Wednesday, October 10, 2012

МАШИНЫ ЭРХ ТАНХИ ТҮРЭМГИЙЛЭЛ


МАШИНЫ ЭРХ ТАНХИ ТҮРЭМГИЙЛЭЛ

Хөлөөрөө зорчигч хөл ч тавих газаргүй болж дээ, энэ хотод.  Хогон машин энэ хотыг эзлэн түрэмгийлж, хорлон сүйтгэж байгаа болохоор тэр.  Орцыг  тэр эвдэлж түрэмгийлнэ.  Гарцыг  тэр гацааж дарамтална. Замыг тэр эвдлэн эзэлж, эдлэн тохуурхана.  Машины энэ эвдлэн түрэмгийлэл, хорлон сүйтгэл, эзлэн дарангуйллыг  төр засаг, замын цагдаа нь эрхлүүлэн дэмжин, хөөрөн баясана. Хөлөөрөө зоригч энэ хотод  ингэж л  гишгэх газаргүй болтлоо  алагчлагдана,  тохуурхагдана, дарамтлагдана, бас дарлуулна.

Орцыг эзлэн дарамтал. Яг ийм тушаал авсан юм шиг жолооч орцыг  морины уяа мэт хэрэглэж, орчмыг нь эвдлэн эзэлж, дарангуйлан зогсоно.  Суугчид орцондоо ороход ч, гарахад ч нэн бэрх.  Таяг тулсан хөгшид нь нүдэндээ нулимстай, нүүрэндээ гунигтай дэмий л үглэн зогсох. Тэд орцноос нэг гарвал орж чадахгүй, нэг орвол гарч чадахгүй аюултай тулгарсан болохоор тэр. Цүнх үүрсэн нялхас орц уяанд чихэлдсэн машины дундуур орох гэж, бас гарах гэж хүч үзэж, ухаан уралдуулна. Тэд мөлхөж ч үзнэ, гулсаж ч үзнэ. Эцэст нь  гэмтэж хохирох, хувцсаа бохирдуулах нь энүүхэнд,  бас шүүх дуудагдаж эцэг эхээ өрөнд унагах ч олоон.  Ажилдаа яарах идэрхэн нь орц уяанд чихэлдсэн машины  эвийг олж явах гэж зутарна. Ингэж зутарч явах зуур өмсөн хувцас нь  машины тоосны алчуур, зүлгүүр болчихсон байхыг мэдэж бас гутарна. Машин ингэж орцыг  эвдлэн эзэлж, түрэмгийлэн дарангуйлахад орцныхон тэгэж зутарна, гутарна, алагчлагдана, тохуурхагдана, торгуулна. 

Гарцыг гацааж дарамтал.  Яг ийм тушаал авсан юм шиг л машин гарцыг гацааж дарангуйлна.  Энэ гацаанаас болж явган зорчигч ногоон гэрлээр ч аятайхаан гарч үл чадах. Аюултай.  Таяг тулсан хөгшид ногоон гэрлийг хүлээж, хүлээж хөдлөхөд машин давхиж орж ирээд л чигнаалдаж тохуурхана, дайрах гэж сандаргана, ер нь шүргэж гэмтээнэ, дайрч егүүтгэнэ.  Цүнх үүрсэн нялхасыг гарцан дээр сандаргах нь түгээмэл, бүр дайрч гэмтээх, амийг егүүтгэх нь цөөнгүй. Идэрхэн нь машинтай ч, малтай ч цуг хөглөрөлдөн, хэрэлдэн нервтэж зүрхээ дэлсээн, сэтгэлээ гонсойлгон зүтгэнэ. Гадныхан монголд гарцаар гарахаасаа  л ухаан алдалтлаа айж сандарна. Японы нэг оюутан гарцаар гарч чадахгүй уйлаад л зогсож байсан тохиолдол бий. Барууны нэг эр гарцан дээр дайрах гээд байгаа юм шиг  дүрлүүлсэн бух мэт зүтгэдэг монгол жолоочийн авирыг үл тэвчиж хайртай машиныг нь өшиглөж “чингисийн удам”-ыг уурлуулж бухимдуулсан тохиолдол бас байх.  Одоо бүүр ч хэтэрч цагдаа замын голд зогсон явган зорчигчийг ногоон гэрлээр ч явуулахыг  тас хорьж, машинаа л илүүд үзэн ийш тийш тэднийг хурдлуулан давхиулдаг болж.  “Явган зорчигчоо явуулаач дээ” гэж шаардахад “Та нар цөөхөн байна. Цаана чинь, машинтан нь олуулаа болоод байна” гэх. Олуулаа нь л зорчих эрхтэй, цөөхөн нь зорчих ч эрхгүй болох нээ, энд.   Гарцыг гацаах машины түрэмгийллийг цагдаа, төр засаг нь ингэж л эрхлүүлж, хөөргөн дэвэргэнэ. Энэхүү дэвэргээн дор хөлөөрөө зорчигч энэ хотод гарцаар ч гарах эрхгүй болтлоо цөөрнө. Машинтан харин энэ хотод дураараа дургиж чадах болтлоо олууллаа болж, цөөнөөр тохуурхаж, түрэмгийлж дарамтлана.

Замыг эвдлэн сүйтгэ.  Яг л ийм тушаал авсан юм шиг машин явган зорчигчийн замыг эвдлэн сүйтгэнэ.  Замын хашлагыг дайрч эвдэн  машинаа явган хүний замаар эгнүүлэн тавих нь морин тархит моньдийн түгээмэл нэг авир.  Машин эгнэн ингэж жагссан  замаар явган зорчигч яаж явах вэ дээ.  Нэг алхаад нэг машин, нэг машиныг тойроод л нөгөө машиныг тойрох хэрэгтэй болох.  Ингэж мунгинаж байснаас “машины замаар л машинтай ижилсэн хамт л явахаас биш” гэж үглэн хогон машинтай холилдон зүтгэнэ. Явах замаа машинд эвдлүүлсэн, эзлүүлсэн явган зорчигч ингэж машинтай үзэлцэнэ. 40-200 морины хүчтэй машинтай нэг ч морины хүчгүй хүн тэмцэлдсээр, хүмүүнлэг ардчилсан улсын ардчилсан энэ нийслэлд. Бороотойд тэд шавраар нүдүүлж зутарна, хөөрхий.  Салхитайд тэд тоосонд булуулж зүтгэнэ, зайлуул.  Нартайд тэд шоолуулсон харцанд ширвүүлж шийтгүүлнэ. Ардчилсан монголын ардчилсан нийслэлд хүн машин хоёр ингэж л тэмцэлдэн ижилсэнэ. Машины энэ түрэмгийлэл энд ийм л их эрх танхи.  Хүн заяа, хүнлэг үзэл харин энд ингэж л басамжлагдана, тохуурхагдана, алагчлагдана.

Машины түрэмгийлэл их эрх танхиа, энэ нийслэлд.  Орцыг нь тэр эзлэн түрэмгийлж эрхэлнэ. Гарцыг нь тэр гацаан дарамталж эрхэлнэ. Замыг нь тэр эвдлэн сүйтгэж, эдлэн түрэмгийлж эрхэлнэ.   Машины эрх түрэмгийллийг цагдаа нь бүр эрхлүүлж дэвэргэнэ. Машины эрх танхи энэ түрэмгийллийн дор хүний эрх, хүнлэг ёс энд, харин, гишгэх газаргүй хөлтэй л дүйцэж харагдана.    

 

Ц.Лувсандорж

2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр

 

 

 

No comments:

Post a Comment