Monday, November 21, 2022

АНГИЙН БАГШИЙНХАА АЧЛАЛЫГ ЯАЛТАЙ

 АНГИЙН БАГШИЙНХАА АЧЛАЛЫГ ЯАЛТАЙ

 

Миний амьдралын замын гэрэлтүүлэгч, ангийн багш Тайж нар овогт Сономын Чимэдцэрэнгийн надад үзүүлсэн ачлал, үлгэрлэлийг бодлоор урсгахад шөнө богинодно, үгээр урлахад цаас хомсодно, ухаарлаар барихад чансаа багадна. Ангийн багшийнхаа бодлоос хэтийдсэн, урлахад үг дутсан, барихад ухаан багадсан тэрхүү ачлалыг би яалтай.

1984 оны намар.  Энэ мөч бол  Сономын Чимэдцэрэн гэсэн ангийн багштай математикийн 4а гэсэн анги МУИС-д бүрдэж байсан цаг. Тэр цагт их дээд сургуулийн босгыг алхсан бүхэн тэтгэлэгтэй золгодог байсан тул их дээд сургууль гэдэг нь угтаа хүн оюутан болж өөрийн аж амьдралтай золгож өөрөө өөрийгөө өөрөөрөө аваад явах  амьдралын замаа олж байна аа гэсэн утга юм. МУИС-ийн математикийн ангид муучууд мэдээж цугларахгүй. Тэр цагийн математикийн 4а ангид тухайн цагтаа сурлагаараа, хүмүүжлээрээ, төлөвшлөөрөө нутаг нутагтаа тэргүүлсэн тэргүүнүүд цугларсан байлаа. Тэр дундаас багш маань намайг тэр нутаг нутгийн мундаг, тэргүүнүүдийг хөтлөх ангийн даргаар шилж томилсон байдаг юм. Ангийн дарга гэдэг намартаа намрын ажилд, зундаа зуны ажилд, өвөл, хаварт эрдэм номд, спорт урлагт анги хамтаа олноо зохион байгуулна, манлайлна гэсэн энгийн хэдэн үйлдлийг эвлүүлж хийнгээ түүнд бүр гаршсан нэгэн болдог жамтай. Ангийн даргын үүргийг ийнхүү үүрч явах нь миний төлөвшил, хөгжилд ямар ач тустай байсныг би тээр жил ангийнхаа хэдтэй багшлах дадлага хийхээр Нийслэлийн 17 дүгээр сургуульд очиж багшлахдаа л эхлээд их мэдэрсэн юм. Ангийн хэд маань олны өмнө, хүүхдийн өмнө анх гарч элдвээр хөглөж байхад  4 жил тэдэнтэй ажилласан бивээр харин тэдний дэргэд аль хэдийн багш болчихсон, аль хэдийн илтгэгч болчихсон харагдаж байж билээ. Одоо ч би индэр дээр гаргахад хэний ч өмнө хэдэн үг хээв нэг эвлүүлээд хэлчихдэг юм. Бас санаачилгатай, манлайлалтай амьдарч явдаг.  Энэ бол ангийн багш  маань намайг хүнтэй ажиллах, хүний өмнө үг хэлэх, одоогийнхоор бол уран илтгэх ур ухаанд оюутан цагаас маань хийнгээ сурах, хийлгэн сургах ухаанаар хөтөлж, чиглүүлж байсны том  ач билээ.

1987 оны хавар.  Энэ  хавар аав маань ер нь одохоор болж надад хэл ирсэн юм. Би Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлан бригадад аж төрж суугаа аавыгаа зорьж тэнд ажил явдлыг өнгөрөөн ээждээ бараа болон тэндээ хэд онож байхдаа “Мэдээ орох цагаас л аав маань сууж байдаг нүдэнд дасал болсон  аавын орон зай  илт үгүйлэгдэж буйг мэдэрч ээжийгээ ихэд өрөвдөн “Энэ зун эрт ирж үгүйрсэн тэр орон хэсэг ч болов нөхье дөө” гэж хатуу шийдэн сургуульд буцаж ирэхэд сонирхолтой нь намайг зуны ажлаар Германд явуулахаар болсон байлаа. Үүнд би  гайхсан ч, тэгтлээ хөөрсөнгүй. Тун удалгүй, “Залуучууд”  зочид буудалд зуны ажлаар Герман улс явах МУИС-ийн оюутны төлөөлөлтэй МХЗЭ-ийн дарга нар уулзаж, хувцас жигдрэлт голдуу баахан зүйл ярьсан уулзалтад  би “Би зуны ажлаар Герман явмааргүй байна” гээд тэр уулзалтаар гарсан юм.  Гэтэл намар сургуульдаа ирэхэд юу болсон гээч! МХЗЭ-ийн шийдвэрийг дагаагүй гэсэн үндэслэлээр намайг сургуулиас хөөхөөр болсон байлаа. Би ихэд сандарч ангийн багшдаа уулзахад багш маань “Миний үйлдлийг зөвтгөхгүй атлаа цаана аа л тэр шийдвэрийг ихэд дургүйцсэн янзтай, бас хөөчихгүй байлгүй дээ” гэсэн биеийн хэлэмжтэй байсан нь надад найдвар төрүүлж байж байлаа. “Ангийн багш маань л энэ эвгүй асуудлын эвийг нэг олсон юм байлгүй дээ” би шат шатны МХЗЭ-ийн үүрийн хурлаар орж “Цаашид МХЗЭ-ийн шийдвэрийг дагана” гэсэн амлалт өгч, баахан шүүмжлэл сонсож байж сургуульдаа үлдсэн юм. Хэрэв ангийн ачит багш нь миний хувь заяаг өөр тийш эргүүлж буй энэ том асуудлыг эвийг олж түүнийг надад эвтэй байдлаар шийдвэрлээгүйсэн бол би гээч хүн  Монгол, Тувагийн хилийн зурвас нутаг Тагнын нуруундаа  малчин байсаар энэ насыг илээх байсан нь харин гарцаагүй юм. Ангийн багшийн тэрхүү ачлалын ачаар би энэ амьдралыг хүн бүхний хүсээд хүсээд тэр бүр туулдаггүй эрдэм номын (академик) замаар жаргалтайяа туулж явна даа. Ачит багшийнхаа тэрхүү ачлалыг би ер нь тэгэхээр яалтай.

Ангийн багш маань ангидаа математик анализ, комплекс хувьсагчийн анализ хичээлийг ордог байлаа. Багш маань гараар нь хүнийг шинждэг ухаанаар харвал нэг л тийм шимтэй гэмээр павхгар бадруун гартаа том цагаан шохой барьж бүхэл бүтэн  цаг гучин минутын лекцийг цээжээр (конспект харахгүй) уншингаа самбарын өмнө одоогийн залуусын ярьдгаар  үнэн баавартай харагддагсан. Их сургуульд  лекц унших багшийнхаа их ур ухаанаас үлгэр авч би Чимэдцэрэн багш шигээ их сургуулийн сайн багш байхыг хичээн явдаг юм. Багш шигээ баавартай биш юм аа гэхэд ядаж л  барьцтай нэгэн байхаар өөрийгөө байнга сорьж явахад минь багш  маань л үлгэр болж байдаг. Үлгэрлэхээр илүү үг гэж ер нь юу сан билээ!

1989 оны хавар юм даа. Бид МУИС-д 5 жил суралцаж,  математикч, математикийн багш болж  тал тал руу, нутаг нутагтаа буцаж байсан үе. 5 жил нэг анги, нэг хэмнэл дор явсан бидний хувьд түрүүлж явсан нэгнийгээ үлдсэн нь гаргаж өгч үдэх нь бичигдээгүй, хүчлэгдээгүй, батлагдаагүй нэг дүрэм болчихсон байв. Тэр мөч мэдээж нулимстай, гунигтай, уяралтай, ухааралтай байдагсан. Намайг гаргаж өгөх ээлж ч дөхөв. Завхан аймгийн Баянтэс сум руу явахаас өмнө ангийн багштайгаа нэг уулзаж, яримаар, бас “баяртай” гэж хэлмээр санагдаад байлаа. Нутаг явахаар төлөвлөснөөс нэг өдрийн өмнөх өдрийн өглөө эрт МУИС-ийн А байрны 2 давхрын баруун жигүүрт байрладаг багшийн өрөөг шагайв. Чимэдцэрэн багш маань “Ор оо  ор” гэх. Ангийн дарга байсан тул багшийнхаа ааш араншин авирыг бага зэрэг гадарладаг болсон би  “Ангийнхнаа гаргаж өгөөд л байна, бид. Миний ээлж маргааш” гэв.  Үүнийг сонссон багш маань “ Юу гэнэ хө...”; “...гаргана гэнэ, хө” гэж ёжтой янзтай  хэлж өөр зүйл бодож байгаа мэт хэсэг дуугүй байснаа  “Би чамайг Шагдартай ярьсан. Улсын Багшийн Дээд Сургууль (УБДС)-ийн Б байрны 2 давхар, 210 байх аа (өрөөний дугаар). Юун хөдөө явах. Маргааш өглөө Шагдартай очиж уулз. Би хэлчихнэ”  гэв.  Би тэгэхэд нь “Багшаа, би онгоцны билет (тийз) бичүүлчихсэн” гэхэд,  ангийн багш маань “Наадахаа буцаа” гэв. Тэгэхэд  би “Багшдаа, баярлалаа ч гэлгүй, За” гэж хэлэн тэндээс гарч, онгоцны тийзээ буцаав.  

Маргааш өглөө эрт УБДС-ийн Б байрыг олж, жижүүрээс нь “Шагдар багш” гэж асуухад, урдаас, “Багш ирчихсэн. Өрөөндөө байгаа. Математикийн тэнхимийн багш нарын өрөөгөөр дамжин ордог, давхар өрөө шүү” гэв. Би тэр өрөөг олж “Та сайн байна уу, намайг Чимэдцэрэн багш явууллаа” гэхэд,  буурал үстэй, дунд зэргийн нуруутай, цэмцгэр хувцасласан 40 гарч яваа болов уу гэмээр нүдэнд дулаанхан, шардуу царайтай багш суудлаас өдийн “Хүүхээ,  чи чинь Лувсандорж уу” гээд, намайг шууд дагуулан явах зууртаа “Захиралд танилцуулна аа” гэж хэлэв.  Шагдар багш “ректор О.Отгонсүрэн” гэсэн хаягтай хаалгаар орж хэсэг байсныг дараа намайг дуудав. Би захирлын өрөөнд ингэж анх орж,  Шагдар багш, ректор Отгонсүрэн багшийн дэргэд зогсов. (Тэр үед би юу хэлж байснаа одоо нэг л сайн санахгүй байх чинь.  Тийм “том” хүмүүстэй анх уулзаж байсан болохоор мэдээж их сандарч байсан байж таараа). Тэд шинэ багш тул “300 төгрөгийг олгох, мөн хичээл эхлэх хүртэл засварын ажилд туслуулах” гэсэн утгатай зүйл ярьж байв. Захирлын өрөөнөөс гарч тэнхимдээ ирсний дараа Шагдар багш “За, маргааш ажилдаа ор. Зуны амралт эхэлж байгаа тул зундаа засварын ажилд тусална. Шинэ багшийн тэтгэмж 300 төгрөгийг удахгүй олгоно” гэж хэлэв. Шагдар багшийн өрөөнөөс гараад оюутны байр луу явах замдаа болсон явдлыг эргэцүүлэхэд энэ нь миний хувьд яг л зүүд мэт байсансан. Монголын алс нэгэн бөглүү суманд төрж өссөн, сумын сургуулийнхаа математикийн багшаар л өөрийнхөө бүхэл ирээдүйг төсөөлж байсан хотод танил талгүй, хөдөөний эгэл нэгэн оюутан ингэж л шударга, зарчимч, ажил хэрэгч, хариуцлагатай, хүнлэг энэрэнгүй, хүний төлөө багш нарынхаа  ачлалаар  их сургуулийн багш болов оо (Багш нар маань намайг ингэж үлгэр, зүүд мэт өөд татаж, дэм тус болохдоо МУИС-ийн математикийн ангид 10 улирал онц дүнтэй суралцаж, сургуулиа улаан дипломтой төгсөхөд миний гаргасан зүтгэл, хичээсэн хичээлт, урсгасан хөлсний хэмжээг бодсон;  мөн хөдөө өсөж хар бор ажилд нухлагдан төлөвшсөн үнэнч, шударга,  хичээнгүй, зүтгэлтэй  чанарыг  минь таньсан; 8 наснаас  их сургууль төгсөх хүртэл дотуур байранд амьдрах явцад эзэмшсэн бие дааж орших, сурах, унших, амьдрах чадварыг минь үнэлсэн; бас  анги хамт олонтойгоо аятай байхыг эрхэмлэдэг зан харьцааг  минь  шинжиж харсан ч нь байж мэдэх юм). 

