Thursday, May 24, 2012

МАНАН


МАНАН

Дэлхийн бөмбөрцөгийн өмнөд хагаст Австрали хэмээх нэгэн улс бий. Энэ улсын  урд хэсэгт  Аделайд гэдэг гүнж шигээ хөөрхөн нэг хот бий.  Замыг нь  эхэлж  тавиад хотыг  дараа нь бүтээсэн болохоор  энд хүн аж төрөхөд нэг л эвтэйхэн, аятайхан, духтайхан.  Тэнгэр нь  цэлмэг, гудам нь цэвэрхэн,  хүмүүс нь далай шигээ цалигсан сэтгэлтэй улс. Байнга  л инээж явах. Таарсан бүхэнтэйгээ л аль  хэзээний танил хүн шиг “ За, сайн биз дээ, хө (Gday, mate)”  хэмээн дотночилно.   Гэтэл энэ хотод нэг удаа манан буув.  Энэ мананд хотын  амьдрал бүхэлдээ манарч эхлэв. Хүмүүс ч дүнсийж гарав.

Буух ёстой онгоц буусангүй.  Нисэх ёстой нь ниссэнгүй, манангаас л болоод тэр.  Яг л цагтаа явдаг галт тэрэг, автобус хоцордог болов. Зарим ч бүр явахаа ч болив.  Машин  асахгүй болж, аслаа ч хөдлөхөд бэрх.  Ихэнх сурагч ирж амжаагүй тул сургууль, цэцэрлэг ил хул.  Ихэнхи хүмүүс ирж амжаагүй тул ажлын байр ил хул. Манангаас л болоод тэр. Хүн үгүй тул ажил үгүй болж эхлэв. Ажил үгүй болсон тул аж амьдрал ч дордох шинжтэй.  Ажилладаг дэлгүүр хоршоо ч багасав, ажиллаа ч нэг л дүнсгэр, хөндий.  Цахилгаан ч  үе үе тасрах нь  элбэгжив, энэ өдөр. Манангаас л болоод тэр.   

Нэг өдрийн мананд  хөөрхөн” гэгддэг Аделайд  нэг л муухай мэт болчив.  Тэнгэр нь нэг л саарал.  Гудам нь нэг л бүүдгэр. Хүмүүс нь нэг л баргар. Бүр   Gday, маte”  гэдгээ ч хэлэх  ч завгүй дүнсгэр.  Гэвч маргааш болно, манан арилна.

Манан арилахад тэнгэр цэлмэж, гудам өнгө орж, хүмүүс  далай шиг сэтгэлээрээ дахиад л  “Gday,mate”-ээ хэлж эхлэв, манан замхарсан болохоор тэр шүү дээ. Өчигдрийн буусан мананд  Аделайдчуудын сэтгэл  ингэж л өвдөж манарав.

Аделайдчууд, харин, их азтай, одтой улс.  Тэнд манан тэр бүр буудаггүй болохоор тэр.  Гэтэл нилээд манантай улс, хот ч гэж байх. Бас 20 жилийн турш манарсан  улс, хот ч байдаг л юм. Ийм улс -хот, хот-улсын тэнгэр нь цэв цэлмэг  байлаа ч  саарал л  харагддаг гэсэн.   Гудмыг  цэвэрлээд цэвэрлээд ч бүүдгэр л үлддэг гэсэн. Хүмүүс нь цэл залуу байлаа ч хөгшин мэт аяагладаг гэсэн. Бас унжигар, урвагар, огт инээж үзээгүй мэт авирладаг гэнэ лээ.  Мөн улсынх нь ч, хотынх ч аж амьдрал мананд манарсаар л байдаг гэнэ лээ. Энэ нь угтаа жам бус ч жам юм л шиг болчихсон байдаг гэв үү. Мананд дунд манарсан, мансуурсан улс-хот, хот-улсад харин авлига, ажилгүйдэл, архидал нь ёстой цэцэглэж өгдөг гэнэ лээ.  Бас хүний мөс ч их хөрдөг гэв үү.

 Буусан манан сарнидаг нь байгалийн жам. Манан сарниж, тэнгэр цэлмэхэд хүмүний  сэтгэл баясдаг нь харин хүний зан.

Ц.Лувсандорж

2012 оны 5 дугаар сар 25- ны өдөр



Тайлбар: Аделайд (Adelaide)- хэмээх нэгэн гүнжийн нэрээр энэ хотыг нэрлэжээ.

No comments:

Post a Comment