Sunday, May 27, 2012

ХАЙРЛАМ ЭНЭХЭН АМЬДРАЛАА МАХНААС Л ХОЛ БАЙЛГА, ХҮМҮҮС МИНЬ


ХАЙРЛАМ ЭНЭХЭН АМЬДРАЛАА МАХНААС Л ХОЛ БАЙЛГА, ХҮМҮҮС МИНЬ



 Дүү минь, Төрсөн өдрийн баяраа махтай л бүү тэмдэглээч.

Идүүлэх гэж буй тэмээний уйлааныг нэг сонсооч.

Идүүлсэн нэгнээ үгүйлэх үхрийн харууслын нэг мэдрээч.

Тэмээний тэр уйлаан ээжийнх тань ч байж болно.

Үхрийн тэр харуусал эцгийнх тань ч байж мэднэ.

Төрсөн өдрийн баяраа махтай л бүү тэмдэглэ,  Дүү минь.



Ах минь, Туулах энэхэн амьдралаа махтай л бүү хутгаач.

Муулуулж  буй хонины   харцыг нэг ширтээч.

Өрлүүлж буй ямааны орилооныг  нэг мэдрээч.

Хонины тэр харц  хүүгийнх тань ч байж болно.

Ямааны тэр орилоон охиных тань ч байж мэднэ.

Туулах энэхэн амьдралаа махтай л бүү холь,  Ах минь.



Анд минь,  Хүмүний энгүй заяагаа махаар л бүү бузарлаач.

Алуулах гэж буй адууны тэмцлийг нэг үзээч.

Идүүлэх гэж буй амьтныг хорслыг нэг ухаараач.

Адууны тэр тэмцэл  андынх тань  байж болно.

Амьтны тэр хорсол хайртынх  тань ч байж мэднэ.

Хүмүний энгүй заяагаа махаар л бүү бузарла, Анд минь.

Эгч минь, Хайрлам гэнэхэн амьдралаа махнаас л хол байлгаач.

Ээжийгээ үгүйлэх ботгоны буйлааныг нэг мэдрээч.

Ээжийгээ идүүлсэн унаганы янцгаалдахыг нэг сонсооч.

Ээжийгээ санагалзах  тугалын мөөрөлдөхийг нэг чагнаач.

Ээжгүй хурга, ишигний  майлалдахыг нэг эргэцүүлээч.

Хайрлам гэнэхэн амьдралаа махнаас л хол байлга, Эгч минь

Хүмүүс минь,   

Төрсөн өдрийн баяраа махтай л бүү тэмдэглэ.

Туулах энэхэн амьдралаа махтай л бүү холь.

Хүмүний энгүй заяагаа махаар л бүү бузарла.

Хайрлам гэнэхэн амьдралаа махнаас л хол байлга.

Хүмүүс минь .



Тайлбар:

Энэхүү сэтгэлийн шаналалаа бүх л төл малд зориулан тэрлэлээ.  Тэд хүүхэд насны минь хамгийн дотны анд минь байсан учраас тэр.  Би хурга, ишиг, тугал, унага, ботготой тоглож өссөн. Тэднийг  баярлаж байгааг, бас гуниж байгааг, мөн ээжийгээ санаж байгааг нь би мэдэрдэг байв. Ээжийгээ идүүлж байгааг хараад, өдөржин янцгаасан хайртай нэгэн унаганыхаа уйлааныг би одоо хүртэл сонсож байдаг.  Тэр нэгэн намрын тэр нэг гунигт өдрийн зураглал  бяцхан зүрх, сэтгэлд минь тодоос тод үлджээ. Би сургасан даагатай ярьж чаддаг байв. Сул тавьсан тэр даагаа “баримаар байна” гэж бодоход л тэр маань над руу чиглээд ирдэг байж билээ. Амьтад бидэнтэй харьцаж чаддаг. Тэд бидэнтэй тун адилхан шүү.  Харин хүн бид л тэднийг ойлгохыг үл хүсэх. Тэд бидний хоол, бас зугаа цэнгэл биш харин анд нөхөр минь л юм.