 

2007 оны өвөл.  Тэр жилийн энэ цагт  он удаан жил багшаар үр бүтээлтэй ажилласан  багш нарыг нэг сая төгрөгөөр шагнан урамшуулах арга хэмжээ Их дэлгүүрийн дээд давхарт болсон юм. Тэнд би Чимэдцэрэн багштайгаа уулзаж, тэрхүү арга хэмжээний дараа багшийгаа гэр лүү нь дөхүүлэнгээ оюутан байхдаа ирж очсоор дасал болсон замаар элдвийг их аядуухан нэлээд хөөрөлдөн явсан юм. Багш маань тэгэхэд өндөр настай ээжийнхээ тухай үе үе ярьж, ээжийнхээ хэлж байсанг өхөөрдсөн байдалтайгаар давтан хэлэнгээ ээжийгээ ярих бүрдээ ихэд баяр хөөртэй болж байлаа. Багшийгаа гэрийн нь үүдэнд хүргэж өгөөд “За, багш аа, сайхан амраарай” гэхэд “Багш маань тэрхүү арга хэмжээний талаар бүх зүйлийг урьдчилан уншсан юм шиг хэлэнгээ, за баяртаа хүүхээ” гээд таягаа тулангаа гэртээ орж байсан нь дөнгөж сая болоод өнгөрсөн шиг нүдэнд бууж байх. Багшийг тийнхүү гэртээ орохыг хараад ирж очсоор дасал болсон шат руу бууж явахдаа яагаад ч юм нэг л сэтгэл гэгэлзэн багшийгаа ихэд өрөвдөж,  эргээд гэрт нь ормоор ч юм шиг санагдаж байлаа. Гэртээ багшийнхаа тухай бодолтой хамт ирэв. Багш маань МУИС-ийн А байрнаас гараад Сүхбаатарын талбайгаар цээж тэнэгэр, дээшээ, хараа алс, хөл чанга, харахад эв хавгүй юм шиг атлаа ажиглахад үнэн донжтойгоор янзалсан буржгар өтгөн хар үсээ хийсгэн хийсгэн алхаж явдгийг нь  тэгэхэд бас дурслаа. Ирэх жил нь би Австралид сурахаар явав. Тэр хугацаанд ангийн ачит багш маань ертөнцийг мөнх бусыг үзүүлсэн байсан юм. Багштайгаа тээр үдэш ярингаа алхсан тэр алхалт багш бид хоёрын энэ биеэр энэ орчилд уулзаж алхсан сүүлчийн мөч, сүүлчийн яриа байжээ. Гэвч ачлалаараа, үлгэрлэлээрээ, үйлсээрээ багш Та минь надад мөнх оршдог. Та мөнх.

   Бодоход бодлоос минь хэтийдэх ачлалтай, урлахад үг минь дутагдах үлгэрлэлтэй, ухааран барихад минь чансаа багадах зиндаатай, төрөлхийн тайж донжтой амьдралын минь хөтөч, ангийн минь багш Тайж нар овогт Сономын Чимэдцэрэн багшийнхаа надад   үзүүлсэн өгөөмөр сэтгэл, энгүй үлгэр, их ачлалыг тань муу шавь нь яалтай.

Сономын Цогдовын Лувсандорж

2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр

Tuesday, December 7, 2021

ҮЗЭЛ БОДОЛ, ИТГЭЛ ҮНЭМШИЛ: САЙД АА, БОЛОВСРОЛЫГ ЯАГААД БОДЛОГООР СҮЙТГЭЭД БАЙ...

ҮЗЭЛ БОДОЛ, ИТГЭЛ ҮНЭМШИЛ: САЙД АА, БОЛОВСРОЛЫГ ЯАГААД БОДЛОГООР СҮЙТГЭЭД БАЙ...:   САЙД АА, БОЛОВСРОЛЫГ ЯАГААД БОДЛОГООР СҮЙТГЭЭД БАЙНА АА?   Энэ бичвэрийн төгсгөлд линкийг нь харуулсан   видео контент хэдийгээр зох...

САЙД АА, БОЛОВСРОЛЫГ ЯАГААД БОДЛОГООР СҮЙТГЭЭД БАЙНА АА?

 

САЙД АА, БОЛОВСРОЛЫГ ЯАГААД БОДЛОГООР СҮЙТГЭЭД БАЙНА АА?

 

Энэ бичвэрийн төгсгөлд линкийг нь харуулсан  видео контент хэдийгээр зохиомол, жүжигчилсэн байдалтай ч ерөнхий боловсролын сургуулиар 22 хичээлийг судлуулахад багш, сурагч, эцэг эхэд тулгарч буй тулгамдсан асуудлыг хөндсөн байгаагаараа чухал утга санааг Монголын нийгэмд илгээж байна.

 

Сурагч "Багшаа, боловсрол гэж юу вэ" гэж асуунгаа ерөнхий боловсролын 12 жилийн хугацааг хүүхэд хэрхэн үр ашиггүй, стресстэй, утга учиргүйгээр 22 багш, 22 үглээтэй эцэг эхэд дүнгээр л дарамтлуулан уйдан өнгөрөөж байгаагаа тэд түүгээр илэрхийлжээ.

 

Монголын багш нарыг ядууруулж, элдэв төсөл, хөтөлбөр, судалгаа, уралдаан, тэмцээн, олимпиад гэх зэрэг мэргэжлийн бус ажлаар тэднийг бодлогоор дарж, дарамтлан үндсэн ажлаас нь хөндийрүүлж байдаг хорлох бодлогыг 30 жил явуулж ирсэн боловсролын яамныхнаас багш нар "Сайд аа, боловсролын бодлого гэж юу вэ" гэж асууж байна.

 

Ходоодон сонирхолдоо хөтлөгдөн ерөнхий боловсролыг гадаад, дотоодын олигархиудын ашиг олох хүсэлд нийцүүлж түүнийг зүгээр л дэлхийд байхгүйгээр том ашиг олох талбар болоход хөтөлсөн лоббижсон, амиа хичээсэн, хувийн ашиг хайсан боловсролын хорлонт бодлогыг боловсролын яам олон жил намжсан, олигаржсан этгээдийн сонирхолд нийцүүлж явуулж ирсний гор, гай нь манай боловсролын өнөөгийн дампуу, дорд байдал билээ.

 

Ялсан нам, ман 40 мянган хүүхдийн их, дээд сургуульд элсэх хүсэл дээр том ашиг хийж ирсэн, үнэндээ хэнд ч хэрэггүй ЭЕШ бол ерөнхий боловсрол, сургалтыг сүйтгэж буй хорлонт бодлого мөн.

 

Монгол хүүхдийн сурах хүслийг бадраах биш унтраах зорилготой 22 хичээлийг сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөгөөр хүчлэн шахаж оруулж байгаа нь бас л боловсролын хорлонт бодлого юм.

 

Ерөнхий боловсролын багшийг хөдөлмөрийн мөлжлөгт санаатай удаан байлгаж тэднийг мэргэжлийн ажлаараа ажиллаж амьдрах боломж, бололцоогүй болгож байгаа нь боловсролын хорлонт бодлого бас л мөн.

Шинэ мэдлэг бүтээх, түүнийг түгээх ямар ч чадамжгүй төрийн болон хувийн 81 их дээд сургуулиар олон дипломтой онц дүнтэй ажилгүйчүүд бэлтгэж ирсэн нь залуусыг хорлож буй маш хорлонт бодлого мөн.

 

Ерөнхий боловсролын утга, агуулга, зорилгыг алдагдуулсан гадаад, дотоодын хувийн төлбөртэй, хүүхдийг багаас нь ялгаварлан гадуурхал, алагчлал, үзэн ядалтад хөтөлдөг, хүүхдийн тэгш боломжийг хулгайлж хумсалдаг Шинэ Монгол, Орчлонгоор эхлэж, Kембрижийн хөтөлбөрийг монгол нутагт өндөр төлбөртэйгээр хэрэгжүүлж байгаагаар өрнөх монгол паппетууд (puppets) хийгээд Хятад, Англи, Америк, Герман, Орос, Турк, Солонгос, Энэтхэг гэх зэрэг улс орнуудын иргэнийг энд бэлтгэдэг сургуулиудыг тусгайлан зөвшөөрч тэднийг тусгайлан хөхүүлэн дэмжиж байгаа нь Үндсэн хуулийг үзэл санааг гутаасан, Монголын нийгмийг "Монгол ноёдын", "Монгол ардын" гэж хагалан бутарсан маш хорлонт сүйтгэл бас мөн.

 

Тээр жил ерөнхий боловсролын сургуульд ид ажиллаж байсан эрэгтэй багш нарт 5000 доллар өгч, дахиад сургуульд ажиллаж болохгүй шүү гэж гарын үсэг зуруулан тэднийг энэ талбараас зайлуулж байсан нь боловсролын салбарыг ганц бие өрх толгойлсон эмэгтэйчүүдээр дүүргэх гэсэн алсын хараатай түүхэн хорлонт бодлого мөн.

 

Ерөнхий боловсролын сургуульд анх Англи хэлийг албан ёсоор оруулахаар хуульчилсны дараа хичээл эхлэхэд боловсролын яам багшаа ч бэлтгээгүй байснаа Орос хэлний багш нарыг 45 хоногийн курст суулган дэлхийн хаана ч байхгүй Англи хэлний багш гэх дуудлага нь ч буруу Орос хэлний багш нараар Англи хэлийг оруулж, дундаж монгол хүн 5 минутад зөв дуудаад сурчихад Англи хэлнийг одоо 15 жилийн турш боловсролын бүх түвшнээр үзсэн монгол хүүхэд, монгол оюутан, монгол магистр, монгол доктор уншиж ч чадахгүй " Би Англи хэл сурах авьяасгүй хүн л дээ" гэсэн уйтгар тээж увайгүй царайлан явахад хүргэсэн нь боловсролын маш муухай хорлонт бодлого мөн.

 

Уйгаржин бичгийг бизнес болгож аж төрдөг бүлэглэлийн эрх ашгийг хууль болгон хүчилж тээр жил нэгдүгээр ангиас нь багшгүйгээр уйгаржин үзүүлж эхлэн 4 дүгээр анги хүртэл хөөрхий хүүхдээр тоглосны дараа цаашаа түүгээр явах бололцоогүй болгож олон мянган хүүхдийг бичиг үсэггүй болгож байсан нь бас л яах аргагүй хорлон сүйтгэх бодлого мөн.

Одоо тэр уйгарчиллыг дахин өргөн хүрээний бизнес болгож хорлон сүйтгэх үйл ажиллагаагаа хос бичиг гэдэг маш хортой үгээр хорлонтойгоор өрнүүлж байгаа нь яах аргагүй хорлонт бодлого мөн.

 

Яамны дэргэд байсан сурах бичгийн үйлдвэрийг албан тушаал, эрх мэдлээ буруугаар урвуулж ашиглан хувийн болгон авч өөрсдийн сургуулиа байгуулахдаа олон жилийн турш байсан сурах бичгийн редакцийг тарааж оронд нь хэн ч хамаагүй, цүнх баригч сурах бичгийг бичиж, түүнийг хянах, хэвлэх ажлыг тендерээр халхавчилж бүлэглэлийн мөнгө хийх хэрэгсэл болгон сурах бичгийг мурих бичиг болгосон нь яах аргагүй л олон мянган хүүхдийг олон жилээр хорлож байгаа хорлонт бодлого юм.

 

Нийгмийн оюуны санааны элит хэсэг, ухаарсан нэг хувийг бүтээхэд хувь нэмэртэй байдаг эрдмийн зэрэг хамгаалуулах ажлыг "зүгээр л гар өргөдөг" болгон өөрчилж боловсрол судлалын хамгаалах зөвлөлийг яаманд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан тэтгэврийнхэн хийгээд Увс, Архангай, Говь-Алтайн бүлэглэлээр дүүргэж, тэдний эрх ашигт нийцсэн "шар халзан ч хонь" хэрэв олдоод тэр нь хэрэв майлж л чадвал боловсролын судлалын моктор үгүй тэр амьтныг доктор болгон зарлаж боловсролын үнэ цэнийг үнэн алдагдуулж байгаа нь яах аргагүй л эрдмийн зэргийг авилгал, танил тал болгон хувиргасан ээлжит хорлонт бодлого юм.

 

Боловсролын бүх түвшний улсын сургуулийн биеийн талбайг зарж бүлэглэлдээ ашиг хийх их аяныг өрнүүлсэн гэмээр өрнүүлж бүх сургуулийн биеийн тамирын талбайг орон сууц болгон хувирган суралцагчдыг нийгэмших, хөгсөн найрсах боломжийг үгүй хийсэн нь яах аргагүй л сургуулийг сургууль биш болгосон хорлонт бодлого мөн.

