Tuesday, February 28, 2012

Фэйсбүүк судалгаагаа өндөрлөлөө, Фэйсбүүк андууддаа байрлалаа

Фэйсбүүкээр явуулж ирсэн бяцхан судалгаагаа энд хүргээд өндөрлөлөө, фэйсбүүк андууддаа чинхүү баярлалаа.

Нийтийн сүлжээний сайт (social networking sites) -ыг угтаа нийтийн бодол, санааг шинжиж нийгмийн сэтгэл зүйг тандаж, мэдэх зорилгоор бий болгосон юм. Улс бүр биднийгээ шинжиж байгаа. Улсууд биеэ биеэ үүгээр тандаж байгаа. Үүнийг зөв эсэхийг бүү мэд. Харин ийм сүлжээ судлаач бидэнд судалгааг явуулах, мэдэээлэл цуглуулах өргөн боломжийг өгч байгаа нь сайн, зөв хэрэг.

Судлаачийн хувьд энэ боломжийг ашиглан "монгол хүний бодол, санааг тандаж, монгол нийгмээ тольдох" зорилгоор 1,6 сарын турш фэйсбүүк дээр их л идэвхитэй байж, мессеж бүтээж хариулт-комментийг шинжиж, өгөгдөл цуглуулав. Товчхон хэлбэл, өдөр бүр нэг мессэж бүтээж, хариултыг цуглуулах аргачлалаар ажиллав. 1000 гаруй мессеж бүтээж, нэг мессежт дундажаар 20 хариулт (like, comment) авч байсан гэхэээр нийт 20000 өгүүлбэр, нэг өгүүлбэр дорж хаяж 3 үгтэй гэвэл нийт 60000 утга бүхий өгөгдөл цугласан байх. Их цаг зарсан бяцхан судалгаагаар багагүй өгөгдөл-олзтой болов. Одоо боловсруулах үлдэв. "Судалгаанд оролцож байна" гэсэн хуурамч сэтгэл-хандлагаар хандсан хуурамч мэдээлэл энэ биш тул харин ч бүр үнэ цэнэтэй юм.

Бүтээсэн янз бүрийн мессежт like, коммент өгч оролцсон фэйсбүүк андууд Та бүхэндээ чин талархаж байна. Та бүхнийхээ коммент болон зураг, нэрийг нууцыг чанд хадгална. Энэ бол судлаачийн эрхэм ёс зүйгийн нэг. Бас комментийн довтолгооны үед судлаач байхаа мартахгүй байхыг их хичээснээ тэмдэглэж байна. Зарим довтолгоо ч бас л сорьдог шүү. Нэн ялангуяа, нүүрээ нуусан, нэрээ буруулсан андуудын зарим коммент ч бас чанга байсан шүү. Гэвч судалгаа хийж байгаа судлаач шүү дээ гээд аль болох зөөллөх, үл тоох аргачлал хэрэглэж байв.

Мөн удахгүй энэ бяцхан судалгааныхаа үр дүнгээс Та бүхэнд бас танилцуулна. Судалгааны үр дүнгээ үзэх гэхээр сэтгэл их хөдлөм. Ямар ажиглалт, дүгнэлт гарч ирэх бол оо. Иргэдийн авираас нийгмийн авирыг хэрхэн шинжиж, тааж болох тухай л ажиглалт, дүгнэлт  гарна шүү дээ.  Жишээ нь, бүтээсэн аливаа мессеж монголд жендерчилэгдэж тарах магадлалтай. Мөн монгол залуус аливаа мессежт "Yes or no" сэтгэлгээгээр хандах магадлалтай гэх маягийн дүгнэлтүүд л гарах байх даа. Нэн ач холбогдолтой шүү дээ.

Фэйсбүүк дээр идэвхтэй мессэж бүтээгч байсан, угтаа бол судалгаа хийж байсан энэ хүн өнөөдрөөс эхлэн идэвхгүй болж харин иймэрхий судалгааны идэвхитэй оролцогч болж үлдэв. Та бүхэндээ сайн сайхныг хүсье.
Хүндэтгэсэн, Фэйсбүүк нэгэн анд тань

