Saturday, November 30, 2019

Архижилтын байгууллагажилтыг цэглэе!


Архижилтын байгууллагажилтыг цэглэе!

Архи идээний дээж биш. Харин их хор мөн. Их хорлол юм. Яагаад тэр их хор, их хорлол болдог гэж үү?

Нэгдүгээрт, Уусан архи таны тархийг, тэр тусмаа ухаантай байгааг тань нотлох мэдрэлийн эс, тэдгээрийн холбоосыг сүйтгэдэг. Тэгэхэд та мунхаг тэнэг болно. Аажмаар л тэнэгжинэ. Үүнийг архины тэнэглэл гэж ярьдаг.

Архины тэнэгээс архины төрмөл тэнэглэлтэй хүүхэд төрдөг. Энэ нь бүүр аюултай байдаг. Энэ аюул нийгмийг тэнэглэлд хөтөлдөг. Ийм тэнэглэлээс болж олон үндэстэн үгүй болж олон эзэнт гүрэн хумхийн тоос лугаа үгүй болсон байдаг. Энэ нь архины аймшигт хорлол мөн.

Манай улс ардчилсан хувьсгал гэж ярьснаар хойш арай л их архидлаа. Хавтгай архидууллаа.

1990 оны эхэнд халтар царайтыг үзээд халтартаж байх зууртаа архи ууж байгаагаа эрх чөлөөгөө эдэлж байгаа хэрэг гэж өмөөрдөг байв. Эрх чөлөөгөө эдэлж нийгмээрээ л хавтгайрч архидаж байв, тэр цагт.

Өвгөнт бий болж, өвгөнтийн хөндий дүүрэв. Архийг чингэлэг чингэлэгээр оруулж, архийг үйлдвэр үйлдвэрээр үйлдвэрлээд, бүх хаадаар нэрлээд, алсын хараатайгаар бүх хүнсний дэлгүүрээр түгээж айл айлд хүргэв. Ордонд уух нь хэвийн үйл болж, ордонд архинаас болж амиа өгөх нь хэвийн хэрэг болсон байх. Энэ нь энэ улс хаа сайгүй л хавтгай архидаж байна аа гэсэн үг л дээ.

Дүнд нь архи уух нь соёл болж, архи уудаггүй нь харин соёлгүй болоход хүрэв. Улс маань ч бар  бус харин баар улс болж байх шиг.

Ажил орж буй хүнээс архи уудаг биз; архины соёл эзэмшсэн биз гэж л бараг асуудаг болох нь.

Архи уудаггүй гэвэл соёлгүй, ер нь муу, муухай харагдах нь энүүхэнд болох нь дээ, энэ улсад.

Долоо хоног бүрийн Баасан гарагт байгууллагаараа архиддаг болж байна. Бүр түүнийгээ Баасан ахын төрсөн өдөр гэж өхөөрдөн хэлдэг болж.

Сар бүрт ямар нэг баярыг байгууллагаараа заавал олж нэг сайн тэмдэглэж архидаж байна.

Жилийн турш л байгууллагаараа архидах.

Хоёр сарын цагаан сараар ордоноос айл хүртэл нийгэмжиж архидана.

Гурван сарын мартын наймнаар байгууллага бүр эмэгтэйжиж архидана.

Дөрвөн сарын нэг өдрийг заавал олж тэмдэглэн байгууллагажин архидана.

Таван сард түүх ярьж эрх чөлөө гэж хөөрч нийгмээрээ архидана.

Зургаан сараас эхэлж зунжингаа л нийгмээрээ найрлаж архидана. Наадамлаж архидана. Архидаж найрлана. Хавтгайрч найрлана.

Есөн сараас эхлэн байгууллагаараа салхилж архидана.

Арван сард ардын багшийг дэлхийн багштай хольж тэмдэглэж сургуулиараа, боловсролын салбараараа архидана.

Арван нэгэн сард баатруудын төрсөн өдрийг улсынхтай хамт тэмдэглэж байгууллагаараа нэг сайн архидана. Баасандан баярлаж, амарч архидана. Эр эм, хөгшин залуугүй хөөрч багширч архидана.

Арван хоёр сард хуучин оноо архиар үдэж, шинэ оноо бас архиар угтаж улсаараа архидана.

Энэ улс архины улс болох нээ. Архидалт энэ улсад зүгээр л байгууллагын соёл болох нээ!

Хувь хүний архидалт ч дүүрч, яахав, хүмүүнлэг, энэрэнгүй ардчилсан энэ улсын хүний эрх чөлөө юм байгаа биз. Харин архижилтын байгууллагажилт бол эрүүл нийгмийн хамгийн том дайсан байдаг. Үүнийг л бид заавал цэглэх ёстой.

Тэр тусмаа яам тамгын газраас эхлэн засгийн газар хүртэл төсвийн байгууллага татвар төлөгчийн мөнгөөр байгууллагажин архидахыг цэглэе. Муухай, буруу. Цаашилбал, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль хийгээд их сургуулиуд элдэв зүйл тэмдэглэх нэрээр оюутан сурагчдын төлбөрөөр байгууллагажин архидахыг зогсооё!

Ингэж байгууллагажсан архидалт, архидалтын байгууллагажилтыг цэглэхийн тулд хоёр л арга хэмжээг хамтарч бий болгоё.Үүнд:

1.Архидалтын эсрэг хууль баталж, түүндээ архиар хүн шахахыг хориглоод өгье.

2. Байгууллагын архидалтыг дэвэргэсэн төсвийн байгууллагын даргыг ажлаас шууд халах; хувийн байгууллагынх нь үйл ажиллагааны эрхийг түр цуцалдаг болгоод авья.

Ингэж чадвал архижилтын байгууллагажилтыг зогсоож чадна.

Ингэснээр архинаас хол өссөн хүүхэд ажилд орохоороо архичин болохгүй байх нийгэм- хамт олон-ажлын нөхцөл бүрдэх юм.

Энэ нь хүний төлөө, залуусын төлөө, тэгээд улс үндэстнийхээ төлөө хийж буй нэгэн сайн үйлс мөн.

Эх орондоо их л хайртай гээд л байгаагаа биз!

Архидалтын байгууллагажилтыг тэгвэл заавал цэглэ, зогсоо!

Ц.Лувсандорж

2019 оны 12 дугаар сарын 1-ний өдөр

Friday, November 29, 2019

Эерэг байна гэдэг тань эргүү байна гэсэн үг биш

Эерэг байна гэдэг тань эргүү байна гэсэн үг биш

Утаатай байхад л утаагүй гэж хэл гээд байх юм. Хортой байхад л хоргүй байна гэж хэл гээд байх юм.

Утаа байхад утаагүй гэх нь пялдлагдалт юм, уг нь.

Хортой байхад хоргүй гэх нь мунхаглал юм, угтаа.

Бодитой харж сурах л хэрэгтэй. Утаатай байхад утаагүй гэж эерэгээр харснаар утаа байхгүй болчихгүй.

Хортой байхад хоргүй гэж эерэг гэгчээр үзснээр гэнэт хоргүй болчихгүй.

Бодитойг бодитой харж үнэн байдлаар нь хэлэхээр үгүйсгэж байна гээд сүрэглэдэг.

Уг нь утаатай байгааг утаагүй гэж пялдагдах нь жинхэнэ үгүйсгэл биш үү, харин, нөхдөө!

Өнөөгийн монголчууд бидний энэ пялдагдалт энэ улсыг сөнөөж ч мэднэ шүү!

Боловсролоор аливаад бодитой, шүүмжлэлтэй хандаж сурахад хүүхэд бүрийг багаас нь суралцуулах хэрэгтэй байна.