 

Энэ мэтээр хөгжлийн жамаараа салсан төрийн өмчийн сургуулиудыг их хурал, засгийн газар, яамны том дарга нарын оролцоотойгоор зээлээр маш өндөр зардлаар хэрэгжсэн гэх төслийн лоббижсон хулхи үр дүнг нээлт гэж үзэн тэднийг албан тушаал, эрх мэдлээ ашиглан эзний хүслийг биелүүлэхийн тулд загнаж зандран нэгтгэх, улмаар мөн тэднийг хөдөө орон нутагт тасдаж нүүлгэн шилжүүлэх замаар дампууруулж, оронд манын голдуу эзэнтэй хувийн сургуулиудыг нийслэлийн төвд мандуулах зорилготой, их санаатай эл бодлогоор жишээлэн цаашлах энэ салбарын маш олон бодлого цаанаа л санаатай, цаанаа эзэнтэй, ихэд хорлонтойгоор ид үргэлжилж байна.

 

Нийгмийн тархи, оюун нь байдаг боловсролын салбарыг хөтлөх бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хянах эрхэм хүндэт үүрэг хүлээсэн боловсролын яамыг намчирхал,манчирхал, анчирхал, довжилтоор нутгийн зөвлөл нэртэй Говь-Алтай, Архангай, Увс зэрэг эрх ашгийн бүлэглэлийн мэргэжлийн бус, цүнх баригч төлөөллөөр олон жилийн турш үе үеэр нь дүүргэж ирсэн нь яах аргагүй л маш том хорлон сүйтгэх бодлого мөн.

 

Яагаад ингэж байгаа юм бэ?

 

Яаж байна аа?

 

Хүний хөгжилд тулгуурласан нийгмийн хөгжлийг чиглүүлэгч боловсролыг ийнхүү олон жилийн хорлонт бодлогоор хорлож байгаагаа хэзээ ч зогсоох вэ, Сайд аа?

 

Одоо энэ сүйтгэлийг зогсоох цаг болоогүй юу?

 

Боловсролыг бүх түвшинд нь сүйтгэх хорлонт бодлогыг олон жил боловсруулж түүнийгээ маш амжилттай хэрэгжүүлж Монголын ирээдүй, хойч үед маш том гайг учруулсан боловсролын яамныхан, тэдний толгойлогчдод хариуцлагыг яагаад тооцдоггүй юм бэ?

 

Яагаад тэдний том гайг их гавьяа гэж үзэн далдлаад байгаа юм бэ?

 

Тэд том гавьяатан биш харин их гайтан биш үү?

 

Сайд аа, Боловсролыг яагаад бодлогоор сүйтгээд байгаа юм бэ?

 

Энэ сүйтгэлээ одоо зогсооно уу?

 

Монгол төр ходоодон сонирхол төдийхөндөө хөтлөгдөн боловсролын бодлогыг хагас жарны турш ашиг олох хэрэгсэл болгож ирсэн маш хорлонтой энэ үйлдлээ одоо зогсоож хэрэв үл чадваас боловсролын хорлонт бодлогоор энэ улсыг сүйтгэх энэ сүйтгэлийг тань үр хүүхдээ, хойч үеэ, эх орноо гэсэн эцэг эх, хүүхэд залуус, багш, ухаарсан, сэхээрсэн хэсэг нь тэвчиж харин үл чадах тэр эгшин тун их ойрхоон.

 

Учир нь ялзралд хэмжээ байдаг. Нийгмийн ёс зүй, ёс суртахууны ялзралын энэ үнэнг дэлхийн том хувьсгалын түүх гэрчилдэг.

 

Монголын багш нарын цахим бүлгийн админ, профессор Ц.Лувсандорж

2021 оны 12 дугаар сарын 3-ны өдөр

 

Холбогдох эх үүсвэр

 

https://www.facebook.com/LavenderMongolia/videos/631808844918138/

 

Монгол Хөрөнгөтний Нам гэж нэрлэх байх даа!

Монгол Хөрөнгөтний Нам гэж нэрлэх байх даа!

Монгол ардын нам гэгчдийг харахаар тэдний дунд ерөөсөө ард хүн байдаггүй юм. Өрөөлийг болохоор бүгдийг нь ард болгоно гэж 100 жил чухалчилж зорьсон атлаа өөрсдөө болохоор ард биш, элдвээр хөрөнгөжсөн баячууд, хөрөнгөтнүүд л байх. Хадгаламжиндаа гэхэд л тэрбум тэрбум, их наяад, их наяадын хадгаламжтай гээд бод доо. Ийм ард хүн байх уу?
Тэгэхээр тэдний нам нь Монголын Ардынх биш харин Монгол Хөрөнгөтнийх л юм.

Авилгачдаар дүүрсэн атлаа авилгалтай тэмцэнэ ч гэх, албан тушаал, эрх мэдлээ буруугаар урвуулан ашиглагчдаар дүүрсэн атлаа албан тушаалаа буруугаар ашиглагчидтай тэмцэнэ ч гэх шиг. Үүнд хэн итгэх вэ дээ.

Ингэж хий дэмий хийрхэж ард болсон олныг хошгоруулж байхын оронд монгол ард гэдэг үгийг буруугаар урвуулан ашиглаж байгаагаа больж нэрээ ядаж л агуулгатайгаа нийцүүлж Монгол Хөрөнгөтнийх гэж өөрчилбөл уг нь цаашдаа өөрсдөд нь бодитой ярихад нь илүү хэрэгтэй юм шиг. Монгол ардууд ч бас бодитой харахад нь хэрэгтэй юм шиг.

Монгол хөрөнгөтнүүд Монгол ардын төлөө үнэн ажиллана гэдэгт итгэх хүн одоо байхгүй.
Монгол Хөрөнгөтнүүд Монгол хөрөнгөтнүүдийнхөө төлөө ажиллана гэдэгт бол итгэхгүй хүн байхгүй.

100 жилд энэ намынхан л том хөрөнгөтөн болж түүнээс бусад монгол хүн бүр үндсэндээ их ядуурч ард болжээ. Зорилготой тэд хүрч.

Тэгэхээр ядуурлын ёроолд ардыг хүргэсэн ийм цаг дор болж буй эл хурлаараа тэд хуурмаг нэрээ бодит агуулгатайгаа нийцүүлж Монгол Ардын биш харин Монгол Хөрөнгөтний гэж тодотгон өөрчлөх тухайгаа юуны түрүүнд ярих байх даа. Харж л байя!

Эсвэл ардын гэж үлдээн ардыг олон жил хуурч ирсэн тэр л нэртэйгээ байж өөрсдөө хөрөнгөжөөд л, иргэдийг ядууруулаад л, улсаа сөхрүүлээд нэг л сагсуу, согтуу, сөгдүү байлгахаар төлөвлөж сууж ч байж мэдэх л улс шүү дээ, тэд.

Ц.Лувсандорж
2021 оны 12 дугаар сарын 7-ны өдөр

 

Monday, November 29, 2021

ШАШИНААС ХОЛ БАЙ. ЭНЭ НЬ ГЭВЧ ҮНЭНЭЭС ХОЛ БАЙ ГЭСЭН ҮГ БИШ

 ШАШИНААС ХОЛ БАЙ. ЭНЭ НЬ ГЭВЧ ҮНЭНЭЭС ХОЛ БАЙ ГЭСЭН ҮГ БИШ
 
Шашин бол гэгээрэлд хүрэх үнэн ёсыг гажуудуулсан, үнэн ёсыг мунхаруулал болгодог хүний бусармаг үйлдлийн байгууллагажсан хэлбэр юм. 
 
Маркс түүний хорыг хар тамхиныхтай зүйрлэсэн байдаг. 
 
Үнэн бий. Гэхдээ тэр мунхаглалаас ангид, хар тамхи лугаа хортой шашинаас ангид оршино.
Исус Христос гэгээрэлд хүрснийхээ дараа өөрийн ёсны сүмдээ ирэхэд сүм нь татвар авдаг, мөргөлчдөөс мөнгө авдаг байгууллага болсон байсныг хараад "Библид ийм юм бичигдээгүй" гэж ихэд харамсан хэлсэн байдаг.
 
Үнэн сүм бол шавран сүм биш. Бас хүний гавлын ясаар барьсан Түвдэн, ламан сүм биш. Тэр харин тэнгэрлэг байдлаар хүний сэтгэлд заяагдмал оршдог сэтгэлэн сүм юм. Гэгээрэлд хүрэхэд гавилан сүм, шавран данцан иймд хэрэггүй. Гэгээрлээс их холдсон, үнэнээс тун гажуу ламан хувцастан ч бас хэрэггүй. 
 
Бурхан чанар буюу бурхан багш болох мөн чанар хүнд өөрт нь заяагдмал байдаг. Ихэнх хүн харин тэр чанараа биш буг чанараа л энэ физик ертөнцөд илүү хөөргөж байдаг юм. Тийм учраас хун тайж Сидхарта Гаутама гэгээрснийхээ дараа "Хүний амьдрал зовлон юм. Гэхдээ энэ зовлонгоос хүн л ангижирч болно.Зовлон шалтгаантай байдаг. Тэр шалтгааныг арилгах ёстой. Түүнээс ангижрах зам гэвч бий..." гэх мэтээр хүн зовлонгоос ангижирч гэгээрэлд хүрэх дөрвөн үнэнг номлосон байдаг.
Хүний зовлонт амьдрал дунд хүн орших гэж явахдаа зовлонгоос ангижрах бурхан чанараа биш харамсалтай нь харин буг чанараа илүү ихээр хөөргөж явдаг тул энэ дэлхийд гэгээрч өөрөө бурхан болсон нь энэ иргэншилд гар, хөлийн хуруунд багтамаар даанч цөөхөн юм. Харин буг чанараа хөөргөж яваа нөгөөдүүл нь гэвч 7 тэрбум илүү гартал үржиж олширсон байх.
 
Шашинаас хол бай. Энэ нь гэвч үнэнээс хол бай гэсэн үг биш. 
 
Гэгээрлээс хөндий бай гэсэн үг биш. Энэ нь угтаа харин буг чанараа хөөргөх бус хүн заяаг олж төрсний тань төлөө шагнал болж өөрт тань заяагдмал буусан бурхан чанараа хөгжүүл гэсэн үг юм.
 
Ц.Лувсандорж
2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр

 

Monday, July 19, 2021

БШУ сайд аа, МУК-д өрөөлд өргөх газар байхгүй

БШУ сайд аа, МУК-д өрөөлд өргөх газар байхгүй

 

БШУ сайд аа, МУК-д өрөөлд өргөх газар байхгүй

ШУТИС-ийн газраас авч, маш жижигхээн, гэхдээ ямар ч хэрэггүй, зөвхөн ЭЕШ-ээр 7 хоногт хэдэн тэрбумыг босгодогоороо манан намынханд алдартай, төгсөгчдөд бол их түвэгтэй, тун ядаргаатай БҮТ-ийн байрыг барих гэж гэнэт ерөнхийлөгчийн сонгуулийн дараа үсрэн хүчлэн дайрч үзсэн БШУ сайдынхан тэдний багш нарын цохилтод нам орж, эргэн ухаан орж босоод наадмын гэх 9 хоногийн амралтын өмнө МУК-ийн газар руу 30 жил хэрэглэсэн “шөнөөр” гэх аргаар, муу зангаараа дайрч эхэлсэн байдаг юм. МУК-ийн ихэнх багш нар амарч байгаа тул ШУТИС-ийнхэн шиг босож чадахгүй, эсэргүүцэж чадахгүй, тэгээд сурсан зангаараа барилгаа бариад нэг тоосго хаячихад өмч хамгаалдаг Үндсэн хууль ёсоор “тэднийх” болчихно гэж тооцоолсон бололтой “Нутгийн буян” гэгч барилгын компаниар шууд хашаа татуулж газрыг ухуулж барилгаа эхлэх гэж үзсэн байгаа юм. Харин бүхий л утгатай амьдралынхаа эгшин бүрийг Монголын хөгжмийн төлөө зориулсан хэдхэн багш нар амралтаа хойш тавьж “МУК-д БҮТ-д өгөх газар байхгүй” ,” МУК-д өрөөлд өргөх газар байхгүй” гэж зоригтой хэлж мананынхан наадамгүй үед 2,5 тэрбумаар найрсан наргиж байхад 10 гаруй хоног тэд газраа манаж гадаа хонож байна.
Наадмын гэх 9 хоногийн урт амралт нэг дуусахад бөмбөр нүдэж жагсаал болж байж МУК-ийн газрыг хамгаалах түр хорооныхонтой БШУ сайд түр уулзахаар болжээ. Уулзаж ээ. Уулзалтын дараа уулзалтын нэг тал болох түр хорооны төлөөлөлгүйгээр БШУ сайдын хэвлэлийнхэнд эрх мэдлээ урвуулан ашиглан энэ талаар өгсөн 2 өгүүлбэр дотор лав л 20 гаруй утга зүйн хийгээд хууль эрх зүй, ёс зүй, суртахууны алдаа, зөрчил шууд уншигдаж байх юм. Үүнийг гүйлгэгч БШУ сайдын тэр ярилцлагыг олж үзээд ер нь энэ хэн гэгч БШУ-ны сайд болсныг олж уншина биз ээ! Би энд түүний тэр хэвлэлийнхэнд хэлсэн хоёр үгэнд гурван алдаа, нэг ёсгүй байгааг энд тод дурдана.
1. “МУК газрын эзэмшигч нь, БШУЯ харин МУК-ийн газрын өмчлөгч” гэж тэр хэлэв. Монгол улсын газар нутаг бүхэлдээ түүнийг авч үлдэхийн төлөө цусаа урсгаж, хөлсөө гаргасан тээр цагийн эгэл хүмүүсийн энэ цагийн үргэлжлэл болох нийт ард түмний өмч биш шүү! Тэгэхээр МУК-ийн газартай холбоотой үүсэх харилцааг манаас томилогдсон БШУ-ны сайд өөрийн өмч мэт үзэж шийдэх биш ядаж л Монголын ард түмний бага төлөөлөл болсон их хурал мэдэж, тэр шийдэх нь утгатай биш шүү! Төрийн өмчийн бүх их сургуулийн биеийн тамирын талбай, газар, өмч хөрөнгө, үйлдвэр нь манаас томилогдсон сайдын үед манын даргынх болоод байдаг нь өнөөгийн энэ сайдын өмнөхөөсөө уламжилж авсан мэт “МУК бол газрыг эзэмшигч, сайд би бол түүний өмчлөгч” гээд итгэн андуурч зараад байсантай холбоотой юм биш үү! Авилгатай тэмцэнэ гээд байгаа билүү. Тэгвэл эдний энэ үйлдлийг нэг эргэцүүлээд, эргэлдүүлээд, тэмцээд өгөөч!
2. “МУК-ийн газрыг хамгаалах түр хорооныхныг тэрээр гадны хүмүүс гээд бусдыгаа турхирч байгаа юм” гэж хээв нэг инээж хэлэв. Үүнийг харсан МУК-ийн газрыг хамгаалах түр хорооны гишүүд өөрсдийгөө МУК-ийн багш нар гэдгээ нотолж лайв хийж, түүнийг үзсэн олон эцэг эх, бусад багш, шавь, төгсөгч нь “Хүүе ээ, энэ хүн МУК-ийн багш мөн” гэдгийг баталж олон коммент бичиж үлдээсэн байх юм. МУК-ийн газрыг хамгаалах түр хорооныхон БШУ сайдын хэвлэлд зориудаар ташаа мэдээлэл тараасан шиг гадны хүн, бусдыгаа турхирч байгаа улс биш харин МУК-ийн багш, тэр тусмаа “МУК-ийн газрыг бусдаас хамгаална, МУК-ийн газрыг зориулалтаар нь хэрэглэнэ” гэж зөвийн төлөө чанга дуугарч байгаа шилдэг, шилмэл хэсэг нь юм биш шүү. Сайд хүн ингэж хэвлэл мэдээллээр бусдыг, тэр тусмаа өөрийнхөө төлөө бус харин өрөөлийн сайн сайхны төлөө дуу хоолойгоо нийгэмд хүргэж нийгмийнхээ үйл хэрэгт оролцож байгаа нэгнийгээ ингэж гутааж болдог юм уу? Ийм ёс зүй, ёс суртахуунтай хүн сайд байгаад байж болох уу? Шударга ёс ярьж байгаа гэв үү! Тэгвэл ийм хүн сайд байх нь шударга ёс, удирдах ёс энэ тэрд тань хэр таарч тохирч байгааг нэг эргэцүүлээд, эргэлдүүлээд өгөөч!
3. “15 тэрбум төгрөгөөр МУК-ийн газар дээр бүүр эрт БҮТ болон бусад байгууллагыг бараг барихаар шийдсэн байсан юм” гэсэн шүү юм тэрээр хээв нэг ярив. Энэ худлаа. Наадмаас өмнө наад БҮТ-ийн байрыг тань ШУТИС-ийн харьяа газар дээр барина гээд бас одоо өрнөж байгаа шиг юм өрнөж байсан биз дээ. Түүнийг тань харуулах баримт хангалттай байгаа ш дээ. Тэгээр сайд хүн ингээд барин тавин худлаа яриад байж болдог болчихсон юм уу? Үүнийг бас эргэлдүүлээд, эргэцүүлээд, тайлбарлаад өгөөч!

МУК-ийг газрыг хамгаалах түр хорооныхонтой хийсэн уулзалтын дараа БШУ сайд тэдний төлөөлөлгүйгээр хэвлэлийнхэнд өгсөн мэдээллийн явцдаа тэрээр ямар ч гэмшилгүй байж төгсгөлд нь инээд баясалтай биеийн хэлэмжийг бахдалтайгаар харуулж байгаа юм. Дэлхийг хамарсан цар тахлаар энэ улсад гэхэд л олон хүн одож, хичээл сургалт 2 жил үндсэндээ зогсож, 40 мянган төгсөгч ЭЕШ-ийн гайгаар замаа олоогүй замхарч байгаа энд цагт өөрийнх нь буруу бусармаг шийдлийнх нь гороор өөрсдийгөө ковидоос сэргийлж, амарч байх ёстой МУК-ийн багш нар газраа манаж гадаа 10 гаруй хонож байгаа ийм үед тэднийгээ гадны хүн, бусдыгаа турхиж байгаа гэж хээв гүтгэнгээ биедээ баясалтай хөөртэй хэлэмжийг тээж явдаг хүн хамгийн энэрэнгүй, хүнлэг, шинжлэх ухаанч байх ёстой энэ салбарыг тэргүүүлж байх нь хэр ёс зүй, ёс суртахуунтай, хүнлэг хэрэг эсэхийг хэлэлцээд өгөөч!

Хүнийг бүтэн хөглөж хөгжүүлэх цор ганц арга зам нь болох хөгжим, хэмнэлийн цагаан толгойг таниулж, хэмнэлийн бичигт үсэгт суралцуулах гэж бага насны хүүхдээ түүгээр чирч явсан эцэг хүний хувьд, мөн хүнийг бүтэн хөглөх увдистай хөг онолыг бүтээсэн МУК-ийн нэг багшийг удирдаж эрдмийн зэрэг хамгаалуулсан удирдагч багшийн хувьд, бас сэтгэлийг минь хөглөх ганц боловч эгшгийг аз байвал олоод хүртчих юмсан гэсэн тэмүүллээр энэ сургуулийн сурагч, оюутны нээлттэй тоглолтыг тасралтгүй үздэг сонсогчийн хувьд, мөн боловсролын яамны энэ чиглэлийн бодлого, чиглэлийг босгож явсан нэгэн цагийн муугүй мэргэжилтэн, шилдэг шинжээч болохын хувьд монголоороо нийтээрээ сайн мэддэг Хөгжим бүжгийн коллеж болох одоогийн МУК буюу Монголын Хөгжмийн Дээд сургуулийн талаар ажигласан ажиглалт, эргэлдүүлсэн эргэцүүлэл, харсан харамсал, хүрсэн дүгнэлтэд үндэслэн БШУ сайдад ганц зүйлийг тод, товч, тодорхой хэлье. Тэр нь энэ юм.
“МУК-д өрөөлд өргөх газар байхгүй юм байна лаа”

Ингэж хэлэхийн учир ийм юм. Үүнд.

Нэг. МУК-д яаралтай бага сургууль барих газар хэрэгтэй байна. МУК-ийн ЕБС-ийн бага ангийнхан нурж унах гэж байгаа дотуур байрандаа одоо хүртэл хичээллэж байгаа ш дээ. Үүнийг БШУ сайд Та мэдэх үү? Мэдэхгүй бол үүнийг Та очиж үзээч ээ! Амьдралтай бай л даа, сайд аа! Ажлаа хий л дээ!

Тээр цагт сум хийгээд бригадын төвийн бага анги дотуур байрандаа хичээллэдэг тохиолдол бол байсан байсааан. Гэвч тэр түүх болжээ. Гэтэл Таны одоо хариуцаж байгаа салбарын нэг хэсэг, хүний хөгжилд онцгой байр суурьтай ганц онцгой байгууллага болох нийслэлийн төвд орших МУК-д тань бага ангийн хүүхэд 4 баллын газар хөдлөхөд нураад унах нь тодорхой навсгар дотуур байранд суралцаж, амьдарч байна ш дээ. Гэтэл Та МУК-ийн газар дээр БҮТ-ийн барилга барина аа гээд байх юм. Бод доо! МУК-д бага сургууль барих газар хэрэгтэй байна.
Хоёр. МУК-д концертийн заал барих газар хэрэгтэй байна. Дэлхийн шилдэг, шилмэл концертийн танхимыг ургуулж бодонгоо, эсвэл зургийг олж барингаа МУК-ийн концертийн зааланд БШУ сайд Та нэг морилж очооч. Тээр цагийн сумын улаан буланлархуу юм л угтана ш дээ. Гэтэл Та МУК-ийн газар дээр Боловсролын хүрээлэнгийн барилга барина гээд байх юм. МУК-д дэлхийн стандартад нийцсэн концертийн танхим хэрэгтэй. Түүнийг барихад МУК-д газар л хэрэгтэй. Бод л доо!
Гурав. МУК-д театр барих газар хэрэгтэй байна. Дэлхийн шилмэл театрын зураг харангаа Та МУК-д морилонгоо театрчилсан хичээл, сургалт явуулдаг анги танхимыг нэг сонирхоод үзээч. Түүнийг хараад тэрбумтан сайд маань ер нь яах бол. МУК-ийн дэргэд нь, яг замынх нь нөгөө талд байгаа өөрсдийнхөө, хувийнхаа Орчлон сургуулийнхтайгаа жишээд нэг хар даа. Гэтэл Та МУК-ийн газар дээр БСШУЯ-ын дэргэдэх “IT” албаны байр барина гээд байх юм. Эргэцүүл л дээ! МУК-д теарт барих газар хэрэгтэй байна.

Дөрөв. МУК-д ЕБС-ийн нурах гэж байгаа барилгыг нь нурааж шинээр барилга барихад газар л хэрэгтэй байна. Одоогийн ЕБС-ийн барилга дээр Та нэг морилж очооч. Тэгэж очихдоо Та тархи, толгойгоо хамгаалах малгай, бас хамгаалалтаа дагуулсан байх нь ер нь дээр байх шүү. МУК-ийн ЕБС-ийн барилгын насыг тооцоод төсвийг төсөвлөөд барилгыг яаралтай барьж өгөх нь БШУ сайд таны ажил, үндсэн үүрэгт тань юм шүү дээ. Үндсэн хуулиараа хүлээсэн төрийн ч үүрэг, хийх ажил юм байгаа юм. Гэтэл та МУК-ийн газар дээр Магадлан Итгэмжлэлийн Үндэсний зөвлөлийн байрыг барина гээд хээв нэг хэвлэлийнхэнд хэлэх юм. Ухаар л даа! МУК-д орчин цагийн ЕБС барихад газар л хэрэгтэй байна.

Тав. МУК-ийг цаашид цогцолбороор цогцоор хөгжүүлж, суралцагчийг нь баруун зүүн тархины жигд хөгжилтэй хөгшсөн бүтэн хүн болохын тулд тэнд биеийн тамирын талбай хэрэгтэй байна. Гэтэл Та тэр талбай дээр нь БҮТ хийгээд бусдын барилга барина гээд байх юм. Эргэлдүүл л дээ! Эргэж ир л дээ. МУК-д цогц хөгжил хэрэгтэй, түүнд нь биеийн тамирын талбай, ногоон байгууламж хэрэгтэй байна.

Монгол улсад хүний хөгжилд суурилсан нийгмийг дэвшлийг авчрахад амин чухал нийгмийн үүрэг, хариуцлагыг хүлээдэг, өнөөгийн монгол сүрэг оркуудыг иргэншсэн хөгшсөн иргэд болгодог Монголын хөгжмийн дээд сургууль болох МУК-ийг цогцоор хөгжүүлэхэд түүнд газар л их хэрэгтэй байна.

МУК-д, иймд, өрөөлд өргөх газар байхгүй, БШУ сайд аа!

Ц.Лувсандорж
2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр
Монголын багш нарын холбооны бүлгэмийн админ