ЭНЭ ХУЯГ БАГШ, БАГШ ХУЯГ ЕР
НЬ НЭГ Л БИШ ЭЭ
Энэ багш нар хүүхэдтэй мөн хүйтэн харьцдаг болж дээ, яг л хуяг шиг. Хуягжсан ийм багш цэцэрлэгт ч байсаар, сургуульд ч бүр элбэгжсээр. Энэ хуяг багш, багш хуягийн авир, тархи нэг л
биш ээ. Сэтгэл, хүн чанар нь ч бас нэг л
биш. Хандлага, тэмцэл нь ч мөн нэг л биш. Тэднийг бүтээдэг тэр уурхай нь ч бас нэг
биш. Энэ хуяг багш, багш хуяг ер нь нэг биш ээ.
Нэг л биш дээ, энэ хуяг багш,
багш хуягийн авир, тэдний тэр тархи,
таминь ээ. Гурван сар амраад орж буй гуравдугаар
ангийн хүүхдэд долоо дугаар ангийн бодлого өгчихөөд, тэднийг эх,
эцгийнх нүдэнд дээр нэг нэгээр нь уурлангуй, бүр уцаарлангуй дуудаж, “f...” гэж байгаа
юм шиг л нэг хуруугаа гозгонуулан чичлэн загнаад л, их л хэгжүүнээр, бас эрхэмсэгээр "буруу" гэж хэлж "хасах" тэмдэг өгөөд л. Алдраахан
бяцхан үрсийн эрүүл танхи тархийг эргүү тэнэг болгох гэсэн шиг “эр, эм” гэх
дүрэм цээжлүүлээд л, энгийн монгол үгсийг “эр, эм” гэж ялгуулаад л. Баясан ирсэн хүүхдийг баясаж тосож аваад зүгээр л хичээлээ эхэлж, ажлаа хийхийн оронд
энгэртээ одон мядаль гялалзуулан индэрт зогсох гэж гүйлдээд л, сайд, дарга нарт
бөхөлзөн бөхөлзөн эргэлдээд л, эрхлээд л.
Хичээлийн жилийн нээлт гэх хэцүүхэн, бас марзандуу таахалзааны дараа
нялхасыг хаалгаар эвтэйхэн оруулчихаж чадахгүй зүгээр л орхиод л. Хүүхдүүд хаалган дээр шахалдан дарагдчих гээд,
бас бэртчих гээд байхыг хээв нэг хараад л, бас орхиж яваад л. "Ээ, та нар
минь наад хүүхдүүдээ нэг эвтэйхэн оруулчихаач ээ" гэж хэлэхэд
"Хүүхдийг нь мэдээд аваарай. Хүүхдээр нь дарамтлана" гэж улайн цайм
хэлээд л. Энэ хуяг багш, багш хуягийн энэ авир уу,
бас тийм авирыг бүтээж буй тэдний тэр тархи
уу. Нэг л биш дээ.
Нэг л биш ээ, хуяг багш, багш
хуягийн сэтгэл, бас тэдний хүн чанар, таминь ээ. Эцэг эхийнх өмнө энхрий зөөлөн аясаар “хүү
минь, охин минь” гээд л их л дотнохон
хайрлаж байснаа эцэг, эх одсны араар “тэнэг, мунхаг” –аар нь хээв нэг дуудан, загнах, бас зодох, эцэст нь бүр гэмтээж ч мэдэх хуяг
сэтгэлтэн, хуяг чанартан энэ цэцэрлэг, сургуульд олоон. Хуяг багш, багш хуягийн
энэ хүн чанаргүй хуягынхаас ч долоон дор
энэ олоон үйл, үйлдэл нь үнэндээ баримтаар л их бүртгэгдэж, судалгаагаар л илт нотлогдсоор.
Нэгэн цэцэрлэгийн ОО-ын өрөөнд нэгэн
нялхыг тэнэг, мунхагаар нь дуудан, өшиглөж байсан хуяг багшийн хуягынхаас дор
тохиолдлыг энэ хоёр “улаан”-аар харж, зарга хүртэл үүсгэж явсан баримт одоо надад
байна. Цэцэрлэгт хүүхэд боож, амь насыг хөнөөх дөхсөн хуяг багшийн нэгэн
“зэрлэг” үйлдлийг монгол даяараа л мэднэ байх.
Хуяг багш, хууранжсан сургууль, хүнийшсэн захирал, хүнийшсэн даргын
хүйтэн сэтгэлээс болж “үдийн цай” гэх
үдийн хоронд хордсон олон тохиолдол монголд бас бий. “Оросын гурав” гэж алдаршсан, ер нь “хоолны
эрүүл ахуйн шаардлага” төдийхнийг уг нь найдвартай хангачихмаар хэмжээний
төлбөр авдаг энэ сургуульд “үдийн цай” гэх үдийн хорноос 100 гаруй хүүхэд нэг
дор хордож эмнэлэгт хүргэгдэж байсан тэр түүхийг одоо арай ч монгол мартагдчихаагүй
байгаа болов уу. Үдийн цайнд хамрагдснаараа л бусдаас ялгардаг бага насны
хүүхдийн дунд “бохир гарын” гэх шар ил, далд дэлгэрч, бүр илэрч, тэр нь газар
авч, сүүлдээ тэдэнд “шарын ванцин”-ыг хуурангийн аргаар “шахаад” түр
өндөрлөснийг бид мартаагүй л байгаа болов уу.
Янзын янзын зорилготой олон төрлийн судалгаа нэгэн адилаар л “хүүхдийн
эрх, эрх чөлөө сургуульд, анги танхимд, бүр цаашилбал, хуягжсан багшийн гар дээр,
хүнийшсэн захирал, хүнийшсэн даргын хүйтэн шийдвэр дор л их зөрчигдөж байгаа”
гэж дүгнэсэн байгааг энд онцлон дурдахад бас илүүдэхгүй биз
Мөнгө биш харин “хүүхэд”-ийг гэх нинжин
сэтгэл, хүн чанар, ер нь хайр, энэрэл дутснаас үүдсэн монгол хүүхдийн энэ мэт зовлон,
золиосыг тоочин тоочин ингээд бичээд бичээд л байвал цаас ч, бас цаг ч угтаа
хүрэлцэхгүй. Энэ хуяг багш, хүнийшсэн
захирал, хүнийшсэн даргын тэр хүн чанар
уу, тэр сэтгэл үү. Нэг л биш дээ.
Нэг л биш ээ, хуяг багш, багш
хуягийн тэр хандлага, тэдний тэр тэмцэл, таминь ээ. “Хүн
бүр адилгүй. Хүн бүр өөрийнхөөрөө л өөр, дахин давтагдашгүй өвөрмөц”гэсэн үнэт
ухааныг ухаардаггүй юм шиг хуяглана, тэд.
“Ялгаатайд ялгаатай л хандаж байж гэмээнэ адил тэгш болно” гэсэн эрхэм
ухааныг үл ойлгосон юм шиг хуяглана, тэд. “Хүн өөр байгаагаараа давтагдашгүй шиг ээ
өөрийн гэсэн өвөрмөц авьяастай, ялгарах
чадвартай” гэдэг энгийн ухааныг ухамсарлаагүй мэт л “35 ялгаатай хүүхдийг 1 хүн” гэж бодож хуяглана,
тэд. Ингэж хуяглаж мунхагласнаар
“нийтээрээ нь нэг сурах бичиг үзүүлж, нэг арга зүйг хэрэглүүлж, нэг арга, нэг
маягаар үнэлэх” шийдвэр гаргаж хуягласаар, тэд. “Сургууль хуараншсан гэдгийг л нотлон харуулах”
гэсэн юм шиг “хүүхэд бүрийг цэргийн гэмээр загвартай нэг л хувцас өмс (форм)” гэсэн шийдвэр гаргаж хуяглана, бас тэд. Багш хуяг, хуяг багшийн хандлага ийм л хоосон,
тийм хөөсөн. Тэдний энэ хоосон, хөөсөн
хандлага дор монгол хүүхэд л их дорд
үзэгдэж нийтээрээ сэтгэл санаа, хүсэл тэмүүлэл, урам зориг, эрүүл мэндээр хохирно,
бас золиослогдоно.
Хуяг багш, багш хуяг чухам юуны
төлөө тэмцэж чаддаг гээч. Өөрийнхөө л төлөө. Тэд “цалин нэм” гэж ажил хаяж, жагсаж чадна. Энэ
нь ч бас аргагүй биз. Тэд “байр өг” гэж шаардлага хүргүүлж, лобби хийж, бас
шийдвэр гаргуулж чадна. Тэд “өөрийнхөө хүүхдийн төлбөрийг улсаар төлүүлнө” гэж
хүсэлт хүргүүлж, шийдвэрлүүлж чадна. Тэд “тэтгэвэр гаргахдаа бусдаас онцгой
нөхцлөөр гарна” гэдгээ үндэслэн нотолж хуульчлуулж чадна. Тэд одон мядалиар шагнуулахыг
хөөцөлдөж, бас шагнуулж чадна. Тэд бас улс төржиж сайн чадна. Гэвч тэд хүүхдийн
сайн сайхныг төлөө л тэмцэж харин чадахгүй.
“Хүүхдийн биеийн тамирын талбай”-г зарсан байхыг хараад тэмцээгүй, тэд. “Хүүхдийн тоглоомын талбай” зарагдаж үгүй болж
буйг хараад тэмцээгүй, тэд. Сургуулийн боловсролыг харьчилж түүгээр улс төр,
шоу хийж, хүүхдийг олон жил хохироож буйг хараад тэмцэхгүй, тэд. Харин ч
бялуугаас хүрсэн нь бий. Бохир гарын шар
өвчинд нялхас нэрвэгдэж буйг үзээд тэмцээгүй, тэд бас. Харин ч хараагүй юм шиг, бас мэдээгүй юм шиг
байсан. Хуяг багш, багш хуяг өөрийнхөө төлөө сайн тэмцэж чадна аа, харин өрөөлийн төлөө, бүр хүүхдийн төлөө бол
харин огт тэмцэж чадахгүй дээ. Хуяг багш, багш хуягийн энэ хүний
төлөө бус, хүүхдийн төлөө бус тэр
хандлага, тэр тэмцэл үү. Нэг л биш дээ.
Ийм л хуяг багш, багш хуягийг
бүтээдэг, багшийг хуяг болгон өөрчилдөг
уурхай ч бас байх. Энэ уурхайн гүнд
он удаан жил хаягдаж, дарагдаж бүр хуягжисан бул хар чулуу ч байна. Энэ уурхай ч, тэр хуягжисан бул хар
чулуу ч бас л нэг л биш дээ.
Хуяг багш, багш хуяг ч, бас багш хуягжих ч ер нь нэг л биш дээ. “Энэ ер нь биш дээ” бүхэн угтаа гэгээн бус харин их
хар үйл, бүр хорт үүл юм. Ийм хорт үйл, хар үүл боловсролын талбарын ариун тэнгэрийг
бүүр бүрхэн тунаж, гүн тогтож ээ. Иймд энэ
хорт үйл, хар үүлийг хуягжисан бул хар
чулуутай нь хамт, бас тэр уурхайтай нь хамт боловсролын талбарын ариун үйлсийн тэнгэрээс
шалавхан шахан хөөх үйлсийн аяныг ер нь шуурхай эхэлцгээе. Энэ их
үйлсийн аянд хамтаа ч мордцгооё.
Хаяг нь хуяг болсон энэ багш хуягийг
зүрхэнд хайрын үр хөрсжсөн, сэтгэлд нь энэрэл, хайр, өршөөл, уучлал эгшиглэсэн,
тархинд нь авилга, мөнгө, шагнал бус харин сэхээрэл, ухаарал, бодрол, эргэцүүлэл
хөвөрсөн их соён гэгээрлүүлэгч болгон өөрчилцгөөе, энэ их үйлсийн аянаараа. Ийм
аяныг ингэж шуурхай эс өрнүүлбээс, харин энэ хуяг багш, багш хуяг ер нь нэг л
биш дээ, биш.
Жич:
“Хуяг багш, багш хуяг” биш багш байгаа гэдэгт итгэнэм. Тэднээс чинхүү
хүлцлийг өчнөм. “Нэг үхрийн эвэр
доргиход мянгынх доргино” гэсэн ухаан байхад “Мянган үхрийн эвэр доргиход
нэгийнх, бас нижгээдийнх нь доргино” гэсэн ухаан бас байх. Энэ л ухаанаар энэ
нийтлэлд “хуяг багш, багш хуяг” гэсэн үг хэллэг хэрэглэв.
Ц.Лувсандорж
2012 оны 9 дүгээр сар 4
No comments:
Post a Comment