МОРИНЫ ХӨӨРХИЙ ХҮҮХЭД
Бие, оюун, сэтгэлийн хөгжлийн “цэцэг”
лугаа үе хүнд бий. Хүний энэ цэцэг үе нялх, балчир, бага, өсвөр, ер
нь хүүхэд нас. Хүүхэд нас иймд цэцэг
лугаа харгүй цагаан, гэмгүй гэнэхэн, хөөр баясал, гэгээн хайр.
Цэцэг ертөнцийн үнэн хууль дор боловсорч ургадаг нь байгалийн жам. Хүүхэд чин хайр, энэрэл халамж дор өсөж торнидог нь
хүмүүний ёс. Гэвч цэцэг лугаа хайрлам
нас, хайран амь биеэ хөлсгүй ажилд хүчээр зүтгэж өнгөрөөх хөөрхий нэгэн бүл хүүхэд,
хүүхэд бүл монголд байна. Энэ бүлийн царай гандмал, харц гундмал, дуу ядруун,
бие давжаа. Энэ бүлд эрх үгүй, харин эзэн, ноён, ашиглаач олон; хамгаалагч, өмгөөлөгч, халамжлагч цөөн. Золиослогдсон ийм нэгэн хөөрхий бүл хүүхдийг ардчилсан гэх монголд
морины хүүхэд гэдэг.
Морины хүүхдийн амь, бие цэнэгүй
Хурдан морь унаж холын зайнд уралдах
нь хүүхэд бүү хэл, насанд хүрсэн хүнд хүртэл аминд аюултай, биед халтай үйлдэл юм. Иймд учраас
уралдааны морь унах нь нарийн мэргэжил болдог.
Амь насанд эрсдэлтэй тул энэ мэргэжил өндөр цалинтай, хууль эрх зүйн нарийн
зохицуулалтай. Мориноос унаж бэртэх, амиа алдах, уралдаанд морь амжилттай
давхих тохиолдолд талууд ямар үүрэг, хариуцлага хүлээх, шагнал, бооцойгоо хэрхэн хуваахаа
гэрээ,хэлэлцэлдээ яг таг нарийн зааж
өгсөн байх.
Австралид байхдаа давжаа биетэй, дунд эргэм настай, таяг тулсан
нэгэн эртэй хөрш байлаа. Цагийг нөхцөөж элдвийг л хөөрөх. Нэгэн удаа “Та чинь яагаад таяг тулчих ваа”
гэж асуухад тэрээр “Би уралдааны морь унагч.
Энэ ажлыг олон жил хийж байна. 2 жилийн өмнө мориноос унаж, ташаагаа
гэмтээсэн. Одооноос таягтай
явж эхэлж байна даа” гэв.
Тэгэхэд нь би залгуулж “Австралид
эмнэлэгийн үйлчилгээ чанартай ч, их үнэтэй. Тэгэхээр та эмчилгээндээ нилээд
хэдийг зарж дээ” гэж яриа өдөхөд, тэрээр “ Эмчилгээний зардал надаас гардаггүй,
харин эрүүл мэндийн даатгалын сангаас төлнө.
Бас эмчлүүлж байх хугацаанд морины эзэн надад сарын цалинтай тэнцэх
мөнгө төлдөг. Хамгийн гол нь мөнгө биш, харин биеэ гэмтээхгүй, амиа алдахгүй
байх л хамгаас чухал юм даа” гэж билээ. Тэрээр мөн цааш нь “Босс (морины эзэн)-ын гол хийх зүйл
бол түрүүлэх чансаатай морийг олж худалдан авах. Үлдсэн нь багийн ажил. Багийн ажил тул
амжилтын үр дүн болох шагнал, бооцойгоо
оролцоогоороо л хувааж авдаг” гэж ярихад нь би угтуулж “Унасан морь тань
түрүүлсэн тохиолдолд ойролцоогоор хэдийг авах бэ” гэж сонирхоход тэрээр
“Морь унагч шагнал, бооцойныхоо 20-30
хувийг авдаг. Бас сарын цалингаа авна. Нийлээд ирэхээр хангалттай
мөнгө ш дээ” гэж билээ.
