Monday, July 19, 2021

БШУ сайд аа, МУК-д өрөөлд өргөх газар байхгүй

БШУ сайд аа, МУК-д өрөөлд өргөх газар байхгүй

 

БШУ сайд аа, МУК-д өрөөлд өргөх газар байхгүй

ШУТИС-ийн газраас авч, маш жижигхээн, гэхдээ ямар ч хэрэггүй, зөвхөн ЭЕШ-ээр 7 хоногт хэдэн тэрбумыг босгодогоороо манан намынханд алдартай, төгсөгчдөд бол их түвэгтэй, тун ядаргаатай БҮТ-ийн байрыг барих гэж гэнэт ерөнхийлөгчийн сонгуулийн дараа үсрэн хүчлэн дайрч үзсэн БШУ сайдынхан тэдний багш нарын цохилтод нам орж, эргэн ухаан орж босоод наадмын гэх 9 хоногийн амралтын өмнө МУК-ийн газар руу 30 жил хэрэглэсэн “шөнөөр” гэх аргаар, муу зангаараа дайрч эхэлсэн байдаг юм. МУК-ийн ихэнх багш нар амарч байгаа тул ШУТИС-ийнхэн шиг босож чадахгүй, эсэргүүцэж чадахгүй, тэгээд сурсан зангаараа барилгаа бариад нэг тоосго хаячихад өмч хамгаалдаг Үндсэн хууль ёсоор “тэднийх” болчихно гэж тооцоолсон бололтой “Нутгийн буян” гэгч барилгын компаниар шууд хашаа татуулж газрыг ухуулж барилгаа эхлэх гэж үзсэн байгаа юм. Харин бүхий л утгатай амьдралынхаа эгшин бүрийг Монголын хөгжмийн төлөө зориулсан хэдхэн багш нар амралтаа хойш тавьж “МУК-д БҮТ-д өгөх газар байхгүй” ,” МУК-д өрөөлд өргөх газар байхгүй” гэж зоригтой хэлж мананынхан наадамгүй үед 2,5 тэрбумаар найрсан наргиж байхад 10 гаруй хоног тэд газраа манаж гадаа хонож байна.
Наадмын гэх 9 хоногийн урт амралт нэг дуусахад бөмбөр нүдэж жагсаал болж байж МУК-ийн газрыг хамгаалах түр хорооныхонтой БШУ сайд түр уулзахаар болжээ. Уулзаж ээ. Уулзалтын дараа уулзалтын нэг тал болох түр хорооны төлөөлөлгүйгээр БШУ сайдын хэвлэлийнхэнд эрх мэдлээ урвуулан ашиглан энэ талаар өгсөн 2 өгүүлбэр дотор лав л 20 гаруй утга зүйн хийгээд хууль эрх зүй, ёс зүй, суртахууны алдаа, зөрчил шууд уншигдаж байх юм. Үүнийг гүйлгэгч БШУ сайдын тэр ярилцлагыг олж үзээд ер нь энэ хэн гэгч БШУ-ны сайд болсныг олж уншина биз ээ! Би энд түүний тэр хэвлэлийнхэнд хэлсэн хоёр үгэнд гурван алдаа, нэг ёсгүй байгааг энд тод дурдана.
1. “МУК газрын эзэмшигч нь, БШУЯ харин МУК-ийн газрын өмчлөгч” гэж тэр хэлэв. Монгол улсын газар нутаг бүхэлдээ түүнийг авч үлдэхийн төлөө цусаа урсгаж, хөлсөө гаргасан тээр цагийн эгэл хүмүүсийн энэ цагийн үргэлжлэл болох нийт ард түмний өмч биш шүү! Тэгэхээр МУК-ийн газартай холбоотой үүсэх харилцааг манаас томилогдсон БШУ-ны сайд өөрийн өмч мэт үзэж шийдэх биш ядаж л Монголын ард түмний бага төлөөлөл болсон их хурал мэдэж, тэр шийдэх нь утгатай биш шүү! Төрийн өмчийн бүх их сургуулийн биеийн тамирын талбай, газар, өмч хөрөнгө, үйлдвэр нь манаас томилогдсон сайдын үед манын даргынх болоод байдаг нь өнөөгийн энэ сайдын өмнөхөөсөө уламжилж авсан мэт “МУК бол газрыг эзэмшигч, сайд би бол түүний өмчлөгч” гээд итгэн андуурч зараад байсантай холбоотой юм биш үү! Авилгатай тэмцэнэ гээд байгаа билүү. Тэгвэл эдний энэ үйлдлийг нэг эргэцүүлээд, эргэлдүүлээд, тэмцээд өгөөч!
2. “МУК-ийн газрыг хамгаалах түр хорооныхныг тэрээр гадны хүмүүс гээд бусдыгаа турхирч байгаа юм” гэж хээв нэг инээж хэлэв. Үүнийг харсан МУК-ийн газрыг хамгаалах түр хорооны гишүүд өөрсдийгөө МУК-ийн багш нар гэдгээ нотолж лайв хийж, түүнийг үзсэн олон эцэг эх, бусад багш, шавь, төгсөгч нь “Хүүе ээ, энэ хүн МУК-ийн багш мөн” гэдгийг баталж олон коммент бичиж үлдээсэн байх юм. МУК-ийн газрыг хамгаалах түр хорооныхон БШУ сайдын хэвлэлд зориудаар ташаа мэдээлэл тараасан шиг гадны хүн, бусдыгаа турхирч байгаа улс биш харин МУК-ийн багш, тэр тусмаа “МУК-ийн газрыг бусдаас хамгаална, МУК-ийн газрыг зориулалтаар нь хэрэглэнэ” гэж зөвийн төлөө чанга дуугарч байгаа шилдэг, шилмэл хэсэг нь юм биш шүү. Сайд хүн ингэж хэвлэл мэдээллээр бусдыг, тэр тусмаа өөрийнхөө төлөө бус харин өрөөлийн сайн сайхны төлөө дуу хоолойгоо нийгэмд хүргэж нийгмийнхээ үйл хэрэгт оролцож байгаа нэгнийгээ ингэж гутааж болдог юм уу? Ийм ёс зүй, ёс суртахуунтай хүн сайд байгаад байж болох уу? Шударга ёс ярьж байгаа гэв үү! Тэгвэл ийм хүн сайд байх нь шударга ёс, удирдах ёс энэ тэрд тань хэр таарч тохирч байгааг нэг эргэцүүлээд, эргэлдүүлээд өгөөч!
3. “15 тэрбум төгрөгөөр МУК-ийн газар дээр бүүр эрт БҮТ болон бусад байгууллагыг бараг барихаар шийдсэн байсан юм” гэсэн шүү юм тэрээр хээв нэг ярив. Энэ худлаа. Наадмаас өмнө наад БҮТ-ийн байрыг тань ШУТИС-ийн харьяа газар дээр барина гээд бас одоо өрнөж байгаа шиг юм өрнөж байсан биз дээ. Түүнийг тань харуулах баримт хангалттай байгаа ш дээ. Тэгээр сайд хүн ингээд барин тавин худлаа яриад байж болдог болчихсон юм уу? Үүнийг бас эргэлдүүлээд, эргэцүүлээд, тайлбарлаад өгөөч!