Friday, February 17, 2012

ЦАГААН САРЫГ НОГООН ТЭМДЭГЛЭХ ҮҮ, ЗАЛУУСАА

 ЦАГААН САРЫГ НОГООН ТЭМДЭГЛЭХ ҮҮ, ЗАЛУУСАА

Уриалан ингэж хэлэхэд учир бас байна. “Ногоон” гэдэг угтаа зөвхөн идэх хоолны төрөл төдийгүй бус харин чин хайр, их хүндэтгэл,  амар амгалан аж төрөх хүмүний ухаарал, сэхээрлийн товчхоон илэрхийлэл юм. Эрт цагт цагаан сар ногоон байв, сүүн, хайрын, хүндэтгэлийн байсан болохоор тэр. Харин өнөө цагт тэр мунхаглалын золиос болж бараан болж байна.
Цагаан сар баярхан хөлчүүрхэх, хөлчүүрхэн баярхах болж. Ингэж үздэг хэсэг шинээр төрж төлөвшиж байх шиг. Тавьсан ууцныхаа өөхөөр, ул боовныхоо томоор, өмссөн  хувьцасныхаа үнээр, барьсан хөөрөгнийхээ цэнээр, уралдсан мориныхоо хурднаар, авсан шагналынхаа өндрөөр, тараасан бэлгийнхээ жингээр, дагуулсан хамтрагчийнхаа миссээр, мистерээр хүртэл гайхуулж баярхах, баярхаж гайхуулах шинжтэй. тэд. Цагаан сар ингэж л баярхал, хөлчүүрхэл болов, өнөө цагт.
 Цагаан сар хорсож атаархах, атаархаж хорсох болж. Ингэж зовж буй  хэсэг олширсоор, хүрээгээ тэлсээр, хүн амын бараг л гуравны хоёрыг хамраад авах шиг. Баярын ширээгээ харьцуулж нэг хорсоно. Өмссөн хувцсаа голж бас хорсоно. Ханилсан ханиа муулж мөн л хорсоно.Эцэг эхээ загнаж, засаг төрөө гутааж байж хорсоно, атаархана, тэд.  Цагаан сар ингэж л хорсол, атаархал болов, энэ цагт.
Цагаан сар шунал, ашгийн олдог болж. Ингэж боддог нь олон янз.  Зурхайн зурж хуанли гарах гэж нэг хэсэг нь хэрэлдэнэ, өрсөлдөнө. Хуанлийн үнэн, зөв нь чухал бус харин түүний зарж ашиг олох нь амин чухал мэт аяаглана. Нар мандаж, сар гарч байхад сайн, муу өдөр үгүй, харин сайн, муу сэтгэл бий гэдэг. Од гаригын хөдөлгөөнийг шинжин байж цаг тооллын бичгээ зохиох нь муу зүйл биш гэлээ ч нэг улс олон хуанлитай байх нь сайн зүйл биш. Гэвч  шуналын сэтгэл төрөхөд энэ харин хамаагүй аж. Элдэв нэгний зурагтай олон янзын хуанли л олширсоор, бүр бэлэг болж түмэнд түгсээр л, дүнд нь зохиогч нь улам бэлжсээр л. Цагийн хуанли ингэж цагаан сарын ашиг болж хувирна, энд. Цагаан сарын бэлэг хүртэл ашиг болж харагдана, нөгөө хэсэгт нь. Энэ шуналын дүнд хогон бэлэг бий болов. Бас мөнгөн бэлэг гарав. Банкны данс нээж бэлэглэнэ. Машин бэлэглэнэ, мах бэлэглэнэ. Ер нь юу ч хамаагүй бэлэгддэг болов. Цагаан сар ингэж  л бэлэг, шунал, ашиг болж харагдана, энэ цагийн монголд.
Цагаан сар зовлонгоор цэнгэх, цэнгэж зовох болж. Энэ үнэнг олж мэдрэхэд харин их амархаан, энэ улсад. Өнөөгийн цагийн монгол морал ёсоор ихэнхи айл цагаан сарын баярын  ширээгээ махаар чимэх нь бараг мэдээж. Тэр тусмаа хэт баяжсан нөгөө  нэг хувь маань цагаан сарын баярын ширээгээ бүхэл бүтэн хониор л чимэхгүй бол монгол баяны моралгүй хэрэг болох биз ээ. Ингэж үзбэл, цагаан сарын баяраар хамгийн багаар бодоход гэхэд л 27000 хонь ууц болж,  54000 нүд харуусал, гомдлын нулимстайгаар энэ нарыг орхино. Харуусал, гомдлыг тээсэн амьтны тэр нулимс мөнх  нэхээстэй, цагаан сарын өдрүүдэд тэд харин  цэнгээстэй.  Цагаан сар ингэж зовлонгийн цэнгэл, цэнгэлийн зовлон болж байна, өнөөгийн монголд.
Урдаа ууц тавиастай, биедээ арьс нөмрөөстэй, сур бүслээстэй, булга өмсөөстэй, бууз идээстэй, тамхи татаастай, архи уугаастай халамцуухан гандаж яваагаа ахмадаа чин хайраар хүндэтгэж, дүүгээ сайн үйлээрээ дагуулж, нялхасаа халамжилж, хамгаалж байна аа гэж бодвол их л эндүүрэл. Бас худал, хуурмаг,мунхаглал. Ийм худал, хуурмаг, мунхаглалын хорлолоос цагаан баяраа ангид байлгаж, цагаанаар нь өвлөж ав, залуусаа.  Тэгэж өвлүүлж уламжлуулах өтгөсийн ухаанд бас суралц.
Үгийн утгыг мэдвэл ертөнцийн төөрөгдлийн тэн хагасаас сална гэдэг. Жил бүрийн хаврын эх сарын шинийн нэгний өдөр тэмдэглэж ирсэн энэ баярыг монголчууд яагаад “цагаан”  өнгөөр билэгшээв.
Сар гэдэг он тооллолын хэмжүүр-багц өдөр тул түүнд өнгө үгүй. Харин тухайн сарыг тухайн мөчид болдог байгаль, нийгмийн онцгой үзэгдлээр нэрлэж ирсэн уламжлал түүхэнд цөөнгүй. Хавар, хахир өвлийг өлсөж, зутарч давдаг нүүдэлчдийн хувьд бол сүү, цагаан идээтэй эргэн золгох баярт мөч нь юм. Хаврын эхний өдөр ирнэ гэдэг тэдэнд сүү, цагаан идээтэй золгох мөч ойртсныг санагдуулна.  Ийм учраас тэд энэ өдөр сүүг хүсэн, энэ хүслээ түүний  өнгөөр илэрхийлж баярлан, сүүний өнгө-цагаан өнгийг өөрийн үйл, үг бүхэнд шингээж баясана. Ахуйгаа ч, үгээ ч, сэтгэлээ ч цагаан байлгахыг энэ өдөр ихэд хичээнэ, тэд. Ингэж л сүү гарах энэ сарыг сүүний өнгөөр билэгшээн, “цагаан сар” хэмээн нэрлэсэн бөлгөө. Олон соёлд ногоон өнгөөр илэрхийлдэг хаврыг нүүдэлчид бид  л цагаан өнгөөр билэгшээхийн утга чухам энэ бөлгөө.
Цагаан сарын баяр эрт цагт хайрлал, хүндэтгэл, уучлалын нандин агшин байв. Энэ өдөр нүүдэлчид бараан бүхнийг цайлгаж бодно, харна, мэдэрнэ. Идээ, зоог нь эгэл, жирийн, цагаан, сүүн. Үг нь сүүн өнгийг билэгдсэн ерөөл, магтаал. Үйл нь цайлган цагааныг дээдэлсэн хайрлал, хүндэтгэл, уучлал байв. Энэ өдөр нүүдэлчид өтгөс, хөгшдөдөө хайр, халамжийг хүргэж, хүндэтгэлийг үзүүлж золгоно. Хүүхэд нялхасдаа хайр, энхрийлэлийг мэдрүүлж баярлуулна. Анд нөхдөө хайрлаж, уучилж, ухаарлуулж баясгана. Анд нөхөр мэт болсон үнэнч туслагч мал сүргээ хайрлаж, гамнаж баярлана. Энэ өдөр тэд эх болсон байгаль дэлхийдээ хүндэтгэлийг үзүүлж, түүнд залбирч баясана. Цагаан сарын баяр эрт цагт ийм хайрын, хүндэтгэлийн, сэтгэлийн, эгэл, жирийн, сүүн байв. Эрт цагийн цагаан сарыг энэ цагийн өнгөөр хэлбэл ч ийм л ногоон.
Эрт цагийн цагаан баяраа энэ цагт ногоон тэмдэглээч, залуусаа. 

Ц.Лувсандорж

  http://undesniibolovsrol.blogspot.com/2012/02/blog-post.html