барьдаг хүүхдүүд ч, хүмүүс ч энд, тэнд их байна. Хувь гэдэг бүхлийн зууд оногдох хэсэг. 50 хувь гэдэг  тэр  хэсгийг 50 дахин авахыг хэлж байгаа юм. Нэг гэдэг нэг шүү дээ. “50+1”, тэгэхээр, тоо биш,  хувь ч биш, ер нь юу ч биш. Энэ “юу ч биш”-ийг зүйрлэн хэлбэл “хонь, тэмээ хоёрыг нийлүүлээд 2  толгойшуу юмтай, 2 сүүлэрхүү юмтай, 8 мөчирхүү юмтай аймаар мангар мангас болгон  зурсантай  адилшуу  юм. Тэгэхээр “50+1 гэсэн томьёололоор...” гээд л ярихаар тань бусдын тархинд иймэрхүү л мангардуу зураг зурагдаад байдаг байж мэднэ дээ. Ингэж зурсан зургийг одоогийн сэтгүүлч бүү хэл, эрүүл хүн ч, эрдэмтэн  ч амархан ухаарахгүй байх нь  жам ёс юм шүү. 

Сонгуульд саналаа өгсөн хүмүүсийн саналын тооны яг 50 хувьтай тэнцүү тооны саналыг авсан нэр дэвшигчийг олонхийн санал авсан гэж үзэх нь утгагүй. Олонхийн санал авсан байхын тулд түүнийг дэмжиж саналаа өгсөн хүмүүсийн саналын тоо сонгууль өгсөн нийт сонгогчдын саналын тооны хагасаас л их байна. Энэ тоог хувиар хэлбэл, тавиас их байна. “50-аас их хувь” гэдэг нь, иймд, “50+1” гэсэн үг биш байх нээ.
Энэ хорооныхон “50+1” гэсэн  утгагүй хэллэг, мулгуу томьёоллоос нэг салж , зүгээр  л, “50-иас их” гэж хэлж сурвал яасийм дээ.

Таны буруу ярьсныг тань хүн заавал зөв болгон буулгаж ухаарч байх нь албагүй.  Хүн зөв ойлгохоор л зөв ярьж сурсан байх нь уг нь боловсролжсны нэгэн шинж гэдэг байх аа.

Ц.Лувсандорж

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдөр

Thursday, June 29, 2017

Монгол Төрийн Тэргүүн




Монгол Төрийн Тэргүүн

Дурын дундажийн дотор монгол төрийн тэргүүний алба бүр бүхлээрээ, бүтнээрээ, хээв нэг багтаад байдаг болчихсон энэ цагт ийм нэгэн асуултыг  эргэцүүлэв. Хэн монгол төрийн тэргүүн, төрийн монгол тэргүүн байж болох вэ?

Монгол төрийн тэргүүний бие эрүүл байвал зохилтой. Эрүүл чийрэг, сүр жавхаат, зөв (алтан) харьцаат биетэй төрийн тэргүүн монгол төрийг чимнэ. Монгол түмнийг баясгана. Монголоо тэргүүлнэ. Монголоо гоёно. Эрүүл төрийн тэргүүн,  ингэж, монгол төрийн нэгэн сүр жавхлан болдог.  

Монгол төрийн тэргүүний оюун саруул байвал зохилтой. Саруул оюунтай, цэцэн ухаантай төрийн тэргүүн монгол төрийг хөглөнө.  Хөгтэй төрийн шийдэл нь цэцэн, шийдвэр нь ухаалаг тул Монгол хөгжинө. Монгол зон дэвжинэ. Саруул төрийн тэргүүн, ингэж л, монгол төрийн хөглөгч болдог. 

Монгол төрийн тэргүүний сэтгэл тунгалаг байвал зохистой. Тунгалаг сэтгэлтэй төрийн тэргүүн монгол төрийг хүмүүнжүүлнэ. Хүмүүнлэг төрийн үйл нь энэрэнгүй, үйлс нь гэгээн тул Монгол жаргана. Монгол нутаг цэнгэнэ. Монгол эцэстээ тодрон гэрэлтэнэ. Тунгалаг сэтгэлтэй төрийн тэргүүн, ингэж л, монгол төрийн гэрэлтүүлэгч болдог. 

Монгол төрийн тэргүүний үг үнэн байвал зохилтой. Үг бодлын илэрхийлэл. Бодол үйлийн үр. Бодол, үг хоёр ингэж л ижилсэнэ, нэгсэнэ. Үг үнэн байхад бодол цэцэн байна. Бодол бүтэлгүйтэж, үйл харлахад үг худал болно. Төрийн тэргүүн худалч байвал төрийн алба худалжина, хуурмагжина. Шударга ёс худал ёсоор солигдоно. Төрийн монгол тэргүүн, иймд, худалч байж үл болно. 

