Monday, July 9, 2012

ЯЛАГЧ ҮГҮЙ ЭНЭ СОНГУУЛЬ ХАРИН Ч ИХИЙГ ХҮҮРНЭНЭ


ЯЛАГЧ ҮГҮЙ ЭНЭ СОНГУУЛЬ ХАРИН Ч ИХИЙГ ХҮҮРНЭНЭ

Арван хоёр оны сонгууль ялагч үгүй байв.  Их хурлын 76 суудлын 38-аас олонг дангаар авч, монгол сонгуулийн ялагч болж тодрон гарч чадах улс төрийн хүчин одоогоор энэ улсад лав алга.  Яахав жагсаалтанд орж, эхэнд, бас төгсгөлд бичигдэх  нь байх. Зүйрлэн хэлбэл, далан чавганц уралдахад нэг нь л төрүүлнэ. Энэ бол байдаг л зүйл. Гэвч ялагч үгүй энэ сонгууль чухамдаа харин тун ихийг хүүрнэнэ, бас сургана.

Сонгуульд оролцохгүй,  саналаа өгөхгүй. Ардчилсан гэгдэх улсад аяандаа л гарч ирдэг түгээмэл эл үзэгдэл энэ улсад аль хэдий нээ бодиттой болж, улмаар газар авч эхэлснийг  арван хоёр оны энэ сонгууль айхтар нэг нотлов.  Нийт сонгогчид болох 1,8 сая хүний  33 хувь буюу ойролцоогоор 600 мянга орчим хүн, бүр тодруулбал, гурван хүний нэг нь сонгуульд оролцсонгүй, саналаа өгсөнгүй. Тэдэнд энэ улсад ардчилсан сонгуулийн дүнгээр төр засгийг байгуулж чадах эсэх нь тийм ч чухал биш аж.  Гурван хүний нэг нь ийм бодол тээж явж байж мэдэх нээ, энэ улсад.  Энэ хувийг дэлхийн жишигтэй харьцуулбал нилээд муу үзүүлэлт юм шүү. 20 жилд бий болсон энэ хандлага цаашид үргэлжилбэл нэн удахгүй гурван хүний 2 нь сонгуульд оролцохгүй, саналаа өгөхгүй болчихсон байж мэдэх нээ.  “Сонгуульд оролцохгүй, саналаа өгөхгүй” гэсэн хүмүүс нь “сонгуульд оролцоно, саналаа өгнө” гэдэг хэсгээсээ олон болчихвол энэ сонгууль ардчилсан  мөн  уу.  Тэр төр, засаг угтаа ардчилсан  мөн үү. Арван хоёр оны энэ сонгууль ардчилсан сонгууль,  ардчилсан засаглалын уг мөн чанарыг ингэж тод нэг хөндөв.  Чанарын энэ ухаарлыг бодууштай, санууштай.

Тоо нь олширсон ч, тулхтай нь даанч үгүй. 2,7 сая хүнтэй энэ улсад 20 гаруй улс төрийн намтай. Цаашдаа ч нэмэгдэх шинжтэй. Нэг намд оногдох хүний тоогоороо дэлхийд тэргүүлэх энэ улсад ардчиллын зарчмаар олонхийн төр, засгаа байгуулахад харин асуудалтай болж. Сонгуульд олноороо оровч ялж чаддаг нь харин алга.  Нэгээрээ ялж үл чадна, нилээд ч  бас ялж  үл чадна. Дүнд нь олонхи, цөөнхөө ялгаж таних ч чадваргүй “ардчилсан” гэгдэх их хуралтай, “эвслийнх” гэх засагтай л үлдэх аж.  Их хурал, засаг ингэж байгуулагдахад ардчилал, шударга ёс бус, харин мөнгөчилөл, алагчилал л амилдаг нь жам юм. Тэнд ухаалаг үндэслэл, хэлэлцүүлэг, шүүмжлэл  хэрэггүй. Тэнд их эрх ашиг үгүй. Тэнд ухаарал, хайр, энэрэл үгүй. Тэнд нэр хүнд, эрхэм нандин чанар үгүй. Харин бүлгийн эрх ашиг, байхын эрх ашиг л чухал.  Ардчиллын зарчмаар засаглаж  чадах улс төрийн хүчин ийнхүү төлөвшиж амжаагүй энэ улсад ардчилал, шударга ёс угтаа амилж чадах болов уу. Арван хоёр оны энэ  сонгууль борооны дараах мөөг мэт  олширсон улс төрийн намын төлөвшил, чанарт  мөн чанарын дүнг ингэж нэг тавив.  Чанарын энэ дүнг тэд бас л ухаарууштай, эргэцүүлүүшүүтэй.

Олонхи цөөнхи мэт, цөөнхи олонхи мэт болж тунхаглагдана. Эцэстээ ардчиллын мөн чанар утгаа алдагдана.  Арван хоёр оны сонгуульд сонгогчдын гуравны нэг нь оролцсонгүй. Сонгуульд оролцсон гуравны хоёрынх нь 51 хувийн саналыг цуглуулж чадсан нам, эвсэл алга. Нийлүүлэн хэлбэл, нийт сонгогчдын гуравны хоёроос  ч илүү  олон хүн  одоо байгаа намуудын алийг ч дэмжээгүй гэсэн үг. Эндээс аль ч нам, эвсэл, тухайлбал, саналын  жагсаалтыг тэргүүлэх нам хүртэл олонхийг төлөөлж үл чадна.  Түүнийг дэмжсэн сонгогчдын тоо нийт сонгогчдын гуравны нэгээс бага, түүнийг дэмжээгүй байж болох иргэдийн тоо нийт сонгогчдын гуравны хоёроос цөөнгүй юм.  Олонхийн төлөөлөлгүй намууд эвсэж их хурал, их эвслийн засаг байгуулаад ч энэ олонхийн засаг бус харин цөөнхийн л  юм. Магадгүй цөөнхийн цөөнхийнх ч байж мэдэх.  Их хурал, засаг ингэж байгуулагдахад олонхи нь цөөн болж, цөөнх нь олонхи болж тунхаглагдана. Энэ нь эцэстээ ардчилалын амин сүнсийн бузарлана. Дүнд нь ардчилалд итгэгсдийн тоо цөөрч, “сонгууль оролцохгүй, саналаа өгөхгүй” гэгчдийн тоо нэмэгдэх ажээ. Арван хоёр оны сонгууль ингэж энэ улсын ардчилалын мөн чанарт аюул учирч буйг ахин нэг сануулав.  Энэ сануулгыг хүн бүр л бодууштай, эргэцүүлүүштэй.

Арван хоёр оны сонгууль ялагч үгүй байлаа. Гэвч  ухааралтай, сургамжтай, их эргэцүүлэлтэй сонгууль байв. Энэ сонгууль  “сонгуульд оролцохгүй,  саналаа өгөхгүй” гэдэг хүмүүс давхарга болон тэлж  байгааг ухааруулав.  Энэ сонгууль улс төрийн намын тоо нь жилээс жилд олширсон ч, зон олны итгэлийг даах тулхтай нь харин үгүй болж буй нэг дахин илтгэв. Энэ сонгууль   олонхийг  цөөн, цөөнхийг  олонхи мэт болгон тунхаглагласаар, цөөнхийн төлөөллөөр олонхийн гэгдэх засаг, төрийг байгуулсаар явбал ардчилал, шударга ёсны уг мөн чанар угтаа алдагдаж, түүнд аюул учруулж болохыг онцгойлон нэг сануулав.  Ялагч үгүй энэ оны сонгууль харин ч ихийг хүрнэнэ, бас ихийг сургана.



Ц.Лувсандорж

2012 оны 7 дугаар сар 9-ны өдөр






No comments:

Post a Comment