Ц.Лувсандорж

2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр


Thursday, May 24, 2012

МАНАН


МАНАН

Дэлхийн бөмбөрцөгийн өмнөд хагаст Австрали хэмээх нэгэн улс бий. Энэ улсын  урд хэсэгт  Аделайд гэдэг гүнж шигээ хөөрхөн нэг хот бий.  Замыг нь  эхэлж  тавиад хотыг  дараа нь бүтээсэн болохоор  энд хүн аж төрөхөд нэг л эвтэйхэн, аятайхан, духтайхан.  Тэнгэр нь  цэлмэг, гудам нь цэвэрхэн,  хүмүүс нь далай шигээ цалигсан сэтгэлтэй улс. Байнга  л инээж явах. Таарсан бүхэнтэйгээ л аль  хэзээний танил хүн шиг “ За, сайн биз дээ, хө (Gday, mate)”  хэмээн дотночилно.   Гэтэл энэ хотод нэг удаа манан буув.  Энэ мананд хотын  амьдрал бүхэлдээ манарч эхлэв. Хүмүүс ч дүнсийж гарав.

Буух ёстой онгоц буусангүй.  Нисэх ёстой нь ниссэнгүй, манангаас л болоод тэр.  Яг л цагтаа явдаг галт тэрэг, автобус хоцордог болов. Зарим ч бүр явахаа ч болив.  Машин  асахгүй болж, аслаа ч хөдлөхөд бэрх.  Ихэнх сурагч ирж амжаагүй тул сургууль, цэцэрлэг ил хул.  Ихэнхи хүмүүс ирж амжаагүй тул ажлын байр ил хул. Манангаас л болоод тэр. Хүн үгүй тул ажил үгүй болж эхлэв. Ажил үгүй болсон тул аж амьдрал ч дордох шинжтэй.  Ажилладаг дэлгүүр хоршоо ч багасав, ажиллаа ч нэг л дүнсгэр, хөндий.  Цахилгаан ч  үе үе тасрах нь  элбэгжив, энэ өдөр. Манангаас л болоод тэр.   

Нэг өдрийн мананд  хөөрхөн” гэгддэг Аделайд  нэг л муухай мэт болчив.  Тэнгэр нь нэг л саарал.  Гудам нь нэг л бүүдгэр. Хүмүүс нь нэг л баргар. Бүр   Gday, маte”  гэдгээ ч хэлэх  ч завгүй дүнсгэр.  Гэвч маргааш болно, манан арилна.

Манан арилахад тэнгэр цэлмэж, гудам өнгө орж, хүмүүс  далай шиг сэтгэлээрээ дахиад л  “Gday,mate”-ээ хэлж эхлэв, манан замхарсан болохоор тэр шүү дээ. Өчигдрийн буусан мананд  Аделайдчуудын сэтгэл  ингэж л өвдөж манарав.

Аделайдчууд, харин, их азтай, одтой улс.  Тэнд манан тэр бүр буудаггүй болохоор тэр.  Гэтэл нилээд манантай улс, хот ч гэж байх. Бас 20 жилийн турш манарсан  улс, хот ч байдаг л юм. Ийм улс -хот, хот-улсын тэнгэр нь цэв цэлмэг  байлаа ч  саарал л  харагддаг гэсэн.   Гудмыг  цэвэрлээд цэвэрлээд ч бүүдгэр л үлддэг гэсэн. Хүмүүс нь цэл залуу байлаа ч хөгшин мэт аяагладаг гэсэн. Бас унжигар, урвагар, огт инээж үзээгүй мэт авирладаг гэнэ лээ.  Мөн улсынх нь ч, хотынх ч аж амьдрал мананд манарсаар л байдаг гэнэ лээ. Энэ нь угтаа жам бус ч жам юм л шиг болчихсон байдаг гэв үү. Мананд дунд манарсан, мансуурсан улс-хот, хот-улсад харин авлига, ажилгүйдэл, архидал нь ёстой цэцэглэж өгдөг гэнэ лээ.  Бас хүний мөс ч их хөрдөг гэв үү.

 Буусан манан сарнидаг нь байгалийн жам. Манан сарниж, тэнгэр цэлмэхэд хүмүний  сэтгэл баясдаг нь харин хүний зан.

Ц.Лувсандорж

2012 оны 5 дугаар сар 25- ны өдөр



Тайлбар: Аделайд (Adelaide)- хэмээх нэгэн гүнжийн нэрээр энэ хотыг нэрлэжээ.

Tuesday, May 22, 2012

БОЛОМЖИЙГ НЬ ЯДАЖ ҮЛДЭЭЕ, ЗАЛУУСТ


БОЛОМЖИЙГ НЬ ЯДАЖ ҮЛДЭЭЕ, ЗАЛУУСТ

Магнай гэдэг залуугийн ярилцлагын уншив. Хувьсгалын тухай сүрхий ухаарал хэлсэн байна лаа. Энэ ярилцлагаас үүдсэн нэгэн бодлоо тэрлэн үлдээв.

Залуус ер нь яаж урагшлах бэ, энэ улсад.  Газар дээрхи баялагаас хүртсэнгүй, тэд. Газраас хүртсэнгүй бас. Бас газар доорхи баялгаас хүртсэнгүй, мөн. Банкан дахь мөнгөнөөс хүртсэнгүй, бас л. Дээр нь залуу насны хүсэл тэмүүллээр "уулыг нурааж усыг эргүүлэх" гэтэл нийгэмд шударга ёс алдарчээ. Тэгэхээр тэд яах бэ?

Ямар сайндаа л тэдний багагүй хэсэг нь болох оюутан залуус гэхэд л ном гэхийн оронд нам гэдэг болжээ.  Бүр эртнээс нам бараатаж эхэлнэ гээч. Дүнд нь иргэд нь бүгд намч, улс төрч, төрийн албан хаагч болчихсон улс бий болж мэдэх нь, энд.

Иймд  залууст боломжийг ядаж үлдээе. Тэр боломж л угтаа шударга ёс аж.



Ц.ЛУВСАНДОРЖ

2012 оны 5 дугаар сар 22-НЫ ӨДӨР

Wednesday, May 16, 2012

УЛС, НИЙГМЭЭ ХАЙРААР, ЁС ЗҮЙГЭЭР УДИРДА, ЭС ЧАДВААС...


УЛС, НИЙГМЭЭ ХАЙРААР, ЁС ЗҮЙГЭЭР УДИРДА, ЭС ЧАДВААС...

(Бодол, эргэцүүлэл)

Авлига бол нийгмийг там болгох хэрэгслэл мөн. Тэгэхээр түүнтэй тэмцэхгүй байхын аргагүй. Тэмцэх нь тун зөв. Сайн тэмцэх ёстой. Гэхдээ ардчиллыг буруу хэрэглэсэн шигээ авлигатай тэмцэнэ  гэдгийг   буруугаар ашиглаж үл болох.  Дээр нь бидний үйл бүхэн хүнлэг байх ёстой. Хүмүүнлэг нийгэм байгуулна хэмээн тунхагласандаа бус харин зүгээр л хүмүн  заяаг олж төрсөндөө  тэр. Хүнлэг, өрөвч байж, хүний хийсэн хуулиас илүүтэйгээр ертөнцийн хуулийг их хүндэтгэдэг байх нь чөтгөрлөг бус харин хүнлэг ёс бус уу.

Бусдыг болон өөрийгөө зовооно гэдэг их буруу. Авлига эцэстээ өрөөлийг төдийгүй  өөрийг нь их зовоох  үйл тул түүнээс хүн бүр л хол байх хэрэгтэй юм.  Хөлс дуслуулаагүй зүйлийг авахгүй байх нь  авлигагүйн ёс зүйн, бас ёс суртахууны эхлэл. Энэ эхлэл гэр бүлд эхэлж, нийгэмд түгэх вий дээ.

Улс орон, нийгмийг  хайраар,  ёс зүй, ёс суртахуунаар л удирдаж байж гэмээнэ тэр зөв болж мэднэ.  Хүний хийсэн хууль гэдэг угтаа хэн нэгэн хүний хүсэл, сонирхол, эрх ашгийн илэрхийлэл байдаг тул уг чанараараа, тэр нийгэмд зөрчил, үзэн ядалт, өс хонзон бий болгож байдаг нь жам. Ийм учраас хууль гарах бүрт л цөөнхөн нь сэтгэл хангалуун үлдэж, ихэнхи нь  хуулийг дагахын золиос болж үлддэг. Тэгээд л хууль мөнхийн засаатай байх.  Үүнийг хуулийн дарангуйлал гэдэг. Тэгэхээр ийм дарангуйлсан хуулиар бус харин хайраар, бас хүний ёс зүй, ёс суртахууунаар л улс нийгмээ зөв чиглүүлж байж тэр зөв болох вий дээ.  Авлига муухай гэх тийм ёс зүй, ёс суртахуунтай болчихсон гэвэл  авлигачид гэгдэх этгээдэд оргонох газаргүй олдохгүй аж. Үүнээс илүү шийтгэл гэж байх уу, тэдэнд.

Авлигатай тэмцэж байна гээд авлигын өөр нэгэн шинэ хэлбэрийг бий болгож үл болох. Чинхэвээс авлигатай тэмцэнэ гэдгийн дор төгсгөлгүй өшөөн авалт, өс хонзон, үзэн ядалтыг баян 1 -хувийнхны дунд бий болгож, дүнд нь улс нийгэм эцэстээ их хохирч үлддэг нь түүх.  Ийм тэмцэл дуусдаггүй, аюултай.  Тэгэхээр ганцхан оносон зам нь тэднийг зүгээр л орчих,  тэд бидэнгүйгээр үйлийнхээ үрийг эдэлнэ, эрт, орой, хэзээ нэгэнт цагт. Бас тэднийг  уучил, өрөвд, хайрла. Угтаа тэд хүний хийсэн хуулийн , нийгмийн, шуналын, хүслийн золиос юм шүү дээ. Үхэхдээ үүрээд явах юм шиг л албан тушаал, нэр хүнд, эд хөрөнгөтөнд тэмүүлж байгааг нь хараад бас өрөвд, тэднийг.  Нэгэн цагт тэд ухаарч, уучлал гуйх нь харин дамжиггүй.

 Улс  орноо хайраар, ёс зүйгээр удирда. Тэгэж гэмээнэ онож мэднэ, эс чадваас төгсгөлгүй тэмцэл, хорсол, өшөө авалт, өс хонзон үргэлжилсээр л байдаг нь харин түүх.



Ц.Лувсандорж

2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр

Thursday, May 3, 2012

ХЭРЭГГҮЙ ӨНГӨТ ЦААС

ХЭРЭГГҮЙ ӨНГӨТ ЦААС

Цаас бүр л уг нь их хэрэгтэй юм. Цаасыг хүний амьдралыг тэтгэгч модоор хийдэг болохоор мөн тэр бас хайрлан гамнах эд. Гэвч энэ хайран, хэрэгтэй цаасыг огт хэрэггүй болгодог тохиолдол хаяа бас байх, энэ монголд. Хэрэггүй улаан цаас, хэрэггүй хөх цаас, хэрэггүй ногоон цаас гэж байна, энд.

Хэрэггүй улаан цаас бол чухамдаа үндэслэлгүй амлалт, хэрэггүй улаан мэдээлэл, улаан галзуу сэтгэлгээ, улайрсан бодлыг тээсэн улаан цаас.

Хэрэггүй хөх цаас бол нь бас л үндэслэлгүй амлалт, хэрэггүй  хөхөрсөн мэдээлэл, галзуу хөөргөн сэтгэлгээ, хөөсөн бодлыг агуулсан хөх цаас.

Хэрэггүй ногоон цаас гэдэг нь мөн л үндэслэлгүй амлалт, хэрэггүй ногоорсон мэдээлэл, ядуу ногоон сэтгэлгээ, ногоорсон бодлын илэрхийлэл ногоон цаас аж.

Үнэн бол үнэн, угтаа тэр өнгөгүй юм. Ийм үнэнд улаарч, хөхөрч, ногоорч хүрч үл чадах. Харин тэр үнэнд ухаарч, сэхээрч, чадвал, гэгээрч л хүрнэ. Хэрэггүй өнгөт цаас гагцхүү ухаарал, сэхээрэл,гэгээрлийн дүнд л хэрэгтэй үнэт цаас болох аж.  Ингэж ухаарч, сэхээрч, гэгээрэхэд харин ухаарсан, сэхээрсэн, гэгээрсэн ганц ч болов хүн л хэрэгтэй, харин өнгөт нам огт биш.


Ц.Лувсандорж

Wednesday, May 2, 2012

ТАМААС ХОЛ БАЙХЫН ТУЛД АВЛИГААС ХОЛ БАЙ


ТАМААС ХОЛ БАЙХЫН ТУЛД АВЛИГААС ХОЛ БАЙ
Дэлхийн нийт өмчийн 99 хувийг хүн амынх нь 1 хувь эзэмшинэ. Хүн амын 99 хувь нь харин өмчийн үлдсэн 1 хувиар амь зуух гэж оролдоно. Ингэхээр хүний амьдрал үнэндээ зовлонгоор л дүүрэн юм. Ардчилал гэж аахилсан өнгөрсөн 20 жилд монгол улс энэ л загварт гулсаж орж. Ингэж гулсан орсон арга нь ердөө л авлига. Хуулийн авлига, бодлогын авлига, улс төрийн авлига юм.

Хуулийн авлига гэдэг өөртөө зориулж хууль баталж, хөрөнгийг хуулийн дагуу дээрэмдэх гэсэн агуулгатай.  Жишээ нь, өмч хувьчилал, менежментийн хувьчлал, газар хувьчлал, лиценц тараах, хуулийн элдэв засвар хийх гээд олон хэлбэртэй дээ.  " Хуультай юм чинь дээрэм биш" гэх хандлагаар газар дээрхийг нь, газрыг нь, газар доорхийг  зөвхөн хууль эзэмшигчид л өөрийн болгож авна. Бүр оюуны гэх баялаг- хүний тархи, сэтгэлгээ, соёлыг хүртэл хувьчилна гээч. Бүр саяныхаас дурдвал, боловсролыг Кэмбрижчилэх хуулийн заалтууд гэхэд л боловсролын шинэ эзэмшигчдийг тодруулж өгөв.  (Who owns education and culture  in Mongolia). Бас л тэд эзэмших ёстой гэнээ. Шүүмжлэснийг хууль дагаагүй гээд хар гэр илгээнэ. Америкт хэдэн хар, Австралид хэдэн уугуул иргэд хар гэрт байна.  Энд хэдэн хүн хар гэрт, хэдэн нь ингэж ядуурснаа хэлэхээс хүртэл айж сууна даа. Хуулийн авлига ингэж хүний амьдралыг айдас хүүдэс, ядуурал, зовлонгоор дүүргэнэ, яг л там шиг.

Бодлогын авлига гэдэг нь өөртөө ашигтай бодлогыг  хийж, түүнийг засгийн нэрээр айлгаж хэрэгжүүлнэ. "2" толгой, нөгөө Кэмбрижчилэх, ламчилах, жендерчилэх, хувьцаачилах, ядуусад эхлээд тараасан дүр эсгээд буцааж хурааж авах, эрсийг нь дорройтуулж эмсийг эзэмдэх гээд олон төрлийн хэлбэр бий, энд.  Зон олны төрмөл баялагыг эзэмшихийн тулд бүр эрс тэс намууд  хамтарсан засаг хүртэл байгуулж болно гээч. Тархи, сэтгэлгээ, бодлын колончилолд оруулахын тулд боловсролыг Англид худалдах гэж бас үзнэ.   Эрсийг доройтуулж эмсийг зовоох гэсэн шиг жендерчилэх үндэсний хороо байгуулж ажиллуулна.  Эрсийн нэг хэсэг нь авлигач, нөгөө хэсэг нь архичин, үлдсэн хэсэг нь авгай хүүхнүүдийн зарц төдийхнээр бор хоног, шар өдрүүдийг өнгөрөөж буйг харсаар л байж  улам л жендерчилнэ.  Ламчилна, бөөчилнө,  номчилно, намчилна.  Лам, бөөгийг нь мунхаг, номыг хоосон, намыг худалч, хуурмаг болгоно. Бодлогын энэ бүх авлигын дүнд хүн амын ард гэх хэсэг мунхаглалын мананд  төөрнө, бүдэрнэ, зовно, тарчилна. Бодлогын авлига  ядуусын амьдралыг ингэж там болгоно.

Улс төрийн авлига нь өөрийн шуналыг улс орноо худалдсан, үндэсний эрх ашгаар тохуурсан, урвасан гэрээ,хэлцэл хийх, тагнуул хийх гээд л янз бүрийн хэлбэрээр илэрнэ. Украйны ерөнхий сайд Тименшинко үндэснийхээ эрх ашгаас урвасан гэрээг Орос улстай байгуулжээ. Оросын томоохон төрийн албан хаагчид эх орноо тагнаж, урважээ.  Улсаа, уулаа цөмийн хаягдлын хогийн сав болгох гэрээ байгуулж ч бас мэдэх.  За ингээд яриад байвал манай зарим андуудын үйл, үйлдэл бас жишээ болж мэдэх аж.  Америкийн индианчуудыг нэг хар л даа.  Австралийн уугуул иргэдийг нэг үз л дээ. Африкийн харуудыг нэг шинж дээ.  Канадын уугуулыг нэг сонс доо. Оросын якутын хавийнхныг нэг судал. Тэд цөмтэй агаараар амьсгалж, цөмтэй ус ууж, хар тамхинд донтож, архинд хордож, гунигын дуу дуулж цагийн илээсээр. Улс төрийн авлига ард ядуусыг эрүүл мэндээр нь, эд хөрөнгөөр нь, идэх хоолоор нь, эх нутгаар нь, удам судраараа нь хүртэл хохирооно. Улс төрийн авлига  ядуусын амьдралыг ингэж л там болгоно.
Авлига хүнийг их зовоож, тэднийг амьдралыг, үнэндээ, бидний хэлэхээсээ заримдаа жийрэхдэг  тамтай ойролцоодуу болгох аж. Үүнийг ч энэ зурагт  бас айхтар харуулжээ.



Авлига  амьдралыг там адил болгож мэдэх нээ.  Тамаас хүний амьдралыг хол байлгахын  тулд хүн авлигаас л хол байх хэрэгтэй. Бас шуналаас ч мөн тэр шүү.


Ц. Лувсандорж