Thursday, January 12, 2012

ТӨРИЙН ТҮШЭЭДЭД ХҮРГЭХ ҮГ

"Үндэсний мэдээ" сонины 2012 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар, 
Нээлттэй сургууль" сонины 2012 оны  1 дүгээр сарын дугаарт хэвлэгдсэн.

ТӨРИЙН ТҮШЭЭДЭД ХҮРГЭХ ҮГ
Эрхэм хүндэт, төрийн түшээ Та бүхний энэ цагийн амар амгаланг айлтгая. Цаг заваар бага та бүхэнд энэ захидлыг хаяглаж, түвэг удаж буйдаа хүлцэл өчиж байна.
Боловсролын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг БСШУ-ны сайд, ноён Ё.Отгонбаяр Их хурлын даргад өргөн барьсныг  та бүхэнд мэдэж байгаа биз ээ. Боловсролын салбарт нухлагдсан, бас судалсан хүний хувьд хуульд орсон өөрчлөлтийг нилээд сонирхон үзлээ. Олон ил, далд санааг багтаажээ. Тэдгээрийн дотроос дор дурдсан өөрчлөлтүүд улс орны үндэсний эрх ашиг, тусгаар тогтнолд аажимдаа ноцтой, хорлонт үр дагаврыг бий болгож мэдэх аж. Ийм хорлол, хорлон, онолын хувьд ч, амьдралын хувьд ч колончлолд байсан олон орны гунигт түүхээр нотлогдсоор л.
 1. "Олон улсад зөвшөөгдсөн хөтөлбөр"-ийн сургалттай ерөнхий боловсролын сургуулийг хуульчлах нь дээ. Ерөнхий боловсролын, өөрөөр хэлбэл, сургуулийн боловсролын олон улсад зөвшөөрөгдсөн стандарт, хөтөлбөр гэж байдаггүй юм. Англи улсын колони байсан орнуудад л Кембрижийн их сургуульд элсэх хүүхдийг эртнээс бэлтгэх зорилгоор иймэрхүү хөтөлбөртэй сургалтыг явуулж байсан. Их үнэтэй тархи угаалт юм шүү. Бага, дунд сургуулийн хөтөлбөр, стандарт үндэснийх л байдаг, үндэснийхээ залгамжийг хамтын хөрөнгөөр бэлтгэж байгаа учраас тэр шүү дээ. Түүнийг сайн, муу гэж жишиж үл болох, учир нь соёл юм. Япон  улс, бидний хувьд харь, олон улсуудын нэг, гэхдээ тэр өөрийн стандарт,хөтөлбөрөөр л сургуулийн сургалтыг  явуулсаар, япон хүнийг бүтээж, төлөвшүүлж байгаа учраас тэр.  Орос, Хятад бас адил. Монгол төрхитэй Англи тархи, сэтгэлгээтэй иргэдтэй болчихгүй байх юм сан. Ийм иргэдтэй болгох нь хэлний болоод соёлын колончлолын үндсэн зорилго байдаг юм даа. Энэ санааг хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх үедээ мэргэн ухаандаа нэг тунгааж үзэхийг хичээнгүйлэн гуйж байна, энэ цагийн төрийн түшээ Та бүгдээс.
 2. "Англи, монгол хэлээр сургалт явуулах"-ыг хуульчилж байна. Уг нь  "эцэг" хуулийн үзэл санаа ёсоор бол албан сургалт Монгол хэлээр л явагдах ёстой байх шүү.  Бүлэглэлийн сонирхолийн сургууль хууль зөрчин ийм сургалтыг явуулсаар л ирсэн. Орчлон, Америк, Турк гээд яваад өгнө. Хууль бус яваад байсан бизнесээ албажуулж байх шиг.  Англи хэлийг эх хэлтэй адилхан статустай болгох нь хэний эрх ашиг юм бол оо. Хэлний колончлол, соёлын колончлол ч гэж айхтар үзэгдэл дэлхийг нөмөрч байна. Англи улсын ерөнхий сайд Камерон "Building up a big community" гээд байгаа ш дээ. "Том бүл"-д бид хамаарах нь дээ, хэрэв хэлээрээ, соёлоороо нэг болчихвол. Эрхэм гишүүд хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх үедээ мэргэн ухаандаа дахин нэг тунгаана биз ээ. Англи хэлийг зүгээр л гадаад хэл болгон үздэг юм, олон улсад. Тэгээд ч эх хэлээрээ сургалтаа олигтойхон явуулж чадахгүй байж, харийн хэл дээр харийн багшийг өндөр үнээр хөлсөлж байж л сайн явуулах юм  байх даа. Энэ мэт олон хорлол бий, энэ өөрчлөлтийн цаана.
 3. Сургуулийн бүтцийг 6+3+3 байсныг 5+5+2 болгож хуульчилах нь дээ. Сургуулийн бүтэц нь олон улстай бичиг баримт хүлээн зөвшөөрөлцөх үед л хэрэгтэй зүйл юм шүү дээ. Түүнээс биш  бага, суурь, дунд боловсрол нь тухайн хүний хувьд жилээр ялгараад байдаг зүйл биш. Дэлхийн ихэнхи улс, тэр тусмаа, бидний дуурайх гээд байгаа улсууд 6+3+3 гэсэн сургуулийн бүтэцтэй байдаг юм. 5+5+2 бүтэцтэй улс дэлхийд байхгүй тул ямар улстай бичиг баримт зөвшөөрөлцөх гэрээ байгуулах гэж ийм өөрчлөлт хийж буй нь сонин. Магадгүй, мэргэжлийн бус хүмүүсийн ажил хийж харагдах гэсэн хөөсөн амбиц байж мэдэх.  Бас л анхаарах зүйл юм шүү, учир нь зарим хүүхэд маань гадаадад суралцаж болох шүү дээ, хувийн бэлтгэлээ хангаад сурах гэхэд нь ерөнхий боловсролыг олсон жилийн бүтэц нь саад болохгүй байх талаас бодож  л 6+3+3 гэж хуульчилсан юм шүү дээ, өмнө. 
Өдрийн сонин, Үндэсний шуудан зэрэг олон сонинд хэвлэж, олны хүртээл болгосон "Боловсролыг Кэмбрижчилэх нь ухралт мөн, харин урвалт уу" гэсэн нийтлэлд энэ талаар зарим гаргалгааг хийж, үндэслэл хэлж, сануулга өгч, хэлэлцүүлэгт уриалсан билээ.  Та бүхэн харсан байж юун магад. Хэрэгтэй гэвэл энэ нийтлэлийг http://undesniibolovsrol.blogspot.com    ээс бас үзэж болно.
 Авлига, авлига, түүнтэй тэмцэнэ тэмцэнэ гээд байх юм. Авлигын хамгийн түгээмэл, том хэлбэр нь чухамдаа хуулийн өөрчлөлтийн, бодлогын, за тэгээд улс төрийн авлига юм шүү дээ. Дэлхий үүнийг таньж мэдээд, түүнтэй тэмцсээр л байна.
 Өчүүхэн нэгэн судлаач миний бие ингэж дахин нэг сануулав. Алдаж, мунхагласан байж болох. Тэгсэн  болвоос эрхэм хүмүн Та бүгдээс чинхүү уучлалтыг хүснэм.
 Та бүхнийг гүнээ хүндэтгэсэн,
  Цогдовын Лувсандорж, боловсрол судлаач, доктор, дэд профессор


No comments:

Post a Comment