ЗӨӨЛӨН БАЙ
Хатуугаар хүний хорвоо дутсангүй. Харин
зөөлнөөр л дутна. Хар даа, тэр. Нялхсын уйлаан, хөгшдийн гуниг, андын зовлон,
амьтны тарчлааныг. Сонс доо нэг. Элгэн нутгийнхаа шивнээг, эх дэлхийнхээ гаслааныг. Хатуурхаад яахав,
иймд, хүмүүс минь. Зөөлөн бай.
Хатуурхаад яахав дээ, хүүхдэд. Олсон бол тээ, алдаад яахав. Төрүүлж энхрийлж өсгө, уйлуулаад яахав.
Амьдралд тэмүүлж яваа тэдэндээ зам тавьж өг,
дайраад яахав. Баясан ирэх тэднийгээ баясан тосож аваад, цэцэг барьж ширээнд урь, харин загнаад, зандчаад
яахав. Өдрөөс өдөрт өндөрсөх хүсэл
тэмүүлэл, урам зоригийг нь бадраа, тэдний. Харин мохоогоод яахав. Сараас сард өсөх танхилхан биеийг гамна,
харин балбаж зодоод яахав. Баян, хоосон, эрүүл, саруулаар нь алагчлан
бүлтэгнүүлж ялгаад бас яахав. Үнэндээ тэд л өөрийнхөө төлөө тэмцдэггүй,
ганцхан андууд минь билээ. Чухамдаа тэд л хайр, энэрлийг түгээж, хайрлах,
өрөвдөхийг сургаж байдаг бурхан андууд минь билээ. Ийм л бурхан,
ийм л энэрэл, ийм л хайр, тийм урам зориг, тийм хүсэл тэмүүлэл, танхил энэ насанд ер нь хатуурхаад бид яахав дээ. Зөөлөн бай.
Хатуурхаад яахав дээ, хөгшдэд. Төрсний
эцэст өтөлдөг энэ хүн заяаг хүндэтгэ. Андуураад яахав. Үр минь, нутаг минь, түмэн минь гэж явсан
тэднийхээ сэтгэл, зүтгэл, ачлал, хайрын хүчинд л өдий зэрэгт хүрч гунхаж яваа гэдгээ
нэг сана. Мартаад яахав. Ер нь хайрла,
халамжил, өрөвд, энхийрэл, хамгийн гол нь, сонс, тэднийгээ. Цаас дэвссэн шиг цаг нөхцөөн тоглож, гуниглан
суугаа тэднийгээ нэг өрөвд. Сараас сард цөөрсөөр л, одсоор л. Баярлуулж, бялхуулж ер
нь чадав уу даа, тэднийгээ, бид. Тэтгэврийг нь ханатал нэг өгч чадав уу, ер нь. Гадаа нарлах, дотор хөөрөх
газартаа болгож нэг чадав уу даа, тэднийгээ.
Хэлснийг нь хуучирсаан гэж бодолгүй,
харин ухаарч өвлөж авав уу, бид, ер нь. Хөгширсөөн гэж орхин, тэднийгээ дорд үзсэн юм биш биз дээ. Ер нь,
мунгинаад байгаа шүү, бид. Үнэндээ, тэд төгсгөл биш харин бид л тэдний үргэлжлэл. Хатуурхаад ер нь юухэв, тэдэнд ээ. Зөөлөн бай.
Хатуурхаад яахав, андаддаа. Он цагийн энэ урсгалын тасархай юм шүү, тэр минь. Андын алдаа, оноо угтаа минийх, минийх угтаа
андынх. Анд бид хоёр үнэндээ нэг. Бид ингэж л он цагийн нэг урсгалд дор нэг болж, ижилсэн бүхэлжсэн андууд. Алдаж яваа андыг адалж үзээд юухэв, иймд. Онож яваа андаддаа эгдүүцэж атаархаад яахав. Атгасан гараа тэнийлгэн адаглан хатуурхах бус хайлган сэтгэлээ нээж зөөлөн бай, андаддаа.
Хатуурхаад яахав дээ, амьтанд. Хүн,
амьтан хоёр жаргал, зовлон дунд яг адилхан
юм, угтаа. Тэр төрсний эцэст оддог ав адил
заяатай юм, бидэнтэй. Тэр үрээ харамлах,
энэрэх, халамжлах, өмгөөлөх, хамгаалах эв ижил зөнтэй юм, бидэнтэй. Тэр зовлонгоос зугтах, жаргалд тэмүүлэх нэгэн адил зантай юм, бидэнтэй. Тэр, харин, шунал, хүсэл үгүй бодь амьдралаараа
биднээс их өөр. Бас худал хэлдэггүй, хуурч мэхэлдэггүй, хулгай хийдэггүй авираараа
эрс өөр. Хамгийн гол нь, тэр өгсөөр л амьдарч,
өгсөөр л оддог хайрын ч гэмээр ч юм шиг,
халамжийн ч гэмээр ч юм шиг, бүр бурханлаг ч гэмээр ч юм шиг бодьхон хувь тавилангаараа биднээс тэс өөр. Ийм эрс, их, тэс өөр ч, заяа, зан, зөнгөөрөө харин бидэнтэй их ижилхэн
энэ амьтанд хатуурхаад, ер нь, яахав,
бас идэж тарчлааж ч юухэв. Зөөлөн бай.
Хатуурхаад яахав дээ, нутагтаа. Унасан, өссөн, бас эргэн шингэх өлгий минь, чухамдаа,
эх нутаг билээ. Хөрсөнд нь хөрвөж, агаарт нь цэнгэж, усанд нь
шумбаж, соёлд нь умбаж өслөө, энэ нутгийнхаа. Хөрвөж өссөн тэр хөрсийг нь урж, үрж хөрвүүлээд ер нь яахав дээ. Эрвээхэй
дэрвэхээр л ногоон байг. Амьсгалж цэнгэж
өссөн тэр агаарыг нь хордуулж, бохируулж орхиод ,ер нь, юухэв дээ. Зүрх тэжээж, сэтгэл сэргээсэн тэр янзаараа л
оршиг. Шумбаж, цэнгэж өссөн тэр усаар алт
угааж, шавар зуурч ширгээн орхиод, ер нь,
юухэв дээ. Шувууд үргэн найдаж, баясан цэнгэсэн янзаараа л байг. Умбаж, цэнгэж, бас гангарч явсан тэр соёл,
хэл, итгэл, бодлыг нь харьчлаад, ер нь, юухэв дээ. Дэлхий нэг хэл, нэг хил, нэг хөл, нэг соёлтой
одоохондоо арай ч болчихоогүй л байна. Ирэх, орших, одохдоо ингэж л өлгийдүүлэх л заяа
тохиосон энэ дэлхийн ганцхан эх цэг их нутагтаа, ер нь, хатуурхаад, иймд, яахав дээ. Зөөлөн бай.
Хатуурхаад яахав дээ, эх дэлхийдээ. Тэр
хүн шиг л юм. Дэлхий хүн, хүн дэлхий юм. Бүр аугаа хүчит хүн шүү. Энэ хүний зүрх (цөм ) -ний жаахан л дэлсээнд л нэгэн цагийн далайн ёроол нүд ирмэх зуур л Андын
нуруу, Гималайн уулс, Отгонтэнгэр болж хувирч болно. Бас энэ хүн зүрхнийхээ нэг л цохилтоор олоон
олоон соёл иргэншлийг хормхоон зуурт устгаж үгүй болгож чадна. Ийм л хүчтэй хүн дэлхий, дэлхий хүн шүү дээ,
эх дэлхий минь. Дэлхийн хүн, хүн дэлхийн
цөм болсон тэр зүрх, угтаа, иймд амьдралын цөм, амьдралын зүрх ажээ. Гэвч энэ зүрх, үнэндээ, одоо их өвдсөөр л, бүр гасласаар л. Энэ зүрх махыг таваг тавгаар идэх гэж амьтныг тал талаар өсгөхөд их өвдөнө. Амьтдаас дэлхий хүн, хүн дэлхийн
зүрхийг өвтгөх хорт хий их ялгардаг болохоор тэр юм. Энэ зүрх ой мод, өвс
ургамал, тал нутаг тариалангийн талбай болж хувирахад бас их шанална. Ой модыг устгахад угтаа дэлхий цөлжин, хуурайшиж
амьсгалах агаар нь хомсддог болохоор л тэр л дээ. Энэ зүрх судас шөрмөс нь болох газрын гагнаасыг нь тасалж,
цус нь болох усаар алт угаахад их тарчлана. Энэ зүрх уухайлан
барилга барьж, уурхайлан газар сэндчихэд зовж гаслана. Хүн дэлхий, дэлхий хүний нүүр нь яралж, бие нь
шархалж, мөч нь салж, шөрмөс нь тасарч байгаа учраас тэр л дээ. Иймд хүн дэлхий, дэлхий хүн эх дэлхийгээ ихэд аргад,
ойлго, ухаар,хайрла, гамна. Эх дэлхий, хүн дэлхийгээ ингэж их өвтгөж, зовоож, тарчлаагаад ер нь яахав
дээ. Зөөлөн бай.
Хатуурхаад яахав дээ, хүмүүс минь. Амьдралд
тэмүүлж яваа бурхан нас нялхсад ер нь хатуурхаад яахав. Төрсний эцэст өтөлдөг энэ
хүн заяаг туулж яваа хөгшдэд бас хатуурхаад яахав. Он
цагийн нэг урсгал андаддаа мөн хатуурхаад ер нь яахав. Үрээ харамлах зөн, жаргалд тэмүүлэх зан, ирж
одох заяагаараа бидэнтэй их ижилхэн амьтанд хатуурхаад бас яахав. Ирэх, орших, одох
бүртээ л өлгийдүүлэх заяа тохиосон энэ дэлхийн эхлэлийн ганцхан эх цэг их нутагтаа хатуурхаад ер нь яахав. Хүн дэлхий, дэлхий хүн энэ эх дэлхийдээ хатуурхаад
ер нь бас яахав дээ. Иймд зөөлөн л бай, хүмүүс минь.
Ц.Лувсандорж
2012 оны 9 дүгээр сар 11-ны өдөр
No comments:
Post a Comment