МУК-ийг газрыг хамгаалах түр хорооныхонтой хийсэн уулзалтын дараа БШУ сайд тэдний төлөөлөлгүйгээр хэвлэлийнхэнд өгсөн мэдээллийн явцдаа тэрээр ямар ч гэмшилгүй байж төгсгөлд нь инээд баясалтай биеийн хэлэмжийг бахдалтайгаар харуулж байгаа юм. Дэлхийг хамарсан цар тахлаар энэ улсад гэхэд л олон хүн одож, хичээл сургалт 2 жил үндсэндээ зогсож, 40 мянган төгсөгч ЭЕШ-ийн гайгаар замаа олоогүй замхарч байгаа энд цагт өөрийнх нь буруу бусармаг шийдлийнх нь гороор өөрсдийгөө ковидоос сэргийлж, амарч байх ёстой МУК-ийн багш нар газраа манаж гадаа 10 гаруй хонож байгаа ийм үед тэднийгээ гадны хүн, бусдыгаа турхиж байгаа гэж хээв гүтгэнгээ биедээ баясалтай хөөртэй хэлэмжийг тээж явдаг хүн хамгийн энэрэнгүй, хүнлэг, шинжлэх ухаанч байх ёстой энэ салбарыг тэргүүүлж байх нь хэр ёс зүй, ёс суртахуунтай, хүнлэг хэрэг эсэхийг хэлэлцээд өгөөч!

Хүнийг бүтэн хөглөж хөгжүүлэх цор ганц арга зам нь болох хөгжим, хэмнэлийн цагаан толгойг таниулж, хэмнэлийн бичигт үсэгт суралцуулах гэж бага насны хүүхдээ түүгээр чирч явсан эцэг хүний хувьд, мөн хүнийг бүтэн хөглөх увдистай хөг онолыг бүтээсэн МУК-ийн нэг багшийг удирдаж эрдмийн зэрэг хамгаалуулсан удирдагч багшийн хувьд, бас сэтгэлийг минь хөглөх ганц боловч эгшгийг аз байвал олоод хүртчих юмсан гэсэн тэмүүллээр энэ сургуулийн сурагч, оюутны нээлттэй тоглолтыг тасралтгүй үздэг сонсогчийн хувьд, мөн боловсролын яамны энэ чиглэлийн бодлого, чиглэлийг босгож явсан нэгэн цагийн муугүй мэргэжилтэн, шилдэг шинжээч болохын хувьд монголоороо нийтээрээ сайн мэддэг Хөгжим бүжгийн коллеж болох одоогийн МУК буюу Монголын Хөгжмийн Дээд сургуулийн талаар ажигласан ажиглалт, эргэлдүүлсэн эргэцүүлэл, харсан харамсал, хүрсэн дүгнэлтэд үндэслэн БШУ сайдад ганц зүйлийг тод, товч, тодорхой хэлье. Тэр нь энэ юм.
“МУК-д өрөөлд өргөх газар байхгүй юм байна лаа”

Ингэж хэлэхийн учир ийм юм. Үүнд.

Нэг. МУК-д яаралтай бага сургууль барих газар хэрэгтэй байна. МУК-ийн ЕБС-ийн бага ангийнхан нурж унах гэж байгаа дотуур байрандаа одоо хүртэл хичээллэж байгаа ш дээ. Үүнийг БШУ сайд Та мэдэх үү? Мэдэхгүй бол үүнийг Та очиж үзээч ээ! Амьдралтай бай л даа, сайд аа! Ажлаа хий л дээ!