Морь уралдуулах нь иймд соёл, уламжлал
гэхээсээ илүү ашгийн төлөөх уралдаант үйл, бизнес юм. Тэгэхээр тэр хүүхдийн үйл огт биш харин шийдвэртээ
эзэн нь байж чадах зөвхөн насан хүрэгчдийн ажил, үйлдэл. Монголд ч энэ
бизнес уг чанараараа өдөр, шөнө, өвөл,
зун гэлтгүй л цэцэглэн хөгжиж байна. Энэ
нь буруу биш байлгүй, мөнгөжилтийн нийгэмд.
Гэвч энэ бизнесдээ гэмгүй хүүхдийг гэмтэй ашиглаж байгаа нь л харин
ёстой, гарцаагүй буруу, яах аргагүй монгол гажиг.
Энэ буруу үйлдэл, тэр монгол гажгаас болж арав арваар тоологдох
хүүхэд алтан амиа алдсанг, зуу зуугаар хэлэгдэх хүүхэд эрдэнэт биеэ хэмхэлснийг; мянга мянгаар
дурсагдах хүүхэд өсөх насандаа морины нуруунд дээр бөмбөгдүүлж явсныхаа гай, горийг
давжаарч хэмхэрсэнг биеэрээ, хоцорч
харшсан оюунаараа, гандаж гундсан сэтгэлээрээ эдэлж явааг бодит олон түүх,
болсон олон явдал цагаас цагт үеэс үед гэрчилнэ.
Ардчилал, хүний эрх хэмээн айхалсан
он жилүүдэд гэхэд л мориноос унаж алтан
амиа алдсан морины хүүхдийн тоо олонд
мэдэгдснээр лав л арав хол гарсан.
Мориноос унаж нуруу нугас, тархи толгой, гар хөл, шүд амаа гэмтээж биеэ хэмхэлсэн
хүүхдийг тоолоход ч тоймгүй. Дүн өвлийн
тэс хүйтэнд морь уралдаж нүүрээ хөлдөөж, чихээ тасдаж, нүдээ царцаасан морины
хүүхдийн гунигт тохиолдлыг тоолоход ч бэрх,
бодоход ч аймшигтай. Нялхаасаа мориных болсон хөвүүн арав ч хүрэхгүй насандаа өвгөдийн гэх
түрүү булчирхайн үрэвсэлд өртөж хүүхэд “өвөө” болдог бодит үнэнг сонсоход ч
гунигтай, харьцуулахад ч гутамшигтай.
Алтан амиа алдсан хүүхдэд хэн амь өгөв өө. Эрдэнэт биеэ хэмхэлсэнд хэн эрүүл
бие барив аа. Цэцгэн насныхаа бие, оюун,
сэтгэлээ золиос болгож орхисондоо насан туршдаа гунихарж яваад хэн цэцгэн насныхаа
гэгээн дурсамжаа дурсгав аа.
Хөөрхий морины хүүхдийн алтан амиа
үнэгүй юу, тэдний эрдэнэт бие нь цэнэгүй юу, энд. Цэцгэн насны гэгээн дурсамж, хайр, халамжтай
явах хувь үгүй юу,морины энэ хэдэн хөөрхий хүүхдэд.
Морины хүүхдийг ашиглаач олон
Монгол даяараа л морины хүүхэд,
хурдан морины хүүхэд гэж шуугих. Морины хүүхэд уг нь хүний хүүхэд л дээ. Гэвч тэд одоо хүнээр биш харин мориор овоглох
хүртлээ морижсон байгаа юм. Морь унах нэрээр өвөл зунгүй, өдөр шөнөгүй зарагдаж буй тэр хүүхдийн харцанд нь нэг л хайр
дутсан, гийнгоонд нь нэг л хөг алдарсан,
биеэнд нь нэг л тэжээл дутсан, нүүр нь их л наршиж гандсан, ходоод нь их
л өлсөж цангасан, бие нь их л харшиж давжаарсан харагддаг. Олон эзний нэг зарц болохоор энэ л дээ,хөөрхий. Бас олон хүнд олон янзаар
буруугаар ашиглагдаг болохоор тэр л дээ, хөөрхийс.
Морины гэх хүүхдийн эцэг эхийн
нийгмийн байдлыг судлан үзбэл нэг л зүйл их тодорхой. Морины хүүхэд сэхээтний
хүүхэд бүр биш. Учир нь сэхээтэн хүүхдэд эрсдэлтэй, бас эрсдэлгүй үйлийг сайн
ялгаж эргэцүүлж чадна аа.
Морины хүүхэд баяны хүүхэд лав биш. Учир
нь монгол баян баярхагч, баярхагч гэлээ
ч хүүхдээ мориных болгож арай ч баярхахгүй нь мэдээж.
Морины хүүхэд дундажийн хүүхэд ч
биш. Дундаж дундаж гэлээ ч тэд хүүхдээ
мориных болгож дундажаас доошлуулж дорд орохгүй нь илт.
Морины хүүхэд иймд гагцхүү ард болж
дорд болсон ядуугийн л хүүхэд байх. Дорд
ядуугийнхаа гайгаар ардууд “монгол уламжлал”, монгол соёл”, “ард болсон
монгол”, “чингисийн монгол”, “морьтой монгол”
гэх хийрхэлд хөтлөгдсөн нэр дор хөөрхий хүүхдийг хоолноосоо холдуулж,
өөрөөсөө зайдуулж ашиглана. Өөрөөсөө
ингэж холдуулахын хамт бас дэлхийд өндөр хөлстэй байдаг ажлыг дэргэдэх
нэгэнтэйгээ үнэгүй мэт хөнгөнхөн нууцаар тохирч, хөөрхий хүүхдээр мөнгө хийж
буруугаар ашиглана. Эцэг эх, халамжлан
хамгаалагч нь ингэж л морины хүүхдийн анхдагч ашиглаач болох нь энэ дээ, энэ ард болгосон монголд.
Ардчилсан монголд хурдан морь ашиг
олох, хувь хүнийг ардын дунд танил болгох гэсэн нэн чухал хоёр үүрэгтэй. Ийм
учраас тэр монгол баян, монгол “од”-ын бизнесийн нэгэн үндсэн хэрэгсэл байх. Морио дагаад л морины хүүхэд ч монгол баян, монгол “од”-ын
баялаг, барлаг болдог. Монгол баян, монгол од ингэж морины хүүхдийн үндсэн
нэгэн ашиглаач болох нь энэ дээ, энэ ард болсон
монголд.
Морины хүүхдийг “мориных биш харин хүнийх ”
гэж үнэн зоригтой хэлж чадах хүн байвал тэр лав л монгол улс төрч биш.
Үнэнг ингэж улаан цайм хэлж ард сонгогчоо
алдах тийм “тэнэг” улс төрч, ийм
“үнэнч” улс төрийн нам ч ер нь хаа ч байхав дээ.Иймд тэд “морины хүүхэд уулаасаа
л хүнийх биш харин мориных” гэх эсрэг
логикийг ёстой уран хөгжүүлнэ дээ.
Тэд “морины хүүхэд монголын
уугуул соёл; хүүхэд
унаагүй морины уралдаан монголынх лав биш, за тэгээд цаашилбал,дэлхийн талыг
мориор л эзэлсэн, хүүхдийн гийнгоог сонсоход самсай шархихарна, морьтойгоо
наалдана, наадна ....” гэх зэргээрээ хаа
хамаагүй хувьсагчийг хольж хутгаж хийрхэнэ, хөөргөнө, уяраана. Улс төрч ингэж морины хүүхдийг өөрийн
карьертэй уран ашиглана. Эцэстээ тэд бас
л морины хүүхдийг буруугаар ашиглаачийн тэргүүн эгнээнд хэдийнээ багтан,
манлайлан явах нь энэ дээ, хүний эрх,
шударга ёсыг дээдлэнэ гэх хүмүүнлэг ардчилсан энэ монголд.
Хүүхэд насаа монголынх гэж ард олноо
хялбархаан итгүүлэх, тэдэнд таалагдах
нэг сайн арга бол морины хүүхэд болох шахснаа дурсах. Энэ аргыг урлаг, спорт,
хэвлэлийнхэн ёстой улаан цайм, улаарч хэрэглэнэ ээ.
Олноо танил гэх нэг эрхэм саяхаан “Хурдан морийг хүүхэд л унаагүй бол
тэр ёстой монгол наадам биш” гэж үндэсний телевизийн дэлгэцнээ ихэд
цэцэрхэв. Бас нэг нэртэй гэх тамирчин “Хүүхэд байхдаа морь их
уралдаж байв. Адуунд тангаруулж өслөө. Энэ нь бараг л сайхан, сайн зүйл байсан,
ирээдүйн амжилтынх нь эх болсон” гэж бараг л дэмийрч байна уу гэмээр хөөрөв.
Өвлийн тэс хүйтэнд морь уралдан хөлдөөс болох шахсан морины хүүхдээс “морь тань
хэр хурдлав даа” гэж асууж тохуурхан их л хүмүүнлэг зогсох эм сэтгүүлч ч олон
байх. Түрүүлж ирсэн морины хүүхдийг түлхэчихээд зөвхөн л морь, эзэн хоёрыг бахдан сурвалжлах
хөтөлбөр ч, олон нийтийн сурталчилгааны хэрэгсэл ч мөн ч олон. Тэд мориных нь ч, эзнийхэн нь ч эцэг эх, ах
дүүс, амраг саданг сурвалжлан сурталчилдаг
хирнээ амь биеэ золиослон, хөлс дуслуулан тэмцэж ирсэн морины хүүхдийг харуулдагчгүй, нэрийн ч
асуудагчгүй, ер нь тооддогчгүй. Морины хүүхдийг
тоож харьцах нь, “тэд мориных биш, уг нь хүнийх” гэж хэлэх нь
их урлаггүй, аугаа ухаангүй, их
соёлгүй болох нь л дээ. Ингэж хэлсэн
нь ёстой амархан адаглагдана гэдгээ ч
бас мэднээ, тэд. Ийм учраас энэ цагийн
урлаг, спорт, хэвлэлийнхэн морины хүүхдийг “мориных” гэж үзэн ерөөсөө тооддоггүй.
Ингэж авирласнаараа эцэстээ тэд морины хүүхдийг буруугаар ашиглаачдын бүлд
нэгдснээ л нотлон харуулах нь энэ дээ, морины их соёлтой талын их монголд.
Мориных гэх хөөрхий энэ хэдэн
хүүхдийг монгол даяараа л ер нь иймэрхүү байдлаар, өөр өөрийнхөө хэрэгцээ,
шаардлага, өнгө үзэмжээр буруугаар ашиглах нь
жам болжээ, бүр соёл ч болжээ, энэ улсад.
Морины хүүхэд эрх үгүй
“Нүцгэн хаан хараад тун сайхан, их гоё хувцаслаж ээ”
хэмээн шагнан олууллаа бахдан хөөрч байхад “Хаан нүцгэн байна”
гэж үнэн хэлсэн үнэнч хөвүүн лугаа
“морины хүүхэд, морины хүүхэд” гэж ард урд, дээд доодгүй, монголоороо шуугин
хийрхэхэд “тэр мориных биш ээ, харин хүнийх” гэж бодит байдлыг бодит харсан бодит нэг
профессор аргаа барихдаа “Хүүхдээр хурдан морь унуулж байгаа нь, мөн энэ
үйлдлийг хориглохгүй байгаа нь Хүүхдийн Эрхийн Олон Улсын Конвенцийн нь ч, бас Монгол
Улсын Үндсэн Хуулийн нь ч “хүн амьд явах эрхээр хангагдана, хамгаалагдана”
гэсэн утга агуулга бүхий олон заалтыг зөрчиж байна” гэсэн үндэслэлээр Монгол
Улсын Үндсэн хуулийн цэцэд ханджээ. Үндсэн хуулийн цэц үүнийг ихэд судалсны
эцэст “дээрх үйлдэл нь, бас энэ үйлдэл
хийгдэхийг хориглохгүй байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчөөгүй байна” гэсэн “алдарт” нэгэн дүгнэлтэд хүрчээ (Баримт бий).
