Friday, February 17, 2012

ЦАГААН САРЫГ НОГООН ТЭМДЭГЛЭХ ҮҮ, ЗАЛУУСАА

 ЦАГААН САРЫГ НОГООН ТЭМДЭГЛЭХ ҮҮ, ЗАЛУУСАА

Уриалан ингэж хэлэхэд учир бас байна. “Ногоон” гэдэг угтаа зөвхөн идэх хоолны төрөл төдийгүй бус харин чин хайр, их хүндэтгэл,  амар амгалан аж төрөх хүмүний ухаарал, сэхээрлийн товчхоон илэрхийлэл юм. Эрт цагт цагаан сар ногоон байв, сүүн, хайрын, хүндэтгэлийн байсан болохоор тэр. Харин өнөө цагт тэр мунхаглалын золиос болж бараан болж байна.
Цагаан сар баярхан хөлчүүрхэх, хөлчүүрхэн баярхах болж. Ингэж үздэг хэсэг шинээр төрж төлөвшиж байх шиг. Тавьсан ууцныхаа өөхөөр, ул боовныхоо томоор, өмссөн  хувьцасныхаа үнээр, барьсан хөөрөгнийхээ цэнээр, уралдсан мориныхоо хурднаар, авсан шагналынхаа өндрөөр, тараасан бэлгийнхээ жингээр, дагуулсан хамтрагчийнхаа миссээр, мистерээр хүртэл гайхуулж баярхах, баярхаж гайхуулах шинжтэй. тэд. Цагаан сар ингэж л баярхал, хөлчүүрхэл болов, өнөө цагт.
 Цагаан сар хорсож атаархах, атаархаж хорсох болж. Ингэж зовж буй  хэсэг олширсоор, хүрээгээ тэлсээр, хүн амын бараг л гуравны хоёрыг хамраад авах шиг. Баярын ширээгээ харьцуулж нэг хорсоно. Өмссөн хувцсаа голж бас хорсоно. Ханилсан ханиа муулж мөн л хорсоно.Эцэг эхээ загнаж, засаг төрөө гутааж байж хорсоно, атаархана, тэд.  Цагаан сар ингэж л хорсол, атаархал болов, энэ цагт.
Цагаан сар шунал, ашгийн олдог болж. Ингэж боддог нь олон янз.  Зурхайн зурж хуанли гарах гэж нэг хэсэг нь хэрэлдэнэ, өрсөлдөнө. Хуанлийн үнэн, зөв нь чухал бус харин түүний зарж ашиг олох нь амин чухал мэт аяаглана. Нар мандаж, сар гарч байхад сайн, муу өдөр үгүй, харин сайн, муу сэтгэл бий гэдэг. Од гаригын хөдөлгөөнийг шинжин байж цаг тооллын бичгээ зохиох нь муу зүйл биш гэлээ ч нэг улс олон хуанлитай байх нь сайн зүйл биш. Гэвч  шуналын сэтгэл төрөхөд энэ харин хамаагүй аж. Элдэв нэгний зурагтай олон янзын хуанли л олширсоор, бүр бэлэг болж түмэнд түгсээр л, дүнд нь зохиогч нь улам бэлжсээр л. Цагийн хуанли ингэж цагаан сарын ашиг болж хувирна, энд. Цагаан сарын бэлэг хүртэл ашиг болж харагдана, нөгөө хэсэгт нь. Энэ шуналын дүнд хогон бэлэг бий болов. Бас мөнгөн бэлэг гарав. Банкны данс нээж бэлэглэнэ. Машин бэлэглэнэ, мах бэлэглэнэ. Ер нь юу ч хамаагүй бэлэгддэг болов. Цагаан сар ингэж  л бэлэг, шунал, ашиг болж харагдана, энэ цагийн монголд.
Цагаан сар зовлонгоор цэнгэх, цэнгэж зовох болж. Энэ үнэнг олж мэдрэхэд харин их амархаан, энэ улсад. Өнөөгийн цагийн монгол морал ёсоор ихэнхи айл цагаан сарын баярын  ширээгээ махаар чимэх нь бараг мэдээж. Тэр тусмаа хэт баяжсан нөгөө  нэг хувь маань цагаан сарын баярын ширээгээ бүхэл бүтэн хониор л чимэхгүй бол монгол баяны моралгүй хэрэг болох биз ээ. Ингэж үзбэл, цагаан сарын баяраар хамгийн багаар бодоход гэхэд л 27000 хонь ууц болж,  54000 нүд харуусал, гомдлын нулимстайгаар энэ нарыг орхино. Харуусал, гомдлыг тээсэн амьтны тэр нулимс мөнх  нэхээстэй, цагаан сарын өдрүүдэд тэд харин  цэнгээстэй.  Цагаан сар ингэж зовлонгийн цэнгэл, цэнгэлийн зовлон болж байна, өнөөгийн монголд.
Урдаа ууц тавиастай, биедээ арьс нөмрөөстэй, сур бүслээстэй, булга өмсөөстэй, бууз идээстэй, тамхи татаастай, архи уугаастай халамцуухан гандаж яваагаа ахмадаа чин хайраар хүндэтгэж, дүүгээ сайн үйлээрээ дагуулж, нялхасаа халамжилж, хамгаалж байна аа гэж бодвол их л эндүүрэл. Бас худал, хуурмаг,мунхаглал. Ийм худал, хуурмаг, мунхаглалын хорлолоос цагаан баяраа ангид байлгаж, цагаанаар нь өвлөж ав, залуусаа.  Тэгэж өвлүүлж уламжлуулах өтгөсийн ухаанд бас суралц.
Үгийн утгыг мэдвэл ертөнцийн төөрөгдлийн тэн хагасаас сална гэдэг. Жил бүрийн хаврын эх сарын шинийн нэгний өдөр тэмдэглэж ирсэн энэ баярыг монголчууд яагаад “цагаан”  өнгөөр билэгшээв.
Сар гэдэг он тооллолын хэмжүүр-багц өдөр тул түүнд өнгө үгүй. Харин тухайн сарыг тухайн мөчид болдог байгаль, нийгмийн онцгой үзэгдлээр нэрлэж ирсэн уламжлал түүхэнд цөөнгүй. Хавар, хахир өвлийг өлсөж, зутарч давдаг нүүдэлчдийн хувьд бол сүү, цагаан идээтэй эргэн золгох баярт мөч нь юм. Хаврын эхний өдөр ирнэ гэдэг тэдэнд сүү, цагаан идээтэй золгох мөч ойртсныг санагдуулна.  Ийм учраас тэд энэ өдөр сүүг хүсэн, энэ хүслээ түүний  өнгөөр илэрхийлж баярлан, сүүний өнгө-цагаан өнгийг өөрийн үйл, үг бүхэнд шингээж баясана. Ахуйгаа ч, үгээ ч, сэтгэлээ ч цагаан байлгахыг энэ өдөр ихэд хичээнэ, тэд. Ингэж л сүү гарах энэ сарыг сүүний өнгөөр билэгшээн, “цагаан сар” хэмээн нэрлэсэн бөлгөө. Олон соёлд ногоон өнгөөр илэрхийлдэг хаврыг нүүдэлчид бид  л цагаан өнгөөр билэгшээхийн утга чухам энэ бөлгөө.
Цагаан сарын баяр эрт цагт хайрлал, хүндэтгэл, уучлалын нандин агшин байв. Энэ өдөр нүүдэлчид бараан бүхнийг цайлгаж бодно, харна, мэдэрнэ. Идээ, зоог нь эгэл, жирийн, цагаан, сүүн. Үг нь сүүн өнгийг билэгдсэн ерөөл, магтаал. Үйл нь цайлган цагааныг дээдэлсэн хайрлал, хүндэтгэл, уучлал байв. Энэ өдөр нүүдэлчид өтгөс, хөгшдөдөө хайр, халамжийг хүргэж, хүндэтгэлийг үзүүлж золгоно. Хүүхэд нялхасдаа хайр, энхрийлэлийг мэдрүүлж баярлуулна. Анд нөхдөө хайрлаж, уучилж, ухаарлуулж баясгана. Анд нөхөр мэт болсон үнэнч туслагч мал сүргээ хайрлаж, гамнаж баярлана. Энэ өдөр тэд эх болсон байгаль дэлхийдээ хүндэтгэлийг үзүүлж, түүнд залбирч баясана. Цагаан сарын баяр эрт цагт ийм хайрын, хүндэтгэлийн, сэтгэлийн, эгэл, жирийн, сүүн байв. Эрт цагийн цагаан сарыг энэ цагийн өнгөөр хэлбэл ч ийм л ногоон.
Эрт цагийн цагаан баяраа энэ цагт ногоон тэмдэглээч, залуусаа. 

Ц.Лувсандорж

  http://undesniibolovsrol.blogspot.com/2012/02/blog-post.html

No comments:

Post a Comment