Энэ нь сүрэглүүлнэ гэсэн үг биш харин ухаажуулна гэсэн үг.

Энэ нь, эцэстээ, бүтээлч байдлыг бий болгодог тул хувь хүнд ч, нийгэмд ч нэн чухал хэрэгтэй байдаг.

Эерэг байна гээд эргүүтэж үл болно. Эерэг байна гэдэг нь уулаасаа эргүү байна гэсэн үг биш.
Хүн шиг эхлээд эргэцүүлэлтэй хандаж шүүмжлэлтэй харна. Тэгээд хүн юм чинь бас сайжруулах гэж үзнэ. Тэгснээ бүтээж ч мэднэ.

Шүүмжлэлт сэтгэлгээ, бүтээлч сэтгэлгээ хоёр ингэж л нэг зоосны хоёр тал лугаа болдог нь жам юм.

Пялдагдалтад сайн зүйл үгүй, харин муу л бий. Хор л бий.

Ц.Лувсандорж

2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр

Saturday, November 23, 2019

Тэрбум, тэрбумын ашигтай хувийн сургуулийн цаана...

Тэрбум, тэрбумын ашигтай хувийн сургуулийн цаана...

Тэрбум,тэрбумын ашигтай хувийн сургуулийн цаана ардчилсан биш харин өмчилсөн Үндсэн хуулийн заалт байдаг юм. Түүнд байдаг боловсролын хөтлөх гурван заалтынх нь нэг нь энэ: Хувийн сургууль байгуулж болно.

Энэ заалт уг нь үндсэн хуулийн эрэмбийн биш юм л даа. Гэвч өмч, өмч, өмч гэсэн ганц зорилготой ардчилсан биш үндсэн хуульд бол энэ хамаагүй аж.

Үе үеийн боловсролын яамныхан энэ завхралыг засах биш харин тэгш байдал, тэгш боломжийг үгүй хийхэд оролцож тэрбумаар тэрбумаар ашиг ологч тэдний гар хөл, хүүхэлдэйн болчихсон явдаг юм... Бас хөөрхөн тасархай, жижигхээн хэсгийнхэн нь бага эзэд болсон байх нь элбэг.

Ерөнхий боловсролын 300 гаруй хувийн сургууль гэгчээр хүүхдийн сурах эрх, сурах хүслээр нь мөнгө угааж, хувьсах зардлаар нь хичээл сургалтаа явуулж, харин эцэг эхээс хүүлсэн сургалтын төлбөрөө цэвэр ашиг болгож, ордон босгох нь хэвийн мэт байх, энэ улсад.

Мөн Монголын түүхэн ганц их сургууль болох МУИС-ийн нэрийг хүртэл дээрэмдэж байгаа МҮИС гэх мэт элдэвлэсэн олон хувийн их дээд сургуулиудаар монголын олигархиуд ядарсан залуусынхаа амьдрах хүслээр мөнгө хийж, мөнгө угааж байх нь хэвийн мэт болж, завхарсан энэ нийгэмд.

Дүнд нь боловсрол нийгмийн тэгш байдал, тэгш боломжийн баталгаа болж байх үндсэн үүргээсээ холдож хөндийрсөн байх нь бодит болж, манай улсад.

Үндсэн хуулийн саяын гэх нэмэлт өөрчлөлтөөр нийгмийн тэгш байдал, тэгш боломжийг үгүй хийсэн энэ байдал, завхралыг засах гээд дийлсэнгүй дээ, олигархийн их хурлыг.

Ийм учраас залуу үеийнхэн, тэр тусмаа шинэ цагийн багш нар нь Үндсэн хуулиар боловсролыг үндсэн үүргээс холдуулсан энэ завхралыг засахын төлөө яг өнөөдрөөс эхэлж ихэд эргэцүүлж, нэгдэн эвлэлдэж, нийлж хэлэлцэж, нэг болж тэмцэлдэж байж нийгмийн тэнцлийн баталгаа боловсролын тэгш байдал, тэгш боломжоо Үндсэн хуулийн ёсоор буцаан авах ёстой.

Энэ бол багшийн нийгмийнхээ өмнө хүлээж байгаа үүрэг, ажлынхаа өмнө хүлээж байгаа хариуцлага мөн.

Тэгш байдал, тэгш боломж нь үндсэн хууль ёсоор баталгаажиж, боловсрол нь нийгмийн тэнцлийг хангаж байж л энэ улс зөв, төв замдаа орно. Өөр гарц үгүй.

Үүнийг л, угтаа, улс орны замнах ардчилсан зам гээд байгаа юм ш дээ.

Ц.Лувсандорж
2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр

Friday, November 15, 2019

Хүн бүр их хурлын гишүүдэд ийм асуулт тавиач!

Хүн бүр их хурлын гишүүдэд ийм асуулт тавиач!

"Та нарын батлан ихэд баярлалдан үнсэлдэж байгаа үндсэн гэгч хуульд тань боловсролын талаар юу гэж заасан байдаг вэ?

Нөгөө, тэгш байдал (equality), энэрэнгүй байдал (equity) тань хаа байна вэ?

Хүмүүнлэг энэрэнгүй (equity) ардчилсан (equality) нийгэм байгуулна гээд байгаа нь хэвээрээ юу?

Ингэж асуувал эд нар бүгд "ийм юм ярих гэж байгаа бол өрөөнөөс одоо гар" гэж хээв нэг хэлдэг улс шүү дээ.

Ийм хүмүүс ардчилсан нэртэй үндсэн хуулийг өөрчилж баталж явахыг олон жил харах юм даа. Дэндүү харамсалтай. Тун гунигтай.

Үндсэн хуулиндаа зөрчилдөнө гэдэг эх адаггүй тэмцэлдэнэ гэсэн үг.

Энэ үгийг хүн бүр нэг удаа нэг эргэцүүлээч!

Монгол түмэн үр хойчийнхоо төлөө эргэцүүлж, эд нараас хурдан салж, язгуур утгаараа үнэн шинэчлэгдсэн Үндсэн хуулиа хийж түүгээрээ хөтлөгдсөн жинхэнэ энэрэнгүй, ардчилсан нийгмийг үнэн байгуулахын төлөө зориглон ажиллах хэрэгтэй.

Ингэхдээ иргэд бид өөрсдийгөө бас боловсруулж, харанхуй бүдүүлэг байдал, ядуу сэтгэлгээнээс салах хэрэгтэй байна. Түмэн олонг хэтэрхий дорд үзэж байна.

Арай хэтэрч байна. Ардчилал гэдэг үгийг эд дэндүү муухай хэрэглэж байна. Хэлэлцүүлэг гэдгийг тэд буруугаар ашиглаж байна.

Ийм байдлыг нийгмийн сэхээрсэн хэсэг, төв нь болох багш нар, хүүхдийнхээ төлөө сэтгэл зүрх нь цохилж яваа эцэг эхчүүд одоо хир удаан тэвчих юм бол оо!

Тэвчээрт хязгаар байдаг. Одоо удаан тэвчиж чадахгүй л болов уу!

Энэ улс зөвхөн МАНАН гэгчдэд зориулагдаагүй юм шүү дээ!

Ц.Лувсандорж

2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр

Tuesday, November 12, 2019

МУБИС НЭГДЭХГҮЙ


МУБИС НЭГДЭХГҮЙ

МУБИС-ийн нэгэн профессорийн үзэл бодол 

Төрийн өмчийн их, дээд сургуулийг нэгтгэж судалгааны их сургууль байгуулна гэж  ид ярьж байна. Энэ асуудал Их хурлын холбогдох хороо, бүтцээр нь шуурхай хэлэлцэгдэж ер нь шуударч, шуурхайлж байх шиг ээ. Энэ талаар Таны үзэл бодлыг сонирхож байна.  

