Wednesday, December 6, 2017

Бодлогын гунигт гурван алдаа

Бодлогын гунигт гурван алдаа

Бодлого санаатай хийж буй үйлдэл юм. Үүгээрээ санаандгүй эсвэл аяараа явагдаж буй үйлээс тэр ялгагдана. Иймд бодлогын алдаа гэдэг санаандгүй алдаа биш юм. Харин бүр санаатай хийж буй үйл мөн.

Боловсролын нийгмийн гол үүрэг нь нийгмийн анги, бүлэг, давхаргаажилтын ялгааг багасгах, хүн бүрт өсөх боломж олгох, нийгмийг тэнцүүлэх, тэнцвэржүүлэхэд оршино. Үүгээрээ боловсрол аль ч нийгэмд тэргүүлэх салбар байдаг.
"Ард болгож ард үлдээнэ" гэж орилолдож, "шударга байцгаая" гэж хийрхэлдэн "ардын", "ардчилсан" гэх зэргээр ард болгохыг булаалцалдсан өнөөх 27 жилд тэргүүлэх энэ салбарт тэнэг гэмээр, гэхдээ үнэндээ "тэнэг биш" маш их бодож хийсэн бодлогын олон, бидэнд буруу тэдэнд харин санаанд хүрсэн "зөв", гунигт үйлдэл хийгдэв. Энд гунигийнх нь эрэмбээр гурвыг нь дурдана.

Эхний гуниг нь энэ. Боловсролын тэнцвэржүүлэх үүргийг алдагдуулах санаатай бодлогыг эрчимтэй хэрэгжүүлсэн. Үүний дүнд шилдэг сайн боловсролын тогтолцоог шилмэл муу болгож авсан юм. Хэрэв боловсролын тогтолцоо нь шилдэг байвал хэний ч хүүхэд шилмэл боловсорч, шилдэг нь болж болно биз дээ. Малчны хүүхэд ч сумын сургуульд суралцах замаар шилдэг боловсролын тогтолцооны дүнд шилдэг нь болж нийгмийн оройн давхарга профессорын бүлд хүрч болно доо. Шилмэл муугаар нь бол энэ, харин, амаргүй. Малчны хүүхэд малчин л болно, эцэстээ. Баяны хүүхэд баян болно. Тэнцвэргүй байдал газар авна. Тэмцэл,зөрчил, гэмт хэрэг ихэснэ. Ангийн тэмцэл,эцэстээ, алийгаа алдана. Энэ бүхэн боловсролын тэнцвэржүүлэх үүргийг үгүй хийхээр холоос шидсэн чулууны том цохилт, их үр мөн.

Эрдэм ухааныг үнэгүйдүүлэх, үнэ цэнэгүй болгох. Энэ бол нөгөө гуниг нь юм. Үүний дүнд эрдэм ухаантай хэсэг нь их хөлс ургасах тусам их ядуу байна, өмчгүй болно, эрүүл бус болно, эрт одно. Энэ нь өмчийн нийгэмд элдэв аргаар өмчтэй болсон хэсэгт нийгмийн цээжинд байх ганц боломж нь юм. Их хуралд хэдэн багш, хэдэн судлаач, хэдэн эрдэмтэн байна даа. Хар даа. Харин хэдэн аварга, хэдэн дуучин, хэдэн наймаачин байна, тэнд. Энэ бол энэ гунигт бодлогын бодит хэмжээс, гор, үр мөн.

Гурав дахь гуниг нь бүр гунигтай ийм юм. Багшийг ядуу байлгах. Дүнд "хүний амьдралын замыг гэрэлтүүлэгч" нартад ганцхан нандин энэ эрхэм мэргэжлийг дурын дундаж тээх, эзэмших болдог. Үүнээс илүү гуниг гэж хаа байхав дээ. Дурын дундаж багш болчихоод "хүний амьдралын замыг гэрэлтүүлнэ" гээд зогсож байна гээд бод доо. Гэрэл биш харин харанхуй, бурангуй болгох биз. Багш мэргэжлийг ингэж доройтуулахад нийгэм эцэстээ их ядардаг. Үүнийг нөгөөдүүл бас сайн мэдэж байгаа юм. Тэгээд "багшийг өөд татах, багш мэргэжлийг өөд татахад боловсрол тэнцвэржүүлэх үүргээ гүйцэтгээд эхэлнэ" гэдгийг нөгөөдүүл бас л сайн мэдэж байгаа. "Багшийн цалинг нэмж, багшийг нийгмийн байх ёстой байранд хүргэхэд багш мэргэжлийг шилмэл нь эзэмшээд эхэлнэ" гэдгийг тэд мөн л сайн мэдэж байгаа. "Ингэхэд нийгэм хүний чадварт тулгуурласан зөв, төв хөгжлийн замд орчихно" гэдгийг тэд бас, мөн мэднэ. Мэдээж айж эмээж байгаа. Энэ бүр гунигтай.

Дүр эсгэсэн ардчиллын хийрхлийн хий үзэгдэл монголын нутгаар тэнүүлчилсэн, тэнүүчүүлсэн, манарсан өнөөх өнгөрсөн 27 жилд боловсролын тэнцвэржүүлэх үүргийг алдагдуулж, эрдэм ухааныг цэнэгүйдүүлж, багшийг ядууруулсан нь монголын зон олны хувьд их гунигтай бодлогын гурван алдаа байв. Гунигт гурван энэ алдаа нь, харин, тэдэнд бол боловсролд эзэн суух, нийгмийн цээжинд түр боловч залирч байх ховор мөч болж байна.
Гунигт энэ гурвын гор, гайг монгол л амсаж байна. Багш нар бол бүр их амсаж байна. Тэгэхээр энэ гор, гайн үрийг багш нар л таслахаар эхлээд босно.

Муу үрийг таслахад сайн үр дэлгэрнэ.

Ц.Лувсандорж
2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр

Tuesday, December 5, 2017

Нийтээр нь ихийг бүү хэл нэгийг ч нэмэх нь буруу

Нийтээр нь ихийг бүү хэл нэгийг ч нэмэх нь буруу

Нийтээр нь нэмэхэд нэгэнд нь ч нэмэгдээгүй юм шиг л байна. Тэгэхээр цалингийн тамын тогоо, чөтгөрийн тойргоос нэг нэгээрээ цуварч гаргах хэрэгтэй юм. Эхлээд гаргах ёстой нийгмийн бүл бол яах аргагүй багш нар мөн. Багш аа нийгмийн дундаж анги давхаргад татаж авчрахад алсуураа түүнээс доор байх нийгмийн бусад анги, давхаргын байдал аяараа дээшилнэ. Эсрэг нь нийтээр тамын тогоондоо, чөтгөрийн тойрогтоо элэгдэж эргэлдэнэ. Яг өнөө өнгөрсөн 27 жил шиг. 

Багшийн цалингаа нэмүүлэх хөдөлгөөн, тэмцлийн мөн чанар эцэстээ нийгэмдээ дундаж давхарга, ангийг бий болгоход чиглэж байгаа юм. Энэ нь ёроолоосоо оройгоо луу түрж жэйжин яажийж эвдэрсэн эвдэрхий элсэн цаг эвгүй нийгмээ ишгүй лонх шиг алтан харьцаатай, хэмнэлтэй, зөв, төв нийгэмд шилжүүлж монголоо хүний чадварт тулгуурласан зөв, төв замд хүргэхэд хөтөлдөг.

Багшийн цалинг бусдаас онцгойлон ялгаж бодитой нэмэх нь ийм ач тустай юм.
Ийм учраас багшийн цалин нэмүүлэх хөдөлгөөн, тэмцлийг улам зохион байгуулалттай болгож, хүчирхэг хос жигүүрийг ургуулж тасралтгүй өрнүүлж онц их хурлын 13 заалтыг биелүүлэхийн төлөө бүх багш нар дор дороо идэвхи, санаачлага, зүтгэлтэй, шантарахгүй ажиллах ёстой.

Учир нь энэ үйл улсаа дэвжүүлж, түмнээ жаргаах, нийгмээ цэгцлэх их үйлсийн эх юм.

Ц. Лувсандорж
2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр

Monday, December 4, 2017

Энэ засгийн мангар шийдэл

Энэ засгийн мангар шийдэл

Сонгууль бодоод бүх хүнд 300000 төгрөгийн тарааж байгаа нь буруу юм. Энэ шийдэл манай улсын засгийн марзан сэтгэлгээний гай мангар шийдэл юм.
Багшийн цалин нэмүүлэх хөдөлгөөний өнгийг ухаарч уг нь багшийн цалинг 1,6 сая хүргэж улсаа аварч, нийгмээ төв, зөв замд хөтлөх сайхан түүхэн боломж тэдэнд байв. Гэвч тэд тэгсэнгүй. Сурсан зангаараа 192000 албан хаагчдад гурван зуун мянгыг хавтгайруулж халамж болгов. Уг нь 192000 биш харин 35000 багшийн цалин нэмэхэд инфляцад нөлөөлөл байхгүй юм шүү дээ. Тэгэхээр энэ зөв, төв шийдэл болох байв.
Гэвч багшийн тэмцлийн үр дүнг улсаа биш сонгуулиа бодон хавтгайруулсан энэ халамж, яагаав, нөгөө сая төгрөг тараана гэдэг шиг сэтгэлгээр бүх хүнд бэлэн мөнгө утгагүй тарааснаар бүх хүн эргээд л тамын тогоондоо, инфляцийн чөтгөрийн тойрогтоо яг л хэвээрээ эргэлдэж үлдэв. Энэ мангарын гайгаар багш нар бодит орлогогүй онцын өөрчлөлтгүйгээр нөгөө л тогоондоо, нөгөө л тойрогтоо эргэлдэж үлдэв.
МАН-АН 27 жилийн хийрхэлдээ ийм л зүйлийг сайн хийж сурсан юм. Багшийн зөв тэмцлийг тэд ингэж мангар шийдэл болгож хувиргав. Багшийг, ер нь түмэн олонг ингэж их дорд харав, тэр.
Манай улс манангаас салж байж л мандана.
Багш нар л монголоо мандуулна.
Ц.Лувсандорж
2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр

Saturday, December 2, 2017

Паадгар эрийн морь харалт хууль болж буй цагт

Паадгар эрийн морь харалт хууль болж буй цагт

Ийм нэгэн бодит тохиолдол саяхан болов.

Хүүхэдтэйгээ явж байтал нэг эр байшингийн булан руу морь харж байснаа бүр даварч бидэнд рүү хараад өмднийхөө цахилгааныг хээв татаж зогсох. Хүүхдүүддээ "Тийшээ битгии хар. Та нар явж бай" гэж хэлээд дургүйд дургүйгээ шууд илэрхийлдэг зангаараа нөгөө эрд хандан "Та чинь яаж байна. Хүүхдийн өмнө ингэж байх нь үлгэргүй хэрэг биш үү. Тэгээд ч энэ нь хууль горимдоо үл нийцэх биз" гэж хэлэв. Гэтэл мань эр "юу ч болоогүй юм шиг хээв нэг байдлаар нэг хоёр алхснаа хууль гэв үү, чи. Ингэж болохыг тэгвэл би маргааш хууль болгоод ирэх үү" гэж их додигор хэлснээ ууртай харж паадгар паадгар алхан холдож билээ. 

Улсаа хуулиар хөтөлнө. Гэхдээ хуулиа лобби нэртэй гууль, гуйланчлал болгож үл болно. Гэвч улсаа дампууртал удирддаг өнөө МАН-АН -ын засаглалын үед юу ч л хууль болж мэднэ. Паадгар эрийн морь харалт хүртэл маргааш хууль болж ирж мэдэх нь дээ. "Паадгар л бол сургуулийн байшингийн булан руу морь харж болно" гэсэн шүү заалт бүр маргааш хууль болоод ирж мэдэх нь дээ. Паадгар эрийн морь харалт хууль болоход эргэлзэх үнэндээ огт хэрэггүй юм, энэ цагт. Учир нь хэрэгжиж буй хуулийн иймэрхүү заалт олон байдаг.

Багш нарт хамаатай нэгэн жишээг энд дурдая.Улс төрчид гэгч сайд нар төрийн алба хаших зууртаа сонгуулийн сурталчилгаагаа татвар төлөгчийн хөрөнгөөр хийж болдог зохицуулалт байхад хөөрхий багш, хэрэв, их хурлын сонгуульд өрсөлдөхөөр бол "сонгуулийн жилийн 1 дүгээр сарын 1-ний өдөр гэхэд багшийн ажлаасаа бүр чөлөөлөгдсөн байна" гэсэн сонгуулийн хуулийн заалт бас залирч явах. "Багшийн ажил хийдэг хүн их хуралд сууж үл болно" гэсэн утгатай л юм л даа, угтаа, энэ нь.

Паадгар эрийн морь харалтын тухай хуулийн дараа удахгүй бас "ядуу хүний хүүхдээр хурдан морь унуулж гэмтээж болно" гэсэн гууль бас гарах юм байгаа биз дээ. Гарчихсан ч билүү?

Хуулиар хөтлөх нь муу арга биш. Яахав, хүн төрөлхтний бодож олсон ганц арга нь юм. Гэхдээ хууль гууль болох цагт тэр эрийн хэлснээр "байшингийн булан руу эрчүүд морь харж болно" гэсэн шүү зүйл лобби гэдгээр хууль болоод байх юм.Тэгэхээр ийм хуулиар хөтлөхөд гуулин замд орж гуйланчлал, доройтолд хүргэж бас мэдэх юм. Яг өнөөгийн монгол шиг хууль гаргасаар л эцэст нь улсаа дампууруулсаар байгаа шиг.

Хуулиар хөтөлнө. Гэхдээ хуулиа гууль болгож үл болно.

Ц.Лувсандорж
2017 оны 12 дугаар сарын 3-ны өдөр