Tuesday, July 17, 2012

ХҮМҮНИЙГ АЛМАЙРУУЛСАН ТЭНГЭР АЯЛГУУ

ХҮМҮНИЙГ АЛМАЙРУУЛСАН ТЭНГЭР АЯЛГУУ

Тэнгэрээс ч дуугараад байгаа юм шиг, газраас ч гараад байгаа юм шиг ер бусын бөгөөд байгалийнхаас хэтэдсэн гэмээр аялгуу дэлхийн бүх тивийн янз бүрийн газар нутагт үндсэндээ нэг л янзаар сонсогдсоор, бүртгэгдсээр, судлагдсаар, хамгийн гол нь, хүмүнийг бүр алмайруулсаар.

Ер бусын энэ аялгууг гаргах эл үзэгдэл  2011 оны төгсгөлд анх бүртгэгдэж улмаар 2012 он гарснаас хойш бүр ч олонтоо тааралдах болов. Америк, Европ, Африк, Ази, болон Австрали тивийн янз бүрийн улс, газар нутагт энэ үзэгдлийн 144 тохиолдол  2011 оны 9 дүгээр сарын 9-ны өдрөөс  2012 оны 6 дугаар сарын 11-ны өдөр хүртэлх хугацаанд бүртгэгдэж, бичлэг нь нийтийн сүлжээ, сайтууд болон мэдээллийн бусад хэрэгслээр олны хүртээл болжээ.

Энэ үзэгдлийн уг чанар, учир шалтгааныг нэг мөр тайлж тайлбарласан онол, номлол  одоогоор алга. Иймд учраас энэ талаар олон янзын онол, таамаглал гарч, бас элдэв цуурхал ч дэгдсээр. Энэ чимээг  тэнгэрийн аялгуу, бурханы бүрээн аялгуу гэж нэрлэн,  “бурхан түүгээр дэлхийн энэ иргэншилд төгсгөл ирж буйг сануулж байгаа, мөн Исус Христос эргэн ирж буй цагийг сануулж байна”  гэж итгэх хэсэг байхад “энэ нь жам ёсоор үүсэж, тохиож буй байгалийн үзэгдэл мөн” гэж үзэж тайлбарлах  хэсэг  ч  байна.  Мөн цаашилбал, энэ үзэгдлийг Америкийн Нэгдсэн Улсаас санхүүжүүлж  хэрэгжүүлж буй “ХААPФ (HAARF)” хөтөлбөр болон харь гаригынхантай  холбон үзэх үзэл бодол ч бас  байх юм.

Гэрч яаж дүрслэв

Коста Рикад 2011 оны 1 дүгээр сарын 9-ны өдөр  энэ аялгууг сонссон   гэрч түүнийг  “Алс холд тэнгэр тодорхой хэмнэлтэйгээр дахин дахин   дугарах мэт”  хэмээн дүрсэлжээ. Харин Дани улсад  2011 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн шөнө дунд сонсогдсон энэ аялгууг гэрч “Галт тэрэг хүнгэнэн хүнгэнэн дугарах мэт аялгуу гээд, гэхдээ энэ нь  нисдэг тэрэг, онгоц, галт тэрэг зэрэг механик хэрэгслэлээс гарах дуу, чимээ огт биш” хэмээн тодорхойлжээ. 

Украйн улсын Киев хотод 2011 оны зун, үдээс хойш, 5 цагийн үед сонсогдсон энэ аялгууг гэрч “ Маш хүчирхэг чимээ. Энэ чимээнээс болоод 5 давхарын цонх хүртэл чахран дугарч байсан” гэв.  Мөн оны 8 дугаар сард Белоруст сонсогдсон энэ аялгууг гэрч “Хархирах мэт чимээ. Тэнгэрээс сонсогдож байгаа мэт санагдсан” гэж дүрсэлж.

Канадын улсын Калкари хотод 2011 оны 9 дүгээр сарын дунд үед сонсогдсон энэ чимээг гэрч “бүрээн дуу” гэж тодорхойлов.  Мөн энэ улсын  Альберт мужид 2011 оны 10 дугаар сонсогдсон энэ аялгууг гэрч “эр зөгийн уурлах мэт чимээ” гэжээ. 

Грек улсын Афин хотод оюутнууд 2012 оны 1 дүгээр сарын 14-ны өдөр энэ аялгууг сонсож, түүнийг бас “бүрээн дуу”  гэж хэлэв. Америкийн Нэгдсэн улсын  Калифорни мужид 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдөр сонсогдсон энэ аялгууг гэрч “том бөмбөрийн дуу” хэмээн тодорхойлжээ.

Японы улсын Токио хотод 2012 оны 3 дугаар сарын 15-ны шөнө сонсогдсон энэ аялгууг  гэрч  “доод өнгөөр тодорхой хэмнэлтэйгээр хум, хум, хум ...” (ухмм) гэж буй мэт чимээ” хэмээн дүрсэлжээ.  Энэ өдрийн өглөөний 6 цаг орчимд Австрали сонсогдсон энэ аялгууг гэрч “галт тэрэг, нисэх тэрэг, онгоц, эсвэл ачааны том машин тодорхой хэмнэлтэйгээр явж өнгөрөөд байгаа мэт чимээ” гэж дүрсэлжээ. 

Финланд, Чехославик, Шотланд, Орос, Бельги, Германи зэрэг дэлхийн олон оронд он гарснаас хойш сонсогдож буй энэ аялгууг  гэрчүүд мөн л “тэнгэрээс ч гарч буй мэт чимээ,  бүрээн аялгуу, бөмбөрийн чимээ, тэнгэр дугарах, эр зөгий хүнгэнэх, галт тэрэг, онгоц, ачааны том машин тодорхой хэмнэлтэйгээр явж өнгөрөөд байгаа мэт чимээ,  доод өнгөөр тодорхой хэмнэлтэйгээр хум хум хум ...гэж буй мэт чимээ” гэх зэргээр дүрслэн хэлсэн байна

Шинжлэх ухаан юуг гэж таамаглав

Ер бусын энэ аялгууны нууцад нэвтэрч, мөн чанарыг нэг мөр нээсэн шинжлэх ухаанч тайлбар,  туршилт одоогоор лав алга. Ийм ч учраас энэ талаар олон янзын таамаглал, онол, загвар зэрэгцэн гарсаар байна. Эдгээр онол,таамаглалын дотроос “энэ үзэгдлийг огторгуй хөдлөл (spacequakes) –ийн үр дагавар” гэж үзэх; бас  “дэлхийн цөмд болж буй өөрчлөлтийн үр дагавар” гэх таамаглал, тайлбарыг  нилээд үндэслэлтэй гэж үзэх хандлага байна.
“Энэ үзэгдэл огторгуй хөдлөл (spacequakes) –ийн л үр дагавар” гэсэн таамаглалын учир шалтгааны үндэслэлийг энд товч толиулья.  Нарнаас ялгарсан цэнэггүй, ионжсон хийн бөмбөлөг (плазам)-ийн урсгал дэлхийн соронзон оронд, зүйрлэн хэлбэл, газрын хөдлөлийнх мэт чичирхийллийг бий болгодог болохыг НАСА-ийн судлаачид 2007 онд тогтоож,  уг үзэгдлийг огторгуй хөдлөл хэмээн нэрлэх болжээ.  Огторгуй хөдлөхөд  5-6 баллын хүчтэйгээр газар хөдлөхөд бий болох эрчим (энерги)-тэй тэнцүү хэмжээний эрчим огторгуйд бий болдог аж.

Энэ үзэгдэл нь мөн дэлхийн янз бүрийн үзэгдэлд нөлөөлөх боломжтой юм. Тухайлбал, огторгуй хөдлөл нь дэлхийн туйлуудад  янз бүрийн өнгө бүхий гэрэл үүсгэхэд нөлөөлөх боломжтой болохыг  судалгаагаар нэгэнт тогтоогджээ. Үүнтэй нэгэн адилаар тэнгэрээс гарч буй гэх тэр ер бусын аялгууг ч огторгуй хөдлөлтэй холбоотой хэмээн бодож бас болох.

Тэнгэрээс гарч буй, тэр ер бусын тэр аялгуу нь огторгуй хөдлөлийн явцад үүссэн их энерги дэлхийн соронзон орон, бас агаар мандалд тархах явцад үүсэж байж мэдэх нээ. Энэ таамаглалаар бол тэнгэрийн гэх тэр ер бусын аялгуу тийм ч ер бусын биш харин огторгуй хөдлөлийн нэгэн үр дагавар л болох юм.

“Энэ үзэгдэл дэлхийн цөмд гарч буй энергийн өөрчлөлт, эрчимжилтийн үр дагавар” гэсэн таамаглалын   үндэслэлийг  энд бас товчлон танилцуулья.  Дэлхийн зүрх бол түүний  цөм юм. Энэ угтаа дэлхийн гүнд хуйлран эргэлдэж буй төмрийн халуун хайлмаг билээ. Дэлхийн зүрх мэт хэмээгдэх энэ цөмийн төлөв байдал, өөрчлөлт дэлхийн бүхэл л үзэгдэл, юмс, бүр түүний орших, эс оршихуйд нөлөөлж чадахуйц нь судалгаагаар тогтоогдсоор. Тухайлбал, эрдэмтэд ойролцоогоор 700 мянган жилийн өмнө  дэлхийн цөмд гарсан том өөрчлөлт-мутаци  нь дэлхийн соронзон оронг нөлөөлснөөр дэлхийд сүйрэл болж олон амьтад нийтээрээ үхэж, устаж үгүй болсонг тогтоосон байна.

Cүүлийн жилүүд дэлхийн цөм их идэвхижиж байгаа ажээ. Өнгөрсөн жилийн төгсгөлөөр гэхэд л дэлхийн цөмөөс их хэмжээний энерги ялгарсан нь тогтоогдов. “Энэ нь дэлхий цөмийн дотоод энерги нь идэвхижилтийнхээ өөр түвшинд шилжилж буйг харуулсан нэгэн шинж” хэмээн судлаачид үзэж байгаа юм.

Дэлхийн цөмийн энэхүү идэвхжилт нь дэлхийн гео-соронзон оронд нөлөөлж, тэр нь олон физик үйл явцын дүнд агаар мандалд хүнд сонсогдохуйц чимээ гаргаж байж мэдэх нээ.  Энэ таамаглалаар бол тэнгэрийн гэх тэр ер бусын аялгуу тийм ч ер бусын биш дэлхийн цөмийн идэвхижилтийн дэлхийн соронзон оронд нөлөөлж буй нэгэн үр дагавар л болох ажээ.

Тэнгэрийн гэх ер  бусын тэр аялгууны талаарх шинжлэх ухаанч гэмээр энэхүү 2 таамаглалын зэрэгцээ түүнийг  харь гаригынханы болон хүмүний бидний өөрийн үйл ажиллагаатай холбон үзэх үзэж тайлбарлах хандлага бас байна.  Харь гаригаас энэ дэлхий ирсэн үл таних биет (ЮФО)-ээс гарах дуу, чимээ гэж үзэх хэсэг байхад  энэ нь Америк Нэгдсэн Улсын  хэрэгжүүлж буй “ХААPФ (HAARF)” хөтөлбөрийн үр дүн, мөн ашиг олох зорилготой хийгдэж буй киноны сурталчилгаа гэх үзэл бодол ч байна.

Номлогч юу айлдав

Эртний  нэгэн алдарт шастир нэг болох  “Библи” судрын  25 дугаар зүйлийн 31 дүгээр зүйлд “ Чимээ дэлхийн төгсгөлд ирнэ (A noise shall come even to the ends of the earth Jeremiah 25:31)...”  гэж  тэмдэглэн үлдээжээ.

Библийн сургаалыг номлогчид энэ ишлэлийг иш үндэс болгон тэнгэрээс сонсогдох мэт тэр ер бусын аялгууг ийнхүү тайлбарлаж байна. “Энэ чимээ бол дэлхийн энэ иргэншилд төгсгөл ирж  буйг сануулж  байгаа бурханы чимээ, диваажины аялгуу юм.  Тэр бүрээ бол бурханы бүрээ....; Долоо анжел долоо бүрээ бэлтгэнэ....  гэжээ”  гээд л номлох ажээ.

Хамгийн сонирхолтой нь, нэгэн хөгжимчин дэлхийн янз бүрийн газарт сонсогдож, бичлэгээр баримтжисан тэр аялгуунуудыг нэгтгэн холбож нэг цогцос аялгуу болгожээ. Энэ аялгуу бол бөмбөртэй, бүрээтэй, “хум”-тай, ер нь янз янзын хөгжмийн зэмсгийн хөг орж найрсан гэмээр гайхам нэгэн найрлал хөгжим аж.  Бурханы буюу диваажины гэх энэ найрал хөгжмийг олж сонсоорой. Тэр үнэхээр гайхам, бас айхам.

Тэнгэрээс ч дуугараад байгаа юм шиг, газраас ч гараад байгаа юм шиг; бүрээ үлээгээд, бөмбөр тоглоод ч байгаа юм шиг; алсад холд тэнгэр тодорхой хэмнэлтэйгээр дугараад ч байгаа юм шиг; мөн галт тэрэг, онгоц, ачааны машин тодорхой хэмнэлээр явж өнгөрөөд ч байгаа юм шиг; бас эр зөгий хүнгэнээд байгаа юм шиг; мөн доод өнгөөр тодорхой хэмнэлтэйгээр   “ХУМ... ХУМ... ХУМ ...”  гээд ч байгаа юм шиг сонсогдох энэ ер бусын өвөрмөц, хүчирхэг чимээ-аялгуу дэлхий энд, тэд сонсогдcоор л. Тэнгэрийн энэ аялгуунд хүмүн бас алмайрсаар л.

 Дэлхийг ийнхүү алмайруулсан тэнгэрийн энэ аялгуу монгол нутагт ер нь сонсогдов уу, бас бүртгэгдэв үү.


Ц.Лувсандорж
2012 оны 7 дугаар сар 18-ны өдөр



No comments:

Post a Comment