Wednesday, May 2, 2012

ТАМААС ХОЛ БАЙХЫН ТУЛД АВЛИГААС ХОЛ БАЙ


ТАМААС ХОЛ БАЙХЫН ТУЛД АВЛИГААС ХОЛ БАЙ
Дэлхийн нийт өмчийн 99 хувийг хүн амынх нь 1 хувь эзэмшинэ. Хүн амын 99 хувь нь харин өмчийн үлдсэн 1 хувиар амь зуух гэж оролдоно. Ингэхээр хүний амьдрал үнэндээ зовлонгоор л дүүрэн юм. Ардчилал гэж аахилсан өнгөрсөн 20 жилд монгол улс энэ л загварт гулсаж орж. Ингэж гулсан орсон арга нь ердөө л авлига. Хуулийн авлига, бодлогын авлига, улс төрийн авлига юм.

Хуулийн авлига гэдэг өөртөө зориулж хууль баталж, хөрөнгийг хуулийн дагуу дээрэмдэх гэсэн агуулгатай.  Жишээ нь, өмч хувьчилал, менежментийн хувьчлал, газар хувьчлал, лиценц тараах, хуулийн элдэв засвар хийх гээд олон хэлбэртэй дээ.  " Хуультай юм чинь дээрэм биш" гэх хандлагаар газар дээрхийг нь, газрыг нь, газар доорхийг  зөвхөн хууль эзэмшигчид л өөрийн болгож авна. Бүр оюуны гэх баялаг- хүний тархи, сэтгэлгээ, соёлыг хүртэл хувьчилна гээч. Бүр саяныхаас дурдвал, боловсролыг Кэмбрижчилэх хуулийн заалтууд гэхэд л боловсролын шинэ эзэмшигчдийг тодруулж өгөв.  (Who owns education and culture  in Mongolia). Бас л тэд эзэмших ёстой гэнээ. Шүүмжлэснийг хууль дагаагүй гээд хар гэр илгээнэ. Америкт хэдэн хар, Австралид хэдэн уугуул иргэд хар гэрт байна.  Энд хэдэн хүн хар гэрт, хэдэн нь ингэж ядуурснаа хэлэхээс хүртэл айж сууна даа. Хуулийн авлига ингэж хүний амьдралыг айдас хүүдэс, ядуурал, зовлонгоор дүүргэнэ, яг л там шиг.

Бодлогын авлига гэдэг нь өөртөө ашигтай бодлогыг  хийж, түүнийг засгийн нэрээр айлгаж хэрэгжүүлнэ. "2" толгой, нөгөө Кэмбрижчилэх, ламчилах, жендерчилэх, хувьцаачилах, ядуусад эхлээд тараасан дүр эсгээд буцааж хурааж авах, эрсийг нь дорройтуулж эмсийг эзэмдэх гээд олон төрлийн хэлбэр бий, энд.  Зон олны төрмөл баялагыг эзэмшихийн тулд бүр эрс тэс намууд  хамтарсан засаг хүртэл байгуулж болно гээч. Тархи, сэтгэлгээ, бодлын колончилолд оруулахын тулд боловсролыг Англид худалдах гэж бас үзнэ.   Эрсийг доройтуулж эмсийг зовоох гэсэн шиг жендерчилэх үндэсний хороо байгуулж ажиллуулна.  Эрсийн нэг хэсэг нь авлигач, нөгөө хэсэг нь архичин, үлдсэн хэсэг нь авгай хүүхнүүдийн зарц төдийхнээр бор хоног, шар өдрүүдийг өнгөрөөж буйг харсаар л байж  улам л жендерчилнэ.  Ламчилна, бөөчилнө,  номчилно, намчилна.  Лам, бөөгийг нь мунхаг, номыг хоосон, намыг худалч, хуурмаг болгоно. Бодлогын энэ бүх авлигын дүнд хүн амын ард гэх хэсэг мунхаглалын мананд  төөрнө, бүдэрнэ, зовно, тарчилна. Бодлогын авлига  ядуусын амьдралыг ингэж там болгоно.

Улс төрийн авлига нь өөрийн шуналыг улс орноо худалдсан, үндэсний эрх ашгаар тохуурсан, урвасан гэрээ,хэлцэл хийх, тагнуул хийх гээд л янз бүрийн хэлбэрээр илэрнэ. Украйны ерөнхий сайд Тименшинко үндэснийхээ эрх ашгаас урвасан гэрээг Орос улстай байгуулжээ. Оросын томоохон төрийн албан хаагчид эх орноо тагнаж, урважээ.  Улсаа, уулаа цөмийн хаягдлын хогийн сав болгох гэрээ байгуулж ч бас мэдэх.  За ингээд яриад байвал манай зарим андуудын үйл, үйлдэл бас жишээ болж мэдэх аж.  Америкийн индианчуудыг нэг хар л даа.  Австралийн уугуул иргэдийг нэг үз л дээ. Африкийн харуудыг нэг шинж дээ.  Канадын уугуулыг нэг сонс доо. Оросын якутын хавийнхныг нэг судал. Тэд цөмтэй агаараар амьсгалж, цөмтэй ус ууж, хар тамхинд донтож, архинд хордож, гунигын дуу дуулж цагийн илээсээр. Улс төрийн авлига ард ядуусыг эрүүл мэндээр нь, эд хөрөнгөөр нь, идэх хоолоор нь, эх нутгаар нь, удам судраараа нь хүртэл хохирооно. Улс төрийн авлига  ядуусын амьдралыг ингэж л там болгоно.
Авлига хүнийг их зовоож, тэднийг амьдралыг, үнэндээ, бидний хэлэхээсээ заримдаа жийрэхдэг  тамтай ойролцоодуу болгох аж. Үүнийг ч энэ зурагт  бас айхтар харуулжээ.



Авлига  амьдралыг там адил болгож мэдэх нээ.  Тамаас хүний амьдралыг хол байлгахын  тулд хүн авлигаас л хол байх хэрэгтэй. Бас шуналаас ч мөн тэр шүү.


Ц. Лувсандорж

No comments:

Post a Comment