Монгол төрийн тэргүүний үйл уран байвал зохистой. Үйл эхэндээ үг. Үг эхэндээ бодол. Бодол ихэнхдээ зөн. Зөн, бодол, үг, үйл ингэж  ижилсэж нэгсэнэ.  Үйлс гэгээжиж, сэтгэл тунгалагжихад зөн эргэнэ. Оюун саруул болоход бодол төв болно. Зөн эргэж бодол төвжихөд үг зөвшиж үнэнжинэ. Үг үнэн, зөв болоход үйл уранжина. Эрүүл биетэй, саруул оюунтай, үнэн үгтэй төрийн тэргүүний үйл, аяараа л уранжина, биежинэ. Уран үйлтэй  төрийн тэргүүн, ингэж л  монгол төрийн урлаач болдог. 

Үг үнэн, үйл уран, ухаан саруул, сэтгэл тунгалаг байх нь монгол төрийн тэргүүний; төрийн монгол тэргүүний  язгуур шинж мөн.  Үг  үнэнжиж, үйл уранжиж, ухаан саруулжиж, сэтгэл тунгалагжихад хүн бүтэн, бүхэл, цул, нэг болж нэгсэнэ, тэгсэнэ, хөгсөнө. Монгол төрийн тэргүүн, төрийн монгол тэргүүн, иймд, хөгтэй л хүн байвал зохино.  Хөг орсон хүнийг монголчууд нүднийх нь гал, нүүрнийх нь цог, харцных нь энэрэл, үйлийнх нь ур, үйлсийнх гэгээ, дууных нь өнгө, биеийнх нь жавхаагаар шинждэг. 

Харцандаа энэрэлтэй, нүдэнтэй галтай, нүүрэндээ гэрэлтэй, сэтгэлдээ хөгтэй, дуу өнгөтэй, гэгээн үйлстэй, сүр жавхаат эрүүл саруул тэр хүн Монгол төрийн тэргүүн, төрийн монгол тэргүүн мөн.

Ц.Лувсандорж

2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр

Monday, June 26, 2017

Энэ сонгуулийн шинэ үзэгдэл


 Энэ сонгуулийн шинэ үзэгдэл

Төрийн 5 дахь тэргүүнээ тодруулах гэсэн энэ сонгууль намын дампуурлыг дахиад л нотолж үлдэв. Нийт сонгогчдын гуравны нэг нь нэр дэвшигчдийг голдог, үлдсэн гуравны хоёроос нь 51 буюу нийт сонгогчдын 33,3 хувийн саналыг авчих нам ч, хүн ч байхгүй байгааг энэ сонгууль харуулж намын дампуурлыг дахиад нотлов. Улс төрийн нам энэ байдлаараа монголын улс төрийг авч явж чадахгүй нь дээ. Төсвийн мөнгө үрсэн, ялсан нэр дэвшигч байдаггүй, гурван хүний ядаж нэгийнх саналыг нь тод авчих улс төрчид  төрдөггүй. Ийм л дампуурал энэ улсын улс төр, намд нүүрлэв. Ийм л бохир, дорой байдал энэ улсын улс төр, улс төрийн хүчний өнөөгийн гутамшиг болов. Энэ гутам ядмаг байдлыг дахин харуулж байгаагаараа бус, харин дор дурдсан гурван шинэ үзэгдэл, хандлагыг үзүүлснээрээ энэ сонгууль бас шинэлэг, өвөрмөц, түүхэн  байв.   
 1. Нийслэлийнхэн сонгуулиар хариуцлага тооцох хандлагыг тод, илт үзүүлсэн. Нийслэлд МАН биш, харин АН илт, цэнхэртэн ялж байна. Энэ нь намтай ч, хүнтэй нь хариуцлага тооцсон хандлага шиг санагдав.Энэ байдал "сонгууль хариуцлага тооцолт" гэсэн утга санаа нийгмийн ухамсарын түвшинд хүрч бойжиж буйн нэгэн шинж юм. Энэ муу биш харин сайн шинж мөн.

2. Нийслэлийнхэн хийрхэлд авсаар хууртахгүй болтлоо ухаажсан байхад харин хөдөөнийхэн нэг хийрхэгчийн чин сэтгэлээсээ байж жүжиглэдэг том хууралтад амархаан өртөх нөгөө л ядмаг, зөөлөн аядуу, хэлбэл, өрөвч, цайлган сонголтоо хийсээр, хууртсаар байх эмзэгжилт тэдний дунд байсаар байгаа нь ажиглагдав. 

3. Цагаан хуудас өгч эсэргүүцлээ илэрхийлэх боломжийг манайхан анх ашиглаж намуудад "олигтойхон хүн дэвшүүлж, эсвэл, өөрсдөө зайл" гэсэн зөв шаардлагыг анх үзүүлж тэднийг сандаргав.

Хөдөөнийнхэн нийслэлийнхэн шигээ сонгуульд ухаажин хэрсүүжих хэрэгтэй юм. Тэд маань үүний тулд гэнэт нэг хийрхэгч чин сэтгэлээсээ  байгаа юм шиг том хуурч, уяарч, уйлж хайлж эхлэдэг нөгөө л улиг болсон арга залийг малаа шинжиж таньдаг шигээ олж мэдрээд хэрсүү, ухаалаг сонголт хийж чаддаг болтлоо хөгжвөл зохилтой. Үүний тулд тэднийг уншуулбал; үл хууртах ухаанд суралцуулбал бүр зохистой.

Монгол нутагт амилсан хийрхлийн хий үзэгдэл, хорлол хийрхэгчтэйгээ хамт төгсгөл болог. Үүний тулд энэ сонгуульд ажиглагдсан гурван хэрсжүүжилт улам хөрсжиг. Үүний тулд амархан уяарч хууртдаг хөдөөнийхэн хотынх шигээ л улам л хэрсүүжиг.

Хууралтаар бус харин хэрсүүжилтээр энэ  улс хийрхилизмийн хий үзэгдлээс сална.

Ц.Лувсандорж 

2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 

Saturday, June 17, 2017

Хэнийг боловсролтой хүн гэх вэ?

Хэнийг боловсролтой хүн гэх вэ?

Энэ асуултын хариулт их энгийн юм. Хэн чанартай амьдарч чадаж байна тэр боловсролтой хүн мөн. Учир нь амьдралаа чанартай авч яваа хүн бүтээгч, бүтээлч байдаг. Бүтээгч, бүтээлч гэдэг нь хийрхэх бус хийх, бүтээх, бүтээл бий болгох гэсэн утгатай.

Энгэрээрээ дүүрэн одонтой, ширээгээр дүүрэн дипломтой атлаа тарчиг дорой, худал хуурмаг, зохисгүй байдлаар амь зуугчид бий. Эд бол боловсроогүй боловсролтон юм. Боловсролоогүй боловсролтонд зарах мэдлэг ч үгүй, хэрэглэх чадвар ч үгүй, худалдах санаа ч үгүй, ер нь үнэт зүйл, үнэ цэнэ ч үгүй байх. 

Боловсруулаад боловсруулаад байхад ерөөсөөө боловсорч өгдөггүй хүн байхад огт боловсруулах шаардлагагүй угаасаа боловсорсон хүн ч бий. Эхнийхийг нь мулгуу, тэнэг гэдэг бол сүүлийнхийг нь сэргэг, ухаантай хүн гэж ярьдаг.

Боловсролын муу тогтолцоог ухаантай нь зүгээр голж орхидог бол боловсролын сайн тогтолцооноос мулгуу харин зугтаж байдаг.

Боловсролтой хүн гэдэг иймд эцэстээ амьдралаа чанартай яваад явах мэдлэг, чадвар, ухаантай хүнийг хэлнэ. Сайн боловсрол нь чанартай амьдралын зайлшгүй нөхцөл боловч хүрэлцээтэй нөхцөл нь биш. Чанартай амьдарч чадаж буй нь харин боловсролтой гэхийн зайлшгүй бөгөөд хүрэлцээтэй нөхцөл мөн.

Ц.Лувсандорж

2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр

Monday, May 1, 2017

Олимпиадаар мөнгөхүүлэгчид



Олимпиадаар мөнгөхүүлэгчид

Математикийн олимпиад, физикийн олимпиад, химийн олимпиад, биологийн олимпиад, газарзүйн олимпиад, монгол хэлний олимпиад, түүх, нийгмийн ухааны олимпиад, стандарт олимпиад, стандарт бус олимпиад, оюутны олимпиад, багшийн олимпиад, балчир олимпиад, мэтгэлзээн олимпиад, мэдээлэл зүйн олимпиад,... 
Энэ яасан их  олимпиад вэ?  Яасан ч их олимпиадлаг улс вэ?  Ингэж их олимпиадсан улсад шинжлэх ухаан ч хөгжөөд өгсөн, их өгссөн байдаг байх даа?  Ингэж их олимпиадсан улсын иргэд мөн их ухаанжсан, нийгэм нь их л хөгжсөн, дэвжсэн байдаг байх даа? Ингэж их олимпиаджих нь их л учир шалтгаантай, цэцэн  хэрэг байдаг байх даа? Ингэж их олимпиаджих нь улсдаа мөн их ашиг орлого өгдөг байх даа?  
Эсвэл, эсрэгээрээ, олимпиад нь зүгээр л хурдан морины уралдаан лугаа хэсэг бүлэг, хэдхээн этгээдийн хялбар ашиг олох, гэнэн цайлган хүүхдээрээ мөнгөхүүлэх, хуурмаг алдар хүнд хүртэх бохир бүдүүлэг нэгэн заль мэх үү?  Аль нь болохыг ажигла л даа. Шинжил л  дээ. 

Стандарт олимпиадын полог

Саяхан Хан-уул дүүргийн  хачин нэг байгууллагад нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд стандарт олимпиад гэгч зохион байгуулагдав. Хүүхдээ хүргэж өгсөн эцэг эхчүүд тэднийгээ гарч ирэхийг хүлээн стандарт олимпиадын 40 минутын турш элдвийг хөөрч, эргэцүүлж зогсох. Тэдний дунд ийм  л яриа өрнөж байв. 
Нэг аав “Яахав, хүүхэд орно гээд байх юм. Үнэндээ бол стандарт олимпиад гэж юу байхав дээ.  Медаль гэсэн жингэсэн дугуй төмрөөр л гэр дүүрч байна даа”  гэхэд  нөгөөдөх нь “Энэ хуваарийг хар даа. I-XII анги бүрд олимпиад байна. Анги бүрээр өрсөлдөх  “анги” хүүхдийг ойролцоогоор тоолоод, хүүхэд бүр дор хаяж таван мянгаас доошгүй төгрөгийн хураамжийг төлсний тооцвол, энд одоо 40-50 сая төгрөг элбэг эргэлдэж байна” гэх. Үүнийг сонсож зогссон нэгэн ээж “Хагас өдрийн дотор ийм их ашиг хийдэг бизнес нэг улсад бүү хэл энэ дэлхийд ховор юм. Мөнгөхүүлэлт, бохир наймаа. Төр засаг гэж байна уу. Хориглож, болиулдаггүй юм байх даа, Ядуурал. Хийрхэл гэж” ундууцан эвгүйрч зогсох. 
Энэ мэт стандарт гэх  олимпиад энд тэндгүй л  үргэлжлэх нь энгийн нэгэн үзэгдэл болж байна, энэ улсад. Хүүхдээрээ мөнгөхүүлэх “стандарт олимпиад” операцийн цаана ядуу багш нар, намчирхсан захирлын сүлжээ аль хэдийн бий болж ам нь ангалцан өрсөлдөх. Дүнд нь хүүхэд их дэмийрч, эцэг эх  тун гиюүрч,  харин стандарт олимпиадчид л их  шандуурч пологтож байх.    

Математикийн олимпиадын балаг

Мэргэжлийн магистрын зэрэг горилогчийн хөтөлбөр гэгчид хамрагдсан  математикийн багш нартай уулзаж, яриа өдөн “Эрүүл хүүхэд бүр математикийг их амжилттай сурна даа. Математикийг ингэж судлуулж, сургаж болох арга ухаан ч байна. Гэвч амьдралд дээр  бид тэднийг эргүү юм шиг  болгож, мөн ч их муу тавих юм даа ...” гэж хэлээд түр зогсоход, тэд чин сэтгэлээсээ ингэж хүүрнэв. 

“Багш аа, амьдрал дээр математикийн олимпиад гэж нэг айхтар юм бий болсон. Хүүхдээ олимпиадад байр эзлүүлэхгүй бол бид шууд муу багш болно. Үүнээс болоод ангиа нийтээр нь сайн сургах гэж хичээн ажилладаг багш нарын урам нь хугарч, тэд зүгээр л 1-2 хүүхдийг олимпиадад бэлтгэгч болон хувирч байна. Бас бид чинь багш нарын олимпиадад байр эзэлж байж л үнэлэгдэнэ. Ингэхээр бүх багш нар математикийн олимпиадад өөрийгөө бэлтгэх хэрэгтэй болсон. Таны энэ яриад байгаа багшлах урлаг, шийдэл, сэдвийн арга зүйн боловсруулалтыг тоож үзэх, түүгээр хичээл,  сургалтаа бэлтгэн явуулж эрүүл хүүхэд бүрийг баясган сургах багш одоо олдохгүй байх аа, монголд. Бид олимпиадад бэлтгэж байна” гэх.  

Математикийн олимпиадыг ингэж мандуулснаар сайн болдог бол математикийн хичээл, сургалтын чанар их л сайжирчихмаар юм. Гэвч тэгэж сайжирсангүй. Математикийн олимпиад ингэж хийрхэл, марзагнал болсноос хойш харин математикийн хичээлээр хүүхдүүдийнх нь үзүүлэх сурлагын амжилт улам дордсоор доройтсоор, доройтсоор дордсоор туйлдаа хүрсэнг олон талын судалгааны бодит баримтаар амархан нотолж болно (Математикийн хичээлээр монгол хүүхдийн 2016 онд үзүүлсэн сурлагын амжилтынх нь улсын дундаж хувь 30 хүрэхгүй байна. Энэ нь өмнөх жилүүдийнхээс 5 хувиар өссөн гэж байгаа шүү дээ. Энэ мэт олон баримтыг дурдаж болно доо). 

Үүссэн цагаас 1990 он хүртэл маш энгийн, маш зарчимч, утга төгөлдөр, үр дүнтэйгээр зохион явуулж ирсэн математикийн олимпиад одоо маш нүсэр, маш түвэгтэй, аймгаас аймагт нүүж, туг далбаа хийсгэж,  төсөв мөнгө үрж, багшийг ажлаас хөндийрүүлж, сургуулийг хичээл, сургалтаас хадууруулсан нийгмийн нэгэн гаж үзэгдэл болов. Энэ яаж одоо байгаа юм бэ?  Энэ асуултын хариулт мөн л энгийн ийм юм. 
Хурдан морины уралдаанд морь, хүүхэд хоёр мэдээж жаргаагүй. Морь, хүүхэд хоёрын зовлон бэрхшээлийг харж мэдэрч байгаа  морь сойгч  бас л жаргаагүй. Энэ зовлонд тэгэхээр, харин, хэн жаргалтай вэ?  Морины уралдаанаар мөнгөхүүлэгч  хэсэг хүн, хэдхээн эзэд жаргалтай. Морины уралдаан, математикийн олимпиад хоёрт хийрхэх, мөнгөхүүлэх утгаар мөн чанарын ялгаа огт байхгүй.  

Хурдан морины уралдаанаар хийрхэгч, мөнгөхүүлэгчдийн ил хэлбэр, гар хөл нь Монголын Уяачдын Холбоо бол математикийн олимпиадаар хийрхэгч,  мөнгөхүүлэгчдийнх нь Монголын Математикийн Олимпиадын Хороо юм. Хоёулаа төрийн бус байгууллага. Хоёулаа эзэдтэй. Ашиг  сонирхолын бүлтэй. Ижилсэх шинжтэй.Эздийн хүүхэд морь уралддаггүйн нэгэн адил математикийн олимпиадын боссуудын хүүхэд түүнийг сонирхдоггүй.

Хийсвэр, хэрэглээ, тунгалаг чанараараа хүн төрөлхтний үнэт зүйлийн дээд, эрдэм ухааны дээж болсон математикийг ингэж марзан олимпиад, хийрхэл хийгээд мөнгөхүүлэх хэрэгсэл болгон хувиргахад багш үндсэн ажил, үүргээсээ  хөндийрч сургууль зорилгоосоо муруйж, хүүхэд нь медалиар эвдэрч, эвгүйрч байна. Энэ нь математикийн олимпиадын үнэнхүү балаг мөн. 

Математикийн олимпиадын балаг ингээд бас дуусаагүй. Хуулбарлах, хулгайлах, хувилбарлах сэтгэлгээний дон шүгэлсэн энэ цагт математикийн олимпиадаар баллан мөнгөхүүлж байгаа харсан бусад нь “яг л түүн шиг байя” гэсэн  мундаг ухаан гарган шуурч, физикийн олимпиад, химийн олимпиад, биологийн олимпиад, газарзүйн олимпиад, монгол хэлний олимпиад, түүх, нийгмийн ухааны олимпиад, стандарт олимпиад, стандарт бус олимпиад, оюутны олимпиад, багшийн олимпиад, балчир олимпиад, мэтгэлзээн олимпиад, мэдээлэл зүйн олимпиад гэгчийг “муугаар л сайн байя” гэсэн шиг сүрхий мандуулж  бүр баллаж байна. Муу ер нь их сайн үржих юм. Тэр муугийн энэ сайн үржилт эргээд боловсролын салбарыг бүхэлд нь нөмөрч, дүнд нь тэр  мунхаглал, доройтол, дордолтын туйлд хүрч балрав.

Ийм олон олимпиадтай болсноор; ийнхүү  их олимпиадлаг улс байснаар  шинжлэх ухаан, математик  бусдаасаа тасарч илүү их хөгжөөд дэвжээд байгаа баримт, шинж одоогоор лав л алга, энд. Дэлхийн нийтийн математикийн хөгжил монголын математикийн олимпиадаар лав л дутахгүй байх. Тэр бас олимпиаджисан монголынхоор мэдээж дутаагүй. XVIII зууны Шаарайн Мянгатаас илүү дэлхийд танигдсан, зөвшөөрөгдсөн, математикийн түүхэн хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан математикч XXI зууны эхэн үеийн олимпиаджисан монголд хэр олон байна даа?  Тийм ч олонгүй л болов уу. За, ер нь, бараг л байхгүй л болов уу.

Ингэж их олимпиадсан улсын иргэд бусдаас илүү ихээр ухаанжсан, нийгэм тун хөгжсөн, дэвжсэн нь одоогоор лав л баригдахгүй, харагдахгүй байна. Харин математикийн хичээлээр улсаараа муу сурч байна. Монгол хэлээр улсаараа дүрэмжин хийрхэж байна. Монгол бичгээрээ улсаараа мөн л муу сурч байна. Нөгөө, “яг л түүн шиг байя” гэж муугаар сайн уралдаад байгаа физик, хими, биологи, газар зүй гэх зэрэг туршилтын шинжлэх ухааны хичээл, сургалт жам ёсоороо үнэндээ явагдахгүй болоод удаж байна. Бодит туршилт хийгддэггүй. Харин үглэх, хуулан бичүүлэх, муу тавих нь тэнд багшлах, сурахын ид шид болж харагдах. Шинжлэх ухааны хичээлээр улсаараа ийнхүү худал, хуурмаг дүнгийн золиос  болж хохирч байна. Энэ бүх муугийн дүнд  хүнээр дэвжих нийгмийн хөгжлийн жам ёсны боломж, чадамж энэ улсад өдрөөс өдөр үгүйрч, харин мухар сүсэг, тэнэглэл, дэмийрэл, хийрхэл, мунхаглал, баардалт, архидалт, ажилгүйдэл л цэцэглэж байх.

Ингэж их олимпиаджихад ер нь учир шалтгаан ч үгүй, цэцэн зүйл ч үгүй. Ашиг тус ч үгүй. Орлого, өглөг ч үгүй. Харин хурдан морины уралдаан лугаа  хэдхээн этгээдийн хялбар ашиг орлого олох, хүүхдээрээ мөнгөхүүлэх, худал хуурмагаар алдар хүнд олж хийрхэх бохир бүдүүлэг нэгэн заль мэх; ардчилсан гэх алийгаа алдсан  он жилийн гажуу нийгмийн гандуу салхинд гундан мэргэжлийн ёс зүйгээ улиндаа гишгэн яваа хэсэг бүлэг хүний увайгүй нэгэн ааш авирын хөөрхий нэг илрэл юм. 

"Муу муудаа жанжин" гэдэг байх аа. "Чоно борооноор" гэдэг байх аа. Бас "тос дотроосоо өтдөг" гэдэг байх аа....

Ц.Лувсандорж

2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр


 http://undesniibolovsrol.blogspot.com/2017/05/blog-post.html

Thursday, April 13, 2017

Зүүдэн Учралт Шагдар Багш минь



Зүүдэн Учралт Шагдар Багш минь

Ордон лугаа их том байшингийн том хаалгаар ороход тээр тэнд дээрээс доошоос унжсан их өргөн шат харагдана. Гэвч тэр  шатны хажуу дахь сандал дээр  зэрэгцэн сууж байгаа хоёр хүн, харин, тод томруун харагдах нь хачин содон, сонин. Тэдний байдлаас харахад  хүн хүлээж байгаа  юм болов уу гэж баригдана. Тэднийг зүглэн алхав. Тийшээ дөхөж  явахдаа “Яасан ч том, өргөн шат вэ”  гэж  гайхав. Мөн энэ  зуурт  “Энэ байшин эсвэл их том номын сан, эсвэл,  их том сургууль юм байна” гэсэн шүү мэдрэмж  төрөх. Тэр хоёр хүнтэй мэндэлж  ч амжаагүй байтал бараандуу саарал өнгийн костюм пиджакийг ганган хээнцэр биш ч, цэвэр нямбай, донжтой өмссөн, шалавхан хөдөлгөөнтэй цэмцгэр алхаатай, яг босгож самнасан биш, гэхдээ “босоо халимаг л “ гэж тодорхойлмоор; хар ч  биш, цагаан ч биш,  ер нь бараан л гэж хэлмээр  үстэй,  дунд зэргийн нуруутай нэгэн хүн тэдэн лүү нөгөө өргөн шатаар бууж дөхөн очоод,  жаахан бөхийн, тус бүрд нь зөвлөгөө өгч байгаа болов уу гэмээр өөртөө их л итгэлтэйгээр, төвөггүй  ярина. Уг байдал, үйл хөдлөл нь их танил мэдрэгдэх  тэр хүнийг ажиглан, чимээгүй дуугүй зогсож  байсан би гэнэт “Шагдар багш” гэж  дуу алдав. Сэрэв.    
“Шагдар багш.  Багш зүүдэнд иржээ. Гэхдээ буурал үсгүйгээр  ирлээ. Багш маань залуу, цоглог харагдаж байна. Сайн яваа юм байна, бас өндөрт яваа юм байна даа” гэж өөртэйгээ ярьж хэвтэх зууртаа миний энэ амьдралыг зүүд мэт өөрчилсөн ачит багшийн ачлалыг нэг эргэцүүлэв.    

1989 оны хавар юм даа. Бид МУИС-д 5 жил суралцаж,  математикч, математикийн багш болж  тал тал руу, нутаг нутагтаа буцаж байсан үе. 5 жил нэг анги, нэг хэмнэл дор явсан бидний хувьд түрүүлж явсан нэгнийгээ үлдсэн нь гаргаж өгч үдэх нь бичигдээгүй, хүчлэгдээгүй, батлагдаагүй нэг дүрэм болчихсон байв. Тэр мөч мэдээж нулимстай, гунигтай, уяралтай, ухааралтай байдагсан. Намайг гаргаж өгөх ээлж ч дөхөв. Завхан аймгийн Баянтэс сум руу явахаас  өмнө анги даасан Чимэдцэрэн багштайгаа нэг уулзаж, яримаар, бас “баяртай” гэж хэлмээр санагдаад байв. Нутаг явахаар төлөвлөснөөс нэг өдрийн өмнөх өдрийн өглөө эрт МУИС-ийн А байрны 2 давхрын баруун жигүүрт байрладаг багшийн өрөөг шагайв. Чимэдцэрэн багш маань “Ор оо  ор” гэх. Ангийн дарга байсан тул багшийнхаа ааш араншин авирыг бага зэрэг гадарладаг болсон би  “Ангийнхнаа гаргаж өгөөд л байна, бид. Миний ээлж маргааш” гэв.  Үүнийг сонссон багш маань “ Юу гэнэ хө...”; “...гаргана гэнэ, хө” гэж ёжтой янзтай  хэлж өөр зүйл бодож байгаа мэт хэсэг дуугүй байснаа  “Би чамайг Шагдартай ярьсан. Улсын Багшийн Дээд Сургууль (УБДС)-ийн Б байрны 2 давхар, 210 байх аа (өрөөний дугаар). Юун хөдөө явах. Маргааш өглөө Шагдартай очиж уулз. Би хэлчихнэ”  гэв.  Би тэгэхэд нь “Багшаа, би онгоцны билет (тийз) бичүүлчихсэн” гэхэд,  ангийн багш маань “Наадахаа буцаа” гэв. Тэгэхэд  би “Багшдаа, баярлалаа ч гэлгүй, За” гэж хэлэн тэндээс гарч, онгоцны тийзээ буцаав.  