Гэтэл
морины хүүхэд хурдан морь унаж яваад осолдож амиа алдсан бодит олон
тохиолдол улаан цайм дэргэд нь байх. Бас хурдан морь уралдах нь хүүхдэд бүү
хэл, том хүний аминд халтай, биеэнд хортой, аюултай үйлдэл гэдгийг даяараа таньж мэдэн, дэлхийгээрээ хүлээн зөвшөөрсөн
байх.
Тэр алдарт дүгнэлт, энэ бодит байдлыг нэгтгэн үзбэл эрүүл хүн л
бол “морины хүүхэд монголд эрхгүй байх нээ, тэр тусмаа амьд байх, амьд явах
эрхээр бүр ч хангагдахгүй байх нээ, хамгаалагдахгүй байх нээ” гэсэн утганд
амархаан хүрэх биз. Морины хүүхэд тэгэхээр
нээрээ “хүнийх биш мориных ч юм
болов уу” гэсэн эргэцүүлэл, эргүүдэлт бас амархан төрөөд явчих. Уг нь морины хүүхэд харваас л хүний хүүхэд байх,
тэгэхээр тэд бас эрхтэй баймаар. Их л хачин юм даа. Монгол гажиг гэж л ийм
байдаг юм байх даа.
Морины хүүхдийн ирээдүй баргар
Өдөр, шөнө, өвөл зунгүй хурдан
морьтой зууралдан цэцэгхэн насаа эрхгүй илээдэг, олон эзний ганц барлаг морины
хүүхдэд сурах цаг ч бага, боломж ч бас хомс. Ийм ч учраас тэд хүний хүүхэд
сурдаг сургуулиас амархаан зайлна, хялбархаан завсардана. Сургууль үгүйд бичиг
үгүй. Бичиг үгүйд эрдэм хол. Харин
мунхаглал, бурангуй л ойрхон.
Хөдөөд бичиг үсэгт тайлагдаагүй залуус
элбэгшсэн гэнэ лээ. Цэрэгт бичиг үсэг үл
мэдэгч олширсон гэнэ лээ. Магадлан тэднээс асуувал ихэнхи нь “цэцгэн насандаа мориных байсан л даа” гэж гуниглан суух биз. Морины хүүхдийн
ирээдүй монголд ийм л баргар юм даа.
Хүүхдэд ээлтэй цэцэрлэг, хүүхдэд
ээлтэй сургууль, хүүхдэд ээлтэй гэр бүл, хүүхдэд ээлтэй байгууллага, хүүхдэд
ээлтэй сум, хүүхдэд ээлтэй аймаг, хүүхдэд ээлтэй улс гээд л хаа сайгүй хачин ихээр хөөрөх. Амьд явах эрх нь хангагдаагүй, ирээдүй нь баргар
бүл хүүхэдтэй; ажлын хөлс
нь цэнэгүй, амь бие нь үнэгүй, олон эзний ганц барлаг нь болсон морины хүүхэд
бүлтэй, хүүхдийг буруугаар ашиглаач нийгмийн олон бүлэгтэй энэ монголыг хүүхдэд
ээлтэй, хүмүүнлэг ардчилсан улс гэж хийрхэхэд дэлхийн зон олон амархан итгэх болов уу. Эсвэл бүр “хүүхдэд халтай”
гэж халаглан хажиглах болов уу.
Яадаг бол ер нь.
Ц.Лувсандорж
2014 оны
7 дугаар сарын 17-ны өдөр
http://undesniibolovsrol.blogspot.com/2014/07/blog-post.html