Saturday, December 2, 2017

Паадгар эрийн морь харалт хууль болж буй цагт

Паадгар эрийн морь харалт хууль болж буй цагт

Ийм нэгэн бодит тохиолдол саяхан болов.

Хүүхэдтэйгээ явж байтал нэг эр байшингийн булан руу морь харж байснаа бүр даварч бидэнд рүү хараад өмднийхөө цахилгааныг хээв татаж зогсох. Хүүхдүүддээ "Тийшээ битгии хар. Та нар явж бай" гэж хэлээд дургүйд дургүйгээ шууд илэрхийлдэг зангаараа нөгөө эрд хандан "Та чинь яаж байна. Хүүхдийн өмнө ингэж байх нь үлгэргүй хэрэг биш үү. Тэгээд ч энэ нь хууль горимдоо үл нийцэх биз" гэж хэлэв. Гэтэл мань эр "юу ч болоогүй юм шиг хээв нэг байдлаар нэг хоёр алхснаа хууль гэв үү, чи. Ингэж болохыг тэгвэл би маргааш хууль болгоод ирэх үү" гэж их додигор хэлснээ ууртай харж паадгар паадгар алхан холдож билээ. 

Улсаа хуулиар хөтөлнө. Гэхдээ хуулиа лобби нэртэй гууль, гуйланчлал болгож үл болно. Гэвч улсаа дампууртал удирддаг өнөө МАН-АН -ын засаглалын үед юу ч л хууль болж мэднэ. Паадгар эрийн морь харалт хүртэл маргааш хууль болж ирж мэдэх нь дээ. "Паадгар л бол сургуулийн байшингийн булан руу морь харж болно" гэсэн шүү заалт бүр маргааш хууль болоод ирж мэдэх нь дээ. Паадгар эрийн морь харалт хууль болоход эргэлзэх үнэндээ огт хэрэггүй юм, энэ цагт. Учир нь хэрэгжиж буй хуулийн иймэрхүү заалт олон байдаг.

Багш нарт хамаатай нэгэн жишээг энд дурдая.Улс төрчид гэгч сайд нар төрийн алба хаших зууртаа сонгуулийн сурталчилгаагаа татвар төлөгчийн хөрөнгөөр хийж болдог зохицуулалт байхад хөөрхий багш, хэрэв, их хурлын сонгуульд өрсөлдөхөөр бол "сонгуулийн жилийн 1 дүгээр сарын 1-ний өдөр гэхэд багшийн ажлаасаа бүр чөлөөлөгдсөн байна" гэсэн сонгуулийн хуулийн заалт бас залирч явах. "Багшийн ажил хийдэг хүн их хуралд сууж үл болно" гэсэн утгатай л юм л даа, угтаа, энэ нь.

Паадгар эрийн морь харалтын тухай хуулийн дараа удахгүй бас "ядуу хүний хүүхдээр хурдан морь унуулж гэмтээж болно" гэсэн гууль бас гарах юм байгаа биз дээ. Гарчихсан ч билүү?

Хуулиар хөтлөх нь муу арга биш. Яахав, хүн төрөлхтний бодож олсон ганц арга нь юм. Гэхдээ хууль гууль болох цагт тэр эрийн хэлснээр "байшингийн булан руу эрчүүд морь харж болно" гэсэн шүү зүйл лобби гэдгээр хууль болоод байх юм.Тэгэхээр ийм хуулиар хөтлөхөд гуулин замд орж гуйланчлал, доройтолд хүргэж бас мэдэх юм. Яг өнөөгийн монгол шиг хууль гаргасаар л эцэст нь улсаа дампууруулсаар байгаа шиг.

Хуулиар хөтөлнө. Гэхдээ хуулиа гууль болгож үл болно.

Ц.Лувсандорж
2017 оны 12 дугаар сарын 3-ны өдөр

No comments:

Post a Comment