ГОЁ УРИАНЫ ХУУРМАГ УТГА
Сонгуулийн үед уриа л их
олшрох юм. Хэлэхэд амархан уриа гэж байхад бас харахад гоё уриа гэж байна. Гэвч
ингэж бүтээгдсэн уриа ихэнхдээ бодит бус
харин хуурмаг утгатай байх. Энэ нь ч жам ч байж мэдэх. Гоё уриа хуурмаг утга тээсэн эсэхийг таньж мэдэхэд
үнэндээ тийм хэцүү биш л дээ. Олон арга бий.Түгээмэл нэг нь үл хууртах ухаан буюу
диконструктив сэтгэлгээ юм.
Аливаа бичвэр (текст)-ийг
цор ганц утгатайгаар бүтээж үл чадна. Энэ бол диконструктив ухааны суурь
зарчим, тулгын чулуу нь юм. Энэ л ухаанаар “том” гэгдэх улс төрийн хүчний сонгуулийн уриа (мотто)- г
нэг харья, шинжье.
Иргэнд тэгш боломж, Нийгэмд шударга ёс. Энэ бол МАН-ын
энэ сонгуулийн уриа, мотто юм. Хэлэхэд
амар, сонсоход аятай, харахад гоё. Гэвч утга нь харин төгс үү, аль эсвэл хуурмаг уу? Энэ хэллэг дэх “тэгш боломж (equal opportunity)” гэсэн холбоос
үгэнд эхлээд анхаарлаа хандуулья. Хүмүүс хоорондоо адил ч биш, ижил ч биш, тэгш ч биш, харин эрс ялгаатай юм шүү дээ. Тэд бие, хэл, тархи, сэтгэлгээ, зүрх, сэтгэлээрээ
ялгаатай. Бас орчин нөхцөл, ахуй байдал, нийгэмд эзэлж буй байр суурь, боломж,
бололцоогоороо хүртэл ялгаатай. Ийм их ялгаатай хоёр хүнд,бүр цаашилбал, 2,7
сая хүнд тэгш боломжийг олгоно гэвэл их хэцүү, ер нь боломжгүй
зүйл юм л даа. Тэгэхээр “амьдралд биежсэн байх” гэсэн утгаас харвал ийм боломж бодиттой
бус, хуурмаг юм. Үүнийг жаахан тодруулья.
Ялгаатай байсаар байтал адил, тэгш боломжийг бодлогоор хүчлэн олговол энэ
нь эргээд иргэдэд тэгш биш боломжийг зохиомлоор бий болгодог. Үүнийг энгийнчлэн
хэлбэл, 2 өөр өвчтөнд яг адил эмчилгээ сувилгаа хийвэл дүн нь адил бус,
харин ялгаатай гарна гэдэгтэй л утга
нэг аж. Ийм тэгш бус боломжийг олгосон үйлдэл-бодлогын дүнд иргэдийн дунд ялгарал явагдана. Нэг хэсэг нь
энэ боломжийг хүртэж ялгарна. Нөгөө хэсэгт энэ боломжийг алдаж ялгарна. Ялгаварлыг ингэж гаргадаг “тэгш” гэх тэгш бус боломжийн
бодит жишээ бас цөөнгүй.
“Төрөөс тараасан хувьцааг цуглуулж түүгээрээ
улсын буюу өрөөлийн гэгдэх үйлдвэр, аж ахуйн газрыг өөрийн болгох” адил тэгш боломжийг иргэдэд олговол
хувьцаагаар мэргэшсэн, энэ талаар мэдээллийг эртнээс авсан хэсэг нь энэ боломжийг
хүртэнэ. Харин үлдсэн нь энэ боломжийг алдана. Мөн “иргэн бүрт тодорхой
хэмжээний газрыг үнэгүй өмчүүлэх” тэгш боломжийг олговол энэ нь эрх мэдэл,
мэдээлэлтэй хэсэгт нь олз болж, харин үлдсэнд нь бас гарз болно. Мөн “алт, мөнгө, хүрэл зэс, нүүрс, уран,
байгалийн ховор элемент бүхий газрыг эзэмших” боломжийг иргэдэд олговол энэ нь мөн
л нэг хэсэгт нь бодит, нөгөө хэсэгт хуурмаг
байх. Цаашилбал, “дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жишигт
нийцүүлж чанарыг нь сайжруулсан цэцэрлэг, мөн Кембрижийн стандартыг бүрэн нэвтрүүлсэн
ерөнхий боловсролын сургуульд суралцах” тэгш боломжийг хүүхдүүд олговол хожим Кембрижид
суралцах бололцоотой хүүхэд энэ нь олз, харин бололцоогүйд нь харин гарз болоод
үлдэх нь бас жам аж.
Иймд ялгаатай иргэдэд тэгш боломж олгочихвол
түүнийг хүртэх боломж тэгш биш байх нь илт болов. “Иргэдэд тэгш боломж олгоно”
гэдгийг энэ утгаар хэрэглэвэл үнэндээ алагчлалд хөтлөх аюултай аж. Тэгэхээр ялгаатай иргэдэд тэгш биш
харин ялгаатай боломжийг олгож байж гэмээн боломжийг хүртэх боломж нь адил тэгш болж мэдэх. Гэвч 2,7 сая хүний
ялгаатай байдлыг харгалзан ялгаатай боломжийг
олгох замаар адил тэгш байдлыг хангана гэвэл энэ нь бас л бодит амьдрал дээр
амаргүй, ер нь бодиттой бус, хуурмаг аж.
Ингэхээр “иргэдэд тэгш боломж...” гэдэг энэ гоё уриа бодит амьдрал дээр бодиттой хэрэгжих
бодит утгыг өөртөө тээгээгүй байж мэдэх нээ.
Хүн шиг амьдарья, улс шиг хөгжүүлье. Энэ бол АН-ын энэ сонгуулийн уриа,
мотто юм. Энэ урианы “хүн шиг амьдарья”
гэсэн холбоос үгэнд эхлээд анхаарлаа хандуулья.
Утга зүйн хувьд “хүн шиг амьдрах, бас хүн шиг биш амьдрах” гэсэн дор
хаяж 2 боломж байна.
Хүн шиг амьдарч ирсэн нэгэнд “хүн
шиг амьдарья” гэж уриалах нь ач холбогдол
багатай, ер нь утгагүй. Ийм хүмүүст
ингэж хэлбэл тэднийг басамжласан, бас дорд үзсэн, ер нь тохуурхсан хэрэг болж
мэдэх. Бас хүний нэр төрд халдсан, за тэгээд
хүний эрх, эрх чөлөө энэ тэр гээд яваад өгч болох. Хамгийн гол нь ёс зүй, ёс суртахуунгүй хэрэг болох нь мэдээж.
Тэгэхээр ардчилалаар овоглосон нам маань “хүн шиг амьдарья...” гэсэн уриагаа хүн
шиг амьдарч яваа хүн л лав зориулж хийгээгүй мэдээж болох нь.
Тэгэхээр энэ уриа хүн мөртлөө “хүн шиг биш” амьдарч яваа нэгэнд л илүү ихээр зориулагджээ
гэж ойлгогдохоор байна. Сонгогчдын дүнд
ийм хүн хэр олон байдаг юм бол оо.
Ажиглахад ихэнхи нь хүн шиг амьдарч явах
шиг. Яахав, хиртэй хувцастай, халтар
нүүртэй, ядмаг царайтай явж харагдах нэгэн байх. Ядмаг харагдавч тэд хүн шиг зовж, хүн шиг өлсөж, хүн шиг
амьдарч явах шиг. Иймд хүн шиг биш
амьдарч яваа хүн энэ улсад байхгүй бололтой. Тэгэхээр “хүн шиг амьдарья ... “
гэсэн энэ уриа хүнд хандаагүй харин хүн биш оршихгүйд хандаж байх шиг.
Хүн биш оршихгүйд уриалж хандах нь энэ сонгуульд нэг их хамаатай зүйл биш тул “хүн
шиг амьдарья ... “ гэсэн эл гоё уриа өөртөө
төгс, бодит утгыг бас л тээгүй бололтой.
Яахав, гоё сонсогдож, амар хэлэгдэх юм.
Энэ мэтчилэн “уриа төгс утга тээж
байна уу” гэдгийг үл хууртах ухаанаар
шинжин утгыг нь хялбархан бариад байж болох нээ. Хуурмаг утгатай бол хэрэгжилт үгүй, худлаа гэсэн үг шүү дээ. Бас
уриаг бүтээж байхдаа энэ ухааныг хэрэглэвэл бүр сайн. Бүтээсэн уриагаа энэ
ухаанаар дахин дахин шинжин шинжсээр гоё ч, бас хамгийн гол нь утгатай уриаг
бүтээчихнэ. Дан ганц гоё биш, харин гоё
ч, бас утгатай уриа л угтаа их хүчтэй байдаг.
Ц.Лувсандорж
2012 оны 6 дугаарын 12-ны өдөр
No comments:
Post a Comment