Saturday, July 3, 2021

Өнгөрсөн 30 жилд монгол төр ажлаа үндсэндээ хийсэнгүй

 

Өнгөрсөн 30 жилд монгол төр ажлаа үндсэндээ хийсэнгүй
 
Өнгөрсөн 30 жилд эрх баригчид болох МАНАН энэ улсаар мөнгө л угаалаа. Дүнд нь төрөөс төрсөн тэрбумтан, их наятнууд л олшров. Мөн шагналд донтсон ядуу ардууд элбэгшив. Утгагүй олон хөшөө л багширав.
Улсаараа гадныхантай нийлж мөнгөхүүлдэг төсөл, хөтөлбөр, хөшөө, тендерийн эсрэг залуу хөгшингүй үр хойчоо гэж, ирээдүйгээ бодон нэг тэмцэх хэрэгтэй.
Хүний төр ер нь юу хийдэг юм бэ?
Хүний төр ийм дөрвөн зүйл хийх ёстой юм.
Төр ер нь дор дурдсан 4 салбарыг бүрэн хариуцах ёстой. Үүнд:
1. Нийтийн аюулгүй байдал. Гэвч өнгөрсөн 30 жилд нийтийн аюулгүй байдал аюултай болсон. Одоо гудамжинд хүн үхэж байна гээд бод. Нийтээрээ баталгаагүй вакцин шахуулчихаад нийтээрээ яана аа гээд чимээгүй сууж байна. Яана аа. Улс нь дэлхийд өртэй, хүн ард нь банканд барьцаатай, уяатай. Яана даа. Энэ хугацаанд батлан хамгааллыг махан цэргээр төсөөлдөг өнгөрсөн зууны хандлагаасаа нь салгасангүй. Дрон суурилсан батлан хамгаалал хөгжсөнгүй. Энэ ажлаа иймд манай төр олигтой хийсэнгүй. Бичиг мэдэхгүй цэрэг, цэргээ тамладаг, алдаг офицертой, ардын гэх армитай л ард хоцров.
2. Нийтийн эрүүл мэнд. Эмчийн цалинг 10 дахин багасгаж тэднийг зориуд гэмээр ихэд ядууруулснаас болж эмнэлгийн үйлчилгээ 10 дахин дорд болов. Одоо өвчин туссан хүн гудамжинд үхэж байна. Эрх мэдэлтэн МАНАН дарга харин өвдөхөөр гадаадыг л зорьдог нь жишиг болов. МАНАН дарга биш нь хөөрхий тэгэсхийгээд өнгөрдөг болж. Нийтийн эрүүл мэндийн боловсрол тэг болж нийтээрээ махаа л их идэж байна. Тэгэхээр өнгөрсөн 30 жилд манай манарсан төр энэ ажлаа хийгээгүй. Харин эрүүл мэндийн тендерээр төрөөс их наядтан л олон төрөв.
3. Нийтийн боловсрол. Багшийн цалинг 10 дахин багасгаж багшийг ихэд ядууруулж, гавьяа шагналд донтуулсны горийг нийтээр амсав. Ерөнхий боловсролын чанар, үйлчилгээний цэнэ 10 дахин дорд болов. Шилдэг нь эзэмшдэг багш мэргэжлийг шилмэл муу нь тунаж эзэмшдэг болов. Дүнд нь унших, бичих, ярих, бодоход тайлагдаагүй нөхөд төрийг удирддаг болов. Цэрэгт ирдэг болов. Төрийн албанд багширдаг болов. Мөн боловсролын салбарын тендерээр, сургуулийн барилгын ажлаар төрөөс олон тэрбумтанд төрж, ерөнхий боловсролд дэлхийн бараг бүх улсын хувийн сургууль бий болж, тэд татвар болох хувьсах зардлаар тэтгүүлж энэ салбарт тэд алагчлал, ялгаварлалыг мандуулав. Тэгэхээр энэ төр өнгөрсөн 30 жилд нийтийг соён гэгээрүүлэх ажлаа хийсэнгүй дээ.
4. Нийтийн тээвэр. Нийтийн автобус нь жорлон лугаа бохир, нийслэлийн зам түнхэр, данхар, овон довон нүхтэй, нөхөөстэй болтлоо дорд болов. Нийтийн автобус жорлон лугаа бохир заваан болсон тул түүгээр зорчигч цөөрөв. Метро биш юм аа гэхэд ядаж ил "train"-ыг бүтээсэнгүй. Гэвч энэ салбарт гэмт хэрэг гаарч, зам тээврийн салбар хөгжсөнгүй. Тэгэхээр өнөөх манан төр энэ ажлаа өнгөрсөн 30 жилд хийсэнгүй.
Гэтэл энэ улсад төрөөс төрсөн тэрбумтан, их наятнууд л өдрөөс өдөрт багширч байх. Хүн амын 0,01 хувь боловч нийтийн өмчийн 99,99 хувийг эзэмшдэг МАНАН бүлэглэл уул уулыг ам амаар хашсан тосгондоо тарвалзаж, бодлогыг өөрсдөдөө зориулж, ковидыг өөрсдөдөө ашигтайгаар ашиглан суух.
Бидний ганц үнэт зүйл болж үлдсэн байж магадгүй төрөө иймд ийм байдлаар биш дээрх дөрвөн үйлийг хариуцан сайн гүйцэтгэгч болгон хөгжүүлж манан төр шиг биш харин хүний төр шиг авч явах ёстой.
Манай улс, манай төр зөвхөн МАНАН-ынхныг 3-4 үеэр тэтгэж, тэжээх гэж байгаа юм биш ээ. Тэр монгол хүн бүрийн үнэт зүйл, үнэт өмч нь юм. Иймд монгол төрд монголчууд шилмэл муухайчуудыг биш шилдэг сайнаа ажиллуулахаар илгээдэг байх ёстой. Тийм тогтолцоо, механизмыг бүтээх ёстой.
Иймд бид монгол төрөө байх ёстой байранд байлгаж зөв, төв авч явахын төлөө том үйлсийг өрнүүлбэл ононо.
Эс чадваас бид МАНАН-хны 4-7 үеийг үргэлжлүүлж тэжээн тэтгэнэ. Тэгэхэд энэ улсад харин түмэн олных гэж үлдэх зүйл бараг байхгүй болсон байх биз ээ.
Ц.Лувсандорж
2021 оны 7 дугаар сарын 4-ний өдөр

No comments:

Post a Comment