- МУБИС нэгдэх үү?

- МУБИС нэгдэхгүй. Нэгдэхийн учир шалтгааны үндэслэл огт байхгүй. Нэгдэх ёсгүй.  

-Яагаад?

Учир нь, МУБИС дампуурсан их сургууль биш ээ.  МУБИС-д оршин цэцэглэх язгуур үндэс нь болсон хөдөлмөрийн зах зээл, нийгмийн бодит хэрэгцээ, хэрэглээ бий. Монгол  улс оршиж байхад монгол багш байна. Тэр багш  МУБИС-иар бэлтгэгдэж ирсэн. МУБИС  түүнийг л судалж байдаг юм.  Харин орших зах зээлгүй, элсэх  оюутангүй болчихсон төрийн ба хувийн өмчийн их, дээд нэртэй, хоосон ордонтой атлаа хоёр  ч оюутангүй болох жамтай  олон сургууль  байна аа. Гэнэдэж,  ийм сургуульд элсэн орж төгсөж хохирсон  оюутнууд их байдаг. Тэд эцэстээ МУБИС-д дахин элсэн орж байж л багш болдог юм ш дээ.  Ажилтай болдог юм ш дээ. Амьдралтай залгадаг юм ш дээ.  Ингэдэг нь бодит үзэгдэл болсон. Бүтээгдэхүүн нь борлогдох бодит зах зээлтэй, судалгаа, үйлчилгээ нь нийгмийн бодит хэрэгцээтэй уялдсан, улс нийгэмдээ оруулсан 100 орчим жилийн гэгээн  үйлс бүхий хувь нэмэртэй МУБИС, яахаараа, тэгэхээр дампуурсан сургуулийн эгнээнд элсэн орох ёстой гэж. Зах зээлтэй нь оршдог, зах зээлгүй нь оддог нь жам  бус уу

-Та МУБИС нэгдэх ёсгүй гэлээ. Тэгэхээр МУБИС судалгааны их сургууль болох боломжоо алдаж байгаа  юм биш шүү?

-Судалгааны их сургууль болох, төрийн өмчийн их сургуулийг нэгтгэх гэсэн энэ хоёр хувьсагчийн хооронд статистик ач холбогдолтой, учир шалтгааны уяатай холбоо байхгүй.  Нэгдэх нь судалгааны их сургууль болохын баталгаа биш. Нэгдэхгүй нь судалгааны их сургууль болохгүй гэсэн үг бас биш. 

-Энэ талаар жаахан дэлгэрүүлж ярихгүй юу?
 
Бололгүй яахав. Их сургууль угаасаа, үүслээсээ судалгаа хийж үнэнг эрж байж л оршдог нийгмийн ганц институц  юм.  Шинэ мэдлэгийг бүтээж,  түүнийгээ түгээж оршино гэсэн үг л дээ. Мэдлэг бүтээх нь судалгаа бол түүнийг түгээх нь сургалт юм. Түгээх шинэ мэдлэггүй, нийгмийн  хэрэгцээгүй, хэрэглээгүй болсон сургуулиуд л дан судалгаа хийж оршино гэж хөөрөн, одох арга хэлбэрээ олж ядан байдаг юм. Ингэхээс ч өөрөөр  тэд ер нь яах билээ дээ.  Эндээс л судалгааны их сургууль гэдэг ташуу ойлголт гарч ирдэг юм. Түүнээс биш судалгаа хийдэггүй их сургууль гэж байхгүй. МУБИС сургалт явуулж, судалгаа хийдэг л их сургууль байсан, одоо ч ийм л байгаа. Цаашдаа ч тийм л байна.  Нэгдэхгүй байснаар, иймд, МУБИС-д алдах зүйл огт байхгүй. Боломж дандаа байдаг. МУБИС, харин, дотооддоо удирдлага, менежентээ цэгцэлж, МУБИС-ийг муухай харагдуулж байгаа бүхнээ хурдан сайжруулж сайхан болгох хэрэгтэй. Удирдлагын бүдүүн, бадриун бүрэлдэхүүний доройтлыг засах, үрэлгэн давхар, дарга бүтцийн дарамтыг арилгах, нэг багш нилээд хэдэн багш бишийг чирч явдаг хөдөлмөрийн мөлжлөгийн хор уршгийг зайлуулах, бүхнийг профессор төвтэй болгох замаар МУБУС-ийг ухаалаг, цэцэн, цэмцгэр болгох, захирлыг ардчилсан байдлаар профессоруудаас сонгодог болох, удирдах зөвлөл, хамгаалал зөвлөлийг профессороор бүрдүүлэх, МУБИС-ийг ер нь ялсан намын даргаас бага харин шилмэл профессоруудаас их хамааралтай болох нь зайлшгүй.  Энэ МУБИС-ийн хөгжлийн зам мөн. Нам төвтэй биш профессор төвтэй замаар замнаснаар  МУБИС оршиж одохгүй, харин од болж оршино.
Нэмж хэлэхэд, судалгааны их сургууль гэдэг ойлголт манай улсад шинэ зүйл огт биш. Бид үүнийг судалгааны хүрээлэн гэсэн утгаар хөгжүүлж авч ирсэн юм.  Явуулах сургалтгүй, элсэх оюутангүй, орших зах зээлгүй болсон төрийн өмчийн зарим сургууль хийгээд  хувийн өмчийн ихэнхи сургуулиуд харгалзах хүрээлэндээ уусаж одох нь ер нь бол зөв. Тэгэж байж л дөнгүүр ганц судалгааны лабораторитой болж мэдэх юм ш дээ.  Түүнээс биш зах зээлд байраа олж оршиж чаддаг байгаа, улс, нийгэмдээ багшийг бэлтгэн нийлүүлэх эрхэм үйлс, түүхэн үүргийг цагаас цагт  хариуцлагатай хүлээж ирсэн ганц шилдэг их сургууль МУБИС-ийг “дэлхийн монгол, монгол дэлхий” гэсэн хийрхлээр баллах хэрэггүй.  Анхны нөхцлөө тас мартсан нөгөө хэдийн марзан хийрхэл юм шиг харагддаг атлаа цаанаа маш их санааг нуусан энэ үйлдлээр түүнийг үгүй болгож хийсгэж болохгүй. Нурааж болохгүй. Ер нь өрөөлийн хоол руу бага өндийж, өөрөө мөрөөрөө хоолоо олж идэж сурах нь хаа хаана эцэстээ зөв, төв, жам байдаг юм ш дээ. 
 
-Судалгааны их сургуулийг байгуулах судалгааг хийх зорилгоор Азийн хөгжлийн банкны шугамаар том төсөл хэрэгжүүлсэн гэсэн. Төслийн үйл явцад их сургуулийн багш нар хир оролцсон бэ?
 
-  Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр энэ талаар том төслийг том эрх мэдэлтнүүд оролцож хэрэгааүүлсэн гэж сонссон. Баримт  нь ч  байна лаа. Харин тэр төслийн үйл явцад  нь оролцож, үр дүнг нь хэлэлцэж явсан удаа  бидэнд байсангүй. Их сургуулиудыг нэгтгэж судалгааны их сургууль байгуулах тухай төсөл юм бол уг нь  их сургуулийн багш нарыг л их оролцуулж үзэл бодлыг нь их эргэцүүлсэн баймаар юм. Чоно борооноор гэдэг айхтар үг байдаг. Оролцуулах, оролцоог хангах гэдэг угтаа ардчилал юм.  Бас шударга ёс ч болно. Бид тань ардчилал гэж их хөөрч, шударга ёс тогтооё гэж их ярьж байгаа улс биз, уг нь. 

Ер нь бол, судалгааны их сургууль гэж бодлогын баримт бичгүүдэд үг үсэг бий нь бий. Тэр нь том санхүүжилттэй тэр төслийг бий болох эрх зүйн үндэс бол оо биз ээ. Манайхан төрийн бодлогыг ходоодныхоо төлөө холоос бичиж,түүнийгээ мөнгө олох эрх зүйн үндэс болгодог болоод их удаж байна. Хуулийн заалтын хулгай гэх юм уу даа. Үүндээ бүр гаршиж байгаа. Хуулиар удирдана гэдгийг буруугаар ашиглаж байгаа хэрэг л дээ. Төрийн өмчийн сургуулиудыг нэгтгэж судалгааны их сургууль байгуулна гэдгийн цаана иймэрхүү зүйл болсон байхыг би  хувьдаа үгүйсгэж чадахгүй.  Хардалт их бий. Цаг хугацаа харин түүнийг тод, ил болгоно. 

-Бужигнуулж байгаад “загас” барина гэж их ярьдаг болж.  Энэ бужигнаанд хэн ямар “загас” барих бол оо?

-Төрийн өмчийн их сургуулийн нэгтгэж судалгааны их сургууль байгуулах гэдгийн цаад, цаана байгаа "нохой" санаа хэнд хэрэгтэй вэ, хэний ашиг сонирхол бэ, хэний лобби вэ, хэн ямар “загас” барих вэ гэсэн асуулт мэдээж хүн бүрийн тархинд эргэлдээд эхэлчихсэн л дээ.  Бид тань их хууртаж, бас нилээд хаширсан болохоор ингэж л эргэцүүлдэг, эргэлдүүлдэг болж дээ.  Менежентийн хувьчлал гэгч бужигнуулалтаар нам голтой хэдхээн нөхөд Санхүү эдийн засгийн техникум, Орос хэлний дээд сургуулийг зүгээр л шууд л хувийн өмч  болгон авсан байх. Тэд том “загас” барьжээ.  Кембрижчилна гэсэн бужигнуулалтаар одоо дарга ангийнхан, баян давхаргынхан онцгой сургуультай болж. Тэд бас гайгүй “загас” барьж. Саяхандаа, Станфордчилно гэсэн бужигнуулалтаар одоо нийлүүлэх гээд байгаа төрийн өмчийн сургуулиудыг үндсэнд нь дампууруулж. Бужигнуулагчид том “загас” барьсан бололтой юм. “Судалгааны их сургуульчилах” гэсэн ээлжит энэ бужигнуултаар тэгэхээр хэн ямар том “загас” барих бол оо гэж үү!
 
 “Судалгааны их сургуульчилах” гэсэн бужигнуулалтаар баригдах “загас”-ны төрөл, хэлбэр олон янз  аа. Харин загасны эзэд нь нөгөө байдаг л нөгөө хэд. Нэг хэвийн.Тов  тодорхой.Тэдний нэрээр товчлол хүртэл бүтээгдэж л дээ. 


Үзэл бодлоо ярилцлага хэлбэрээр илэрхийлсэн МУБИС-ийн профессор Ц.Лувсандорж

2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр




Sunday, November 10, 2019

Манай залуусын нийтлэг дүр төрх


Манай залуусын нийтлэг дүр төрх

Манай залуучууд тамхи их татах юм.

Архи их уух юм.

Бааранд их байх юм.

Ном уншихгүй юм.

Цахимд уяатай байх юм

Цагийг хайран үрэх юм.

Гадаа хогийн цэгийн орчинд тамхи баагуулж л харагдах юм.

Өнөөгийн залуусын ихэнхи нь ийм л дүр төрхийг тээж явах юм.

Боловсролыг туйлын доройтолд оруулсны л гор нь л энэ байдаг байх даа.

Ц.Лувсандорж

2019 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр