Sunday, January 22, 2012

ТА МӨНХ

"Үндэсний мэдээ" сонины 2012 оны 1 дүгээр сарын 28-ны дугаарт "Далд ертөнцийн хаалганы цаана" гэсэн гарчигтайгаар хэвлэгдэж олны хүртээл болсон.


 Төрсөн бол үхнэ. Энэ нь амьд оршихуйн жам ёс, хууль гэлээ ч,  үхснээр, та, харин, төгсдөггүй, бас дуусдаггүй. Үүнийг соёл, соёлын шастир үеэс үед сануулсаар; бас бараг л үхээд, дахин амьдарсан эгэл хүмүний бодит туршлага цагаас цагт гэрчилсээр.
Бараг л үхээд, эргэж ирсэн хүмүүс бидний дунд цөөнгүй аж. Тэдний нэг нь араб залуу Мэбрикэ. Одоо 30 настай тэрээр ингэж өгүүлэв. “20 настайдаа байхдаа би далайд сэлж яваад эргээс нилээд холдсноо гэнэт мэдсэн юм. Далайн эрэгт чиглэн сэлсэн боловч, ядарч  туулдав, ус залгиж эхлэв. Живэхгүйн тулд их л тэмцсээн. Гэвч төдий л удалгүй би далайн давалгаанд цохиулж живж эхэлсэн юм даа.  Усны мандалд дөрвөн  удаа гарах гэж  ч оролдлоо. Бүгд л бүтэлгүй болсон. Аажимдаа далайн гүнд живж, миний ухаан санаа орон, гаран болж буйг мэдэрч байлаа.  Яг энэ эгшинд би  маш гоё,  цагаан, гэрлийг олж харсан юм.  Маш хурц, тунгалаг гэрэлтсэн гэрэл шүү. Түүнийг харах тусам тайван, амгаланг улам их мэдэрч байв. Энэ өдөр би энэ гэрлийн талаар үнэндээ юу ч яриагүй санагдаж байна. Миний шашин (Муслим)-д цэвэр цагаан гэрлээр бүтээсэн анжел хэмээх оршихуйн тухай яриа байдаг юм. Энэ гэрэл, магадгүй, тэр гэрлэн анжел байсан байх. Тэр үед  би “Чи ингэж үхэх ёсгүй” гэсэн цуурай мэт дуу авиаг бас сонссон. Энэ энерги миний хөлнөөс тархи хүртэл тархах шиг болж, би уснаас гарч байгаа юм шиг санагдаж байлаа. Тэгээд намайг хэн нэгэн хүн уснаас дээш татаж гаргасан юм шиг санагдаад байгаа ч, үнэндээ тэнд физик оршихуй байхгүй байсан юм шүү.  Үүнийг би тангараглаж чадна” (Near-death experiences of Muslims, http://www.near-death.com). Худал хэлэхийг цээрлэдэг муслим хүн “Үхэж буй тэр агшиндаа тунгалаг гэрэл, дуу авиа, физик бус оршихуйг мэдэрсэнгэдгээ тангараглан тангараглан нотлож байна. Энэ араб залуугийн нэгэн адил үхэлд ойртох агшиндаа хурц, тунгалаг гэрэл, дуу авиа, за тэгээд физик биегүй оршихуйтай таарсан гэх хүний бодит түүх олон, судлагдсан нь бас цөөнгүй.
Бараг л үхээд, эргэн ирэгсдийн өөр нэг жишээ нь христиан гэр бүлд төрсөн Колтон хүү юм. Түүнийг 4 настай байхад нь олгой нь өвдөж, байдал хүндрэв. Тэрээр бараг л үхэх дөхсөн аж. Хагалгаа амжилттай болж хүү үхлээс аврагджээ. Гэвч тэрээр хагалгааны үед хийсэн аялалынхаа тухай, хамгийн сонин нь,  өмнө мэдсэн байж огт болмооргүй зүйлийн тухай эцэг эхдээ хэдэн сарын турш дахин давтан ярьж, тэднийг алмааруулжээ. Тэрээр “Солтон хүүг төрүүлэхээс өмнө ээж нь олсон ч, тээгүй эгчтэйгээ уулзсан”  гэв. Мөн 30 жилийн өмнө таалал төгссөн эмээгээ харсан ажээ.  Бас хангалгаа хийж байхад эцэг эх нь хэрхэн залбирч байгааг харж байсан гэнэ лээ.  Тэрээр мөн диваажин, Христ болон бусад олон зүйлийг үзснээ тодорхойлж хэлжээ (Brent Lambert, 2010, 4-year-old boy’s near death experiences, http://www.feelguide.com). Хүүхэд худал хэлдэггүй гэдэг. Тэр тусмаа христ хөвүүн худал хэлэх учиргүй. Тэр огт сонсоогүй, үзээгүй зүйлээ зохиож ярьсан гэхэд итгэхэд бас хэцүү л дээ.  Энэ хүүгийн нэгэн адил үхэж буй агшинд хийсэн аялалынхаа үед талийгаач болсон хамаатан садан, аав, ээж, ах дүүстэйгээ уулзсан гэх, гэгээтнүүдийг харсан, тухайлбал, “Эйнштен диваажинд компьютер маягийн зүйл дээр ажиллаж буйг харсан гэх, бас өөрийн физик биед хагалгаа хийж буй эмч нарыг харах, бүр тэдний яриаг сонссон  гэх бодит тохиодлууд цөөнгүй гарсаар, бас судлагдсаар.
Бараг л үхээд, эргэн ирэгсдийн бас нэг жишээ нь Хятад улсын Танжинд 1976 оны 7 дугаар сарын 28-ны өдөр болсон аймшигт газарт хөдлөлтийн аюулд нэрвэгдэж, амьд гарсан хүмүүс юм. Эл газар хөдлөлтийн улмаас 240 мянган хүн алтан амиа алдаж, 160 мянган хүн хүндээр шархдсан гэдэг. Ихэнх хүмүүс нуранганд дарагдаж галд шатаж талийгаач болсон байдаг. Хятад улсын эмнэлэгийн ажилчид ийм аймшигт байдал нэрвэгдэж, бараг л үхээд,  дахин амьдарсан 81 хүнтэй ярилцлага (интерью) хийжээ. Эдгээр хүмүүсийн талаас дээш хувь нь ”Тийм аймшигтай байдалд ороод, ухаан, санаа орон гаран болж байх үед, өөрөөр хэлбэл, бараг л үхэж байх тэр эгшинд аймшгийг бус, харин ч амар амгаланг мэдэрсэн. Оюун ухаан нь хүлээснээс чөлөөгдөж байгаа мэт санагдсан.Энэ үед туулсан амьдралынх нь бүхэл мөч, тэр тусмаа, хүүхэд нас, хурмын эгшин, амжилтын мөчүүд яг л кино үзэж байгаа шиг тэдэнд харагдсан” гэж ярьжээ. Мөн тэдний тал орчим хувь нь ”Ухамсар, магадгүй сүнс бодит биеийг орхиж буй мэт мэдрэмж төрсөн. Энэ мөчид сүнс яг л хүлээснээс  салж байгаа юм шиг мэдрэгдсэн. Биеийн болоод тархины гадна, өөр нэг хэмжээсэнд орж байгаа мэт санагдсан” хэмээн өгүүлжээ. Харин тэдний гуравны нэг орчим  нь ”Харанхуй хонгилоор явж байгаа мэт ер бусын мэдрэмж төрсөн. Тэгэж явахад нь чанга дуу авиа дагаад, түлхээд байгаа мэт мэдрэмж төрсөн. Хонгилын төгсгөл ойртож байгаа мэт мэдрэмж төрсөн, бас гэрэл харсан, тэр гэрэл удахгүй ойртоод ирэх гэж буй мэт санагдсан гэж ээ.  Харин тэдний дөрөвний нэг орчим нь “ Физик биш оршихуйтай таарсан. Ердийн  хэллэгээр гэрлэн, сүнсэн бие гэмээр юм уу даа. Тэдний ихэнхи нь талийгаач болсон хамаатан садан, бас найз нөхөд, мөн үл таних хүмүүс мэт санагдаж байсан. Тэд нэг тийш дагуулж явах гээд ч байгаа  юм шиг, бас хамт амьдрах гээд ч байгаа юм шиг санагдаад байсан” гэж хүүрнэжээ     (http://www.clearwisdom.net/emh/articles/2002/6/11/22982.htm). Буддист байх магадлалтай энэ эгэл хятад хүмүүс бүгдээрээ л худал хэлсээн гэж бодож, итгэх гэвэл бас амаргүй шүү.
Дээр дурдсан муслим  залуу, христ хөвүүн, буддист хүмүүсийн нэгэн адил  үхэж байх эгшиндээ хурц, тунгалаг гэрэл үзэж, дуу авиа мэдэрч,  за тэгээд физик биегүй оршихуйтай таарсан гэх тохиолдол бүртгэгдсээр, энэ үзэгдлийг  сонирхон судалдаг байгууллага, судлаачид олширсоор л. Нэгэн судлаач бараг л үхээд, эргэн амьдарсан 4000 хүний туршлага, ярилцлагыг харьцуулж, дүгнэсэн 1O орчим жилийн нөр их хөдөлмөрийнхээ дүнгээр нэн сонирхолтой ном туурвиж, саяхан нийтийн хүртээл болгосон  байна лаа. Эрхэм Вильем энэ номоо “Үхэхээс илүү сайн зүйл үгүй” гэж нэрлэсэн гээч. Бас л сонин. Судлаачид бараг л үхэхэд явагдаж эхлэдэг энэ үзэгдлийг судалж, түүнийг шинжлэх ухаанчаар танин мэдэх ородлогууд хийсээр.  Судлаачид  “Энэ үзэгдэл хүн бүрт яг адилхан байх нь албагүй” гэж дүгнэх хандлагатай. Бас тэд энэ үзэгдлийг  үечлэх, үе тус бүрийн онцлог чанарыг тодорхойлох оролдлогуудын хийсээр. Тийм нэгэн ородлогыг дор сонирхуулж байна (Кevin Williams, the NDE and Death, in http://www.near-death.com/experiences/research10.html).
1.    Чинхүү би” биеийг орхиж, толгой орчим эргэлдэж байх: Зарим тохиолдолд энэ үед “чинхүү бие” мөнгөн утас мэт зүйлээр бодит биетэйгээ холбогдсон байх шиг санагдана.  Мөн энэ үед зарим нь хэн, хаана, юу хийж байсныг тодорхойлж чаддаг. Сохор төрсөн хүн хүртэл энэ үед харж чадна.

2.    Хонгил буюу харангуй орчноор явах.  Энэ үед цаг хугацаа гэж байхгүй мэт мэдрэмж төрөх. Зарим тохиолдолд дэлхийг огторгуйгаас харна.
3.    Хүчирхэг мэдрэмжийг мэдрэх: Энэ мэдрэмж хайрын, бас аймшгийн мэт байж болно.  Зарим тохиолдолд диваажинлаг аялгуу сонсоно.
4.    Гэрэл олж харах, таарах: Энэ гэрлийг  алтан, цагаан, соронзон мэт татсан хайрын гэх мэтээр зүйрлэж хэлэх нь олонтой. Маш ховор тохиолдолд энэ гэрэл тамын гал шиг гэж төсөөлөгдөнө.
5.    Диваажинлаг оршихуйгаас телефатын маягийн аргаар “Үхэх цаг чинь болоогүй” гэх мэт мэдээлэл (мессеж) хүлээн авах
6.    Бусадтай уулзах: Талийгаач болсон хайртай хүмүүстэйгээ уулзах,  гэрлэн оршихуй,  анжел гэх мэт таних, танигдахгүй, бас мэдэх мэдэхгүй оршихуйтай уулзах.  Зарим тохиолдолд шашинд хэрэглэгддэг лого, тэмдэгтийг харах нь  бий.
7.    Туулсан амьдралаа бүхэл нь эргэн харах:  Амьдралдаа болж байсан гол үйл явдлыг эргэн харах, мөн тэр үйл явдалд дахин оролцож байгаа мэт болох. Тэгээд юу нь оносон, юу нь оноогүй, бас юуг өөрчлөх хэрэгтэйг олж мэдэж дүгнэлт хийх шиг санагдана.
8.    Бүх зүйлийг  мэдэж авах. Ертөнц хэрхэн оршин тогтнодог, ямар зүй тогтолтойг мэдэж авах шиг болно.
9.    Ямар нэг саад, хязгаар, хаалтад тулж очих:  Их ус  юм уу, эсвэл, өндөр хясаа юм уу, аль эсвэл, том хашаа ч байж болох. Энэ хаалт амьдралд эргэн ирэгсдэд  тэр бүр саад болдоггүй.
10.  Маш ховор тохиолдолд, хот, номын сан, аль эсвэл хүлээн авах станц маягийн зүйл рүү орох.
11.  Амьдралд буцах эсэхээ шийдэх.  Энэ шийдвэр сайн дурын ч байх,  бас сайн дурын биш байж болох нь.  Буцахаар шийдэх нь ихэвчлэн дуусгаагүй ажил, зорилго, хариуцлагатай холбоотой байдаг.
12.  Амьдрал, биеэдээ эргэж орох. Ингэсний дараа тухайн хүний оюун санаалаг байдал, хандлага  (spirituality) их дээшилсэн байна. Ихэвчлэн тухайн хүний амьдралд онцгой мэдрэхүйц өөрчлөлт гарна.
Эгэл хүмүүcийн үхэх агшиндаа мэдэрсэн тэр гэрэл, дуу авиа, бидний мэдэхээс хэтэдсэн оршихуйн тухай үе үеийн гэгээтнүүд их тод тодорхой хэлснийг эх сурвалж бичигт тэмдэглэж үлдээжээ. Эхэнд аялгуу (үг, дуу авиа) байсан. Тэр аялгуу бурхантай хамт байсан. Тэр аялгуу бурхан  байсан (John 1:1 in 1611 King James Bible). Бурхан  диваажины ч, энэ дэлхийн ч гэрэл юм. Бурханы гэрэл хананд бэхэлсэн дэнлүү тас харангуйд асаж буй мэт,  шилэн хоргонд асаж буй зул мэт,  бас шөнийн тэнгэрт гялалтгах  од мэт...(Sura XXIV-light, Koran, by Rev.G. Margoliouth). Коранд дүрсэлсэн энэ гэрлийг “навчинд унасан шүүдэр өглөөний наранд гялтганах мэт” хэмээн зүйрлэж бас болох мэт санагдав.  Шагжамуни Будда транценталь хүчээрээ хэдэн зуу, мянган нарны цацраг нийлж гэрэлтүүлсэн гэрэлтэй дүйцэхүйц гэрлийг өөрийнхээ духнаас гаргаж, Диваажин (Buddha-land)-г гэрэлтүүллээ…(The Surrangama Suttra, p 38, translated by Upasaka Lu K'uan Yu). Бүх ертөнц нэг л Аялгуу (Sound)-г хэрэглэдэг нь нэн сайн хэрэг. Энэ аялгуунд суралцаж дадлагажих. Тэгсэн цагт бидэнд өөр хэл хэрэггүй. Дотоод аялгууны гэх энэ нэг л хэлээр бид харилцаж чадна... Энэ аялгуу хэлийг хүмүүс өөр өөрийнхөө түвшнээрээ л барьж, ойлгодог юм (The Supreme Master Ching Hai, 1991, The key of Immediate Enlightenment 1, p111).

Түвдийн ч, Швединборгийн ч, бас Грекийн ч үхлийн номонд үхэхэд явагддаг үзэгдлийг тодорхой тайлбарлажээ. Тайлбарын үндсэн агуулга нэг л ижил бөгөөд “бараг л үхээд эргэн ирэхсэд”-ийн ярьсантай утга агуулга ойролцоо аж. Түвдийн сургаал ёсоор үхэхээс эхлэж дахин төрөл авах хүртэлх үеийг бардо гэх бөгөөд энэ мөч долоон долоон хоногт багтаж явагдах аж. Харин Швединборгийн сургаал ёсоор энэ үзэгдэл гурван үечлэлээр явагдах юм.  Өнөө цагт бидний дунд амьдарч буй Төгс гэгээрсэн их багш Чин Хай 1992 онд ЮНЕСКО-д тавьсан “Дэлхийгээс хэтэдсэн чандын чин үнэн ” (The mystery of the World beyond) илтгэлдээ “Энэ дэлхийн амьдралыг та бүхэн надаас сайн мэдэх биз ээ. Энэ дэлхийн гадна өөр зүйлүүд бий, түүний тухай ярья. Энэ нь ч та нарт сонин байж мэднэ...” гээд  энэ дэлхийгээс хэтэдсэн чандын оршихуйн 5 түвшин, тэдгээрийн гайхамшигт шинж чанарыг тайлбарлажээ.  Тэрээр   мөн  “Бүх их Багш (Masters) нар тав дах түвшнээс ирсэн. Хэдийгээр тэдний түвшин 5 –аас өндөр ч гэлээ тэд тэнд байдаг. Энэ түвшин бол тэдний орших өргөө нь юм” гэж ээ (Supreme Master Ching Hai,  The Key of Immediate Enlightenment, pp 10-26). Энэ цагийн  эмпирик судалгааны үр дүн, дүгнэлт  цаг, цагийн энгүй гэгээнтний хэлсэнтэй, мэдэрсэнтэй нь дүйцэж, нийцэж  байгаа нь  чинхүү гайхам, бас гоё.
“Нэг л амьдрах хорвоо”, “Хоёр ч амьдрах биш дээ” гэж дуулан дурлаж, иймэрхүү л жаягаар авирлаж амьдрах болсонд өнөө цагт “Үхснээрээ төгсдөггүй, бас дуусдаггүй” гэх нь содон сонсогдож,  худал, хуурмаг мэт бодогдох биз ээ. Гэлээ ч болсон бодит  явдал, үлдээсэн үнэн баримтыг үгүйсгэж, харин, үл чадах билээ, бид. Иймд та үхснээрээ  төгсчихгүй нь, бас дуусчихгүй нь. Тэгэхээр та мөнх аж. 

                                                                                                                       Ц.Лувсандорж
 2012 оны 1 дүгээр сарын 28-ны

 http://undesniibolovsrol.blogspot.com/2012/01/blog-post_22.html

No comments:

Post a Comment