Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын МУБИС-ийн багш, оюутантай хийсэн уулзалтын үеэр илэрхийлэхээр бэлтгэсэн хүсэлт зөвлөмж
“Боловсролын шинэчлэл” гэж бид үндсэндээ 30 жил ярилаа. Одоо ч ярьж байна. Нэг л онож өгөхгүй байна. Энэ удаа Та бүхний ярьж байгаа боловсролын шинэчлэл нэг оноосой гэж хүсэн, “1 сая 200 мянга, 23, 97, 36” гэсэн 4 тоогоор товчилсон 4 хүсэлт зөвлөмж, зөвлөмж хүсэлтийг Танд уламжилж байна.
Нэг. “1 сая 200 мянга”-ын тухайд
Боловсрол, эрүүл мэндийн салбарт хөдөлмөрийн мөлжлөг байгаа. ЕБС-ийн багшийн нэг цагийн ажлын хөлс 2 $-т хүрдэггүй, профессорын нэг цагийн ажлын хөлс 4$-оос бага буюу дэлхийн үе тэнгийхнийхээ цалингийн дундажаас 10 дахин байна. Өөрөөр хэлбэл, энэ салбарынхан ажиллаж ядуураад, ядуурч ажиллаад байгаа юм. Тэгэхээр боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг зах зээлийнх нь бодит үнэ, цэнэ, үнэлэмж, үнэлгээнд шилжүүлэх хэрэгтэй. Одоогийн үнэлэмж нь байх ёстойгоос 8-10 дахин бага байдаг. Иймд багш, эмчийн цалинг дор хаяж улсынхаа дундаж цалингийн жишиг хүргэмээр байна. Энэ нь одоогийнхоор 1 сая 200 мянга гэсэн үг. Үүнийг хуульчилж өгөөч. Энэ улс эцэстээ саруул, эрүүл хүнээр л хөгжинө шүү дээ.
Хоёр. “23”-ын тухайд
Ерөнхий боловсролын сургуульд хүүхэд энэ хичээлийн жилээс нийт 23 хичээл үздэг болох нээ. Баатарбилэг сайд маань 22 хичээлийг цөөлнө гэж анх ярьж цахимд нилээд шуугиулсан. Үүгээрээ олон ч багшид танил болж, олон ч эцэг эхээр лайк даруулсан байх. Гэтэл 22 хичээл цөөрсөнгүй, харин “хүмүүжил, ёс суртахуун” гэдэг нэг шинэ хичээл нэмэгдэж, одоо тэгээд 23 хичээлтэй боллоо. Энд бүх хичээлээрээ бүх түвшинд улсаараа муу сурч байдаг гэдгийг санах хэрэгтэй. Статистик бий. Хичээл ингэж олширсны цаана нь ер нь лобби, ядуурал байдаг. Тэгэхээр ихийг гүехэн биш, харин багыг гүн судалдаг жам ёсыг бодож ЕБС-д үзэх хичээлийн тоог 10-д багтаан хуульчилж өгөөч. Ихийг гүехэн биш харин багыг л гүн судалж байж хүн чадварждаг юм шүү дээ.
Гурав. “97”-ын тухайд
Манай улсад хэтэрхий олон их дээд сургууль байна аа. Одоо 97 байгаа биз. Түүний 47 нь багш бэлтгэж байна. Тэгэхээр багш тоон утгаараа, энэ улсад илүүдчихээд байна. Гэвч чанарын утгаараа, багш энэ улсад хангалттай биш байна. Эмч мөн л адил даа. Иймд багш, эмч бэлтгэх асуудлыг онцгой анхаарч хуульчилж өгөөч. Багшийг зөвхөн МУБИС-иар, эмчийг зөвхөн Эрүүл мэндийн их сургуулиар бэлтгэж,бүх оюутанг тэтгэлгээр сургадаг, тэгээд бас хасдаг байхаар шийдвэрлэж өгмөөр байна.
Дөрөв. “36”-ын тухайд
Энд байгаа багш нар хэн бэ? Төрийн өмчийн их сургуульд ажиллаж байгаа профессор багш нар ер нь хэн бэ?Тэдний статус их тодорхойгүй байна. Сонгогдох эрхээ эдлэх гэхээр тэд төрийн албан хаагч,төрийн үйлчилгээний албан хаагч болж 1 дүгээр сарын 1-ний өдрөөс ажлаасаа бүр гарсан байх ёстой болдог. Гэтэл тэтгэвэрт гарах болохоор тэд төрийн албан хаагч биш болчихдог. Тэдэнд тэгээд яамны мэргэжилтэн, дарга, Ерөнхий боловсролын багш нарт олгодог 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгогддоггүй. Ер нь энэ нь их маргаан болоод явчихдаг. Тэгэхээр төрийн өмчийн их сургуулийн багшийн статусыг хуулиар тов тодорхой болгож өгөөч. Яаралтай тусмаа сайн байна. Профессор багш бид нарт статус нь тодорхой байх нь чухал болохоос төрийн албан хаагч үзэгдэх нь тийм ч чухал биш байх аа. Төрийн албан хаагч биш гэж үзбэл, жишээ, би Монголын Профессорын холбоогоор дамжуулан профессоруудыг 2020 оны сонгуулиар их хурлын гишүүнд дэвшүүлж өрсөлдүүлэхээр ажиллана. Шавь нар нь монгол даяар байх тул тэд том тойргоор том гарна биз ээ. Тэгээд ч тэргүүний сэхээтнээ улс орноо удирдахад оролцуулж, тэдний эрдэм ухааныг ашиглаж байж л бид урагшилна шүү дээ.
“1 сая 200 мянга, 23, 97, 36” гэсэн ийм дөрвөн тоогоор Танд товчлон хүргэж буй энэ дөрвөн хүсэлт, зөвлөмжийг анхааран ажиллана гэдэгт найдаж байна. Энэ нь ч 30 жил ярьсан атлаа өдий хүртэл оноогүй боловсролын шинэчлэлийг зөв, төв болгоход хөтөлж мэднэ.
Ц.Лувсандорж, профессор
2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр
Жич: Хэлэлцүүлэг гэж зарлагдсан боловч үхрийн бөөр бүтэцтэй, үеэ өнгөрөөсөн агуулгатай лекц л уншив. Цаашдаа уулзалтын нэрийг хаа хаанаа зөв онож өгч байх хэрэгтэй. Оюутнууд маань хэлэлцүүлгийг лекц гээд андуурчих вий дээ. Лекц байсан юм бол профессор тэнд юу хийж суухав дээ. Хайран цаг. Ярьж байгаа нь хийж байгаатайгаа л их зөрж харагдана лаа. Тэгээд ч дэлхий монгол биш, монгол дэлхий биш гэдгийг анхаарч, анхны нөхцлөө онож тооцож яривал илүү онох юм. Бас багш, оюутнаа хүндэтгэж сурах хэрэгтэй. Багш, оюутангүй дээд боловсролын шинэчлэл гэж юу байхав дээ.
Хэлэлцүүлэг хийнэ гэсэн тань яасан бэ гэсэн хэлц хүртэл энд төрөв.
Хэлэлцүүлэг хийнэ гэсэн тань яасан бэ?
No comments:
Post a Comment