Хоёр бичигтэн болно гэдэг том хорлол мөн
Нэг утгыг хоёр
дүрсээр бичихэд мэдлэг бүтээгдчих үү. Үгүй. Харин хоёр сурах бичиг,
хоёр багш, хоёр шалгалт, хоёр хорлол, хоёр мунхаглал, хоёр харанхуйг бий
болно. Хоёр мунхаглал бас мөн. Зарчим алдагдаж, үрэлгэн зардал хоёр биш
хорь дахин нэмэгдэнэ. Болно, нэмэгдэнэ ч гэж дээ, ер нь болоод байна,
нэмэгдээд байна. Хорлоод байна, хохироогоод байна, энэ улсыг, бас
залуусыг, учир мэдэхгүй хүүхдийг.
Хийрхэл гэж ийм хортой, аюултай. Ходоодон
хандлага, сэтгэлгээ ийм л гайтай юм. Алдаанаас суралцдаггүйн уршиг ийм л хорлонтой юм.
Уйгар бичигтэй байхад бичгийн хүн энэ улсад нүдний гэм байв. Уйгараас
салж кирилтэн болоход үндэсний гэх хийрхлийн ялгаа үнэндээ байхгүй юм.
Харин угул абу, эбу, мөгүл, нүгэл, дэгэд, дэгүр гэх зэргээр ярьснаас шал
дэмий өөрөөр бичих уйгарийг хэлний хөгжлийн хувьд орхиж, сурахад хялбар
кирилл бичгийн авсан нь харин сурах, багшлах (дидактик) талаасаа нэн их
ач холбогдолтой байсныг үгүйсгэх хүн үгүй биз.Учир нь, уйгараар
харанхуй байсан түмэн кириллээр цөм л бичиг үсэгтэн болов. Хог түүн амь
зууж яваа гуйланчин хүртэл хогноос олсон сонингийн тасархайнаас сонинг
олж уншиж байдгийг энэ дэлхий хараад их гайхдаг юм. Үүгээр үл барам,
эрдэмжиж, дэлхийн ийм язгууртай хэлийг бусдаасаа илүү цэвэр, цэгц,
хялбар амар сурч дэлхийн хэлтэн тэд бас болов. Кирилл нь уйгар шиг л
хөх толботой, онцгой цустай гэх язгуур монголын язгуур соёл биш авч
дэлхийн монголд үнэндээ ч өгөөжөө өгсөн өрнийн угшилтай бидний үнэт
соёл бас болсон юм. Кирилл надад, бидэнд муухай биш. Кирилл одоо
миний, бидний, тэдний үнэт зүйл болсон. Би, бид, тэд ийм учраас тээр
уйгараас илүү энэ кириллдээ хайртай.
Кирилл бичигт буулган бичих
уйгараар бичсэн бичвэрийн утга агуулгыг уншиж эргэцүүлж үзсэн том хүн ер
нь энэ улсад байна уу? Уйгарын сүлжээнийхэн уйгараар хүүхдээр маань
юуг уншуулахаар сурах бичигт урдаас хуулж оруулсанг эргэцүүлсэн хүн
байна уу? Уйгараар бичигдсэн үнэт цэнэтэй мэдлэг хаана ямар хэмжээтэй
байдгийг ухаарч үзсэн мэргэжилтэн байна уу, яаманд, энэ улсад? Сургамжит
гэх улиг болсон хэдэн мөрөөс өөр олигтой бичвэр уйгаржин монголд байдаг
юм уу?
Уйгараар хичээллэж сургууль орсон хийрхлийн тээр цагийнханд
одоо унших бичвэр олдохгүй, аргаар барихдаа тэд хөөрхий том болсон
хойноо кириллийг бусдаас нуун бие даан үзэж эрдэм номд харин тайлагдаж
авсан байдаг. Тэд уйгарынхны сүлжээний бизнесийн хөөрхий нэгэн золиос юм. Тэд одоо бас уйгарыг үзэн ядаж
кириллд бас дурлаж байх шиг байна.
Уйгарынхны уйгар бичигтэн болгох гэдэг хийрхлээр сүлжээлэн ашиг олж байгаа эсэхийг хянаж үзэх зүрхтэн энэ улсад байна уу?
Тэртээд тэр уйгараар тас харанхуй байсан шиг эргэж харангуй болох уу,
эндүүхэнд кириллээр цөм сэхээрсэн шигээ улам сэхээрч хөгжих үү?
Ер нь яах уу? Эргэж харанхуй болох уу?
Ц.Лувсандорж
2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр