Saturday, June 30, 2018

Урсах нулимсанд ялгаа үгүй







Урсах нулимсанд ялгаа үгүй

Нэг нь уух усгүй, идэх хоолгүй ингэж уйлж зовж, үхэж байхад нөгөө нь хөлбөмбөгийн талбайд эсвэл хожигдсондоо, эсвэл хожсондоо, эсвэл дурласандаа уйлж, үхэх гэж байх юм. Энэ хоёр нулимсанд угтаа ялгаа үгүй. Харин тэнэглэлд бол ялгаа бий.

Нэг л их Месси, Роналда гэж уйлсан, дуулсан, урвайсан, дуурайсан улс энд монголд их байх юм. Тэд чинь үнэндээ бол бас хөөрхий хохирогч шүү. Хөөрхий шүү.

Цэл залуу насаа "хийлээ" гээд хэн ч хэрэггүй, танин мэдэхүйд ямар ч нэмэргүй "goal-зорилго" гэж гүйсээр, бас хөөрөгдсөөр хөөрхий болж яваа улс бол хөөрхий, хохирогч, тамирчид юм. Хохирогч шүү.

Тэдний хөөрөх цаг дуусаж, харах хүнгүй болоход сайндаа л тэд хөөрхий нэг дасгалжуулагч болж явах. Хайран залуу насаа "хийлээ "гээд хэн ч хэрэггүй, танин мэдэхүйд ямар нэмэргүй нэг бөмбөг хөөж хөөрөгдөж, хийрхэгдэж өнгөрснийх гор нь тэр.

Тамирчин гэх хохирогчдод хэрэггүй, улсад бол огт нэмэргүй, энэ иргэншилд дэвжихийн "нэмэргүй" ийм нэмэргүй, харин нэрмээстэй зүйлийн төлөө олноороо нийлж асар мөнгийг ямар ч нэмэргүй үргүй тэнэглэн үрж уйлж байхын оронд, тэнэглэлээ зогсоож, тэр их хөрөнгө, хүчийг уух усгүй, орох оронгүй, идэх хоолгүйдээ уйлж байгаа хүүхэд, ангаж үхэж байгаа ан амьтанд туслахад зарж эх дэлхийгээ баяр баясгалангаа дүүргэвэл илүү утгатай биш шүү. Ингэвэл ер нь яасийм. Диваажин диваажин л гэх. Диваажинг энэ дэлхийд тэгэж бүтээж болох бус уу!

Урсах тэр хоёр нулимсанд ялгаагүй үгүй л дээ. Харин тэнэглэлд нь бол их ялгаа байна.

Ц.Лувсандорж

2018 оны 7 дугаар сарын 1-ний өдөр






Tuesday, June 26, 2018

Эргүйжүүлэх бодлого

Эргүйжүүлэх бодлого

Жаргалмаа Батболд: Ажаад байхад энэ багшийн тэмцэлд эр хүн их цөөхөн байна. Чингисийн удамт чин зориг эрчүүд дууссан юм гэж үү?

Таны эргэцүүлэл дээр нэг баримт нэммээр санагдав.

Баримт: Тээр жил Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ийм хачин нэг гайхмаар бодлого хэрэгжсэн юм. Их гайхмаар, хачин.
"Эрэгтэй багшид 5000 доллар төлж, боловсролд эргэж ирж ерөөсөө болохгүй" гэж гарын үсэг зуруулж авч билээ. Эрчүүдийг боловсролоос зайлуулсан арга, бодлого энэ.

Энэ хачин гэхэд хачин бодлогын дүнд өнөөдөр боловсролын салбар эмжсэн байна. 10 багшийн 9 эмэгтэй. 50 орчим хувь өрх толгойлсон ганц бие эмэгтэй.

Эргүй сүрэг байна гээд бод доо. Сүргүй сүрэг гэж сана даа. Тэр сүрэг эр манлайлагчгүй сүрэг. Энэ сүрэг сүргүй сүрэг, манлайгүй сүрэг.

Боловсролын салбарын энэ манлайгүй, манлайлалгүй, сүргүй байдал л түүнийг салбайлгаж байгаа юм. Хэрүүлжүүлж байгаа юм. Ховжуулж байгаа юм. Эвгүй болгож байгаа юм. Далдай, долдойжуулж байгаа юм.

Эргүй сүрэгжсэн боловсролын салбарт хэрүүл бий. Харин эрүүл зүйл үгүй. Хэрүүл л бий. Ажил нь хэрүүл. Алба нь хэрүүл. Захирал нь хэрүүл. Сайд нь хэрүүл. Тэмцэл нь хэрүүл. Байгаа хэдэн нь далдай, ихэнхи долдой, эм жендерчилэгдсэн. Хэрүүлд ер нь эрүүл зүйл үгүй .

Тээр хачин эргүйжүүлэх бодлого боловсролын салбарыг болохгүй салбар, хэрүүлийн салбар, хийдэггүй салбар, манлайгүй салбар, дорой салбар, салбайсан салбар болгохын эх болсон юмдаг.

Эргүйжүүлэх тээр хачин бодлого эргээд энэ нийгмийн сүргүйжүүлэх, эргүүжүүлэх бодлого болж хувирсан юм даа.

Тээр хачин бодлого тэгэхээр алсын хараатай хорон бодлого, таны гайхснаар, зориггүйжүүлэх, эргүйжүүлэх, сүргүйжүүлэх бодлого юм даа.

Ц.Лувсандорж

2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр

Monday, June 25, 2018

Боол биш сэтгэлгээ

Боол биш сэтгэлгээ

Бүтээлч сэтгэлгээ, шүүмжлэгч сэтгэлгээ хоёрын ялгааг
барих хэрэгтэй.

Шүүмжилж байж байгаагаас өөр санааг олж харна. Тэр нь шинэ санаа, инноваци мөн. Түүнээс биш ямар ч үр өгөөжгүйгээр багш нар, эмч нар шиг, сувилагч нар, ер нь өнөөгийн монголд ажил хийж байгаа хүн шиг хөлсөө үргэлж урсгаад ажиллаж ядуураад, ядуурч ажиллаад байгааг бүтээлч сэтгэлгээтэй, хандлагатай, бүтээлч байна гэхгүй юм. Харин боол сэтгэлгээ болно.

Өнөөгийн монголчуудад шүүмжлэлт сэтгэлгээ маш чухал.Энэ нь хэрүүлч сэтгэлгээ гэсэн үг биш. Харин бүтээлч сэтгэхийн эх юм. Шинэ санааг олох, юмыг яаж сайжруулах вэ гэсэн утгаар бодох, сэтгэх, ном зүйн шинжилгээ хийх, хүн төрөлхтөн уг асуудлыг яаж шийдсэн байна, тэр нь ямар муу талтай байна гэх зэргийг эргэцүүлж, зэрэгцүүлж үзээд сайжруулах санал хэлэхийг л шүүмжлэлт сэтгэлгээ гэдэг юм. Мууг нь олж хараад сайныг бүтээхийг язгуур алхам нь тэр. Түүнээс биш ашиггүйгээр хөлсөө урсгаад ядуу, тарчиг байж дэлхийн доог болж явахыг бүтээлч сэтгэлгэчихлээ гэхгүй. Бүтээлч байна ч гэхгүй.

Шүүмжлэлт сэтгэлгээ боолын биш сэтгэлгээ юм. Ашиг өгөөжгүйгээр хөлсөө урсгах зогсох нь, харин, боолын сэтгэлгээ мөн. Боолын хандлага юм.

Бүтээлч сэтгэлгээ бол уг нь эрүүл саруул хүний язгуур сэтгэлгээ юм. Учир нь хүн бол илжиг уг нь биш.

Өнөө цагийн ихэнхи монголчуудыг эхлээд боолын биш сэтгэлгээтэй болгох. Тэгээд бүтээлч болгох хэрэгтэй. Үүний тулд багш нь, бас сайд нь боолынх биш байх ёстой.

Багш нарын нэг цагийн ажлын хөлсөө нэмэгдүүлэх энэ тэмцэл, эцэстээ, ирээдүйн монголыг шүүмжлэлт, бүтээлч сэтгэлгээтэй эрүүл саруул болгохын төлөө үйл юм.

Тэр цагт монголчууд хуулбарлах, хувилбарлах, хулгайлах дорд сэтгэлгээнээс бүрмөсөн ангижирч, бүтээлч монгол хүн, бүтээлч монгол компани, бүтээлч монгол сайд, бүтээлч монгол улс болсон байна.

Том зүйл жижгээс эхэлдэг гэж энэ.

Ц.Лувсандорж

2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр

Saturday, June 23, 2018

Үр аалз


Үр аалз

Татварын албаныхан үр аалз шиг авираасаа ичээч.
Төр муу менежер гэдэг атлаа өөрсдөө төрийн албаар хөлждөг  
үр аалзан авираасаа төрийнхэн гэгчид ичээч.
Ер нь 28 жилд улс төрч гэж явсан хүн бүр бас үр аалзан үйлээсээ ичээч.
Улсаа дампууртал, түмнээ ядууртал удирдсан үр аалз  МАН-АН ичээч.
Улсаа өрөнд унатал санхүү, эдийн засгийн үр аалзан бодлого хэрэгжүүлсэн сангийн яамныхан, сайд нар нь нэг ичээч.
Хүүхдийн сурах хүсэл бүрээр мөнгө хүүлж, багшийг ядууртал үр аалзан бодлого хэрэгжүүлсэн боловсролын яамныхан, сайд нар нь нэг ичээч.
Хор гэж хоол түгээхийг хөгүүлэн дэмжиж ирсэн үр аалзан авираасаа мэргэжлийн хяналтынхан, дарга нар нь нэг ичээч.
Архийг хоол мэт үзэн хоолтойгоо хамт зардаг үр аалзан журмаас журамлагч бүр ичээч.
Залуу хүний бүхэл бүтэн дөрвөн жилийг хайран, яйран дэмий үрж, эцэст нь онц дүнтэй олон дипломтой залуухан ажилгүйчүүдийг улсдаа бэлтгэж байгаа тоомгүй олон их дээд сургууль гэгчид үр аалзан сургалтаасаа нэг ичээч.
Байгалийн асар их баялагтай, зах зээлийн хоёр том хөрштэй, ийм баян улсыг ийм ядуу байлгаж ирсэн үр аалзан бодлогын золиос болоод халтар царайлан найрнаас нойронд, нойрноос найранд шар өдөр бор хоногийг өнгөрөөж яваа энэ цагийн монгол хүн бүр үр аалзан зан авираасаа өөрсдөө нэг ичээч.

Үр аалз гэж юу байдгийг өөртөө нэг эргэцүүлээч. Үр аалзан бодлого гэж юу хэлээд байгааг өрөөлөөс ч болов нэг удаа асуугаач.
Үр аалз эхээ идэж дуусдаг шиг эх нутгийн үр аалзын үр аалзан үйл эх орноо идэж дуусах нь дээ.

Найрнаасаа сал. Нойрноосоо сэр. Эх нутгийнхаа үр нь авч үр аалз шиг авирлаж байгаа үр бүрийг зогсоо. Үр аалзыг бүү төрүүл. Үр аалзгүй улс бол. Ингэхэд энэ улс манангаас салж шууд мандана.

Ц.Лувсандорж

2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр

https://www.facebook.com/medeelel999/videos/215834945806738/UzpfSTEwMDAwMTE4MTU2NTA0MToxOTA4MDk5MTI5MjM5NDU0/

Wednesday, June 20, 2018

БСШУС-ын сайд Ц. Цогзолмаад бичсэн нээлттэй захидал




Ардчилал оролцоогоор амь ордог

Ардчилал оролцоогоор амь ордог

Ардчилал энэ иргэншлийн нэгэн үнэт зүйл юм. Энэ үнэт зүйл гэвч оролцоогоор л амь ордог. Амьд болдог. Оролцоо үгүйд ардчилал үгүй.
Оролцож байж л ардчиллыг бид өөрсдийн үнэн үнэ цэнэ болгож чадна. Шударга ёс, хариуцлага, адил тэгш байдал, хөдөлмөрийн бодит үнэлэмж, хариуцлагатай удирдлага, засаглал, хүний эрх, хамгаалал үнэн тэгэхэд бий болно.
Оролцоогүй байхад ардчилал алийгаа л алдана. Энэ эрхэм үгийг тэгэхэд уйваагүй нь харин ходоодондоо хэрэглэж ирснийг олон түүхэн гэрчилдэг. Энэ үед улс нь дампуурч, түмэн нь ядуурдаг, байгаль нь сүйддэг, баялаг нь хулгайлагддаг.
Энэ одоогийн бидний дүр зураг биш гэж үү?
Монголчууд одоо ардчиллын мөн чанарыг ухаарч байх шиг байна. Ардчилал оролцоо, оролцоо ардчилал юм.
Энэ ухаарлыг хөдөлмөрөөрөө амьдардаг багш, эмч, сувилагчид хөдөлмөрийн мөлжлөгийн 30 жил дор мэдэрч, ардчилал оролцоог манлайлж байна.
Ардчилал таны оролцоогоор л амьд байдаг.

Ц.Лувсандорж
2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр

https://www.facebook.com/officialarslan.mn/videos/1075099875970304/UzpfSTEwMDAwMTE4MTU2NTA0MToxOTAzMzUwODI5NzE0Mjg0/

Monday, June 18, 2018

Алтны төлөө бус харин усны төлөө

Алтны төлөө бус харин усны төлөө
Алтгүйгээр амьдарч болно. Усгүйгээр харин амьд байж үл чадна. Үүнийг урагштай нь эрт ухаарсан байдаг. Тэгэхэд тэнд уснаас цэнэтэй зүйл үгүй болдог.
Түүнийг харин урагшгүй нь ерөөсөө ухаарч өгдөггүй. Ингэхэд энд уснаас үнэгүй зүйл алга болдог.
Цэнэтэй, үнэтэй зүйлээ ялгаж сурмаар байна. Үүнийг ганцхүү дампуурсан боловсролоор бус харин дэвшсэн, зөв, төв боловсролоор хийж чадна.
Багшийг ядуурлаас гаргах замаар л боловсролыг зөв, төв болгож чадна.
Үүний төлөө багш нар бид тэмцээд байна. Нэгдээд байна.
Багш бидний тэмцэл алтны төлөө бус харин усны төлөө юм.
Багш бидний тэмцэл авдарлахын төлөө бус харин чадвартай хүнийг өгөхийн төлөө юм.
Багш бидний тэмцэл эцэстээ, иймд, монголоо хүний чадварт тулгуурласан зөв, төв хөгжилд хүргэхийн төлөө юм. Цэнэтэйгээс үнэгүй ялгаж сурахын төлөө юм.
Алт авдарлахын төлөө бус усаа дээдэлдэг, улсаа хөгжүүлдэг чадвартай хүнийг бүтээхийн төлөө юм.
Ц.Лувсандорж
2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр
https://www.facebook.com/Bvddorjshvleg/videos/809685392553738/UzpfSTEwMDAwMTE4MTU2NTA0MToxODk5MzM4NzUwMTE1NDky/