Thursday, April 19, 2018

Боловсролын гавьяатнууд яг тэдэн шиг байгаач!!!

Боловсролын гавьяатнууд яг тэдэн шиг байгаач!!!

Амиа бусдын төлөө золиослож цусан гавьяат байгуулсан хүнд л уг нь медаль шагнал олгодог юм. Энэ нь соёлт иргэншлийн нэг шинж юм. Түүнээс ажлаа хийсний төлөө бага цалин авч хариуд нь их төмөр зүүхийн төлөө донтох бол гаж зүйл, ер нь мангуу хэрэг мөн.

Цусан гавьяа байгуулсан хэсэг цэрэг Сири улсын энгийн иргэд, өөрсдийгөө хамгаалж үл чадах хүүхдийг бөмбөгдөж байгаа Англи улсын үйлдлийг эсэргүүцэж, "бид үүний төлөө гавьяа байгуулаагүй юм" гэсэн утга, агуулга бүхий үг хэлж медалиа хогийн саванд хаяж эсэргүүцлээ илэрхийлж байх юм (https://www.facebook.com/www.russ.press/videos/1402510619854999/UzpfSTEwMDAwMTE4MTU2NTA0MToxODQwMDQ5MjgyNzExMTA2/).

Энэ бол хүнлэг, бас ухаалаг сайн үйлс.

Манай боловсролын медальтан, гавьяатнууд үүднээс суралцмаар юм шиг.

Манай улсын боловсрол дампуурсан байна. Багш ядуурсан байна. Онц дүнтэй, олон дипломтой ажилгүйдэл элбэгшсэн байна.Алагчлал алийгаа алдсан байна. Боловсролын салбар бизнесийн талбар болсон байна. Хичээл, сургалт сүлжээний бизнес болсон байна. Боловсролын бодлого лобби болсон байна.Бүх хичээлээрээ улсаараа муу сурч байна.Хүүхэд боловсролын дампуурлын золиос, хохирогч болж байна, яг хурдан морины хөөрхий хүүхэд шиг. Тэгтэл харин боловсролын салбар гавьяатан, шагналтанаар л дүүрсэн байх юм.

Черчиллийн зааж сургаснаар "мөнхийн эрх ашиг" гэсэн аминч үзэл санаагаа хэрэгжүүлэхийн төлөө гэмгүй хүмүүсийг бөмбөгдөж байгааг эсэргүүцэж буй эдгээр цэрэг хүн шиг манай боловсролын гавьяатнууд "боловсрол алагчлах бус харин нийгмийг тэнцвэржүүлэгч хүч, тэнцүүлэгч хэрэгсэл" гэж сануулаад "бид түүний төлөө гавьяа байгуулсан юм биш (хэрэв гавьяа байдаг юм бол)" гээд гавьяатын тэмдгүүдээ хогийн сав рүү хаяж, "хөгжлийн төлөө боловсрол, хүний төлөө боловсрол" гэсэн уриатай жагсаалыг яг тэдэнд шиг хийвэл яасийм. Ингэх нь энгэртээ дүүрэн одон зүүгээд үе үеэрээ өлсөж суухаас арай утгатай биш үү!

Энгэртээ дүүрэн медальтай шагналуулагчийн сүрэгтэй болсон байхад яг дэргэд нь, яг зэрэгцээд боловсрол дампуурсан байх юм.

Тэр дампууралд гавьяа байгуулсан хэрэг үү, тэд!!

 Эрх биш үгүй л байлгүй дээ. Тэгвэл  боловсролын гавьяатнууд яг тэдэн шиг байгаач. 

https://www.facebook.com/www.russ.press/videos/1402510619854999/UzpfSTEwMDAwMTE4MTU2NTA0MToxODQwMDQ5MjgyNzExMTA2/

Ц.Лувсандорж

2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр

No comments:

Post a Comment