Маргааш өглөө эрт УБДС-ийн Б байрыг олж, жижүүрээс нь “Шагдар багш” гэж асуухад, урдаас, “Багш ирчихсэн. Өрөөндөө байгаа. Математикийн тэнхмийн багш нарын өрөөгөөр дамжин ордог, давхар өрөө шүү” гэв. Би тэр өрөөг олж “Та сайн байна уу, намайг Чимэдцэрэн багш явууллаа” гэхэд,  буурал үстэй, дунд зэргийн нуруутай, цэмцгэр хувцасласан 40 гарч яваа болов уу гэмээр нүдэнд дулаанхан, шардуу царайтай багш суудлаас өдийн “Хүүхээ,  чи чинь Лувсандорж уу” гээд, намайг шууд дагуулан явах зууртаа “Захиралд танилцуулна аа” гэж хэлэв.  Шагдар багш “ректор О.Отгонсүрэн” гэсэн хаягтай хаалгаар орж хэсэг байсныг дараа намайг дуудав. Би захирлын өрөөнд ингэж анх орж,  Шагдар багш, ректор Отгонсүрэн багшийн дэргэд зогсов. (Тэр үед би юу хэлж байснаа одоо нэг л сайн санахгүй байх чинь.  Тийм “том” хүмүүстэй анх уулзаж байсан болохоор мэдээж их сандарч байсан байж таараа). Тэд шинэ багш тул “300 төгрөгийг олгох, мөн хичээл эхлэх хүртэл засварын ажилд туслуулах” гэсэн утгатай зүйл ярьж байв. Захирлын өрөөнөөс гарч тэнхимдээ ирсний дараа Шагдар багш “За, маргааш ажилдаа ор. Зуны амралт эхэлж байгаа тул зундаа засварын ажилд туслана. Шинэ багшийн тэтгэмж 300 төгрөгийг удахгүй олгоно” гэж хэлэв. Шагдар багшийн өрөөнөөс гараад оюутны байр луу явах замдаа болсон явдлыг эргэцүүлэхэд энэ нь миний хувьд яг л зүүд мэт байсансан. Монголын алс нэгэн бөглүү суманд төрж өссөн, сумын сургуулийнхаа математикийн багшаар л өөрийнхөө бүхэл ирээдүйг төсөөлж байсан хотод танил талгүй, хөдөөний эгэл нэгэн оюутан ингэж л шударга, зарчимч, ажил хэрэгч, хариуцлагатай, хүнлэг энэрэнгүй, хүний төлөө багш нарынхаа  ачлалаар  их сургуулийн багш болов оо (Багш нар маань намайг ингэж үлгэр, зүүд мэт өөд татаж, дэм тус болохдоо МУИС-ийн математикийн ангид 10 улирал онц дүнтэй суралцаж, сургуулиа улаан дипломтой төгсөхөд миний гаргасан зүтгэл, хичээсэн хичээлт, урсгасан хөлсний хэмжээг бодсон;  мөн хөдөө өсөж хар бор ажилд нухлагдан төлөвшсөн үнэнч, шударга,  хичээнгүй, зүтгэлтэй  чанарыг  минь таньсан; 8 наснаас  их сургууль төгсөх хүртэл дотуур байранд амьдрах явцад эзэмшсэн бие дааж орших, сурах, унших, амьдрах чадварыг минь үнэлсэн; бас  анги хамт олонтойгоо аятай байхыг эрхэмлэдэг зан харьцааг  минь  шинжиж харсан ч нь байж мэдэх юм). 

