МУУГ ҮЛ ТЭВЧИЖ САЙНЫГ ҮЗНЭ
Муугаар хүний хорвоо дутсангүй. Харин сайнаар л дутна. “Мууг тэвчихвэл, тэсчихвэл сайныг үзнэ” гээд итгэн суугч нь олоон олоон. Ингэж суухыг нь хэлж номногч ч бас цөөнгүй,
цөөнгүй. Хорвоогоор дүүрсэн энэ мууг тэвчээд тэвчээд л, тэсээд тэсээд л
суувал тэр нимгэрэхгүй, харин ч, нэмэгдээд үржээд байх тул зон олон сайныг үзэх
нь юу л бол. Үнэндээ, мууг үл тэвчиж, үл тэсэж, үл эвлэрч байж л сайныг үзнэ.
Худал хэлэх муу. Энэ мууг үл тэвчвээс
худал хэлэх соёл түгнэ. Худал
ингээд соёл болчихвол үнэн худалд дарагдана. Үнэний хорвоо угтаа худлын хорвоо
болно. Үнэн худал үл ялгагдана. Үнэн нь худал, худал нь үнэн болж тоглоно. Худлыг үл тэвчсэн тэр хүмүн эцэстээ хуурамч энэ
тоглоомын золиос болно. Үүрч ирсэн өрөө нимгэлэх бус харин нэмээд буцна. Харамсмаар. Үүнээс илүү муу гэж угтаа үгүй. Худал хэлэхийг үл тэвч, иймд. Тэгэж байж сайныг үзнэ.
Хулгай хийх муу. Энэ мууг үл тэвчвээс хөдөлмөр бус харин хулгай соёл болчихно.
Ингэснээр, хөдөлмөр хулгай дор
сөхөрч мэднэ. Хөлс дуслуулахгүй
амьдрагчдийн тоо олширчихно. Хөдөлмөрийн
нэг цагийн хөлс хөгийн, бас хогийн гэмээр
бага тогтчихно. Энэ нь хөлс дуслуулсан хөдөлмөрөөрөө амь зуугчдыг эцэст
нь сөхөөрнө, цөхрөөнө. Хулгайчийн арми өргөжинө. Энэ армийнхан энэ насандаа хар гэрт оччихгүйн
төлөө, ирэх насандаа тамд уначихгүй төлөө тулалдана. Хулгайг үл тэвчсэн хүн ингэж л ийм армийн цэрэг болох жамтай. Хайраан. Хулгайг л үл тэвч, иймд. Тэгэж байж сайныг үзнэ.
Хүн заяаг үл гамнах муу. Хүн заяа бусдаас илүү ухаардаг, ухамсарладаг, боддог,
энэрэн хайрладаг, бүр гэгээрч ч болдог ховор заяа. Ийм ховор заяаг үл гамнаж, үл хүндэтгэвээс хүн
угтаа адгуус амьтан, бүр хамгийн зэрлэг араатан ч болчихож мэднэ. Адгуусан хүн угтаа адгууснаас ч дор дордож,
араатнаас ч илүү зэрлэгшинэ. Тэр бурхан нас хүүхдийг золиослож, зодож
хатуурхана. Тэр өвгөрч өтлөгсдийг дорд
үзэж, тэднээр тохуурхаж ч мэднэ. Тэр он цагийн нэг урсгал анд нөхдөө дайснаа
гэж үзэж бөмбөгдөж мэднэ. Тэр элгэн нутаг, эх дэлхийгээ хүнийшсэн, харьжсан аясаар
сэндчиж, үүрээд буцах юм шиг л алтыг нь овоолж, усыг нь ширгээж мэднэ. Ингэснээр тэр, эцэстээ, ховорхон
заяагаа их дордуулснаа, бас ганзага
хоосон буцах болсон ганцхан зам үлдснээ нэг
л их сүрхий ухаарч гаслан уйлж мэднэ. Хайран
ховор заяа, хүн заяа. Хүн заяа, энэ ховор заяаг үл гамнах, үл
хүндэтгэх, үл хайрлахыг үл тэвч, иймд. Тэгэж байж л сайныг үзнэ.
Амьтны амиар зугаацах угтаа муу. Энэ
мууг үл тэвчвээс хүн заяа дордоно, эх нутаг цөлжинө, эх дэлхий шанална. Бас энэрэн
хайрлах ёс үгүй болж мэднэ. Махыг таваг тавгаар идэх гэж малыг тал талаар
өсгөхөд тал нутаг хуурайшина, гол мөрөн
ширгэнэ, агаар бохирдоно, эцэст нь, эх дэлхий хална, бас хөрнө. Хүсэл, зан, зөн, заяагаараа бидэнтэй ижилхээн
амьтны амиар зугаацахад хүн заяаг дордож, ер нь энэрэн хайрлах ёс эцэстээ
алга болж ч мэднэ. Үүрч
ирсэн өрөө нимгэлэх бус харин нэмээд буцахад энэ
нэрмээс их болно. Их л өрөвдмөөр. Үүнээс илүү
маруухан гэж угтаа үгүй. Амьтны амиар зугаацахыг иймд үл тэвч. Тэгэж
байж л сайныг үзнэ.
Садарлах угтаа муу. Энэ мууг үл
тэвчвээс садарлах соёл түгнэ. Садарлах ингээд соёл болчихвол хайр бус харин хурцал
газар авна. Ингэх цагт хүний хайр хурцлаас
авах таашаал төдийхөн болж мансууралд манарна. Энэ мансуурал манаран манарсаар эцэстээ хайрын биш харин хамтрагчийн соёлыг
бүтээнэ. Хэрэг нь гарвал хэнтэй ч хамтарна. Экс -хамтрагч гэж байхад энэ цагийн
хамтрагч, бас ирэх цагийн хамтрагч гэж
байх. Хамтран садарласаар явтал нэг мэдэхнээ хамтрагч ч үгүй, хайр ч үгүй, үр ч
үгүй, үйл ч үгүй үлдэж мэднэ. Садарлахыг үл тэвч, иймд. Тэгэж байж сайныг үзнэ.
Архидаж мансуурах нь муу. Энэ мууг үл тэвчвээс архидах, мансуурах соёл түгнэ. Ингэж соёлжиход харин архидахгүй,
мансуурахгүй нь энэ цагийн соёлыг огт эзэмшээгүй мэт харагдана. Тэр цагт үнэндээ юу ч тохиож мэднэ,
мансуурчихсан юм чинь. Тархи үхчиж тэнэглэл эхэлнэ. Хүн амиа алдаж, амьдралаа орхино. Үр
хүүхэд ч мансууралтай төрж мэднэ. Үндэстэн ч
үгүй болж мэднэ.Соёл ч уусаж, устаж үгүй болно. Архидаж мансуурахыг л иймд үл тэвч. Тэгэж байж
л сайныг үзнэ.
Муу бүхнийг үл тэвч. Худлаа хэлэхийг
үл тэвч, үл тэс. Хулгай хийхийг үл тэвч, үл тэс. Хүн заяаг үл хайрлах, үл хүндэтгэхийг
бас үл тэвч, үл тэс. Амьтны амиар зугаацахыг үл
тэвч, үл тэс. Садарлан цэнгэхийг үл тэвч, үл тэс. Мансууран архидахыг үл тэвч, үл тэс. Сайн биш харин
муу тул муу бүхнийг үл тэвч, үл тэс, үл эвлэрэл. Мууг тэвчиж, тэсэж сайныг үзэхгүй. Харин мууг үл тэвчиж, үл тэсэж л сайныг үзнэ.
Ц.Лувсандорж
2012 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр