МОНГОЛОО ГОЁ
Монголоороо мөн их гоёлоо доо, одоо монголоо гоё. Бодлоороо гоё. Үйлдлээрээ
гоё. Үйлсээрээ гоё. Гоёж чим, чимж гоё,
монголоо.
Бодлоороо гоё, монголоо. Монголоо ингэж гоёход угтаа
хэцүү биш, харин их энгийн. Монголоо сайнаар бод, сайхнаар эргэцүүл. Монгол мангуу бус харин сэргэлэн. Монгол
залхуу бус харин ажилч, хөдөлмөрч. Монголчууд тамын тогооны үлгэрийн баатрууд бус
харин дэлхийн түүх, соёл, иргэншлийн баатрууд. Монгол мөнх хөх толбоороо, мөнх
тэнгэрийн итгэлээрээ ялгарч орших дэлхийн
тасархай. Монгол угтаа Азийн Европ,
Европын Ази. Европын Монгол өрнийн
соёлтой. Азийн Монгол дорны ухааралтай. Монгол ийм өрнө, дорны ухаарал, соёл
зэрэгцэн амилах ховор улс. Монгол дэлхийн эртний түүх,иргэншилд жижиг биш аугаа
улс. Монгол энэ цагийн аясанд ядуу,
буурай улс бус, харин дэлхийн хамгийн баян, дэвшилттэй улс. Монголоо сайнаар бод, сайхнаар сэтгэ. Монголоо
бодлоороо ингэж чимж гоё, гоёж чим.
Үйлдлээрээ гоё, монголоо. Монголоо ингэж гоёж чимэх их энгийн. Идсэн алим, хөлхсөн чихэр,цөмсөн самар, татсан
тамхиныхаа хогийг гоё машиныхаа цонхоор гаргаж хаяхгүй байгаа тэр үйлдэл тань монгол
ахуйн чимэг, монгол ахуйн гоёл. Алхаж
явсан ч, автобус хүлээсэн ч, романслаж
байсан ч шүлсэн мөндрөөр эх захгүй шүршихгүй
байгаа тэр үйлдэл тань монгол ахуйн гоёл,
монгол ахуйн чимэг. Хонины хонгорынхоо
хондлойн дээр хоёр,гурваар нь сундалчихаад шогшиж явдаг шигээ; хүссэн цагтаа хүссэн газартаа
зогсож морь харж болдог шигээ; мориор хаагуур ч хамаагүй давхиж болдог шигээ ийм л авир, тийм л тархиар их хотын замын хөдөлгөөнд
оролцож үл болох гэсэн тэр ухаарал тань, тэр үйлдэл тань монгол ахуйн чимэг,
монгол ахуйн гоёл. Ядуу, тарчигхан
байлаа ч хир үнэртүүлж, халтар царайлж,
архи ууж, агсам тавьж, зэрлэг догшин авирлахгүй байгаа тэр үйл тань монгол ахуйн
чимэг, монгол ахуйн гоёл. “Монгол үг
бүхнийг “p….” гэсэн харь төгсгөлтэй дуудна” гэсэн шинэ дүрэм бий болчихсон юм болов уу гэж эргэлзмээр эх
хэлээрээ мулгуу, муухай ярих бус харин яруу тансагхан ярьж хөөрөх нь монголын
гоёл, монголын чимэг. Чин үнэнийг
буруугаар ашигласан элдэв онол, суртал, хууран мэхлэлт, аливаа хазгай мулгууд тархигүй толгой мэт л хууртан мунгинаж,
хошууран далбигнах бус харин энэ цагийн ухаарал, сэхээрэл, гэгээрлийн дор өөрийн гэсэн итгэлтэй болж, тэргүүн дээш яваа тань
монголын чимэг, монголын гоёл. Монголоо
ингэж л үйлдлээрээ чимж гоё, гоёж чим.
Үйлсээрээ гоё, монголоо. Монголоо ингэж чимж гоёход их энгийн, гэхдээ, гагцхүү сэтгэл л хэрэгтэй. Мөнгө хийх бүрдээ монгол минь, эх
орон минь, элгэн түмэн минь хэмээн хайлган сэтгэлээ нэг нээж эргэцүүл. Монголоороо мөнгө хүүлэх бус харин монголын
төлөө гэж мөнгө хий, бизнес хий. Сайн хий. Ийм сэтгэлээр хийсэн мөнгө бүр тань, бизнес бүр тань, үйлс
бүр тань монголын чимэг, монголын гоёл. Нэг
л замыг жил бүхэн л зассан нэр зүүж улсаа ч, олноо ч, үнэндээ бол эцэстээ
өөрийгөө л хуурч хэдэн төгрөгийг амархан олох бус харин “монголын төлөө” гэж сэтгэл шингээн сайн хий. Ингэж хийсэн ажил тань монголын чимэг,
монголын гоёл. “Монгол нутаг дэлхийн хогон
машины хогийн цэг” гэж л бодсон мэт хогон чийчаан оруулах бус харин “монголоо
гоёно” гэсэн ухаанаар шинэ брендийг шинээр нь оруул, шинээр ав. Ингэж хийсэн
наймаа тань монголын чимэг, монголын гоёл. “Монгол дэлгүүр дэлхийн хорон хоолны цэг” гэж л бодсон мэт хорон бүтээгдэхүүн оруулах бус “монголоо
хамгаална” гэсэн ухаанаар эрүүлийг оруул, эрүүлийг хий, эрүүлийг ав. Ингэж хийсэн бизнес тань монголын чимэг,
монголын гоёл. Харийнхантай хамтран ажиллах гэрээг ходоодоо бус харин монголоо л
гэсэн сэтгэлээр л хий. Ингэж хийсэн
гэрээ тань монголын чимэг, монголын гоёл. Монголд Монголын Америк их сургууль байгуулах бус
харин Америкт Монголын их сургууль байгуулж монголын төлөө мөнгө хий, бизнес хий. Ингэж хийсэн бизнес тань монголын чимэг,
монголын гоёл. Монголоо ингэж л үйлсээр чимж гоё, гоёж чим.
Сайхан бодлоороо монголоо гоё. Ухаалаг үйлдлээрээ монголоо гоё. “Монгол” гэсэн сэтгэл шингэсэн үйлсээрээ монголоо
гоё. Гоёж чим, чимж гоё, монголоо.
Ц.Лувсандорж
2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр
http://undesniibolovsrol.blogspot.com/2012/10/blog-post_16.html
http://undesniibolovsrol.blogspot.com/2012/10/blog-post_16.html
No comments:
Post a Comment