ЖОРЛОНГИЙН ХУВЬСГАЛ АРИУН ҮЙЛС
Ил жорлон монголд одоо ч хаа сайгүй
л байсаар. Нийслэл, дүүрэг,аймаг, сум,
баг, сургууль, жалганд тэр л байх. Бүр амралт, зусланд ч түүгээр л дүүрсэн байх. Тэр амьсгалах агаар, гишгэх газар, уух ус,
идэх хоолыг тань бохирдуулж, эцэстээ бүр холилдон, нийгмийн эрүүл мэндийг ч егүүтгэж
байна. Тэр бас шинжлэх ухаан, технологийн эрин зуунд хөл нийлүүлсэн
гэх ардчилсан монголыг минь ёстой муухай харагдуулж байна. Хэлэхэд ч муухай,
энэ муу “ил”-ийг бүр булшлан дарж, харин боловсон “далд”-ыг бүтээх бодит хувьсгалыг монгол даяараараа хурдхан
шиг, хийрхэхгүй шиг бодиттой хиймээр байна.
Манай улсын хүн амын бараг л хагас нь нийслэлд аж төрдөг. Нийслэлчүүдийнх нь
80 гаруй хувь гэр хороолол, хашаанд амьдардаг. Аймаг, сум, баг, дов жалгаараа
бараг л бүгдээрээ гэрт амьдардаг. Нийслэлчүүдын 99 гаруй хувь нь “зуслан”
гэх дөрвөн талаар хашигдсан, дөрвөн талдаа, нөгөө муухай “ил” –тэй хашаанд зусдаг. Энэ нь хийрхэл ч биш, хөөрөл ч биш, харин бодит баримт, бодит байдал.
Энэхүү бодит байдлыг дурдангаа “хашаа бүхэн дор хаяж нэг “ил”-тэй” –гэдгийг
санавал “ил”-ээс холуур иргэн монгол үнэндээ нэн цөөн болох нь тодроод ирнэ. Тэгэхээр “ил”-ээс үүдэх нөгөө бүх л асуудал угтаа, бараг л иргэн бүрийн асуудал
тул эцэстээ ардчилсан сонгуулиар бүрдсэн ардчилсан засгийн асуудал болох нээ. Жорлонгийн хувьсгал тэгэхээр “үнэн” ардчилсан
засгийн хөтлөж манлайлж хийх хувьсгал яах аргагүй мөн бололтой.
Жорлонгийн хувьсгалаар хийх гол зүйл нь их энгийн. Нөгөө муу муухай “ил”-ийг
булж, боловсон OO-ийг ил биш далд, гадаа биш гэртээ оруулаад ирчих явдал. Бас
хийх арга ухаан, шийдэл нь ч элбэг, энгийн, бэлэн юм билээ.
Зусландаа нөгөө муухай “ил” биш
харин боловсон “00”-ийг бий болгож, ард хөршөө түүгээрээ сэнхрүүлж буй нэгэн
эгэл эрхмээс “ил жорлонг боловсон далд 00 болгосон ухаанаас хуваалцааж” гэхэд “Өө,
ухаан гээд байх юу байв. дүү минь, Их
энгийн зүйл ш дээ” гээд ингэж хөөрч билээ.
“Ус
хадгалах сав, боловсон 00-ын суултуур, жижигхэн мотор, гүнзгий ухсан нүх байхад хангалттай. Мотор усыг 00-д шахах, мөн гаднаас ус сорох
гол үүрэгтэй. Бохир нүхэнд урсан орно. Бохирын задаргаа, уусалтыг түргэсэх
химийн бодис ч бас гарчээ. Зардал бага.
Хамгийн гол нь, байгальд ээлтэй, биеэнд эрүүл юм”
Хүсэл тэмүүлэл, сэтгэл зүтгэл байвал эрүүлийг дээдэлж байгалаа хайрласан эгэл
энэ эрхмийн энэ арга ухаанаар ч жорлонгийн хувьсгалыг монголд бүрэн хийж,
монголоо үнэн гоёж болохоор байна.
Ил “муухай”-г булшилж далд “боловсон”-г түгээх жорлонгийн хувьсгалын дүнд агаар цэнгэж,
хөрс цэвэршиж, ус тунгалагжиж, хүн, амьтан эрүүлжиж байгаль, дэлхийн баясах тул тэр ариун үйлс
бөлгөө. Ариун ийм үйлсийг бүтээхэд яарцгаая.Өрөөл бусдыг ер нь хүлээгээд яахав.
Ц.Лувсандорж
2014 оны 7 дугаар сар 23-ны өдөр
No comments:
Post a Comment