Тээр цагт сум хийгээд бригадын төвийн бага анги дотуур байрандаа хичээллэдэг тохиолдол бол байсан байсааан. Гэвч тэр түүх болжээ. Гэтэл Таны одоо хариуцаж байгаа салбарын нэг хэсэг, хүний хөгжилд онцгой байр суурьтай ганц онцгой байгууллага болох нийслэлийн төвд орших МУК-д тань бага ангийн хүүхэд 4 баллын газар хөдлөхөд нураад унах нь тодорхой навсгар дотуур байранд суралцаж, амьдарч байна ш дээ. Гэтэл Та МУК-ийн газар дээр БҮТ-ийн барилга барина аа гээд байх юм. Бод доо! МУК-д бага сургууль барих газар хэрэгтэй байна.
Хоёр. МУК-д концертийн заал барих газар хэрэгтэй байна. Дэлхийн шилдэг, шилмэл концертийн танхимыг ургуулж бодонгоо, эсвэл зургийг олж барингаа МУК-ийн концертийн зааланд БШУ сайд Та нэг морилж очооч. Тээр цагийн сумын улаан буланлархуу юм л угтана ш дээ. Гэтэл Та МУК-ийн газар дээр Боловсролын хүрээлэнгийн барилга барина гээд байх юм. МУК-д дэлхийн стандартад нийцсэн концертийн танхим хэрэгтэй. Түүнийг барихад МУК-д газар л хэрэгтэй. Бод л доо!
Гурав. МУК-д театр барих газар хэрэгтэй байна. Дэлхийн шилмэл театрын зураг харангаа Та МУК-д морилонгоо театрчилсан хичээл, сургалт явуулдаг анги танхимыг нэг сонирхоод үзээч. Түүнийг хараад тэрбумтан сайд маань ер нь яах бол. МУК-ийн дэргэд нь, яг замынх нь нөгөө талд байгаа өөрсдийнхөө, хувийнхаа Орчлон сургуулийнхтайгаа жишээд нэг хар даа. Гэтэл Та МУК-ийн газар дээр БСШУЯ-ын дэргэдэх “IT” албаны байр барина гээд байх юм. Эргэцүүл л дээ! МУК-д теарт барих газар хэрэгтэй байна.

Дөрөв. МУК-д ЕБС-ийн нурах гэж байгаа барилгыг нь нурааж шинээр барилга барихад газар л хэрэгтэй байна. Одоогийн ЕБС-ийн барилга дээр Та нэг морилж очооч. Тэгэж очихдоо Та тархи, толгойгоо хамгаалах малгай, бас хамгаалалтаа дагуулсан байх нь ер нь дээр байх шүү. МУК-ийн ЕБС-ийн барилгын насыг тооцоод төсвийг төсөвлөөд барилгыг яаралтай барьж өгөх нь БШУ сайд таны ажил, үндсэн үүрэгт тань юм шүү дээ. Үндсэн хуулиараа хүлээсэн төрийн ч үүрэг, хийх ажил юм байгаа юм. Гэтэл та МУК-ийн газар дээр Магадлан Итгэмжлэлийн Үндэсний зөвлөлийн байрыг барина гээд хээв нэг хэвлэлийнхэнд хэлэх юм. Ухаар л даа! МУК-д орчин цагийн ЕБС барихад газар л хэрэгтэй байна.

Тав. МУК-ийг цаашид цогцолбороор цогцоор хөгжүүлж, суралцагчийг нь баруун зүүн тархины жигд хөгжилтэй хөгшсөн бүтэн хүн болохын тулд тэнд биеийн тамирын талбай хэрэгтэй байна. Гэтэл Та тэр талбай дээр нь БҮТ хийгээд бусдын барилга барина гээд байх юм. Эргэлдүүл л дээ! Эргэж ир л дээ. МУК-д цогц хөгжил хэрэгтэй, түүнд нь биеийн тамирын талбай, ногоон байгууламж хэрэгтэй байна.

Монгол улсад хүний хөгжилд суурилсан нийгмийг дэвшлийг авчрахад амин чухал нийгмийн үүрэг, хариуцлагыг хүлээдэг, өнөөгийн монгол сүрэг оркуудыг иргэншсэн хөгшсөн иргэд болгодог Монголын хөгжмийн дээд сургууль болох МУК-ийг цогцоор хөгжүүлэхэд түүнд газар л их хэрэгтэй байна.

МУК-д, иймд, өрөөлд өргөх газар байхгүй, БШУ сайд аа!

Ц.Лувсандорж
2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр
Монголын багш нарын холбооны бүлгэмийн админ

 

No comments:

Post a Comment