Хичээлийн тэр жилээс  Шагдар багштай хамт олны хэсэг болж ажиллахдаа багшийг ихэд хүндэтгэж, итгэлийг нь алдахгүй байх гэж ихэд хичээдэг байвч багшаас жаахан эмээж, их зайдуу л байдаг байв (...Зарим нэг цагаан сарын баяраар Батхүү багшийг бараадан багшид золгож хүндэтгэл үзүүлдэг байж). Япон Улсад мэргэжил дээшлүүлж байхдаа мэдсэн, эргэцүүлсэн зүйлдээ тулгуурлан  үндэсний хөтөлбөр, боловсролын стандартыг хөгжүүлэх ажлыг боловсронгуй болгох чиглэлээр докторын зэрэг горилсон нэг сэдэвт ажлыг бичиж дуусаад судалгааны ажлын удирдагчаа олох (Буриадын их сургуулиас манай тэнхимд томилолтоор ажилласан Баклаев гэдэг эрдэмтэн миний ажлыг удирдаж байсан юм. Хол, тэгээд ч чиглэл өөр болсон тул удирдагчаа солих шаардлага гарсан) хэрэг гарав. Тэр үед манай факультетад одоогийнх шиг ийм олон эрдэмтэд байсангүй. Дэд эрдэмтэн, доцент Насанбуянгийн Намсрай, дэд эрдэмтэн, профессор Дамбын Шагдар гэсэн хоёр багш л эрдмийн зэрэгтэй, докторын ажил удирдах боломжтой байж. Шагдар багшид энэ талаар хэлэхэд судалгааны ажлын удирдагч болохыг зөвшөөрч би ч тун их баярлав. Гэхдээ бас “бичсэн зүйл маань багшид таалагдахгүй байх вий дээ” гэж их л санаа зовдог байв. Монгол хэлээр олигтой бичиж чаддаггүй байсан надад багш маань мөн их тус дэм болсон доо. ... Хамгаалах зөвлөлөөр ажлаа хэлэлцүүлэв (2 цаг гаруй өрнөсөн санагдаж байна). Хэлэлцүүлгийн төгсгөлд  Шагдар багш маань удирдагчийн хувьд ажлыг товч дүгнэсэн яриагаа “Хүнд биологийн наснаас гаднаас оюуны нас гэж байна аа... ”[1] гээд л эхэлж байсан нь одоо тод сонсогдох шиг.... Хамгаалах зөвлөлийн гишүүдийн 78 хувийн саналаар (75 хувиас доош бол хамгаалалт хийгдээгүй гэж үзэх юм. Энэ нь унасан, бүтэлгүйтсэн гэсэн үг л дээ) хамгаалалт амжилттай болов. Маргааш өглөө нь ажилдаа ирээд сууж байтал Шагдар багш өрөөнд орж ирээд (ер нь, багш бусад багшийн өрөөгөөр бараг орж харагдахгүй дээ) “...цаад золигнууд тань хатуурхаж байна. Хатуухан хамгаалалт боллоо” гэж хэлээд гарч явсансан. Шагдар багшийн энэ үгний хөг өнгөнд “Намайг урамшуулсан. Магадгүй, жаахан тоосон шинж, өнгө аяс байх шиг; мэдрэгдэх шиг” болж, яагаад ч юм, нүдэнд нулимс хурж, ихэр татан ихээр уйлмаар болж билээ. 

 БСШУЯ-ны захиалгат “Бага, дунд боловсролын стандарт”  төслийн хүрээнд боловсруулсан математикийн боловсролын стандартыг манай тэнхмээр хэлэлцүүлсэн нэгэн уулзалт семинар нилээд ширүүхэн болсон санагдаж байна. Төслийн удирдагч, математикийн боловсролын стандартыг боловсруулах багийн гишүүний хувьд би уулзалт ярилцлагын явцад нилээд амь түргэн байсан биз ээ.  Хэлэлцүүлгийн төгсгөлд Шагдар багш үндэсний боловсролын стандарт, хөтөлбөрийг цаашид хэрхэн сайжруулж болох талаар тодорхой санал, чиглэл, зөвлөмжийг багийн ахлагч Ж.Баатар багшид ихэвчлэн хандсан өнгө янзтай хэлсэн үгнийхээ дунд “Мэдлэг нимгэнтний ам нь түрүүнд” гэсэн үгийг хавчуулж байж билээ. Энэ үг алс бөглүү, аглуу нутагт өсөж торнисон, өөрийнхөө ирээдүйг сумын сургуулийн математикийн багшаар бүрэн төсөөлж явсан хөдөөний тэр нэгэн хүүд бус, харин үндэсний шинжээчийн түвшинд хүрч өндийсөн  их сургуулийн багш, залуу эрдэмтэнд хаягласан багшийн маань сүүлчийнх, гэхдээ мөнхийн захиас байсан юм шиг одоо санагдаж байх. Зүүдэн учралт Шагдар багш минь миний амьдралыг ингэж л зүүд мэт өөрчилсөн нэгэн ачтан юм даа.

Зүүдэнд ирсэн Шагдар багшаа эргэцүүлж дурсан ингэж дуусахад нүд нулимстай, сэтгэл нэг л гунигтай. Гэвч  зүүдний тэр дүрээр багшаа тунгаан дэнслэхэд бас л бахархалтай, бахдалтай.

Ц. Лувсандорж
2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр



[1] Энэ санааг тээж явсаар “Залуухан хөгшид” гэсэн нийтлэл болгосон.