Сургуулийн хуаранжилт
“Болж байна, болж байна, сургууль нь” гэж аман хөөргөнө, цаасан шагнана,
төмрөн тэмдэг зүүж өгнө. Гэвч “болж
байна” гэж хөөргөсөн тэр сургуульд “болохгүй” нь харин олоон. Хуаранжсан юм чинь.
Анги танхим нь хуарангийнх шиг л
байх. Үнэр танар нь хуарангийн ОО-ынх
шиг байх. Захирал, багш орж ирэхэд нир
хийтэл босоод нэг дуугаар “Сайн байна уу, захирлаа, багшаа ” гэж цэрэг шиг мэндэлнэ, хөөрхий, цэрэг
хүүхэд, энд. Ширээний ард гараа зөрүүлэн
цомцойн чимээгүй суухыг л тулгана, тэдэнд.
Асуулт асуухдаа гараа өргөх төдийхөн л хөдөлгөж болох аж. Яг л цэрэг шиг, хөөрхий. “Ижилхэн хувцаслана, ижил сурах бичиг
үзүүлнэ” гэж яам нь хуаранжиж дөвчигнөнө.
Тэд бас “хүүхэд бүрт ижил хоол
идүүлнэ” гэдгийг хуаранжин шийджээ. Яанаа.
Энэ шийдвэрээ хүүхдэд тушааж
хэрэгжүүлсээр. Яг л коммунизм шиг, дарангуйлал шиг. Бүгдээс “энхрий намдаа хайртай” гэж дуулахыг; “улаан дарцаг зүүх”-ийг тулган шаардагдаг шиг
л тэд ингэж авирлана. Уг нь “хоолоо сонгож идэх, хувцасаа сонгож
өмсөх” нь хүний эрхэм дээд эрх нь юмсан. Гэтэл хуаранжсан сургууль, хуйранжсан
тархит эрхмүүдэд хүүхэд заяаны энэ үнэт зүйл огт хамаагүй байх. “ Хүүхэд бүрийг
ижил хооллоно, ижил өмсгөнө. Бас ижил хэрэгцээ, ижил сонирхолтой, адил тархи, сэтгэлгээтэй,
тэгээд ижилхэн сурна” гэж үзэн, хуаранжин бүлэгт хуваана, бүлэгт заана, бүлэгт
зардал, төсөв тооцно. Хооронд нь
уралдуулж дүгнэнэ, хэрэлдүүлж төлөвшүүлнэ, төмрөн медальд донтуулагч болгон
хүмүүжүүлнэ. Эцэст нь энэ хуаранжсан
сургуулил тэднийг хамтрагч биш, харин
тэмцэгч, нялх авилгач, долгиногч болгон хувиргана. Яг цэрэг шиг, бүр яривал
зомби шиг л болгоно. Хуаранжсан сургууль, цэцэрлэгт хүүхэд ингэж л цэрэгжинэ,
зомбичлогдоно. Сургуулийн энэ хуаранжилт
их, дээд сургуульд ч уг чанараа яг л
адилхан амилна.
Аман хөөрөлд хөөрсөн хуаранжсан цэцэрлэг, сургуульд хүүхдийн эрх өдөр тутам ингэж л хуаранжин зөрчигдөж, эрх
чөлөөг нь хуаранжин хумигдаж их дарлагдана. Эцэстээ, хуаранжсан сургуулилаар
бүтээгч тархит бус, харин цэрэг тархит бэлтгэгдэнэ. Дүнд нь нийгэмд бүтээлч
сэтгэгчид л их үгүйлэгдэнэ. Хуаранжсан сургууль хүүхдийг ч, нийгмийг ч
эцэстээ ингэж л их хорлоно.
Ц.Лувсандорж
2012 оны
10 дугаар сар 31-ний өдөр